| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00943/И |
| Дугаар | 131/ШШ2024/00892 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2024/00892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* оршин суух ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: ******* миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. Эхнэрийн хамт ******* сумын ******* мал маллан амьдарч байна.
Миний хувьд 55 нас хүрээд малчны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архиваас лавлагаа дутуу гарсан тул ажиллаж байсан байдлаа заавал шүүхээр тогтоолгох тухай зөвлөгөө өгсөн.
Би 1985 оны 05 дугаар сард ******* сумын дунд сургууль төгсөөд Санаачилга нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хоньчноор ажилд орсон.
Улмаар 1987 оны 10 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан боловч ар гэрийн гачигдлын улмаас/эхийн бие гэнэт муудаад/ 10 дугаар сардаа буцаад цэргийн албанаас чөлөөлөгдөн ирээд Санаачилга нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
Би 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдан ирж байсан. Манай ******* сумын архив шатахад/огноог сайн мэдэхгүй байна/ ганц минийх биш тэнд байсан бүх хүмүүсийн бичиг баримт устсан тул надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дүгээр зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр Хөрөнгө зарлага болгох тухай тушаал, Батлан хамгаалахын төв архив-ын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн архивын лавлагаа
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13/788 дугаар албан бичиг, регистрийн карт/*******/, Батлан хамгаалахын төв архив-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 494 дүгээр албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет/*******/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Ажил олгогчийн шийдвэр:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар архивын лавлагаанд ******* ******* нь ******* сумын Санаачилга нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1985-1988 онуудад малчнаар ажилласан жилийн, цалин нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1987 онд нотлох баримт гарлаа гэжээ.
Уг архивын лавлагааны хавсралт Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр Хөрөнгө зарлага болгох тухай тушаалын 1 дэх хэсэгт 1987 онд ардын цэргийн албанд явсан хавсралтад дурдсан нэр бүхий 36 залуучуудад олгосон хоол, цайны үнэ 144 төгрөгийг зарлага болгохоор тогтоосугай, уг тушаалын 16 дахь заалтадрт ******* ******* гэжээ.
2.2. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архив-ын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн архивын лавлагаанд ******* ******* нь Батлан хамгаалахын яамны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Баянхонгор аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардийн армийн 265 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 630799 дугаарын цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.
2.3. Цэргийн албан хаагчийн анкет:
Батлан хамгаалахын төв архив-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 494 дүгээр албан бичгийн хавсралт Баянхонгор аймгаас 1988 онд цэргийн жинхэнэ албан татагдсан хүний анкет-д ******* ******* 1969 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, халх, ******* сумын 5 дугаар хэсэгт оршин суудаг, 1985 оноос Санаачилга нэгдэлд малчин ажилтай, мэргэжилгүй гэжээ.
2.4. Иргэний улсын бүртгэлийн мэдээлэл:
Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13/788 дугаар албан бичгийн хавсралт БНМАУ-ын иргэний регистрийн картад ******* *******, 1969 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, халх, ******* сумын Уранхайрхан ******* малчин ажилтай, эцэг ******* , эх , эхнэр , охин ******* , хүү ******* , хүү ******* гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу ажил олгогчийн шийдвэр, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет, регистрийн карт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч О.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч О.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дүгээр зөвлөмжийн хуудаст ******* ******* хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архиваас лавлагаа дутуу гарсан тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тоогтоолгох шаардлагатай гэжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу О.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* ******* 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Санаачилга нэгдэлд малчнаар" ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч О.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ