Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2015/0021/З |
Дугаар | 126/ШШ2015/0046 |
Огноо | 2015-11-03 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 126/ШШ2015/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, шүүгч Т.Долгорсүрэн, шүүгч Ж.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Хөвсгөл аймгийн …........ сумын ..............багт оршин суух иргэн Б…....... Ч.Б************-нынэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох "Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Т.Э************, нэхэмжлэгч Ч.Б************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Ч.Б************ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Б************ нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.
Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан хойгуур сумын ИТХ-ийн 11 төлөөлөгч 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, ИТХ-ын хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоол гаргаж, Ч.Б************ намайг сумын ИТХ-ын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хууль зөрчиж, миний зөвшөөрөлгүйгээр сумын ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааны даргаар Д.О************сонгож, шинээр сумын ИТХ-ын даргаар Н.С************г сонгосон нь хууль бус үйлдэл болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан хуралд энэ хугацаа хамаарахгүй.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хурлын анхдугаар хуралдаанаар хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Төлөөлөгчдийн 2/3-оос доошгүйн шаардсанаар, эсхүл хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Бусад хуралдааныг хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга гарын үсэг зурна.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д Хурлын даргын бүрэн эрхэд тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Тухайн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Сумын ИТХ-ын даргын бүрэн эрх зөрчигдсөнд гомдолтой байна. Иймд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгох зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Иймд хуулийн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай Их-Уул сумын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б************ нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ... 01, 02, 03 дугаартай тогтоолууд нь холбогдох хуулийг болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна. Үүнд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 03 дугаартай тогтоол, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б************ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ: ... 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 03 дугаартай тогтоол, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, миний бие Ч.Б************ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их- Уул сумын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Намайг биеийн байдлын улмаас Улаанбаатар хот явсаны дараа Их-Уул сумын ИТХ хуралдаж Ч.Б************ намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын даргын албан тушаалаас огцруулсан байсан. Энэ хууль бус үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С************ шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийнхөө тайлбарыг Их-Уул сумын ИТХ, нийт сумынхаа ард иргэдийн өмнөөс хэлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Их-Уул сумын ИТХ-ыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж маргадаг. Энэ хуулийн заалтыг зөрчсөнөөрөө Их-Уул сумын ээлжит 10 дугаар хуралдааныг хууль бус болсон гэж үздэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт нь мөн хурлыг хүчинтэй болгох хуулийн заалт юм уу гэж ойлгож байгаа. Энэ хуульд Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хуулийн заалтаас хурлын даргын эзгүйд хурал хийсэн гэсэн заалтыг авч хэрэглэдэг. Харин бид бол хурлын даргын санал болгосноор гэсэн утгыг нь биш тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчийн ахмад настай нь хурал удирдана гэсэн заалтыг хэрэгжүүлж ажилласан. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж 8 сар ажиллахдаа хийгээгүй байсан ажлыг гүйцэтгэж, хийсэн ажлыг нь үргэлжлүүлэн ажиллаж байна. Хурал болохоос өмнө Хурлын нарийн бичгийн дарга нь та явах гэж байгаа бол хурлын тэргүүлэгчдээс маргаашийн хурлыг удирдуулах төлөөлөгчөө санал болгоорой гэж хэлэхэд Ч.Б************ хуулийг хэрэгжүүлэхгүйгээр тоот үлдээчихээд Улаанбаатар хот явсан байсан. Энэ хүн ИТХ-ын үйл ажиллагааг санаатайгаар гацаасан үйл ажиллагаа явуулсан нь харагдаж байна. Ч.Б************ Улаанбаатар хот руу явахдаа тамгаа ширээнийхээ нүдэнд хийж цоожилчихоод явчихсан байсан. Энэ үйлдэл нь юуг харуулж байна вэ. Хурлын нарийн бичгийн дарга сануулаад байхад яагаад энэ хуулийн заалтыг зөрчсөн юм бол. Тамга тэмдэгээ түгжээд явсаныхан нь дараа би ИТХ-ын даргаар томилогдоод 1 сар гаран гадаа суусан. Өнөөдрийг хүртэл би энэ хүнээс түлхүүрээ авч чадахгүй явж байна. Эмнэлэгийн бичгээр 20 гаруй хоног явж ирчихээд хаана, ямар эмчилгээ хийлгэж байсан нь тодорхойгүй байна. Мөн та нар хууль бус хурал хийгээд намайг хохироож байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргаж олон хүмүүсийн ажил алдагдуулж намайг Мөрөн сум, Их-Уул сумын хооронд 10 гаруй удаа явуулж нийтдээ 300.000 төгрөгөөр хохироосон. Мөн би өмгөөлөгч авч 1.000.000 төгрөгөөр хохирсон. Энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болж хохирох ёстой юм уу. Анхан шатны шүүх хуралдааны дараа Ч.Б************ нь өөрийн намын бүлгийн хүмүүсийг дагуулж орж ирээд анхан шатны шүүхийн шийдвэр сонсгосон өдрөө хүчинтэй гэж хэлээд намайг өрөөнөөс хөөгөөд гаргасан. Би ингэж удаа дараа дарамтлуулж байгаа хэдий ч төрийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Би Их-Уул сумын ИТХ-ын даргаар 8 сар цалингүй ажиллаж байна. Ажил хийж байсан хүн нь цалин авах ёстой юм уу. Эсвэл ажил хийгээгүй шүүхээр маргаж байгаа хүн нь цалин авах ёстой байдаг юм уу. Намайг шүүхээр явж байх хооронд манай эхнэр хүнд өвчтэй байхад хэн ч тусалж байгаагүй. Нутгийн өрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх гээд хичээж яваа намайг үнэлэж дүгнэх боломж байна уу.
... Хурлын даргыг огцруулах талаар холбогдох тооцоо, судалгаа, гарах тогтоолын төслийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны ээлжит бус 10 дугаар хуралдаан болохоос өмнө төлөөлөгчдөд өгөөгүй ... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болсон ээлжит бус 10 дугаар хуралдаанаар гарсан 01,02,03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Яагаад 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гээд байна вэ гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасны дагуу ИТХ-ын дарга өөрөө хуралдаан удирдах хүнийг санал болгох ёстой байдаг.Нэхэмжлэгч өөрөө эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, мөн тухайн хуралдаанд өөрийн биеэр оролцож 2014 оны хийсэн ажлын тайлангаа хэлэлцэх ёстой байсан учир хуралдаан даргалагчыг санал болгохгүйгээр Улаанбаатар хот руу явсан гэдэг тайлбараа хэлсэн. Их-Уул сумын ИТХ-ын 02, 03 дугаартай тогтоолын тухайн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д хуралдааны дэгийг өөрөө тогтоож тогтоолоороо батлана гэж заасан дагуу Их-Уул сумын ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн анхдугаар хуралдааны 2 дугаар тогтоолоор хуралдааны дэгийг баталсан байдаг. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7-д хэлэлцэх асуудлын төслөө хуралдаан эхэлэхээс 3-с доошгүй хоногийн өмнө ИТХ-ын даргад өгсөн байна гэж заасан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Тиймээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ИТХ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, нийт дундаж цалинг тооцоход 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сарын дундаж цалинг тооцоход дундаж хоног нь 20.3 хоног, нийт ажилгүй байсан хоног 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал ажилгүй байсан хоног нийтдээ 150 хоног байдаг. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин буюу 1.085.859 төгрөг, нэг өдрийн цалин нь 53.490.5 төгрөг байдаг. Үүнийг ажилгүй байсан хугацаагаар үржүүлэхэд 8.077.065 төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах саналтай байна. Хариуцагч өөрөө өөрийн санаа бодлоор тайлбараа хэлдэг боловч энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоггүй. Хариуцагч талаас ардчилсан намын ИТХ-ын Тэргүүлэгч нар ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хассан гэж байгаа боловч 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар тухайн асуудлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж батлаагүй гэдэг нь 5 дугаартай ИТХ-ын хуралдааны тэмдэглэл дээр тодорхой байдаг. Төлөөгч нар 2 асуудлыг хассан гэж байгаа боловч 9 дүгээр ээлжит бус хуралдааны тэмдэглэлэээс харахад энэ асуудлыг хэлэлцээгүй байгаа нь харагдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд Сум дүүргийн ИТХ-ын онцгой бүрэн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар:
а/Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;
б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;
в/Тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх, ажлынх нь тайланг хэлэлцэх гэж заасны дагуу нэхэмжлэгчийг өөрчлөх ёстой байсан. Тусгайлан нэг асуудлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд мөн энэ нэрээр орж ирэх ёстой байсан. Гэтэл энэ асуудал хуульд заасны дагуу орж ирээгүй. Хөвсгөл аймгийн ИТХ нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байхгүй 2 асуудлыг хэлэлцэж Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргын албан тушаалаас огцруулсан. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг огцруулах ёсгүй байсан. Хуулийн дагуу ярихад Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргыг өөрчлөх ёстой байтал хуульд заагаагүй эрх зүйн зохицуулалтгүйгээр огцруулах гэж үг хэллэг хэрэглэсэн нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.Э************ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн эзгүйд хурлыг хуралдуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө архи уусан гэж байгаа асуудлыг гэрчилэх зүйл байгаа гэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан мэт харагдаж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл муу байсан юм болов уу гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн иргэн Ч.Б************ нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаартай Хуралдааны даргыг сонгох тухай, 02 дугаартай Үүрэгт ажлаас огцруулах тухай, 03 дугаартай ИТХ-ын даргыг сонгох тухай, 04 дугаартай Засаг дарга Б.М************-ыг огцруулахаар санал уламжилах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Б************ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 04 дугаартай Засаг дарга Б.М************-ыг үүрэгт ажлаас нь огцруулах саналын уламжилах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас 01 дүгээр тогтоол гаргаж,тус ээлжит бус 10 дугаар хуралдааны даргалагчаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.О************сонгосон байна.
2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан эхлэхэд Хурлын дарга Ч.Б************ нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан тухайн Хурлын хуралдааныг даргалах ... бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д ... хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасныг хангаж ажиллаагүй, нэгэнт зарлагдсан хуралдаандаа ирээгүй, түүнчлэн хуульд заасан үүргээ биелүүлэлгүй хурлаа орхин явсан гэж үзэн Хурал өөрийн үйл ажиллагаагаа явуулахын тулд тухайн 10 дугаар хуралдааны даргалагчаар Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгч Д.О************сонгож, улмаар Д.О************нь хуралдааныг удирдан явуулсаныг хууль зөрчсөн гэж үзэн буруутгах боломжгүй, тодруулбал энэхүү хуралдааныг удирдуулахаар хуралдааны даргалагчийг сонгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны дугаар 03 сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаартай Хуралдааны даргалагчийг сонгосон тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаан нийт 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч буюу 85,7 хувийн ирцтэйгээр эхэлсэн ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д ... сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж зааснаар хуралдаан хүчинтэй болжээ.
Нэхэмжлэгчээс Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй Хурлын даргыг огцруулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн нь хууль бус гэж, хариуцагчаас Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 сарын 20-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хуралдаанд Хурлын даргыг огцруулах асуудал оруулсан боловч одоо авч хэлэлцэхгүй гэж гацаасан. Гэвч олонхийн шахалтаар 3 сарын 30-нд хэлэлцэхээр зарласан боловч өөрөө хаяад явчихсан гэж маргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь ... дараахь асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.1-ийн б/-д Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх гэж заасан байх тул Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх юм.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгч Хурлын дарга Ч.Б************д итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 Төлөөлөгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанд Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсан бөгөөд уг санал нь үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төсөл дутуу гэсэн үндэслэлээр ээлжит 9 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдааны 9 дугаартай тэмдэглэл, гэрч Г.Н************, Д.О************нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Н************гийн шүүх хуралдаанд өгсөн ... Хурлын даргын ... тайланг хэлэлцье, үнэлгээ сайн гарвал энэ талаар ярихгүй, муу гарвал огцруулах талаар ярья ... гэсэн шийдвэр гарсан. 2015 оны 3 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдаанд сумын ... Хурлын даргыг огцруулах талаар асуудлыг оруулж ирсэн ... үндэслэл тодорхой биш, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, тогтоолын төсөл хангалтгүй гэж үзээд хэлэлцээгүй гэх мэдүүлэг, гэрч Д.О************шүүх хуралдаанд өгсөн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас ... Хурлын даргыг огцруулах үндэслэлээ бүрэн гүйцээж ирэхийг даалгаж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ... тайланг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын даргыг сонгох, өөрчлөх асуудал байгаагүй, харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгдсөн байжээ.
Харин Хурлын даргыг өөрчлөх /огцруулах/ асуудлын хувьд Хурлын даргыг өөрчлөх үндэслэлээ тодруулж, холбогдох тооцоо судалгаа, гарах шийдвэрийн төслийн хамт ирүүлэхийг санал оруулсан төлөөлөгчдөд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас мэдэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Н************, Д.О************нарын дээрх мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч Хурлын даргыг өөрчлөх /огцруулах/ үндэслэлээ тодруулаагүй, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслөө 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас хойш ээлжит бус 10 дугаар хуралдаан хуралдах хүртэл нэмж өгөөгүй болох нь гэрч Г.Н************гийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30-ны хооронд Хурлын дарга, Засаг даргыг огцруулан үндэслэлийн талаар холбогдох судалгаа, нотлох баримтыг цуглуулж нэмж надад өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд зааснаар Хурлын дарга Ч.Б************ыг огцруулах үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын дарга, төлөөлөгч нарт өгөөгүй болох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С************гийн шүүх хуралдаанд гаргасан Хурлын даргыг огцруулах талаар холбогдох тооцоо, судалгаа, гарах тогтоолын төслийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны ээлжит бус 10 дугаар хуралдаан болохоос өмнө төлөөлөгчдөд өгөөгүй гэх тайлбар, гэрч Г.Н************гийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаан болохоос өмнө дээрх Хурлын даргыг огцруулах саналын үндэслэл, тогтоолын төсөл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгч нарт хувилж өгөөгүй гэх мэдүүлэг, гэрч Д.О************Хуульд зааснаар хуралдаан болохоос 1 хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх ... талаар тогтоолын төсөл, холбогдох тооцоо, судалгааг тухайн хурлын төлөөлөгчийн хувьд надад тарааж өгсөн, танилцуулсан зүйл байхгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, ... төлөөлөгч ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-д Энэ хуулийн 24.1 ...-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба хуулийн энэхүү заалтыг хангаагүй асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн төлөвлөгөөнд заасан Хурлын үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцээгүй атлаа Ч.Б************ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулахаар асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг нэг хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн шаардлагын зорилго нь Иргэдийн Төлөөлөгч нарт хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, тэдэнд судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгох явдал юм.
Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Нэгдүгээр зүйлийн 1.7-д Хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулах төлөөлөгч нь төслөө хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ИТХ-ын даргад өгсөн байна гэж заасныг зөрчсөн байна.
Захиргааны байгууллагын аливаа шийдвэр үндэслэл, тооцоо, судалгаатай байх ёстой бөгөөд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан заавал мэдэгдэж байх зарчимтай.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан Хурлын даргыг өөрчлөх эсэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу юм.
Дээрх үндэслэлүүдээр Ч.Б************ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоол нь хууль бус байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б************ы оронд Н.С************г сонгосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 03 дугаартай тогтоол нь мөн хууль бус болох тул уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Б************ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаар тогтоол болон Н.С************г Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Ч.Б************ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний олговрыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулийн зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговрыг ... олгоно,
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар заалтад Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг сарын дундаж цалин хөлсийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөгдөж буй сарын ажлын цагийн дундаж тоонд хувааж нэг цагийн дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлно,
Мөн журмын 7 дугаар заалтын 7-ний а-д ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү олговор олгох, ... ажилтанд ажлаас халагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж тус тус заажээ.
Иймд хэрэгт авагдсан Ч.Б************ы нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Н************гийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар албан бичиг, түүний хавсралт зэргээс үзэхэд Ч.Б************ы сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 1085859 төгрөг, сүүлийн 3 сард ажилласан дундаж хоног 20,3 хоног, нэг өдрийн дундаж 53490,5 төгрөг болох ба ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 154 ажлын хоног байгаа тул нийт 8.077.065 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж Ч.Б************д олгох нь зүйтэй байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй Хурлын дарга Ч.Б************ыг огцруулах асуудлыг шийдвэрлэж, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоолоор ... албан үүргээ хангалтгүй биелүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.5, 22.1.9, 22.1.10, 22.1.13 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр Ч.Б************ыг Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас нь огцруулсан ба эдгээр үндэслэлүүдийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаж байгаа боловч нэгэнт Хурлын дарга Ч.Б************ыг огцруулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдож байх тул эдгээр үндэслэлүүд болон Н.С************ цалингүй ажиллаж байгаа, Ч.Б************ түлхүүр өгөхгүй байгаа, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хууль бусаар өөрчлөлт оруулсан, ажил дээрээ архидан согтуурдаг, ард иргэдтэй харилцаа сул байгаа, хууль тогтоомж зөрчдөг гэх зэрэг маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Хариуцагч Н.С************ нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ ирүүлсэн тул түүний өмгөөлөгч гэх Б.Даваажанцангийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул уг хүсэлтийг буцаан хүргүүлэх нь зүйтэй байна.
Маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох талаар түүнд шүүх хуралдаан даргалагчаас мэдэгдсэн боловч хариуцагч Н.С************ нь энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй, харин хариуцагчийн хувиар оролцоно гэж тайлбар гаргаснаар түүний хариуцагчийн эрх, үүргийг эдлүүлэн шүүх хуралдаанд оролцуулсан болно. Харин тэрээр 2015 оны 03 сараас эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэснийхээ төлөө цалин аваагүй, энэ тухай хүсэлтээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүд өгсөн байгаа гэж тайлбарласан бөгөөд энэ талаар гомдол гаргах эрх нээлттэй болохыг дурдъя.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б************д олгох үндэслэлтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6, 70.2.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б/, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Ч.Б************ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б************ы ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 8 077 065 /найман сая далан долоон мянга жаран таван/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалуудыг тооцож хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Б************д олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б************д олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ДОЛГОРСҮРЭН