Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2015/00354

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******-д холбогдох,

Хэрэглэгчдийн барьцаа төлбөр 2038000 төгрөг, дараа төлбөрт хэрэглэгчдийн ярианы төлбөр 5229845 төгрөг нийт 6924927 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2011 оны 11 сарын 21-нии өдрөөс ЖМ11/1089 тоот хамтран ажиллах тухай гэрээ байгуулж Баянхонгор аймагт Жи Мобайлын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх эрх авах, тусгай зөвшөөрлийг Содбаян хайрхан ХХК-д олгож гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээт салбар хамтран ажиллах тухай гэрээний 10.9-д заасан заалтын дагуу хэрэглэгчээс барьцаанд барьшуулсан төлбөрийг гэрээт салбар өөртөө үлдээж, бүртгэлийн хураамжийг *******-ийн дансанд тушаана гэсний дагуу *******-ийн дансанд дараа төлбөрт хэрэглэгчдийн 2008000 төгрөгийн барьцаа байршсан. Мөн гэрээний 10.17-д заасан заалтын дагуу гэрээт салбар байгуулагдсанаас хойш тухайн салбарын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчтэй холбоотой үүссэн авлагыг бүрэн хариуцаж, *******-ийн авлага барагдуулах журмын хавсралт мөрдлөг болгож ажиллах ба одоогийн байдлаар ******* дараа төлбөрт хэрэглэгчдийн орох, гарах ярианы төлбөр 4691987 төгрөг 70 мөнгөний авлага үүссэн байгаа юм.

Гэтэл *******-тай байгуулсан 2011 оны 11 сарын 21-ний өдөр ЖМ11/1089 тоот гэрээт салбар хамтран ажиллах тухай гэрээний 17.11-д заасан заалтын дагуу гэрээгээ цуцлах тохиолдолд тухайн үед өр төлбөртэй байгаа бол ажлын 10 хоногт багтаан өр төлбөрийг төлж барагдуулах ёстой. Гэтэл Баянхонгор аймагт гэрээт салбарын үйл ажиллагаа эрхэлж байсан ******* нь 2014 оны 02 сарын 13-ны өдрөөс салбарын үйл ажиллагаагаа явуулахаа зогсоож, тооцоогоо барагдуулах талаар 09/733, 19/1060 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч хариу ирээгүй, утсаар холбогдож тооцоогоо дуусгах талаар сануулахаар тооцоогоо шалгаж байна, өр авлагаа барагдуулах талаар албан тоотыг хүргүүлнэ гэсэн хариуг хэлдэг боловч өнөөдрийг хүртэл тооцоогоо төлж барагдуулаагүй, төлбөр тооцооны талаар ямар нэгэн албан бичгийг ирүүлээгүй байна.

******* нь одоогийн байдлаар манай компанид хэрэглэгчдийн барьцаа төлбөр 2038000 төгрөг, дараа төлбөрт хэрэглэгчдийн ярианы төлбөр 5229845 төгрөг 79 мөнгө буюу нийт 7267845 төгрөг 79 мөнгөний өр төлбөртэй ба үүнээс 342918 төгрөгийг хасаж, нийт 6924927 төгрөг 30 мөнгөний өр төлбөртэй байна. Иймд Иргэний хуулийн 333 дугаар зүйлд заасны дагуу *******-иас 6524927 төгрөгийн өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи мобайл ХХК 2011 оны 11 сарын 11-ний өдөр *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. 2014 оны 02 сарын 13-ны өдөр үйл ажиллагаа явуулахаа больсон. Манай компани зүгээс өр төлбөрөө барагдуулах талаар 2 удаа албан тоот явуулж, *******-иас өр төлбөрөө барагдуулна гэсэн бичгийг ирүүлсэн боловч одоог болтол барагдуулаагүй байна. ******* дугаар хаах нээх эрх байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байдаг. Гэрээний 4.15-т заасны дагуу хэрэглэгчийн эрхийг нээх хаах эрх нь *******-д байсан. Хэрэглэгчийн ярианы төлбөр хэтэрсэн тухай бүр *******-ийн зүгээс манайд мэдэгдэж хаалгах ёстой. Энэ бол ажилтнуудын өөрийн хариуцлагагүй байдлын улмаас үүссэн асуудал. Өр барагдуулах тухай журам байгаа. Үүнийг баримтлан ажиллах ёстой байсан. Гэрээ байгуулахдаа гэрээний зүйл заалтыг нэг бүрчлэн танилцсан, хариуцагчид урьдчилан болон дараа төлбөрийн өр, тооцоо нийлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Иймд хэрэглэгчдийн барьцаа төлбөр 2038000 төгрөг, дараа төлбөрт хэрэглэгчдийн ярианы төлбөр 5229845 төгрөг нийт 6924927 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь үүрэн холбооны *******-ийн Баянхонгор аймаг дахь салбарыг хувьчлан авч 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн Гэрээт салбараар ажилласан. Анх хувьчлахдаа 1542831 төгрөгийн хөрөнгө, 8042 төгрөгийн /1ш нь 13 төгрөгний үнэтэй ваучер/ баримт, орох гарах ярианы эрх хаагдсан 1931972 төгрөгийн өр авлага, 31732127 төгрөгийн бараа материалаа худалдан авах байсан, салбарын эрхлэгч, үйлчилгээний ажилтантай тэдэнд сард /500.0 мян, 375.0 мян/ төгрөгийн цалин өгч, НДШ-ийг төлж, байрны түрээс төлж бүтэн 2 жил ажилласан. Гэтэл Баянхонгор аймагт 2 салбар ажиллуулна гээд RМВ компанитай шинээр гэрээ байгуулж, манай салбарыг өөр байранд ор, маргааш хүн явуулаад дотоод сүлжээг холбоод өгнө гэсэн боловч худлаа хэлж таг чиг болсон. Манайх шинэ байрандаа сүлжээ оруулсны дараа бараа материалаа татан авах төлөвлөгөөтэй байсан.

2013 оны болон 2014 оны 1,2-р сард интернэтийн төлбөр 1210.0 мян төгрөгийг төлсөн боловч хэлж ярьснаараа дотоод сүлжээг тавьж өгөөгүй учир өөр байранд шилжин байрласан салбар үйл ажиллагаагаа зогсоосон. Нялх хүүхэдтэй салбарын эрхлэгч *******, жирэмсэн үйлчилгээний ажилтан ******* нар бүтэн 1 жил ажилгүй, орлогогүй хоцорсон.

*******-ийн ерөнхий захирлын гэрээг цуцлах мэдэгдлийг 2015 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авсан. Салбарыг хувьчлах үед манайд худалдсан орох, гарах эрх хаагдсан, төлбөрөө бүрэн төлөөгүй хэрэглэгчдийг судалж, хөөцөлдөхөд хаяг нь тодорхойгүй болсон, шилжсэн, нас барсан хүмүүсээс гадна Цагдаа болон Онцгой байдлын хэлтсийн ажилчдад эрх нээж зээлээр худалдсан утаснууд байсан. Гэтэл ******* барьцаа болон авлага үүссэн төлбөр тооцоо гэж манай компаниас 6924927 төгрөг өр төлбөр нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Аль ч үүрэн холбооны сүлжээ нь дараа төлбөрт хэрэглэгчдээс барьцаа авч ярианы төлбөр барьцаанаас хэтэрвэл орох, гарах ярианы эрхийг хаадаг. Гэтэл ******* нь энэ эрхээ хэрэгжүүлэхгүй, хяналтгүй хаяж, дараа төлбөрт хэрэглэгчид их ярьж зарим сард 200000-300000 төгрөг хүртэл ярьчихаад дугаараа хаяад сураггүй болдог.

Орох гарах ярианы эрхийг хаах эрх орон нутгийн салбарт байдаггүй. Иймд ярианы төлбөр 4691987 төгрөгийн авлага үүссэн төлбөрийг манай компани хариуцахгүй. Гарах эрх хаагдаад 3 сар эрхээ сунгахгүй, ашиглахгүй бол дугаар автоматаар устдаг ба гарах, орох ярианы эрх хаагдсан 100 хэрэглэгчийн 6-аас бусад устсан дугаарууд байна.

Манайд дараа төлбөрт хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ байхгүй. Иймд ******* нь өөрөө шүүхэд хандаж, хэрэглэгчдээс төлбөрөө авч хохирлоо нөхөх учиртай. Харин гэрээт салбар дээр 43 хэрэглэгчийн 2008000 төгрөгийн барьцааг бид хариуцах ба төлбөрт *******-иас хүлээн авсан хөрөнгө болон шинээр хийлгэсэн 500000 төгрөгийн үнэтэй үйлчилгээний байрны гадна хадах шинэ хаяг болон логог төлбөрт нь өгч болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутагт байршсан барьцааг хүлээн зөвшөөрч болно. Энэ нь 11730000 төгрөг байгаа, орох гарах ярианы төлбөр хаагдсан хүмүүсийн ярианы эрх хаах үйлчилгээ орон нутагт байдаггүй, төв салбартаа л байдаг. Хэдэн төгрөгөөр ярьж байгааг салбараас хянан боломж байхгүй. Дараа төлбөрт хэрэглэгч утас авахад гэрээ хийчихээд төв ******* явуулдаг байсан. Анх гэрээ хийхдээ үүссэн өрийн 50 хувийг манайх хариуцан авсан, голчлон Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс гэх газруудын өр төлбөр байсан. Үүнээс би нэг ч төгрөг олж аваагүй. Өр төлбөрөө барагдуулна гэвэл үйл ажиллагаа явуулж байж явцдаа барагдуулах боломжтой. Интернэтийн төлбөрөө 1 сар гаруй төлөөгүй байсныг төлсөн. Баянхонгор их дэлгүүрийн салбараа нүүлгэ гэсний дагуу Баянбулаг худалдааны төвд орж, сүлжээ холбож өгнө гэсэн боловч өгөөгүй. 2014 оны 04 сарын 02-нд гэрээ цуцласан талаарх албан бичгийг 4 сарын 15-ны өдөр танилцсан. 2011 оны 11 сарын 21-ний өдрийн орой гэрээнд дээр гарын үсэг зур гээд зуруулсан, сайн танилцаагүй, үйл ажиллагаа явуулаад 2 жил болсон. Тооцоотой холбоотой асуудлаар *******-иас гэсэн залуу ирсэн. Тооцоо нийлье гэхэд дарга нартай явж байна, дараа ирье гээд ирээгүй. Өр яагаад үүссэн талаар гэрч Батзаяа, Золбоот нарыг асуулгасан. 2011 оны 11 сард 152831 төгрөгийг бараа материал манайд худалдсан. Шинээр ирсэн хаяг 1000000 төгрөгийг үнэтэй хаяг байгаа. Энэ хаягаа 1000000 төгрөгөөр нь тооцож буцааж авах хэрэгтэй, нэг ширхэг ч хадаас хадаагүй, шинээрээ байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар Жи мобайл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Жи мобайл ХХК-ийн 2015 оны 03 сарын 31-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2011 оны 11 сарын 21-ний өдрийн ******* Баянхонгор гэрээт салбар 2014 оны 08 сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн акт /хх-22, 63/, Баянхонгор аймгийн ******* гэрээт салбарын гарах орох ярианы эрх, хаагдсан хэрэглэгчдийн жагсаалт /хх-23-24, 44-46, 57-62/, *******-ын гэрээт салбар дээр үүссэн хэрэглэгчдийн барьцаа /хх-25, 47/, ажиллуулах тухай гэрээ, авлага барагдуулах тухай албан бичиг, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн тайлан /хх40-42/, *******-ийн 2014 оны 04 сарын 30-ны өдрийн 01/307 дугаар албан бичиг, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын төлбөр төлсөн жагсаалт /хх-48/, гэрчүүдийн мэдүүлэг, *******-ийн өр барагдуулах албаны үйл ажиллагааны журам, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-иас хэрэглэгчдийн барьцаа төлбөр 2038000 төгрөг, дараа төлбөрт хэрэглэгчдийн ярианы төлбөр 5229845 төгрөг нийт 6924927 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* болон ******* нь 2011 оны 11 сарын 21-ний өдөр хамтран ажиллах тухай гэрээг бичгээр байгуулан шаардлагатай зүйлийг тусгаж, гэрээт салбар нь 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс ажиллан 2014 оны 04 сарын 30-ны өдрийн *******-ийн 01/1307 тоот албан бичгээр уг гэрээг цуцалсан болох нь ЖМ-11/1089 дүгээр гэрээт салбар ажиллуулах гэрээ, тооцоо нийлсэн акт, гэрээт салбарын гарах, орох ярианы эрх хаагдсан хэрэглэгчдийн жагсаалт, гэрээт салбар дээр үүссэн хэрэглэгчдийн барьцаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 05 сарын 15-ны өдрийн 09/733, 2014 оны 07 сарын 22-ны өдрийн 09/1060 дугаар авлага барагдуулах тухай албан бичгүүд, *******-ийн өр барагдуулах албаны үйл ажиллагааны журам, гэрч , нарын мэдүүлэг, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Талууд гэрээний харилцааны онцлог, гэрээ байгуулахаас өмнө гэрээний эерэг, сөрөг талын мэдээлэл хүлээх үүргээ судлаагүй, тайлан мэдээ, төлбөр тооцоо, авлага болон хамтын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлээгүй дугаар түр хаах, нээх үйлдлийн программ гэрээт салбарт байгаагүй боловч гэрээний 4.15-д зааснаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, нэхэмжлэгч хяналт, шалгалт хийж, алдаа дутагдлын талаар хариуцагчид мэдэгдээгүй, хариуцагч нь *******-ийн өр барагдуулах албаны үйл ажиллагааны журамтай урьдчилан танилцаагүй. Нэхэмжлэлд 10.17 гэж байхгүй заалт бичсэн, гарсан асуудлыг харилцан зөвшилцөх аргаар шийдвэрлээгүй, үл ойлголцсон нь хэрэгт цугларсан баримтууд, гэрч , нарын мэдүүлгүүд, зохигчийн тайлбарууд зэргээр тус тус нотлогдоно.

Зохигч хамтын үйл ажиллагааны улмаас учирсан алдагдлыг хуульд зааснаар хамтран хариуцах үүрэгтэй байх тул *******-иас хэрэглэгчдийн барьцаа төлбөр 1173000 төгрөгийг, дараа төлбөрт хэрэглэгчдийн ярианы төлбөр 5229845 төгрөгөөс 342918 төгрөгийг хасч 50 хувийн төлбөр 2443463 төгрөг, нийт 3616463 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 3308464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125749 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангаас 62875 төгрөгийг, хариуцагчаас 36407 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Нотлох баримтын шаардлага хангаагүй хх-44-47-д авагдсан баримтуудыг үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч *******-иас нийт 3616463 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлээс 3308464 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125749 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангаас 62875 төгрөг, хариуцагчаас 36407 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ