Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1908

 

“НКЛ” ХХК-ийн                                                                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/01573 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НКЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13.753.500 төгрөг, зардал 340.000 төгрөг буюу нийт 14.093.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбилэг, хариуцагчийн төлөөлөгч Э.Баттөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т- нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2009 онд үйлдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсад орж ирсэн Тоуоtа Рrius маркийн автомашиныг барьцаалан 10.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 404200400 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч Б.Т- нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийхгүй, дутуу төлөлттэй байгаа учир зээл төлөх эрмэлзэл байхгүй гэж үзэж байна. Иймд  Б.Т-өөс нийт 14.093.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав болох Э.Баттөгс нь тус компанийн харилцагч, машин авч, борлуулж хамтран ажилладаг гэж ойлгож, Б.Т- миний бие аавын хүсэлтээр аавын ажилд туслах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нэткапитал компанид очиж машин худалдан авахад нь тусалж байна гэж ойлгож, тухайн гэрээг уншиж танилцалгүй аавын хүсэлтээр гарын үсэг зурсан. Тухайн үед би MIU сургуулийн 1 дүгээр курсын оюутан хичээл дундуураа яаран ирж, аавын хүсэлтээр зурсан болно. Гэтэл аав маань намайг Да хүрээ захад сэлбэгийн худалдагч гэж худал мэдүүлэг бөглөснийг хавтаст хэрэгтэй танилцах үедээ олж мэдлээ. 2018 онд гэр бүл болох аав, ээж 2 маань салж тусдаа амьдарч байхад аав ээждээ битгий хэлээрэй гэсний дагуу ээждээ мэдэгдээгүй өдий хүртэл явсан. Одоо би ээж, 2 дүүтэйгээ хамт айлд амьдарч байгаа төлбөрийн ямар ч чадваргүй болно. Ээж ажилгүй дүүг хардаг, 1 дүү маань сурагч, би өөрөө оюутны зээлээр MIU сургуулийн 3 дугаар курсэд сурдаг. Нэткапитал банк бус нь миний эргэн төлөх чадварыг судлаагүй, бас тухайн зээлийн мөнгө миний дансанд бэлэн болон бэлэн бусаар дамжаагүй. Би тухайн мөнгийг захиран зарцуулаагүй нь үнэн болно. 2 жилийн өмнө очиж аавдаа туслах зорилгоор гарын үсэг зурснаа мартсан байсан. Аавтайгаа хамт амьдраагүй дээр аав ахиж энэ тухай надтай юу ч яриагүй. Одоогоор аавтайгаа уулзах боломжгүй байгаа болно. Би аавын мөнгө авсныг мэдээгүй. Тухайн зээл миний дансаар дамжаагүй, би захиран зарцуулаагүй тул би тус компанийн нэхэмжлэлийг төлөх чадваргүй тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрийн хаяг болон миний утас солигдсоны улмаас тухайн банк бус надтай холбогдож асууж лавлаж байгаагүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-өөс 13.753.500 төгрөгийг гаргуулж “НКЛ” ХХК-д олгож, үлдэх 340.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221.545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т гэрээг цуцлахаар тодорхой заасан атал шүүхээс шийдвэр гаргахдаа уг заалтыг хэрэглээгүй нэхэмжлэлийг бараг бүхэлд нь хангаж шийдсэн нь хариуцагч талын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймээс зээлийн хүү 4.347.900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 869.600 төгрөг, нийт  5.217.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, талуудын гаргасан шаардлагын хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч “НКЛ” ХХК нь хариуцагч Б.Т-өөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8.536.000 төгрөг, үндсэн хүү 4.347.900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 869.600 төгрөг, бичиг баримт нотариатын зардал 20.000 төгрөг, бусад зардал 320.000 төгрөг, нийт 14.093.500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 404200400 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “НКЛ” ХХК нь 10.000.000 төгрөгийг автомашин худалдаж авах зорилгоор мөн өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай, 2.9 хувийн хүүтэй,  “тоёота приус 30” маркийн автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Б.Т- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 8, 9 /

 

Мөн өдөр талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, зээлдэгч нарын өмчлөлийн 57-40 УХӨ улсын дугаартай “тоёота приус 30” маркийн автомашиныг нэхэмжлэгч “НКЛ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. / хх-ийн 11 /

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт тус тус заасан агуулгад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох учиртай.

 

Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж заажээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн ашиг олох зорилготой үйл ажиллагаа нь зохих хяналттай байдаг нь Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч “НКЛ” ХХК хариуцагч Б.Т-т 36 сарын зээл олгож зээлийн үйл ажиллагааг явуулсан нь тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн үйл ажиллагаа явуулах тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

Ийм учраас талууудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүү төлөх нөхцөлийг тодорхойлсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Тодруулбал, зээлийн гэрээний 2.6-д “2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай”, 2.3-д “зээлийг төлж дуустал сарын 2.9 хувийн хүүтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зээл төлж дуусах хүртэл хугацааны хүү шаардах эрх үүсэхгүй юм.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттөгс шүүх хуралдаанд “...Тухайн мөнгийг Б.Т- захиран зарцуулаагүй, 11.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэсэн тайлбар гаргасан нь хэргийн 54, 55 дугаар талд авагдсан байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас хариуцагч Б.Т-өөс 11.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “НКЛ” ХХК-д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/01573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “13.753.500” гэснийг “11.000.000” гэж, “340.000” гэснийг “3.093.500” гэж, 2 дах заалтын “221.545” гэснийг “...190.950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 98.430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                                 Н.БАТЗОРИГ