Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  2023/ДШМ/187

 

     2023           02           10                                         2023/ДШМ/187

                                             

               Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

хохирогч Б.Ө, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/21 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Батдэлгэрийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 00 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Н-ийн Д, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “А” ХХК-д  жолооч ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Согоотын 0 гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /.

Яллагдагч Н.Д нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 04 цаг 55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг “И-март” худалдааны төвийн уулзвар замд Тоёота приус-30 маркийн 00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гол замаар зорчиж явсан Б.Ө жолоочтой КТМ маркийн 00 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Ө эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор В.Батдэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын дүрс бичлэг түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Ө мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №9236 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар жолооч Н.Д Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас тухайн осол болсон шалтгаан нөхцөл болсон болох нь нотлогддог. ... Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Мандах нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 777 дугаартай магадлагаа гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив ... ” гэв.

Хохирогч Б.Ө өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Мөрдөгч тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргасан. Хэрэгт авагдсан баримтад үндэслэж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарсан. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товыг хохирогч Б.Ө, түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцох оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Ө тус шүүх хуралдаан гаргасан тайлартаа: “Хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас яллагдагч Н.Д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “... Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шааардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 777 дугаар мөрдөгчийн магадлагаагаар яллагдагч Н.Д “ ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоолох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас “ ... хохирогч Б.Ө жолоодож явсан КТМ маркийн 00 УРА улсын дугаартай мотоциклын хурдыг тогтоолгох, зах зээлийн үнэлгээг дахин гаргуулахаар шинжээч томилуулах...” агуулга бүхий хүсэлтүүдийг удаа дараа гаргасныг прокурор хүлээн авахаас татгалзжээ.

Мөрдөгч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх магадлагааг гаргасан боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, тодруулах зорилгоор анхан шатны шүүхийн “дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах”-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүх “Б.Ө жолоодож явсан КТМ маркийн 00 УРА улсын дугаартай мотоциклын хурд болон үнэлгээг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааруулаагүй” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/21 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН