Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/93

 

                                                              Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,  

хохирогч Т.У-н өмгөөлөгч Э.Гомбо,  

шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1654 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Д.Г-д холбогдох 2206 00000 2413 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Боржигон овгийн Д-н Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Н б” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............../;  

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С центрийн 6 давхрын коридорт Т.У-тай үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас түүний биед халдан, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1.552.100 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хохирогч Т.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Г-с жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-д хамгийн хүнд ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх “... Д.Г-д торгох ял оногдуулахыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсэж байх боловч гэмт хэргийн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гомдлыг барагдуулаагүй зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд хохирогч түүний өмгөөлөгч нар нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан эхэлтэл хохирлын талаарх баримт, холбогдох тооцооллоо гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Д.Г-н зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар иргэний нэхэмжлэгчийн ЭМД-ын санг төлөөлөн нэхэмжилсэн мөнгөн дүн болох 1.552.100 төгрөгийг төлж барагдуулсан баримтаа /хх 80/ хэрэгт хавсарган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүхээс хохирогчид хохирлын баримтаа гаргаж өгөх боломж олгоё гэж дүгнээд хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирлын баримтыг урьдчилан мэдэж хохирол гомдлыг барагдуулах ямар ч боломжгүй юм. Шүүх хуралдаанаас “... Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан эмчилгээ үйлчилгээний төлбөр 1.552.100 төгрөгийг шүүгдэгч Д.Г нь нөхөн төлсөн байх бөгөөд үүнээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.У нь нийт 16.118.910 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч хөдөлмөрийн чадвар түр алдсан 3 сарын цалин 9.600.000 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, эмчилгээний зардал 758.500 төгрөг, нийт 15.358.500 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хангахгүй орхиж, үлдэх 760.410 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй...” гэж үзсэн. Өмгөөлөгч шүүгдэгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг 10 минут завсарлуулах хүсэлт гаргаж, хохирогч Т.У-т шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх гэсэн боловч “...би өнөөдөр хохирлын мөнгө авахгүй, дансныхаа дугаарыг өгөхгүй” гэж шүүхийн танхим дотор шүүгч, хэргийн оролцогч нарын өмнө мэдэгдсэн тул шүүх хуралдааны завсарлага дуусаж гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилсэн. Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн хяналт, хэлэлцүүлгийн бүхий л шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу хохирлыг төлж, ирээдүйд гарч болох хохирлыг төлөхөө илэрхийлсээр байтал анхан шатны шүүх “...гэмт хэргийн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гомдлыг барагдуулаагүй зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Шүүгдэгч Д.Г-н хувьд хөгшин ээж, аав 2 нь Г аймагт амьдардаг, барилга угсралтын компани ажиллуулдаг тул барилгын бараа материал татах, хил гаалийн холбогдох татвар төлөх зорилгоор сард 2-оос доошгүй удаа Д аймгийн З сум руу зорчих шаардлага гарч Улаанбаатар хотоос гарах зайлшгүй шаардлага гардаг. Одоо сар шинэ болохоор хөгшин настай эцэг, эх дээрээ очиж золголт хийх, хөдөө орон нутагт зорчих боломжгүй болоод байна. Шүүгдэгч Д.Г-д Улаанбаатар хотоос гарах эрхийг нь хориглосон шийдвэр гаргаснаараа хохирогчийн ямар эрхийг хамгаалж байгааг ойлгохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Д.Г-д анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.У-н өмгөөлөгч Э.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон. Хохирлыг төлөх гэсэн боловч аваагүй, хохирол төлөөгүй нь биднээс шалтгаалаагүй гэж ярьж байна. Хохирогч хуулийн мэдлэг тааруу учраас хохирлын баримт гаргаж өгөөгүй алдаа гаргасан. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид “ажилгүй байсан хугацааны цалинг өгнө” гэж хэлж байсан. Хохирогч нь шүүгдэгч рүү 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд хохирогч дахин холбоо барихыг хүсээгүй. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй “та өөрөө эхэлсэн биз дээ” гэх зүйлийг ярьдаг. Үнэхээр гэм буруугаа ухамсарлаад хохирлыг төлөх санаа зорилго байсан бол хэрэгт авагдсан хохирогчийн дансны мэдээллийн дагуу хохирлын мөнгийг шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх прокурорын саналын дагуу шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. ... Өмгөөлөгч Г.Баяржаргалаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгдсэн. Гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул хохирол төлбөрийг төлөх талаар эргэлзээтэй байдал үүссэн. Хохирол, хор уршгийн асуудал эргэлзээтэй, хоорондоо тохиролцсон гэж үзэх боломжгүй гээд хүсэлтийг хангалгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгчөөс хэргийн материалд хавсаргуулахаар хохирлын баримтыг гаргаж өгсөн. Уг гаргаж өгсөн баримтуудад хохирогч өөрийнхөө данснаас өмгөөлөгчдөө өмгөөлөгчийн хөлс гэж 5.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч дансаа өгөөгүй, мэдэх боломжгүй байсан” гэдэг нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн хувиараа бизнес эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлтэй. Хохирогч анхан шатны шүүхээс тогтоосон буюу гаргуулахаар заасан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөөгүй тул авахаас татгалзсан. Шүүгдэгч санаачлагаараа хохирлыг төлөх хангалттай хугацаа байсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С центрийн 6 давхрын коридорт Т.У-тай үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас түүний биед халдан, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.У-н “... Сүүлд ирсэн гэх 2 залуугийн хар хөх өнгийн поло загварын фудволктой намхан тарган залуутай ариун цэврийн өрөө орох замдаа муудалцаад, намайг тэр залуу мушгиж унагаасан. Унахдаа миний зүүн хөл өвдөгний үе хэсгээрээ хугарсан. Намайг унагаачихаад тэр залуу миний дээр дарж хэвтчихээд босохгүй, заналхийлсэн утгатай үг хэлж, эмнэлэг дуудаад өгөөч гэхэд дуудахгүй, намайг коридорт орхичихсон. ... Д.Г нь намайг мушгиж унагаах үед зүүн хөлийн шаант, тахилзуур ясыг хугалж гэмтээсэн. ...” /хх 15-18/,

гэрч Г.Н-н “... Манай нөхөр над руу залгаад “намайг ирээд аваач, хүмүүс нийлээд зодоод, би хөдөлж чадахгүй эвгүй болчихлоо” гээд согтуу байгаа бололтой ярихаар нь би Сакура центрийн 6 давхарт очсон. ... Манай нөхөр үүдний буйдан дээр ёолоод хөл нь хавдаад зангирчихсан ганцаараа сууж байсан. ...” /хх 20/,

гэрч Ж.С-н “... Би нэлээд согтсон байсан учир унтаад 18 цагийн үед намайг манай ажлын хүн дуудаад “коридорт юм болоод байна” гэхээр нь гартал У газар суучихсан босож чадахгүй “та нар намайг зодчихлоо” гэсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “Г нь намайг түлхээд мангасдаад байхаар нь дарж унаад хөлийг нь гэмтээчих шиг боллоо, тайвшруулах гээд дарж хэвтлээ” гэх утгатай зүйл ярьсан. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Т.У-н биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 9511 дүгээр дүгнэлт /хх 28-28/, 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа зорчих хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага  нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Гэтэл шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийн хязгаарлалтыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй байна.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Г.Баяржаргалын ...торгох ял оногдуулж өгнө үү. ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 760.410 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт бичигдээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэлээ.

Үүнээс гадна, прокурорын шатанд болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой биш боловч дараах алдаа зөрчил гаргасныг цаашид анхаарах нь зүйтэй. Үүнд:

1. Д.Г-д холбогдох хэрэгт прокурор 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 9 дүгээр сарын 5-ны өдөр хэргийг шүүхэд хүргүүлсэн талаарх албан бичиг хэрэгт авагдсан атал анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу 38 хоногийн дараа хүлээн авсан байх ба энэ хугацаанд уг хэрэг хаана, ямар ажиллагаа хийгдсэн талаар тодорхойгүй.  

2. Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт... холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн” мэтээр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан.

3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн хувийн байдлын талаар” гээд ямар дүгнэлт хийх талаар ойлгомжгүй, хоосон зай /хх 140/ үлдээсэн.

4. Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийн төрсөн он, насыг буруу тооцсон.

5. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо гэж өөр өөр байдлаар бичсэн зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1654 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Д.Г-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Д.Г-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-с 760.410 /долоон зуун жаран мянга дөрвөн зуун арав/ төгрөг гаргуулж хохирогч Т.У-т олгосугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР