Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00902

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***********************оршин байрлах, ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********************* оршин байрлах, ******* төрийн байгууллага, албан газарт холбогдох тэжээлийн буудайн үнэ, алданги гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* нар танхимаар тус тус оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Тэжээлийн буудайн үнэ 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Засгийн газрын бодлого, хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай нөхцөл бүхий зээлээр дэмждэг.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дүгээр тушаалыг үндэслэн ******* нь нөөцөлсөн байсан 875 тн тэжээлийн буудайг нэгж үнийг 700,000 төгрөгөөр тооцож, нийт 612,500,000 төгрөгийн тэжээлийн буудайг *******-т зээлдүүлсэн.

*******-т зээлээр авсан тэжээлийн буудайн үнийг төлөөгүй. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөгийг гаргуулж, өгнө үү.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/*******/, Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ/2024.02.22 №ТБ-А/2024-03/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дүгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2889 дүгээр албан бичиг, гэрээ дүгнэсэн акт/2024.03.21 №05/, тэжээлийн буудай хүлээлцэх акт/2024.02.23-2024.03.02/, харилцагчийн тооцоо/*******/

*******-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/634 дүгээр албан бичиг, *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/793 дугаар албан бичиг, *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: Манай аймагт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ган, зудын нөхцөл байдал жил дараалан үүсэж, хөдөө аж ахуйн салбарт хүндрэл учраад байгаа билээ.

Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын нөхцөл байдал үүсэж, хохирол багатай даван туулахын тулд улс, орон нутгийн зүгээс ихээхэн анхаарч ажилласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын онцгой комиссоос 2024 оны хавар өвс, тэжээлийн дэмжлэг олгож байсны нэг нь 875 тн улаан буудайн тэжээлийн дэмжлэг юм.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний А/101 дүгээр тушаалаар манай аймагт 375 тн улаан буудайн тэжээл хуваарилсан.

Улсын их хурлын дарга ******* болон Улсын онцгой комиссын зүгээс нэмэлтээр 500 тн, нийт 875 тн буудайн тэжээлийг хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, гамшгийн хэмжээнд хүрсэн тул үнэ төлбөргүйгээр олгохоор тухайн үед шийдвэрлэсэн.

Улсын онцгой комисс, яам, иргэн, аж ахуй нэгжээс олгосон хандив, дэмжлэгийг аймгийн Онцгой комиссын хурлаар оруулахад 875 тн улаан буудай тэжээлийг үнэгүй олгосон хэмээн тэмдэглэсэн байдаг.

Нийт 875 тн улаан буудайн тэжээл үнэгүй олгож байгаа тул аймаг, орон нутаг тээврийн асуудлыг шийдвэрлэн татан авалтыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хийх чиглэлийг улсын онцгой комисс болон салбар яамны зүгээс өгсөн.

Баянхонгор аймаг нь *******-тай 64,800,000, -тай 86,400,000 төгрөгийн гэрээ байгуулж, татан авалтыг шуурхай зохион байгуулсан.

Задгай ирсэн 875 тн улаан буудай тэжээлийг аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр цэргийн ангийн хашаанд буулган, шуудайлан сумдад тараах ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гүйцэтгэсэн.

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай аймагт ажиллаж 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцах үеэр энэхүү өр, авлагын асуудлыг танилцуулж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд судалж, нааштай хариу өгөхөө илэрхийлсэн.

Иймд манай аймгийн зүгээс 875 тн улаан буудайн тэжээлийн үнэ болох 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөгийг төлөх боломжгүй.

******* нь тэжээлийн буудайн үнэ, алданги нэхэмжилсэн *******-ийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй тэжээлийн буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэл, Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл

Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/297 дугаар Бараа материал хүргүүлэх тухай албан бичиг, Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/04 дүгээр Ажлын хэсэг томилох тухай тушаал, Ачаа тээвэрлэх гэрээ, Бараа материал нийлүүлэх гэрээ нэхэмжлэх, шинжилгээний хуудас, зарлагын баримт

Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар Тэжээл буудайг хуваарилж, сумдад олгох тухай захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаар Гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нөөцийн тэжээл татахад хөрөнгө зарцуулах тухай захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/105 дугаар Зудын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тэжээл татахад хөрөнгө зарцуулах тухай захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/106 дугаар Зудын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нөөцийн тэжээлийг малчдад хүргэхэд хөрөнгө зарцуулах тухай захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/132 дугаар Улаанбуудайн тэжээл савлахад хөрөнгө зарцуулах тухай захирамж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1а/669 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1а/737 дугаар албан бичиг

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани/цаашид төрийн өмчит ХХК гэх/ нь хариуцагч ******* төрийн байгууллага, албан газар/цаашид ТБАГ гэх/-т холбогдуулан Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тэжээлийн буудайн үнэ 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* ТБАГ нь Тэжээлийн буудайг хариу төлбөргүйгээр олгосон, тэжээлийн буудайг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ТБАГ-ын хооронд хуулийн дээрх хэсэгт дурдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь нэхэмжлэлд хавсаргасан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ББ-А/2024-03 дугаар Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ТБАГ-ыг худалдан авагч гэж тодорхойлж, улмаар болон Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ТБАГ-ын дарга нар гарын үсэг зуржээ.

Харин ******* ТБАГ нь дээрх Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний оролцогч бус, уг гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш байна.

Тодруулбал ******* ТБАГ-ийг хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох тамгын газрын дарга гарын үсэг зураагүй.

Иймд нэхэмжлэгч ******* нь Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ******* ТБАГ-аас гаргуулахаар шаардах эрхгүй.

3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз , 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус тодорхойлжээ.

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тул хариуцагч ******* ТБАГ-аас алданги гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгч *******-д үүсэхгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгээс үзэхэд хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэлд тусгах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг өөрчлөх, солих боломжгүй.

Нэхэмжлэгч *******-д нэхэмжлэлдээ хариуцагч ******* ТБАГ гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа өөрчлөөгүй, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих хүсэлт гаргаагүй болно.

4. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн,

Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ,

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан агентлаг ажиллуулахаар тогтоосугай, уг хэсгийн 4.20 дахь заалтад Хүнс, хөдөө аж ахуйн газар гэжээ.

Хууль, тогтоолын дээрх зохицуулалтаас үзэхэд , *******, Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь тус бүртээ эрх зүйн харилцааны бие даасан субъект байна.

Иймд болон Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар-ын гарын үсэг зурсан Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг уг гэрээнд гарын үсэг зураагүй ******* хариуцах эрх зүйн үндэслэлгүй.

5. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* ТБАГ-т холбогдох Тэжээлийн буудайн үнэ 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр үүрэг хүлээсэн нь жинхэнэ хариуцагчид холбогдуулан тэжээлийн буудайн үнэ, алданги гаргуулахаар жичдээ нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Шүүхээс зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн учраас тэжээлийн буудай нь хариу төлбөргүй олгогдсон гэх хариуцагчийн татгалзлын үндэслэл шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүйг дурдав.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, уг хэсгийн 41.1.3 дахь заалтад төсөвт байгууллагын нэхэмжлэл гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэг тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* ТБАГ-т холбогдох Тэжээлийн буудайн үнэ 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.МӨНХБАТ