Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2015/0047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн ............... сумын ............. багийн иргэн  /регистрийн РЖ************ дугаартай/-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргад холбогдох "Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э************, түүний өмгөөлөгч С.Оюунжаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг дарга Н.А************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.Э************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие Д.Э******р нь 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх захирамжийн дагуу ажлаа хүлээлгэж өгсөн.

ИТХ-ийн Тэргүүлэгчдийн бүлэгчилсэн хурлын тэмдэглэлд дурдсан бүлгийн гишүүдийг хуралд суулгаагүй Намын бүлгийн дарга, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэж эрхэлж буй ажил, албан тушаалтай огт хамааралгүй сарын 20-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4/1958 дугаартай албан бичгээр Захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэсэн хариу өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.3, 11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

... Манай сумын Засаг дарга надад намын бүлэг шахаад байна. Чи ажлаа өгөөрэй гэж хэлж байсан. Тэгэхэд нь би ямар нэгэн шалтгаан байхгүй байхад өөрөө ажлаас халагдах хүсэлтээ өгвөл ард түмэн буруугаар ойлгоно. Би хүсэлтээ өгөхгүй гэж хэлэхэд намайг өөрөө өргөдлөө өг гэж хэлээд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын захирамж гарч би өөрийн ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас халах үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга өөрийн эрх хэмжээний дагуу захирамж гаргана гэж заасан заалт, мөн сумын ИТХ-ын хурлын тогтоолыг үндэслэж намайг ажлаас халсан. Миний эрхэлж байсан ажил үүргийн хуваарьтай холбоогүй шалтгаанаар ажлаас халсан... Миний хувьд сонгуулийн ээлжит хугацаанд ажлаас халагдсан бол гомдолгүй. Харин намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхад ажлаас үндэслэлгүйгээр хууль бусаар халсанд гомдолтой байна ... Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурал хууль бус болсон талаар маргаангүй гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг дарга Н.А************ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Их-Уул сумын Засаг даргын орлогч Д.Э************ нь 2012 оноос эхлэн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлыг хашихын хамт Их-Уул сумаас сонгогдсон Ардчилсан намын бүлгийн даргын албыг давхар гүйцэтгэж ирсэн бөгөөд уг ажлыг хийж байх хугацаандаа Ардчилалын нэрийг барьж багагүй улс төр хийж байсныг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрынхан, нийт иргэд тодорхой мэднэ, гэрчлэх хүмүүс ч байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтанд заасан үүргийн дагуу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжинд нийцүүлэн захирамжаа гаргасан болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 1-ийн 2-т Сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчид болох С.Д************р, Д.У************р, Д.О*********г, Н.С*********ннарын бүрэлдэхүүнтэй хурлын тэргүүлэгчидтэй удаа дараа зөвлөсөн болно.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж албанаас нь чөлөөлсөн, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар бүлгийн 40 дүгээр зүйлийн 2-т зааснаар Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах гэх хориглох зүйлийг зөрчсөн гэж үзнэ. Дээрх хуулийн зөрчлийн улмаас Засаг даргын орлогч Д.Э************ийг ажил төрөл, зан харьцааны хувьд тохирохгүй гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн болно.

... Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр томилогдоод Их-Уул сумын Засаг даргын орлогч Д.Э************тэй ажиллах хугацаанд манай сумын ажил урагшлахгүй байсан. Бид хоёр өөр намын төлөөлөл болсонхүмүүс байсан учир хэн хэндээ чөдөр тушаа болж байсанИнгээд олон удаа бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан. Энэ талаараа Их-Уул сумынхаа ИТХ-ын Тэргүүлэгчидтэй удаа дараа зөвшилцөж байсан. Тэгээд өөрийн эрх хэмжээний хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан. Сумын Засаг даргын орлогч нь цахим худалдан авалт гэсэн ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэ ажил нь гүйцэтгэл муутай байгаа. Одоо ч мөн хангалтгүй хийгдэж байгаа.2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гэрээ хийгдсэн байх шаардлагатай байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд хийгдээгүй, ганцхан шүднийэмнэлгийн тоног төхөөрөмж авах ажил хийгдсэн. Энэ хүнтэй хамтарч ажиллахад ажил урагшладаггүй. Улс төрийн албан тушаалтан багаа бүрдүүлж ажиллах үүднээснэхэмжлэгчийг ажлаас халсан. ... ИТХ-ын 7 Тэргүүлэгчээс 3 тэргүүлэгч нь МАН, 3 тэргүүлэгч нь АН, 1 тэргүүлэгч нь МАХН-ын тэргүүлэгч байдаг. ИТХ-ын хуралдааны товыг АН-ын тэргүүлэгч нарт мэдэгдсэн боловч хуралдаанд ирдэггүй байсан. Би өөрийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна ... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б************ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их-Уул сумын Засаг даргын орлогч Б.Б************ миний бие 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Засаг даргын орлогчийн албыг хашиж байгаа бөгөөд ажилд орсон өдрөөс хойш өнөөг хүртэл алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байна. Сумын Засаг дарга нь Засаг даргынхаа бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу захирамж гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилдөн намайг Тэргүүлэгчдийн Хурлаар оруулж хэлэлцсэний үндсэн дээр сумын Засаг даргын орлогчийн ажилд томилсон болно.

Намайг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн ажлыг нэхэмжлэгчээс хүлээж авахад ЗДТГ-ын засварын ажил, ойн хортон шавжь устгах ажлыг нэн түрүүнд яаралтай хийж гүйцэтгэх ажил гэдгийг хэлж байсан. Тухайн ажлуудыг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэсэн. Төрийн сангаас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хийгдсэн гэрээний санхүүжилт хийнэ, үүнээс хойш ямар нэгэн цахим худалдан авалт хийгдэхгүй гэсэн бичиг ирсэн. Манай орон нутгийнхөгжлийн сангаар хийгдэх ажил хэвийн явагдаж байгаа гэж үзэж байна. 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажил нэхэмжлэгчид хамаагүй гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи ажил нэхэмжлэгчид огт хамааралгүй шинээр ажил хүлээж авсан Засаг даргын орлогч даргатай хамааралтай асуудал гэж ярьж байна. Тийм байдлаар ойлгож болохгүй. Би ажилд орсон цагаас хойш өөрийн ажил үүргээхэвийн гүйцэтгэж байгаа. 2015 оны 4 дүгээр сар гэхэд цахим тендерийн ажил шивэгдээд,2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэхэд гүйцэтгэх байгууллагууд тодорчихсон гэрээ хийгдсэн байх ёстой байдаг. Гэтэл хийгдэх ёстой ажлууд нь хугацааны хувьд хойшилсон байсан. Энэ нь нэхэмжлэгчийн ажил, эсвэл үнэлгээний хороодын гишүүдийн ажилтай алинтай нь холбоотойг мэдэхгүй байна. Тийм нөхцөл байдалтай үед нь би ажлаа хүлээж авсан. Түүнээс хойш суманд төсөвлөгдсөн мөнгийг буцааж татуулахгүйгээр ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч Д.Э************ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Э************ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчоор 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг дарга Н.А************ нэхэмжлэгч Д.Э************ийг ажлаас чөлөөлсөн захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэжээ.

Нэхэмжлэгч Д.Э************ нь "Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засаг даргын орлогчийн ажлаа зохих ёсоор хийж байсанэрхэлж буй ажил, албан тушаалтай огт хамааралгүй улс төржсөн шийдвэр гаргасан гэж, харин хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд нийцүүлж захирамж гаргасан гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба ...-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад орших бөгөөд 3 дугаар зүйлийн 3.3-д төрийн албыг 3.3.1. төрийн улс төрийн алба, 3.3.2. төрийн захиргааны алба, 3.3.3. төрийн тусгай алба, 3.3.4. төрийн үйлчилгээний алба гэж тус тус ангилаад төрийн захиргааны алба, тусгай албыг төрийн жинхэнэ алба байхаар хуульчилсан байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэргээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал хамаарахыг заагаад 6.1.12-т бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэсэн байх тул нэхэмжлэгч Д.Э************ийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаал байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх нь сумын Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилагдсан ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж зааснаас үзвэл төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөхөөр байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т сумын Засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг өөрөөр заасан байх тул түүний эрх зүйн байдлыг буюу томилогдох, чөлөөлөгдөх журмыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахгүй юм.

Харин хуульд өөрөөр тусгайлан заасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг хэрэглэх ёстой. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ гэсэн зарчимтай.

Мөн хууль тогтоогч нь төрийн улсын төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч болох сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөхөд тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх гэснээс өөр шаардлага тавиагүй байгаагаас үзэхэд төрийн улс төрийн алба нь улс төрийн хариуцлага хүлээдэг, улс төрийн шийдвэрээс хамааралтай болохыг хүлээн зөвшөөрч төрийн жинхэнэ албанаас ялгаатай хуульчилсан байна.

Сумын Засаг даргын орлогч нь төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан баталгаагаар хангагдах авч төрийн жинхэнэ албан хаагч бишийн хувьд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар,түүний дотор 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэлт баталгаагаар хангагдах эрхгүй юм.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах ба сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчөөгүй, тодруулбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар тухайн Хурлын Тэргүүлэгчидтэйгээ зөвшилцсөн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Засаг даргын орлогчийн ажлыг хэвийн хийж байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Хөдөлмөрийн хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж маргаж байгаа боловч Засаг даргын орлогч гэх төрийн улсын төрийн албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэгэн адил үр дүнгийн гэрээ, эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн адил хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний биелэлтээр буюу ажлын үр дүнгээс хамаарч түүний чөлөөлөгдөх эсэх нь шийдэгдэх тухай ойлголт хууль тогтоомжид байхгүй, Засаг даргын орлогч нь ажлаа хэвийн хийж байсан эсэх нь улс төрийн албан тушаалтныг чөлөөлөх эсэхэд шийдвэрлэх ач холбогдолгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан боловч ээлжит сонгуулийн 4 жилийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдөх ёсгүй гэж маргаж байгаа боловч төрийн улс төрийн албан тушаалтныг ээлжит сонгуулийн 4 жилийн хугацаа дуустал үүрэгт ажлаас нь чөлөөлж болохгүй гэж хууль тогтоомжид заагаагүй.

Гагцхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т ...тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх... журмыг баримтлан сумын Засаг даргын орлогч-ийг албан тушаалаас нь чөлөөлөх Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан болохыг, улс төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх үүднээс түүнийг чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн бус, харин тухайлсан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхийг хууль тогтоогч тодорхой зааж, журамласан байна.

Иймд нэхэмжлэгч Д.Э************ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э************ийн "Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 тоот ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ