Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/211

 

 

 

 

 

 

 

Г.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гансувд,

хохирогч Ц.Пын өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Пын өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлоор Г.Мт холбогдох эрүүгийн 2209021771652 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн Г.М, .......................................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......................... ажилтай, ам бүл 5, эх, эгч, ах нарын хамт .............................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СU” сүлжээ дэлгүүрийн гадна талбайд Э.Мтой маргалдаж, улмаар маргааныг салгах гэж ирсэн түүний найз Ц.Пыг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний ажил болон оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.П нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Пын өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирогч Ц.Пын “...миний хувьд удахгүй хагалгаанд орох гэж байгаа. Эхний хагалгаа нь нүдний ухархайн, дараа нь хамрын хоншоорын хөндийн цөмрөлтийн унтуулгатай хагалгаанд орно. Нийт 6.713.000 төгрөг болж байна. ...” гэсэн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт өгсөнгүй. Хохирогчийг өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцуулсангүй. “...535.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүх шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан “Орбита” эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/56 дугаартай албан бичгээр хохирогч Ц.Пт нийт 4.100.000 төгрөгийн эмчилгээ хийгдэх төлбөрийн баримт, “Эм би жи мед” эмнэлгийн 3.388.000 төгрөгийн төлбөрийн баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11190 дугаартай “...Ц.Пын биед хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлттэй шүүхийн 535.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүх шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. ...” гэсэн нь логик утга агуулгын хувьд ч, бодит байдалд ч нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Шүүхийн шинжилгээний тухай хуульд хүндэвтэр гэмтэл учирсан хүнд ямар хэмжээний мөнгөн төлбөр төлөхөөр заасан байна, тэрхүү хохирлыг Г.Маас гаргуулахаар зааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.М нь анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн өмгөөлөгчөөс 14.832.350 төгрөгийг эмчилгээний төлбөрт шаардсан. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар 530.490 төгрөгийн зарлага гарсан байна. Энэ нь баримтаар нотлогдсон гээд уг төлбөрийг анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчид төлж барагдуулсан” гэв.

Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд 7.488.000 төгрөгийн асуудлыг ярьдаг. Прокуророос баримтаар нотлогдсон хохирлыг гаргуулж, хийгдээгүй байгаа эмчилгээний зардлыг иргэний журмаар жич  нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж, шүүх ийнхүү шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлохдоо бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох гэсэн хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлсэн. Прокуророос цаашид гарах эмчилгээний зардлыг эмчилгээ хийлгэсний дараа нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцсон бөгөөд уг саналаа дэмжиж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СU” сүлжээ дэлгүүрийн гадна талбайд Э.Мтой маргалдаж, улмаар маргааныг салгах гэж ирсэн түүний найз Ц.Пыг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Пын “...Тэгээд би очоод Дармааг салгах гэж болиоч гээд байж байсан чинь Мөнхтамир хажуугаас “чи байж бай” гээд намайг татаад миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд л миний хамраас цус гараад тонгойж суусан. Тэгсэн чинь манай найзууд ирж намайг хараад, тэгээд тэд нараас салаад бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Миний хувьд удахгүй хагалгаанд орох гэж байгаа. Эхний хагалгаа нь нүдний ухархайн, хоншоорын хөндийн цөмрөлтийн унтуулгатай хагалгаанд Рапид мед хувийн эмнэлэгт орно. ...Нийт 6.713.000 төгрөг болж байна. ...” /хх 12, 14/,

гэрч Э.Мын “... Би тооцоо хийчихээд найз нараасаа хоцорч гарсан бөгөөд араас нь гарсан чинь Тамираа гэх залуу нь намайг харчихаад хүрч ирээд алгадаад Өгөөдэй нь шууд намайг шатнаас чирч унагаагаад, Дармаа гэх залуу нь босох гэж байхад буцаж унагаагаад алгадсан. Намайг газар хэвтэж байсан чинь Тамираа нь миний цээж хэсэгт 2-3 удаа өшиглөсөн, мөн нүүр хэсэгт 1 өшиглөсөн, 3-4 удаа миний нүүрний зүүн хэсэгт цохисон. Тэд согтуу байсан. Тэгээд намайг босгочихоод Өгөөдэй, Тамираа хоёр нийлээд 10 орчим удаа нүүр хэсэгт цохисон. Харин Пүрэвбаатарыг намайг босгох гэж байхад хамар хэсэгт нь цохисон байсан. ...” /хх 18, 20/,

гэрч М.Будхүүгийн “...Пүрэвбаатар салгах гээд очсон чинь Мөнхтамир шууд Пүрэвбаатарыг цохисон. Тухайн үед би Өгөөдэйтэй юм яриад зогсож байсан, Пүрэвбаатарыг Мөнхтамирт цохиулж байхыг би харсан. Тэгээд хамраас нь цус гарахаар нь хажууд нь зогсож байсан Пүрэвбаатар дээр очоод цусыг нь тогтоож өгсөн. ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11190 дугаартай шинжээчийн “...Ц.Пын биед хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /хх 37-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Мын хохирогч Ц.Пын нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

Хохирогч Ц.Пын  өмгөөлөгч Б.Эрдэнэбат “...Шүүгдэгч Г.Маас 7.488.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. ...” гэж,

мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ц.Паас гаргаж өгсөн “Эм би жи мед” эмнэлгийн санхүүгийн 326 дугаартай нэхэмжлэх нь нотлох баримтын шаардлагыг хангаж байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн шинж байдлыг харгалзан Иргэний хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд шүүгдэгчээс 3.388.000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогчоос гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нээлттэй талаар шийтгэх тогтоолд заасан нь үндэслэл бүхий болжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоохдоо утга агуулгын зөрчилтэй байдал үүсгэсэн байх тул хуульд нийцүүлэн өөрчлөв.

Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, хохирогч Ц.Пын өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлын “...7.488.000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч Г.Маас гаргуулахаар нэхэмжилснээс 3.388.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, 4.100.000 төгрөгийг гаргуулах талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1135 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Мт мэдэгдсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 3.388.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Пт олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Пын өмгөөлөгч Б.Эрдэнэбатын давж заалдах гомдлын “4.100.000 төгрөгийг гаргуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР