Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00886

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* *******, овгийн нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н./хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч/, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 30,000,000 төгрөг, арматурын үнэ 11,088,000 төгрөг, тээврийн зардал 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Д.******* миний бие 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банк ХК-ийн данснаас Н.гийн Хаан банк ХК дахь дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлүүлсэн.

Уг зээл 50,000,000 төгрөгөөс А.*******, Н. нар нь 20,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг О.*******ын Төрийн банк ХК-ийн дансанд эргүүлэн төлж, үлдэх 30,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.

А.*******, Н. нар нь Баянхонгор сумын 5 дугаар багийн Номгон сургуулийн ард, , төв замын хажууд 5 давхар барилга барьж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр О.*******, Д.******* бидний Улаанбаатар хотоос тээвэрлэж, ирсэн шаланзтай арматураас 3 боодол буюу 8.4 тонн 12-ын арматурыг дараа арматурыг чинь арматураар нь өгье, өнөөдөр арматургүй ажил зогсчхоод байна. Ахдаа 3 боодол 12-ын арматур зээлээч дараа дараа 7 хоногт өгье гэсээр зээлж авсан.

Тухайн үед О.*******, Д.******* бид Архангай аймагт амралтаар явж байсан бөгөөд манай арматурыг гэдэг жолооч Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ачиж ирснийг А.*******, Н. нар хараад жолоочийг бидэнтэй яриулж байгаад ачаатай автомашиныг нь барилгын гаднаа дагуулж очоод, дээрх 3 боодол арматурыг буулгаж авсан.

Дээрх арматурын үнийг тухайн үеийн ханш 1,320,000 төгрөгөөр тооцоход 11,088,000 төгрөг болно. Арматурын үнийг байнга өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул тухайн үед тээврийн зардалд төлсөн 588,000 төгрөгийн хамт Н., А.******* нараас гаргуулахыг хүсэж байна.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа/О.*******, Д.*******/, Хаан банк ХК-ийн дансны хуулга/О.*******, Д.*******/, Голомт банк ХК-ийн дансны хуулга/Н./, Барилгын материалын үнийн мэдээлэл, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 131/ дугаар шийдвэр, Баянрхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 213/МА2023/00015 дугаар магадлал

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга/Н./, Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/CD/, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаар албан бичиг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 131/ТМ2023/00199 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, Үзлэгийн тэмдэглэл, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШЗ2023/00556 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар, гэрч гийн мэдүүлэг

5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: А.*******, Н. бид О.*******, Д.******* нараас 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөгийг бэлэн бусаар зээлж авсан нь үнэн.

А.*******, Н. бид О.*******, Д.******* нарт бэлэн бусаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, бэлнээр 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус төлж, зээлийн буцаан төлөх үүргээ биелүүлсэн.

О.*******, Д.******* нараас 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 8.4 тонн арматурыг А.*******, Н. бид худалдаж аваагүй. Тээврийн зардал 588,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Төрийн банк ХК-ийн дансны хуулга/А.*******/

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/CD/, Хаан банк ХК-ийн Баянхонгор аймгийн төв тооцооны төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 556 дугаар албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь Зээлийг бүрэн төлөөгүй, худалдан авсан арматурын үнийг төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч А.*******, Н. нарт холбогдуулан зээл 30,000,000 төгрөг, арматурын үнэ 11,088,000 төгрөг, тээврийн зардал 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.*******, Н. нар нь Зээлийг бүрэн төлсөн, арматур худалдан аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан.

2. Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Хаан банк ХК дахь хариуцагч Н.гийн депозит дансны хуулгаас үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БХР *******-с гэсэн гүйлгээний утгатайгаар 50,000,000 төгрөгийн орлого оржээ./Хавтаст хэргийн 36 хуудас/

Энэхүү 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.*******, Д.******* нь зээлдүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч А.*******, Н. нар нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

3. Нэхэмжлэгч О.*******, Д.******* нь хариуцагч Н., А.******* нарт холбогдох зээл 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бусаар зээлдүүлсэн 50,000,000 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг бэлэн бусаар төлсөн, үлдэх 30,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсон.

Хариуцагч Н., А.******* нар нь нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын зээл 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бусаар зээлж авсан 50,000,000 төгрөгөөс бэлэн бусаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, бэлнээр 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус төлсөн гэж тодорхойлсон.

Үүнээс үзэхэд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгчээс 50,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, үүнээс зээлдэгч нь 20,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлэгчид бэлэн бусаар төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин зээл 30,000,000 төгрөг бэлнээр төлөгдсөн эсэх нь зохигчийн маргааны болжээ.

Энэ тохиолдолд зээл 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг нотлох үүрэг хариуцагчид хуваарилагдана. Учир нь зээлийн гэрээний харилцаанд зээлийг буцаан төлөх үүрэгтэй субъект нь зээлдэгч юм.

3. Хариуцагч А.*******, Н. нар нь зээл 50,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт бэлнээр өгсөн тайлбарласан.

Нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөгөө хариуцагч А.*******, Н. нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр төлсөн тул 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бусаар зээлж авсан 50,000,000 төгрөгтэй холбоогүй гэж тайлбарласан.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид бэлнээр 20,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг 20,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлд буцаан төлөгдсөн эсэхэд маргаж байна.

Маргааны үйл баримтын талаарх зохигчийн харилцан зөрүүтэй тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл мөн боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Энэхүү үүргээ биелүүлэх боломжоор хангах, шүүхээс нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий шийдвэр гаргах зорилгоор Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШЗ2024/02391 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан Шинээр нотлох баримт шаардагдсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

4. Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хариуцагч Н.гаас хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн Төрийн банк ХК дахь хариуцагч дансны хуулгаас үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууцны үнэ шилжүүлэв. Баасандорж гэсэн гүйлгээний утгатайгаар 43,500,000 төгрөгийн орлого орж, уг 43,500,000 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр зарлагджээ.

Уг бэлнээр зарлагдсан 20,000,000 төгрөгийг хариуцагч А.*******, Н. нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт бэлнээр өгсөн 20,000,000 төгрөг гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч А.*******, Н. нараас 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрдөг.

Иймд хариуцагч А.*******, Н. нар нь зээл 50,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлж, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт төлсөн үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч А.*******, Н. нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр буцаан төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.

Учир нь нэхэмжлэгч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан өгсөн Хаан банк ХК дахь хариуцагч Д.*******ын дансны хуулгаас үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2,800,000 төгрөгийг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 13,000,000 төгрөгийг, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус бэлнээр зарлагджээ.

Гэвч уг бичмэл нотлох баримтыг зохигчийн тайлбартай харьцуулж, агуулгын хувьд харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч А.*******, Н. нарт 20,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

6. Хариуцагч А.*******, Н. нар нь нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал зохигчийн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн гэх тэмдэглэлийн дэвтэр болон гар утас, хариуцагч Н.гийн өмчлөлийн гэх тэмдэглэлийн дэвтэрт тус тус үзлэг хийсэн.

Уг үзлэгийн тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт буюу хариуцагч Н.гийн өмчлөлийн гэх тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан 2015 онд О.*******, Д.******* нарын тооцоо гэх гар бичвэрт зохигч харилцан тооцоо нийлж, гарын үсгээр албажуулаагүй, уг нотолгооны хэрэгслийн талаар зохигч харилцан зөрүүтэй тайлбар гаргасан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Учир нь шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг.

Иймд тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан бичвэрээр зээлийг бэлэн бусаар цувуулан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт төлсөн гэх агуулга бүхий хариуцагч А.*******, Н. нарын татгалзал үнэн зөв, эргэлзээгүй баримтаар нотлогдсонгүй.

7. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч А.*******, Н. нар нь зээл 30,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт төлсөн үйл баримтыг нотолж, харин үлдэх зээл 10,000,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтыг нотолж чадсангүй.

Иймд нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдох зээл 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.*******, Н. нараас зээл 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээл 20,000,000 гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 131/ дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч А.*******, Н. нарт холбогдох зээл 30,000,000 төгрөг, арматурын үнэ 11,088,000 төгрөг, тээврийн зардал 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.*******ын сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.*******, Н. нарын нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдох зээл 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд хуулийн дээрх хэсэгт заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ.

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, уг хэсгийн 196.1.1 дэх заалтад эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт дурдсан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, мөнхүү гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдох арматурын үнэ 11,088,000 төгрөг, тээврийн зардал 588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь арматурын үнэ 11,088,000 төгрөг, тээврийн зардал 588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч А.*******, Н. нар нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3 боодол буюу 8.4 тонн 12-ын арматурыг барьж буй барилга дээрээ буулган авсан гэж тодорхойлсон.

Хариуцагч А.*******, Н. нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч О.*******, Д.******* нараас арматур аваагүй гэж тайлбарласан.

Энэ тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу арматурыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

Нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь хариуцагч А.*******, Н. нарт 3 боодол буюу 8.4 тонн 12-ын арматурыг хүлээлгэж өгсөн үйл баримтыг батлах цаасан суурьтай бичмэл нотлох баримтыг иргэний хэрэгт гарган өгөөгүй.

Уг үйл баримт нь шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр бүрдүүлсэн үзлэг хийсэн нэхэмжлэгч Д.*******ын тэмдэглэлийн дэвтэр, хариуцагч Н.тай харилцсан зурвас болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсонгүй.

Тодруулбал гэрч нь хариуцагч А.*******, Н. нарын барьж байсан барилгын талбайд арматурын төмөр буулгаж байсан талаар мэдүүлсэн боловч чухам хэзээ, ямар хэмжээний, хэний өмчлөлийн арматурыг хэний заавар чиглэлээр хариуцагчийн гэх барилгын талбайд буулгасан талаар тодорхой мэдүүлээгүй, эх сурвалж нь цаасан суурьтай бичмэл нотлох баримтаар батлагдаагүй.

Энэ тохиолдолд хариуцагч Д.*******тай хамаарал бүхий гэрч гийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

Зохигчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн нэхэмжлэгч Д.*******ын гэх тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан 2015 оны тооцоо гэх гар бичвэрт зохигч харилцан тооцоо нийлж, гарын үсгээр албажуулаагүй, уг нотолгооны хэрэгслийн талаар зохигч харилцан зөрүүтэй тайлбар гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 131/ дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Д.*******ын шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн Пүрэв ахтай тооцоо гэх нэг хуудас баримтад талууд хэлэлцэн тохиролцож тооцоо нийлж, гарын үсэг зураагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна гэжээ.

Уг шийдвэрийг Баянрхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 213/МА2023/00015 дугаар магадлалаар хэвээр үлдээж, тухайн хэрэгт хариуцагч О.*******, Д.******* нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.

Урьд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй нэгэнт тогтоогдсон нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн гэх тэмдэглэлийн дэвтэр болон уг дэвтрийн бичвэрийг илгээж, хоорондоо харилцсан нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н. нарын зурвасыг энэхүү иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Нотлох баримтаар үнэлэх боломжгүй дэвтэрт зохигч нь үзлэг хийлгэж, гэрэл зургийн үзүүлэлтээр хэрэгт хавсаргаснаар уг тэмдэглэлийн дэвтэр нь хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй нотолгооны хэрэгсэл болон өөрчлөгдөхгүй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдох зээл 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.*******, Н. нараас зээл 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээл 20,000,000 гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдох арматурын үнэ 11,088,000 төгрөг, тээврийн зардал 588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарын хариуцагч А.*******, Н. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАТ