Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01803

 

МАГАДЛАЛ

 2020.08.21                                      Дугаар 1803

 

 

 

 

 

 

Б.Б, Ч.С, Ц.М,

Д.Г, Х.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01530 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б, Ч.С, Ц.М,  Д.Г, Х.М нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Монгол Улсын Консерватори” ХХК-д холбогдох дутуу олгосон цалин гаргуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б, Ц.М, Д.Г, Х.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Тунгалагнаран

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Зүмбэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд эвэр бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2016 онд 43 настайдаа өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон. 2018 оны 8 дугаар сард Монгол Улсын Консерваторийн захирлаар Ц.Пүрэвхүү томилогдсон. 2020 онд хувийн аудитын компаниар аудит хийлгэсэн ба үүний дараа цалин хөлсөнд өөрчлөлт оруулсан. Шалтгааныг асуухад Улсын аудитын газраас тэтгэвэрт гарсан бол Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг сэргээж өгөхгүй гэсэн чиглэл өгсөн учраас захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаал гарсан гэж хэлсэн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд гомдол гаргаад Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлж өгнө үү гэтэл хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул Нийслэлийн хөдөлмөрийн маргаан таслах хороонд хандахыг санал болгосон. Энэхүү хороонд хандаад энэ хорооноос 2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 02 тоот зөвлөмж гарсныг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан, уг зөвлөмжийг ажил олгогч биелүүлээгүй. Төрийн албаны тухай хуульд тэтгэвэрт гарсан ажилтан хөдөлмөр эрхлэх талаар зохицуулалт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу 2020 оны 01 дүгээр сард TY-10-5, 924 695 төгрөгөөр цалинжаад нэмэгдэл урамшуулал авдаг байсан Гэтэл 2 дугаар сараас ТҮ-10-1-р 848 856 төгрөгөөр цалинжуулаад бусад нэмэгдлийг хасаж тооцсон тул хасагдсан цалин хөлсийг тооцоход үндсэн цалингийн зөрүү 75 839 төгрөг, Ур чадвар 10 хувь 92 469 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувь 231 173 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхээр 33 000 төгрөг, дээд сургуульд багшлах цагийг нэг цагаар 7 510 төгрөгөөр тооцоод 36,80 цаг нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд 276 368 төгрөг, нийт 708 849 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд 1 417 698 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 1 417 698 төгрөгийг гаргуулж Б.Бнадад олгож, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2009 онд нарийн бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2015 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Цалин хөлс хассаныг зөвшөөрөхгүй байгаа. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75 839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1 500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 184 939 төгрөг, нэг сард нийт 293 778 төгрөг. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 587 556 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 587 556 төгрөгийг гаргуулж, цаашид цалин хөлсийг хасахгүйгээр үргэлжлүүлэн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2009 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Цалин хөлс хассаныг зөвшөөрөхгүй байгаа. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75 839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 25 хувиар тооцоход 231 173 төгрөг, нэг сард нийт 370 012 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 680 024 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 680 024 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд ардын бишгүүр хөгжмийн багшаар хөдөрмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. 2017 онд Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгад ажиллаж байхдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 50 538 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 179 880 төгрөг, дээд сургуульд багшлах цагийг нэг цагаар 7 241 төгрөгөөр тооцоод сард 20-24 цаг гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд нийт 175 232 төгрөг, нийт нэг сард нийт 438 650 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 878 300 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 878 300 төгрөгийг гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлс олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2003 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2015 онд 41 настайдаа Дуурь бүжгийн эрдмийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон болно. Цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75 839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1 500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 184 939 төгрөг, дээд сургуульд багшлах цагийг нэг цагаар 7 510 төгрөгөөр тооцоод 42,90 нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд нийт 322 179 төгрөг, нэг сард нийт 615 957 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 1 238 914 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 1 238 914 төгрөгийг гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлс олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Консерваторийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалыг өөрчлөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болох бөгөөд цалин хөлс нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4-т зааснаар тэтгэвэрт гарахынхаа өмнө авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар Монгол Улсын Консерваторийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Монгол Улсын Консерваториос нийт 4 802 492 төгрөгийг гаргуулж, Б.Баасансүрэнд 1 417 698 төгрөгийг, Ч.Сүхгэрэлд 587 556 төгрөгийг, Ц.Мөнхдэлгэрт 680 024 төгрөгийг, Д.Гантулгад 878 300 төгрөг, Х.Мөнгөнхөлөгт 1 238 914 төгрөгийг тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 650 төгрөгийг, Ч.Сүхгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 282 төгрөгийг, Ц.Мөнхдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 800 төгрөгийг, Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 650 төгрөгийг, Х.Мөнгөнхөлөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 290 төгрөгийг тус тус улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол Улсын Консерваториас 91 789 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Монгол Улсын Консерваторийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож...гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нарын гаргаагүй шаардлагыг шийдвэрлэснээр цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах шаардлагыг шийдвэрлэсэн гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай болсон. Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон боловч төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэнд өмнө нь авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй юм. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/1476 дугаар тодруулгыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан бусад шийдвэрийг төрийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх хүрээнд нэхэмжлэгч нарын цалинг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шатлалаар нь цалинжуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдохгүй бөгөөд Засгийн газраас гаргасан цалингийн ангилал, шатлалаар тодорхойлогдоно. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, Үндэсний аудитын газрын шийдэрийг хэрхэн ойлгох, энэхүү шийдвэрүүд нь хуульд нийцсэн эсэхийг тогтоохгүйгээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалингийн хэмжээг нөгөө талдаа мэдэгдэлгүй хассан гэх үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна

 

Нэхэмжлэгч Б.Б, Ч.С, Ц.М,  Д.Г, Х.М нар хариуцагч Монгол Улсын Консерваторид холбогдуулан дутуу олгосон цалинд Б.Баасансүрэнд 1 417 698 төгрөг, Ч.Сүхгэрэлд 587 556 төгрөг, Ц.Мөнхдэлгэрд 680 024 төгрөг, Д.Гантулгад 873 300 төгрөг, Х.Мөнгөнхөлөгт 1 238 914 төгрөгийг тус тус гаргуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч нар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Б.Б2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, Ч.С2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, Ц.М2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Д.Г2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Х.М2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, Б.Б2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, Ч.Сүхгэрэл, Ц.Мөнхдэлгэр, Д.Г, Х.М нар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Консерваторитой хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан ажиллаж байгаа талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалаар байнгын ажлын байранд ажиллаж буй тэтгэврээ тогтоолгосон багш ажилчдын цалингийн шатлалыг гуравдугаар хавсралтаар баталж, бүжгийн багш Ц.М, Х.М, эвэр бүрээ хөгжмийн багш Б.Б, Д.Гантулга, труба хөгжмийн багш Ч.Снарын цалингийн шатлалыг ТҮ-10-1 болгон цалинг 848 856 төгрөгөөр тогтоон баталсан байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан тул зохигчийн хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон тэдний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.

 

Монгол Улсын Консерватори нь хөдөлмөрийн гэрээнд Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээ шатлалын дагуу үндсэн болон албан тушаалын цалин хөлс, ур чадварын нэмэгдэл, хоол унааны зардлын олговрыг гэрээний нэмэлт нөхцлөөр төлөхөөр ажилтан тус бүртэй тохиролцсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж заасан байхад Монгол Улсын Консерватори нь нэхэмжлэгч нарын цалин хөлсийг “өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр бууруулсан нь буруу гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нар хариуцагчийн зөрчилтэй холбоотой гаргасан ирээдүйд зөрчигдөж болох эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгаар цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсныг анхан шатны шүүх хариуцагч байгууллагын тушаалаас нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг хүчингүй болгосноор тэдгээрийн эрхийн зөрчил арилгах агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн найруулж, хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 92 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                          Д.БАЙГАЛМАА