Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 192

 

    

                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга       Б.Намуунзул

Улсын яллагч:                       Д.Нямдэлэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ханджавын Сэр-Од, Аханайн Кулдик нарт холбогдох 1731001420076 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 14-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, нөхрийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хороо 35-42 тоот оршин суудаг, өндөр настны тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Жалайр овогт Ханджавын Сэр-Од /УД-55021402/

       

        Монгол улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 20-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл нэг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хороо 46-15 тоотод оршин суудаг, өндөр настны тэтгэвэрт байдаг, улсаас авсан гаъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ители овогт Аханайн Кулдик /ЦП- 60052006/

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Сэр-Од нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 11 нэр төрлийн эмийг,

Шүүгдэгч А.Кулдик нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 17 нэр төрлийн эмийг тус тус импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч Х.Сэр-Одын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн хэрэгцээний зүйл болон хүнс авах гээд Улаан-Үүдэд явж байгаад эмгийн сан ороход миний уудаг эмнүүд энд зарагддагаас арай хямд үнэтэй байхаар нь өөрийн хэрэгцээнд тохируулан олныг авчихсан юм. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

Шүүгдэгч А.Кулдикийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор 17 төрлийн эм оруулж ирсэн. Үүнд ханиадны, толгойны зэрэг эмнүүд байсан. Эдгээрийг зөвхөн өөрийн хэрэгцээнд худалдаж авсан юм. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Дахин ийм зүйл хийхгүй..” гэх мэдүүлэг

Хохирогч О.Анхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын зүгээс намайг итгэмлэгдсэн төлөөлөгч, хохирогчоор томилсон. Иргэн Х.Сэр-Од, А.Кулдик нар нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр эм оруулж ирсэн талаар сонссон. Зохих зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж болно. Түүнээс иргэн хувь хүн эмийн зүйл оруулж ирж болохгүй. Надад гомдол санал байхгүй тухайн иргэд нь хохирол мөнгөө төлсөн нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/

Гэрч Ш.Түвшинжаргалын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би СЭлэнгэ аймаг дахь гаалийн газарт 6 жил ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 16-нд орой 21 цаг орчим Алтанбулаг боомтоор хязгаарласан бараа болох эмийг Монгол Улсын иргэн А.Кулдик, Х.Сэр-Од нар хилээр нэвтрүүлсэн асуудлыг хяналт шалгалтаар Агваандондов илрүүлсэн. Би иргэн А.Кулдикээс тайлбар авч, эмийг төрөлжүүлэн тоолсон. А.Кулдик 17, Х.Сэр-Од 11 нэр төрлийн эмнүүд байсныг тоолж бүртгэсэн. Энэ асуудалд манай зөрчил хойшлуулашгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Болдбаатар зөрчлийн хэрэг нээж шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 187 дугаар тал/

Гэрч Ц.Цогбадрахын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Налайх дүүргээс хааяа хүн тээвэр хийдэг. Зарын дагуу эмэгтэй хүн 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой над руу утсаар яриад Улаан-Үүд явах машин мөн үү маргааш өглөө Улаан-Үүд явъя гэж хэлэхээр нь би зөвшөөрч маргааш өглөө нь Х.Сэр-Од, А.Кулдик гэх хоёр зүс таних эмэгтэйн хамт Налайх дүүргээс өөрийнхөө эзэмшлийн Приус-20 маркийн 37-15 УНЕ улсын дугаартай автомашинаар гараад Алтанбулаг боомтоор нэвтэрч оройн 20 цагт Улаан-Үүд хотод очоод амарсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө уулзаад бид нар захаар яваад оройдоо ОХУ-аас Алтанбулаг боомтоор 20 цаг орчим гурвуулаа нэвтрэхээр болсон. Монгол Улсын хилээр нэвтэрч гаалийн улсын байцаагчид машинаа үзэж шалгуулсан бол Х.Сэр-Од, А.Кулдик нар өөрсдийн авч яваа цүнх бараагаа аваад дотогш орсон. Удаагүй гаалийн улсын байцаагчид гарч ирээд машиныг үсэн. Гэтэл Х.Сэр-Од А.Кулдик нар эм эмийн зүйлс авч яваад түр саатуулагдаж эмийг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар тал/

Гэрч Х.Аигэримийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Кулдик эгч манай аавын төрсөн ахын эхнэр байгаа юм. Х.Сэр-Од, А.Кулдик хоёр найзууд учраас хоёуланг нь сайн танина. А.Кулдик эгч Налайх дүүрэгт ганцаараа амьдардаг. Өмнө нь Налайх дүүрэгт багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. А.Кулдик эгч 30-32 насны хоёр хүүхэд нь тусдаа гарсан. Тус тусын ажил хөдөлмөр эрхэлдэг. Төлөв даруу шулуун шударга зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн:

“1.Монгол Улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эмийн төрлийн барааг импортлох эрхийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид олгоно гэж заасан учир иргэн импортлох боломжгүй юм.

 2.Хуулийн дагуу хувь хүн эм эмийн зүйлийг импортлох боломжгүй юм. Гаалийн тухай хууль, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх журмын дагуу эмийн зүйлсийг зөвхөн аялалын хугацаанд эмчийн заавар бүхий хэрэглэх хэмжээгээр хил нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэж заасан.

3.Эм Эмийн зүйлс нь тарифын бус хязгаарлалттай буюу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж улсын хилээр оруулсан тохиолдолд гаалийн татвар ногдуулна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4-04 www.eаптека.ru. Сайтыг үндэслэн гаалийн татварыг дараах хүснэгтээр тооцвол Х.Сэр-Од нийт 187.677 төгрөгийн татвар төлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн:

“1.Монгол Улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эмийн төрлийн барааг импортлох эрхийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид олгоно гэж заасан учир иргэн импортлох боломжгүй юм.

 2.Хуулийн дагуу хувь хүн эм эмийн зүйлийг импортлох боломжгүй юм. Гаалийн тухай хууль, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх журмын дагуу эмийн зүйлсийг зөвхөн аялалын хугацаанд эмчийн заавар бүхий хэрэглэх хэмжээгээр хил нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэж заасан.

3.Эм Эмийн зүйлс нь тарифын бус хязгаарлалттай буюу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж улсын хилээр оруулсан тохиолдолд гаалийн татвар ногдуулна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4-04 www.eаптека.ru., www.mr.ru сайтыг үндэслэн гаалийн татварыг дараах хүснэгтээр тооцвол А.Кулдик нийт 429.572.13 төгрөгийн татвар төлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 112-113 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1803014/41 дугаартай:

“1.Дээрх 13 нэр төрлийн эмнүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 4 төрлийн эм нь хайрцаг байхгүй хаяг шошго тодорхойгүй учир тодорхойлох боломжгүй байна.

2.Дээрх эм, эмийн зүйлүүд эмийн жагсаалтад бүртгэгдээгүй учир шаардлагагүй.

3.Аквадетрим-Д витамины дутагдлын үед хэрэглэнэ.

Гордокс-Нойр булчирхайн фермент

Флуконазол-Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл

Дюфастон-Эмэгтэйчүүдийн дааврын бэлдмэл

Актовегин-Судасны хана тэлэх үйлчилгээтэй бэлдмэл

Вестибо-Харшилын эсрэг үйлчилгээтэй бэлдмэл

Экватор-Цусны даралт тогтворжуулах бэлдмэл

АЦЦ-Ханиад томууны эсрэг бэлдмэл

Виферон-Дархлаа сайжруулах бэлдмэл

4.Дээрх эмнүүд хүний эм мөн боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир болохгүй.

5.Уг эм нь хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанарын шаардлагад нийцэхгүй байгааг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 118-119 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1803014/42 дугаартай:

“1.Дээрх 9 нэр төрлийн эмнүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 төрлийн эм нь хайрцаг байхгүй хаяг шошго тодорхойгүй учир тодорхойлох боломжгүй байна.

2.Дээрх эм, эмийн зүйлүүд эмийн жагсаалтад бүртгэгдээгүй учир шаардлагагүй.

3.Аквадетрим-Д витамины дутагдлын үед хэрэглэнэ.

Гордокс-Нойр булчирхайн фермент

Флуконазол-Мөөгөнцрийн эсрэг бэлдмэл

Дюфастон-Эмэгтэйчүүдийн дааврын бэлдмэл

Актовегин-Судасны хана тэлэх үйлчилгээтэй бэлдмэл

Вестибо-Харшилын эсрэг үйлчилгээтэй бэлдмэл

Экватор-Цусны даралт тогтворжуулах бэлдмэл

АЦЦ-Ханиад томууны эсрэг бэлдмэл

Виферон-Дархлаа сайжруулах бэлдмэл

4.Дээрх эмнүүд хүний эм мөн боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир болохгүй.

5.Уг эм нь хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанарын шаардлагад нийцэхгүй байгааг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 123-126 дугаар тал/

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-14 дүгээр тал/

Эм, эмийн зүйлийн зураг тайлбарууд /хх-ийн 23-80 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 132 дугаар тал/

А.Кулдикийн иргэний болон гадаад паспортын хуулбар /хх-ийн 133-134 дүгээр тал/

А.Кулдик ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хоорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136 дугаар тал/

Х.Сэр-Одын иргэний болон гадаад паспортын хуулбар /хх-ийн 137-138 дугаар тал/

Х.Сэр-Одын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 141-143 дугар тал/

Х.Сэр-Одын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр тал/

Х.Сэр-Одын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/

А.Кулдикийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/

А.Кулдикийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч Х.Сэр-Од нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 11 нэр төрлийн эмийг, шүүгдэгч А.Кулдик нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 17 нэр төрлийн эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр тус тус явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч О.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 85/, гэрч Ш.Түвшинжаргалын /хх-ийн 87/, Ц.Цогбадрахын /хх-ийн 88/, мэдүүлгүүд болон шинжээчдийн дүгнэлтүүд /хх-ийн 109-110, 112-113, 118-119/ зэрэг болно.               

       Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, ишинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэв.

             Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Сэр-Од, А.Кулдик нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2-д заасан “..эм импортлох  үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

             Иймээс шүүгдэгч Х.Сэр-Од, А.Кулдик нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан “...Эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт дээрх зүйл ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Сэр-Од, А.Кулдик нар нь өндөр насны тэтгэвэрт байдаг байдлыг харгалзан тэдэнд тус тус оногдуулсан торгуулын ялын зарим хэсэг болох 2.700.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор, үлдэх хэсэг болох 2.700.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 нэр төрлийн эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

     Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

    

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Жалиар овогт ханджавын Сэр-Од, Ители овогт Аханайн Кулдик нарыг мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан “Эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Жалиар овогт ханджавын Сэр-Од, Ители овогт Аханайн Кулдик нарыг  тус тус 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Сэр-Од, А.Кулдик нарт тус тус оногдуулсан торгуулын ялын зарим хэсэг болох 2.700.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор, үлдэх хэсэг болох 2.700.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

           5.Ялтан Х.Сэр-Од, А.Кулдик нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн иүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

       6.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 нэр төрлийн эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

             7.Ялтан Х.Сэр-Од, А.Кулдик нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ