Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/94

 

                                                      Э.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч Б.Эр-н өмгөөлөгч Б.Шихихутаг, Д.Ганхуяг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Золбаяр, Ч.Анар, Р.Пүрэвлхам,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1590 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ч.Анар, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Б, Б.Э нарт холбогдох 2106 02385 1813 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овгийн Э-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, “Т ч” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................./;  

2. Т овгийн Б-н Э, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ................ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ............... дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эр-н данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эр-н дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 23.45 итириумыг /ethereum/ Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Байненс /Binance/ холдинг лимитед компанийн Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 62963063 дугаартай Монгол Улсын иргэн Э.Б-н эзэмшлийн дансанд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж, тус хөрөнгийг криптовалютын нэгэн төрөл болох 60.279 стэбл /Stable/ койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 198487907 дугаартай Монгол Улсын иргэн Э.Д-н данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбл /Stable/ койн шилжүүлж мөнгө угаасан,

шүүгдэгч Б.Э нь Э.Б-н 2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эр-н данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эр-н дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн зээлийг төлөхийн тулд 2021 оны 8 дугаар сард Э.Б-с 25.000 ам.доллар үнэлгээ бүхий итириум /ethereum/-ыг байненс /вinance/ арилжааны сайтаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч арилжаалан, төрсөн эгч Б.Э, үеэл Б.О нарын дансаар дамжуулан ашигласан, бэлнээр 65.000.000 төгрөгийг өөртөө авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, зориудаар ашигласан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Тариачин овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтад тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Б-т оногдуулсан нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Б-г урьд нь цагдан хорьсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Э.Б-т урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, 50.000.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Э.Б нь хохиролд 79.113.779 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дивиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай прокурорын зөвшөөрлөөр, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс криптовалют арилжааны биржийн 198487907 тоот, шүүгдэгч Э.Б-н төрсөн дүү Э.Д-н эзэмшлийн дансны 19.970 стэбл /stable/ койны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тус данснаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Э-с 54.062.528 төгрөг гаргуулж хохирогч Б.Эр-д олгож, хохирогч Б.Эр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Б, Б.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдож дараах гомдлыг гаргаж байна.

1. Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгаалалттай компьютерийн сүлжээнд нэвтрэх зорилгоор хор хөнөөлт программ хангамж ашигласан, бэлтгэсэн, борлуулсан гэх зүйл хэсэг дээр зөрөлдөж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явц болон анхан шатны шүүх хурал дээр удаа дараа мэдүүлэхдээ энгийн хэрэглээний мониторинг буюу хяналтын программ гэж мэдүүлж тайлбарлаж байсан ч хор хөнөөлт программын хэмжээнд зүйлчилж оруулсанд гомдолтой байна. Тодорхой тайлбарлавал хор хөнөөлт программ хангамж гэдэг бол алсын зайнаас /имэйл/ болон линкээр илгээгдэж автоматаар өөрийгөө ачааллан сүлжээ болон бусад компьютерт халдварлаж тэдгээрийн программ хангамж, эд ангийг устгах түгжих зориулалттай. Үүргээ гүйцэтгэсний дараа сүлжээ серверийн төхөөрөмжийн үйл ажиллагааг саатуулж согтоох, хорлон сүйтгэх программ буюу вирус, ворм, өт зэргийг хэлнэ. Уг ашигласан гэх Спайрекс фрий Кийлоггер /Spyrix free Key logger/ программ бол энгийн хэрэглэгч ашиглаж болдог интернэтэд чөлөөт хэлбэрээр үнэгүй байдаг хяналтын программ юм. Тодорхойлбол, уг программын үүрэг нь компани /office/ хэрэглээнд бол ажилчдын ажлын явц алсад ашиглаж багаа компьютерийн ажиллагааг хянах мөн ажилчдын ажлын цагаар фэйсбүүк, юүтүб мэтийн хэрэггүй сайт ухахыг зогсоож, зарим сайтын хандалтын блоклох бусад хэрэглээнд хүүхэд эцэг, эхийн хяналтын программ болгон ашиглана. Хүүхдийг гадны нөлөөнөөс хамгаалах, +18, аюултай гэх сайтуудыг хаах, хүүхдээ юу хийж, юу сонирхож хэнтэй харилцаж байгаа зэргийг мэдэх зориулалтаар ашиглаж болох, дэлгэц болон гарын товчлуурын мэдээллийг өгдөг чөлөөт программ юм. Энэ бол хакерын болон хор хөнөөлт программ биш юм. Байгууллагын IT нарын хэрэглэдэг алсаас хандаж компьютер дээр засвар хийж өгдөг бидний сайн мэдэх Team Viewer программтай адилхан энгийн хэрэглээний программ юм. Мөн уг программ нь ашигласны дараа хандсан компьютерт эд анги болон программын гэмтэл гараагүй төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хэвийн байсныг харгалзан үзнэ үү.

2. Уг программыг хор хөнөөлт программ ашигласан гэж зүйлчлэхдээ Монгол Улсын болон дэлхийн стандартчилсан тодорхойлолт, хор хөнөөлт программ хангамж гэдэг нь ийм байна тус программ ийм учраас хортой гэсэн ангилал листэнд орно гэсэн ямар нэг хуулийн хяналтын байгууллагын тодорхойлолтгүйгээр хор хөнөөлт, программ хангамж гэж үзсэнийг онцолж байна.

3. Миний бие нь үйлдсэн хэрэгтээ маш ихээр харамсаж гэм хороо ухаарч байгаа, тухайн гэмт хэрэг үйлдэж байхдаа хууль бус үргэлжилсэн үйлдлээр 2 ба түүнээс дээш гэмт хэргийг үйлдэж байгаагаа мэдэх ёстой байсан. Одоо бол бүгдийг тултал ойлгосон. Би хүний хүсэл зорилго ятгалган доор уг хэргийг хийж гэмт хэрэгтэн болсон. Үүнээс би ямар нэгэн ашиг хонжоо олоогүйгээр бусдад гаргаж өгч ашиглуулан ийм байдалд орсон. Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх дээр бусдын хүсэл зорилго, захиалга хатгалган доор хийсэн гэж үнэнийг хэлсэн боловч нотлох баримт зэргийг хүлээн аваагүй. Үүнийг дансны хуулгууд, мөнгөний нарийн тооцоо, нотлох баримт зэргийг нарийн тооцож шалгалгүйгээр шийдвэрлэсэн тул гомдолтой байна.

4. Э.Б би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа гэдгээ дахин хэлмээр байна. Би гэм буруугаа ойлгож ухаарч хүлээн зөвшөөрсөн. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирол гомдлоо бүрэн төлж, хор уршигийг арилгасан, 1-8 насны хоёр бага хүүхэдтэй, тогтвор суурьшилтай ажил мэргэжилтэй, хорт зуршилгүй зэрэг өөрийн бүхий л боломжоо тодотгон бичиж шүүхээс эрх зүйн байдлаа дээрдүүлэхээр энэрэл хүсэж байгааг минь болгооно уу.

Миний цор ганц хүсэл бол үр хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөж, татвараа төлж, гэм хороо ухааран нийгэмд хүмүүжих явдал юм. Надад ялын 3 төрлийн сонголт байгааг харгалзан үзэж, хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

1. Шүүхийн шийтгэх тогтоолын 8-10 талд авагдсан хохирогч Б.Эр-н мэдүүлэгт “... Б.Э бол үнэндээ намайг тагнаж байсан, миний бүх зүйлийг мэдчихээд гэнэт алга болчихсон... миний цахим түрүүвчнээс мөнгө авсан хэрэгт Б.Э оролцоотой ...нийт 69.000 долларыг үржүүлэхээр 232.979.190 төгрөг болж байна...” гэжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 49 дүгээр талд хохирогчийн өмгөөлөгчийн үгэнд хохирлын тооцооны талаар улсын яллагчаас өөр байр суурийг илэрхийлж, хохирлын талаар зөрүүтэй байдлыг тайлбарласан. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 48 дугаар талд улсын яллагчийн хохирлын талаар хэлсэн дүгнэлтийг шүүх үндэслэн хохирол хор уршгийн талаар дүгнэлт хийсэн. Эндээс харахад хохирогч болон түүний өмгөөлөгч нарт хохирлын тооцоод маргаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоогоогүй гэж үзэхээр байна.

2. Шийтгэх тогтоолын 10-11 дүгээр талд “... гэрч Н.Бишгарав, Б.Чинзориг, Ж.Алтансүх нар нь “...энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох талаар сайн мэдэхгүй, Б.Эр бидний өмнөөс оролцох байх гэж бодож байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд өгчээ. Эндээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгчийн талаар тодорхойлсон. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн эрхээ сэргээлгэх боломжтой 5 хүний мэдүүлэг хэрэг авагдсан байхад шүүх Н.Бишгарав, Б.Чинзориг, Ж.Алтансүх нарыг гэрчээр оролцуулж, бусад гэрч болох Т.Чулуунцэцэг, Х.Цогтбаатар нараас эд хөрөнгийн эрхээ сэргээлгэх талаар тодруулаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох эрх нь зөрчигдөж болзошгүй талаар шүүх хурлын эхэнд болон шүүхийн хэлэлцүүлгийн шүүмжлэлийн шатанд байр сууриа илэрхийлсэн боловч хүлээн аваагүй бөгөөд хэрэгт Т.Чулуунцэцэг, Х.Цогтбаатар нарын эд хөрөнгийн эрх сэргээлгэх оролцогчийн эрхийг хязгаарласан байж болзошгүй юм.

3. Шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “... Эрх зүйн талаарх дүгнэлт гэсэн хэсэгт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан заалтыг ...” бичжээ. Энэ нь ямар үйл баримтыг шүүхээс дүгнэлт хийсэн болох нь тодорхойгүй байна.

4. Шүүхийн шийтгэх тогтоолын 24 дүгээр талд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоног хойшлуулна...” гэж заасан байх бөгөөд хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6.15 дахь заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй юм. Б.Э нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого, гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн мөнгийг төлөхийн тулд Э.Б-с мөнгө өгөхийг гуйх, шаардах хэлбэрээр хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон ба түүнийг өөр гэмт хэрэгт яллах дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй байна... прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж дүгнэжээ... Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэсэн хориглох заалтыг зөрчиж Б.Э-н үйлдлийг хөтөлбөргүй баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын хүрээнд үйлчлүүлэгч Э.Б-н эрх зүйн байдлыг дордуулах бус харин ял завших нөхцөл байдал үүссэн Б.Э-н үйлдлийг шалгуулах, шүүгдэгч Б.Э-н эрх зүйн байдал хүндэрч болзошгүй гэсэн үндэслэлээр түүнчлэн хязгаарлалт тогтоосон хөрөнгийг хүчингүй болгож хохирогчийн хохирлыг барагдуулах талаар хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч С.Өсөхбаяр нь хурлыг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй, энэ гомдлоо тусад нь цагдаагийн байгууллагад ханд гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт ажиллагаа хийлгэх үндэслэлтэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоолын 1 дүгээр талд “...шүүгдэгч Э.Б-г ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэжээ. Шүүгдэгч Э.Б-н хувийн байдлын тухайд Хангай дээд сургуулийг хэвлэлийн эх бэлтгэх, дизайнер мэргэжлээр төгссөн, сагсан бөмбөгийн спортын зэрэгтэй, тогтвортой ажил эрхэлдэг, архи, тамхи хэрэглэдэггүй...” гэх мэт олон давуу талтай. “Тэгш чанар” ХХК-д 2019 оны 04 дүгээр сард худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сард маркетингийн менежерээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж, нийгмийн даатгал төлсөөр ирсэн. Гэмт хэрэгт шалгуулснаас хойш хамтран амьдрагч нь 1 настай хүүхдээ түүний асрамжид орхиж явсан, одоо 9 настай хүү Б.Мөнхмаргад, 1 настай хүү Б.Э-м-н хамт амьдарч өрх толгойлсон эцэг болсон байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй шийтгэх топгоолд ам бүлийн байдлыг 4 гэж буруу бичсэн байна.

6. Шийтгэх тогтоолын 27 дугаар талд “... Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай прокурорын зөвшөөрлөөр, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс криптовалют арилжааны биржийн 198487907 тоот шүүгдэгч Э.Б-н төрсөн дүү Э.Д-ний эзэмшлийн дансны 19.970 стэбл койны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тус данснаас гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлогыг албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдол үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх...” гэжээ. /Техникийн алдааг прокурорын тогтоолыг мөрдөгчийн тогтоол гэж бичсэн байгааг анхаарах/

Энэ үйл баримтын тухайд “Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс криптовалют арилжааны биржийн 198487907 тоот дансанд мөнгө байгаа эсэхтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Баримтгүй байхад прокурорын тогтоолын хүрээнд дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс хохирлыг бодитой тогтоох, хохирогчийн хохирлыг барагдуулах талаар мөрдөн байцаалтын шатанд хэргийн материал танилцахдаа хүсэлт гаргасан /4 хх 243/ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс “... Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай прокурор зөвшөөрлөөр, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Винанс холдинг лимитед” компанийн Винанс криптовалют арилжааны биржийн 198487907 тоот шүүгдэгч Э.Б-н төрсөн дүү Э.Д-ний эзэмшлийн дансны 19.970 стэбл койны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоолыг хүчингүй болгож хохирогчийн хохирлыг барагдуулах талаар хүсэлт гаргасан, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд энэ байр суурийг илэрхийлж хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтүүдийн зорилго нь хохирлыг бодитой тогтоох, хохирогчид учирсан хохирлыг 100 хувь төлж барагдуулж, хохирогчийн эд хөрөнгийн эрхийг сэргээхэд оршиж байсан төдийгүй шүүхийн гэм буруугийн хурлаар хохирлыг тогтоосны дараа шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, ажлын 5 хоногийн завсарлага авч энэ хугацаанд хохирлыг 100 хувь төлж барагдуулсан хохирогч болон түүний өмгөөлөгч нар нийгмээс тусгаарлахгүй хөнгөн шийтгэл оногдуулах талаар байр сууриа илэрхийлсэн байхад харгалзаж үзээгүй.

7. Эрүүгийн хариуцлагын хуралд шүүх нь улсын яллагчийн дүгнэлтээр хэргийн үйл баримтыг дүгнэж, хэт нэг талыг барьж ял оногдуулсан гэж үзэж байна. Учир нь хариуцлагын хуралд улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлэхдээ “... гэм буруугийн хурал зарлахаас өмнө улсын яллагчийн байр суурь, дүгнэлт хэвээрээ, хохирол төлсөн ч төлөөгүй ч 3 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай” гэж хэлсэн нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Улсын яллагчийн энэ нөхцөл байдал нь шүүгдэгч Э.Б-г хохирлоо барагдуулсан ч барагдуулаагүй ч хорих ял оногдуулна гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “хохирол төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж тайлбарлагдсаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “хохирол төлсөн” гэж дүгнэсэн атлаа хэт нэг талыг барьсан прокурорын саналаар ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх,...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан. Шүүгдэгч Э.Б нь гэм буруутай үйлдэлдээ анхнаасаа маргаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь олоход тусалсан, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн зан байдал, бага настай 2 хүүхэдтэй, асаргаа шаардлагатай өндөр настай эх, тогтвортой суурьшилтай ажил эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, түүний гэмт үйлдлийг цээрлүүлэхдээ нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Б-т хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ч.Анар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл, 26.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль алины шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцээгүй, хууль хэрэглээний хувьд тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан шинжтэй бүрэн нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Э.Б-н шилжүүлэн авсан криптовалют нь мөнгө угаах гэмт хэрэг болон программ хангамж ашигласан үйлдлийн хүрээнд хохирлоор тооцогдсон, ашиглах боломжтой, эдийн засгийн эргэлтэд тодорхой хэлбэрээр дамжин орсон, улмаар хохиролд тооцогдсон байхад тухайн цахим мэдээлэлд суурилсан чөлөөт мөнгөн тэмдэгттэй холбогдох мэдээллийг ашиглах боломжгүй болгосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүгдэгч Э.Б-н эрх зүйн байдлыг дордуулсан, хууль ёсны эрх ашгийг нь хохироосон байдлаар эрүүгийн хариуцлага ногдуулах үндэслэл болсон байна. Энэ нь тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт бүрэн тодорхой бус, тухайлсан асуудлаар нарийвчлан дүгнээгүй, давхардсан агуулгаар гарсантай холбоотой гэж ойлгогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.2, 26.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тус зүйлүүдэд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөн найруулга орохоос өмнөх үеийн байдлаар хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч Э.Б-н эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн үйлдэл, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн бөгөөд хийсэн үйлдэлдээ харамсан гэмшиж байна. Хохирогч Б.Эр-д учруулсан нийт 104.062.528 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон ээжийн минь биеийн байдал, миний залуу нас, ирээдүй зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг энэ хуульд заасан “зорчих эрх хязгаарлах” ялаар өөрчилж өгөхийг хүсэж байна. Хэрвээ надад оногдуулсан хорих ялыг өөрчлөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал ял эдлэх хугацаандаа маш хариуцлагатай байж ямар нэгэн зөрчил гаргахгүй ял шийтгэлээ эдлэх болно гэдгээ амлаж байна. Мөн цаашид гэмт хэрэг зөрчил гаргахгүй хариуцлагатай байх болно. Миний гаргасан дээрх гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

1. Шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар хэсэгт “... гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч маргаагүй... Б.Э нь нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн мөнгийг төлөхийн тулд Э.Б-с мөнгө өгөхийг гуйх, шаардах хэлбэрээр хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон...” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзэхэд Б.Э-н хувьд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруу дээр маргаагүй болохыг шүүх дүгнэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “... тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ...  бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” боломжтой байдлаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр ял оногдуулсан.

2. Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаар хэсэгт “Б.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүссэн боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй учир тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй” гэжээ. Б.Э-н хувьд шүүхээс тогтоосон нийт хохирол 104.062.528 төгрөгөөс 50.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 54.062.528 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг шүүхээс ял оногдуулахдаа анхаараагүй. Б.Э-н хувьд анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирлын үлдэгдэл 54.062.528 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Эр гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Иймд Б.Э-н хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, анх удаагаа эрүүгийн хэрэгт холбогдсон, эцэг эхийн хамт амьдардаг бөгөөд өөрийн эхийг байнга асарч байх шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Т.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ж.Ганболд, Ч.Анар нартай санал нэг байна. Э.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ч.Анарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ техник хэрэгсэл бэлтгэх борлуулах гэдэг гэмт хэрэг нь программ техник хэрэгслийг тухайн этгээд өөрөө бүтээх, бэлтгэх, зарж борлуулсан үйлдэл гэж хууль тогтоогчоос хуульчилсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор гэж чиглүүлж үйлдлийг дэлгэрэнгүй болгон, мөн хуулийн тусгай ангийн 26.3 дугаар зүйлд заасныг нийлүүлж, нэгтгэсэн. Энэ өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн нь үйлчлүүлэгч Э.Б-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж заасан. Шүүгдэгч Э.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл харагдаж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гардан үйлдсэн Э.Б-н хувьд энэ хэргийн субъект биш байх үндэслэлтэй. Харин гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж авсан эд зүйлсээ ашигласан гээд мөнгө угаагч этгээдийн үйлдлийг жагсаан бичсэн. Мөнгө угаасан гэж буруутгагдаж байгаа хүн нь хөндлөнгийн этгээд байх бөгөөд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах гэх мэт үйлдлийг ойлгохоор заасан. Э.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Э.Б-г “төлөх төлбөргүй” гэсэн, 9 дэх заалт ойлгомжгүй, 7 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байгааг шүүх анхаарч үзнэ үү. ...” гэв.

Хохирогч Б.Эр-н өмгөөлөгч Б.Шихихутаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Шүүгдэгч Э.Б хохирлоо анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй болсон. Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол гаргасны дараа бүх хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгчийн гаргаж буй “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Эр-н өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1590 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1364 тоот дүгнэлтэд хортой программ ашигласан болохыг тогтоосон. Бид шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нар хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүгдэгч Э.Б-н үйлдлийг хангалттай шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхээс Британийн Виржинийн аралд бүртгэлтэй койныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохирол нөхөн төлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын саналыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс Э.Б гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу. Үйлдсэн бол ямар гэмт хэрэг үйлдсэн талаарх, мөн хууль хэрэглээтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Б-н тухайд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. ... 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол улс анх удаа батлагдсан. Энэ хууль батлагдсантай холбоотой 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид өөрчлөлт орсон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан 3 төрлийн гэмт хэрэг байсныг үг, үсэг, утга найруулгын хувьд өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүчингүй болгож, уг зүйлд заасан гэмт хэргийг 26.2 дугаар зүйлд багтаах замаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрэг 2021 оны 7 дугаар сард үйлдэгдсэн. Яллах дүгнэлт 2022 онд үйлдэгдсэн бөгөөд хэргийн зүйлчлэлийг тухайн үед үйлчилж байгаа хуульд нийцүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан журмаар яллагдагчид ашигтай байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөлт оруулахдаа Э.Б-г Б.Эр-н дижитал хөрөнгийн зах зээлд чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон гэж өөрчилсөн. Мэдээллийг хуулбарлаж авахдаа программ ашигласан. Хортой программ гэх нэр томъёог тусгай программ гэж хууль өөрчлөгдсөн. Хортой программ ашигласан гэж дангаар нь буруутгаагүй. Спайрекс Кийлоггер гэх программ нь зайнаас ашиглагддаг аппликейшн байдаг. Спайрекс Кийлоггер программ нь кэйборд дээр бичигдэж байгаа үг, үсэг хүртэл хуулагддаг программ юм. Э.Б нь хохирогч Б.Эр-н эзэмшлийн Байненс сайт руу нэвтрэх нэр, нууц үг зэргийг мэдэж аваад тухайн шөнө буюу 2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 32.7 итириумыг шилжүүлээд авсан байдаг. Программ ашигласан үйлдэлтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Б.Эр-н дижитал хөрөнгийн гүйлгээ хийх боломжийг хязгаарлах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг тусгай программ, техник хэрэгслийг ашигласан гэж үзсэн. Э.Б-н мөнгө угаах үйлдлийн тухайд тэрээр шилжүүлж авсан дижитал хөрөнгө койныг өөр бусад санхүүгийн дижитал бирж рүү шилжүүлж, эх сурвалжийг нь өөрчилж төрсөн дүү Д-ний эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан бол мөнгө угаах гэмт хэрэгт тооцно. Мөнгө угаах гэмт хэргийг тогтоохын тулд үндсэн гэмт хэргийг тогтоож шалгах шаардлагатай байдаг. Б.Э нь анх хохирогч Б.Эр-г таньдаг байсан бөгөөд Э.Б-тэй Б.Эр-г танилцуулсан. Б.Э нь Б.Эр-д тодорхой тооны өндөр дүнтэй койн болон итириум байсныг мэдэж байсан. Б.Э санхүүгийн хүнд байдалд орсон. Уг байдлаас гарах богино хугацааны хууль бус арга эх сурвалжийг эрэлхийлж Э.Б-н эзэмшсэн мэргэжил, туршлага, технологийн давуу талыг нь ашилаж уг гэмт хэргийг үйлдсэн. Тэрээр өөрийн нэр дээрх данс руу тухайн койн, итириумыг шилжүүлж аван, өр, зээлээ дарж, хамаарал бүхий хүмүүстээ мөнгө шилжүүлсэн. Уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Энэ хэргийн хохирлыг тогтоох асуудал хүнд байсан. Учир нь, дижитал хөрөнгө нь минут, секундээр хэмжигдэж ханш нь өөрчлөгдөж, зөрүү үүсэж байдаг. Энэ байдлыг харгалзаад яллагдагчид ашигтай байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Ингэхдээ тухайн цаг мөчид Монгол улсын хөрөнгийн бирж дээр болон гадны бирж дээр үнэлэгдэж байсан үнэлгээг нэг бүрчлэн гаргаж, харьцуулах замаар яллагдагчид ашигтай байдлаар хамгийн хямдаар тооцогдож байсан үнэлгээгээр тооцож хохирлыг тогтоосон. Иргэний нэхэмжлэгчээр орж ирэх ёстой байсан гэх хохирогч Б.Эр-ын найз нар гэрчээр шүүх хуралдаанд оролцсон. Эдгээр хүмүүс шүүх хуралдаанд оролцоод “шүүгдэгч нараас мөнгө нэхэмжлэхгүй, Б.Эр-тай бизнесийн үйл ажиллагаагаа түүгээрээ шийдвэрлэнэ” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нараас хохирол нэхэмжлээгүй байхад хүчээр та хохирогч болох ёстой, иргэний нэхэмжлэгч болох ёстой гэх боломжгүй. Уг асуудал дээр маргаан байдаггүй. Хууль буцаан хэрэглэх асуудлыг ярьж байна. Хууль буцаан хэрэглэхэд яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндсэн журамтай. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл, энэ хугацаанаас хойш үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйл нь оногдуулах ял шийтгэлийн хувьд ижилхэн. Шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон хуулийг хэрэглэсэн. ... Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй  болгох нь зүйтэй. Мөн тухайн 19.6 стэбл койныг Д-д шилжүүлж өгөх нь зүйтэй. Учир нь, хохирогчид ашигтай байдал бий болгох нөхцөл байдлууд үүсээд байдаг. Тухайлбал, 2021 оны 7 дугаар сард бий болсон 32.7 итириум койн өнөөдрийн ханшаар үнэ нь маш ихээр унасан. Хохирлын хэмжээг 182 сая төгрөгөөр буюу тухайн үеийн ханшаар өндрөөр тогтоож өгсөн. Гэтэл хохирогч Б.Эр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь болохгүй асуудал. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн нь үндэслэлтэй. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх тал дээр Э.Б-н хувьд саналгүй байна. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эр-н данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эр-н дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 23.45 итириумыг /ethereum/ Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Байненс /Binance/ холдинг лимитед компанийн Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 62963063 дугаартай Монгол Улсын иргэн Э.Б-н эзэмшлийн дансанд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж, тус хөрөнгийг криптовалютын нэгэн төрөл болох 60.279 стэбл /Stable/ койн болгон эх үүсвэрийг нь өөрчилж 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Байненс /Binance/ криптовалют арилжааны биржийн 198487907 дугаартай Монгол Улсын иргэн Э.Д-ний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 19.970 стэбл /Stable/ койн шилжүүлж мөнгө угаасан болох нь,

шүүгдэгч Б.Э нь Э.Б-н 2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн 82 дугаар байрны 1 тоотод байхдаа кибер орчинд хууль бусаар халдаж Майтволлет /Myethwallet/ криптовалют арилжааны бирж дээр байрлах Б.Эр-н данснаас 32.7 итириум /ethereum/ буюу 182.476.307 төгрөгтэй тэнцэх хэмжээний криптовалютыг шилжүүлэн авч, Б.Эр-н дижитал хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй гүйлгээ хийх мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болох Спайрекс Кийлоггер /Spyrix Keylogger/ нэртэй хортой программыг зориудаар ашиглаж Кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн бусдаас зээлсэн зээлийг төлөхийн тулд 2021 оны 8 дугаар сард Э.Б-с 25.000 ам.доллар үнэлгээ бүхий итириум /ethereum/-ыг байненс /вinance/ арилжааны сайтаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч арилжаалан, төрсөн эгч Б.Эр-т, үеэл Б.О нарын дансаар дамжуулан ашигласан, бэлнээр 65.000.000 төгрөгийг өөртөө авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эр-н “...Анх би 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр данс нээсэн. Худалдаж авсан, олборлосон аль аль нь байгаа, мөн миний найз нөхдийн оруулсан хөрөнгө ч бас байгаа. ... Нийт 32.7 итириумаас 7.7 итириум тухайн үеийн ханшаар 60 орчим сая төгрөг нь найзуудынх. Үлдсэн 25 итириум нь минийх байсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаар 170 орчим сая төгрөг. Ганцхан миний компьютероос орох боломжтой. Учир нь, нууц үгийг заавал дуудаж уншдаг. Өөрөөр хэлбэл нууцлалтай түлхүүр файл ашиглан нэвтрэн орох боломжтой. Дээрх түлхүүр нууц үг миний компьютерын С дискийн даунлоад дотор хадгалагдаж байгаа. Манай найз болох Э-А, Э.Б гэх 2 залуу манай ажил дээр ирж миний компьютерыг ашигласан. Би 2021 оны 7 дугаар сарын 15, 16-ны өдөр өөрийн найз Э-А-аас 0.2 итириум тухайн үеийн ханшаар 900.000 төгрөг орчим түр зээлээч гэхэд Э-А тэр өдрөө над руу шилжүүлсэн. Гэвч 0.198 итириумыг bmbtokken болгоод шилжүүлсэн тул миний данс бүртгэлтэй сайт нь bmbtokken криптовалютыг дэмждэггүй учир тухайн гүйлгээ гацсан. Миний дансанд орж ирээгүй. ... Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр оройн 21 цагийн үед намайг гэртээ байх үед Э-А залгаад “хөгшөөн юу болж байна, нөгөө гацааныхаа учрыг олж байна уу” гэсэн. Тэгэхээр нь би тэр үед ажил явах шаардлага байсан тул “за чи хүрээд ир” гэж Э-А-г дуудаад дагуулаад ажил руу явсан. Бид ажил дээр орой 22 цагийн үед очоод. ... шөнийн 01 цаг хүртэл хамт байсан. Тэгээд би тусламж хүсэж өөрийн найз Э.Б гэх залууг дуудсан. Э.Б 02 цаг дөхөж байх үед манай ажил дээр ирсэн. Тэгээд миний компьютерын ард суугаад ажиллаж эхэлсэн. Тэгээд би Э.Б-н хажуугаас нэг их холдоогүй. Учир нь Э-А-тай адил нэг их дотно биш. Тэгээд бид үүрийн 04 цаг хүртэл суугаад амжилтгүй тарсан. ...” /3 хх 2-5/,

гэрч Э-А-ийн “... Э над руу залгаад “найзад нь 32 итириум бүрдүүлэх гэсэн 0,2 итириум хэрэг болоод байна, чи өөрийнхийгөө над руу явуулчих” гэж хэлсэн. Би тэр үед олборлолт хийж сурч байснаас явуулж үзээгүй байсан болохоор нарийн сайн мэдэхгүй арай хямд зардалтай гэдгийг нь сонгоод явуулчихсан. Тэгээд Э руу “явуулчихсан шүү” гэж хэлэхэд “орж ирэхгүй байна” гэсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа залгаад “орж ирэхгүй байна” гэж хэлсэн. ... Тэр өдөртөө Э над руу залгаад “манай ажил руу очиж үзье” гэж хэлээд Кино үйлдвэр лүү дагуулаад явсан. Бид хоёр ажил дээр нь очоод учрыг нь олохоор ярилцаад Э компьютер дээрээ суугаад хайж эхэлсэн. Тэгээд чадахгүй болоод ирэхээрээ надад “Их багшийг дуудаж учрыг нь олно” гэж хэлсэн. ... Удалгүй гаднаас нэг залуу ирсэн. Тэр залууг Э.Б гэж байсан. Тэр залуу Э-н компьютер дээр суугаад надтай адилхан юүтүб сайтаас хайж үзээд учрыг нь олж чадаагүй. Тэгээд бид нар гэр лүүгээ харихаар болоод тэр залууг кино үйлдвэрт гэрт нь буулгаж өгөөд, дараа нь Э намайг гэрт буулгаж өгсөн. ...” /4 хх 112-114/,  

гэрч Н.Б-н “... 2021 оны 07 дугаар сард итириум олборлодог хүмүүс дэлхий нийтээрээ итириум 2,0 систем рүү шилжиж байсан. ... Э-тай уулзахад “хэдэн жилийн хугацаанд итириум цуглуулсан, одоо хэдэн бүхэл хэрэгтэй байна, хэрэв энэ тал дээр хөрөнгө оруулалт хийвэл 6 сарын дотор мөнгөө гаргаад авчихна” гэсэн. ... Миний санаж байгаагаар 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн 5845307515 тоот данснаас Э-н 5365039877 тоот данс руу 8.613.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Уг мөнгийг итириумд шилжүүлбэл 1.5 бүхэл болж байсан. ... Тэгээд Э-н ажил дээр очтол Э нэлээн гундуу царайтай, “нөгөө цуглуулсан байсан 32,7 итириумаа алдчихлаа” гэж хэлэхээр нь “сэжиглэж байгаа хүн байна уу? гэж асуухад “манай ажил дээр Э-А, Э.Б нар ирсэн. Тэр хоёрыг авсан байх гэж бодож байна” гэж хэлж байсан...” /4 хх 118-120/,

гэрч Ж.А-н “... Уг системийг ажиллуулж эхлэхэд хамгийн багадаа 32 итириум байх шаардлагатай юм байна гэж Э санаачилга гаргаад найзуудаараа нийлж хамтарч ажиллахаар болоод Э-н нэр дээр бүртгэлтэй дансанд цуглуулж эхэлсэн. Тэр үед надад 0,5 итириум байсныгаа Э-н данс руу шилжүүлсэн. ... Тэгсэн бид нарын зорьж байсан 32 итириум бүрдэхгүй байхаар нь Э өөрөө хүмүүсээс мөнгө зээлээд үлдэгдэл итириум гаргаж авч бүрдүүлсэн байдаг. ... Би Баян-Өлгий аймагт 10 хоноод буцаад Улаанбаатар хот руу явж байх замд Э миний утас руу залгаад итириумаа алдчихлаа гэж хэлсэн. ... Э-н ажил дээр очиж дансыг нь шалгахад алдагдсан нь үнэн байсан. ...” /4 хх 125-127/,

гэрч Х.Ц-н “... Миний хувьд өөрийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 1 бүхэл итириум шилжүүлсэн. ... Тэгээд ямар нэгэн гүйлгээ, орлого, зарлага хийгээгүй байж байхад Э-н данснаас дээрх 32,7 итириум нь алдагдсан байсан. Тэр даруй бид нар хоорондоо холбогдож ярилцаж байгаад цагдаад хандаж асуудлаа шалгуулахаар болсон...” /4 хх 131-132/,

гэрч Б.Ч-н “... 2021 оны 7 дугаар сард найз Б.Эр-тэй холбогдоход “шинээр ажил хийхэд итириум хэрэг болоод байна, хамтарч ажиллах уу” гэхээр нь зөвшөөрөөд өөрөөсөө 9.468.500 төгрөгийг Б.Эр-н 5365039877 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд Б.Эр цааш таньдаг хүнээсээ тэр мөнгөөр итириум худалдаж авсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа дансандаа байсан итириумаа алдчихлаа гэж байсан...” /4 хх 136/,

гэрч З.Б-н “...Э.Б бид хоёр “Н трейдинг” ХХК-д хамт ажилладаг байсан. Ажлын шугамаар хамтарч ажиллаж байгаад сүүлдээ найзууд болсон. ... Э.Б бид хоёр ерөнхийдөө утсаар болон фейсбүүкээр холбоо барьж харилцдаг байсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Э.Б над руу утсаар залгаад “данс байна уу, найз нь мөнгө гаргуулж авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө өдөр бүр ашиглаад байдаггүй Худалдаа хөгжлийн банкны 499259567 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг түүнд өгсөн. Тэгсэн тэр өдөртөө 20.244.679 төгрөгөөр нэг удаа, 3 саяар 3 удаа нийт 9 сая төгрөг, 2.249.164 төгрөгөөр нэг удаа, нийт 5 удаагийн үйлдлээр 31.493.843 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд тэр өдөртөө эхнэр 6.495.000 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг гаргуулж авсан. Үүнээс өөрөөр миний дансаар дамжуулж мөнгө оруулж гаргаж авсан зүйл байхгүй...” /4 хх 140-142/,

гэрч Ж.Г-н “... Дээрх мөнгийг Э.Б нь миний данс руу хийлгэсэн. Тэгээд надад данс явуулаад орж ирсэн мөнгийг шилжүүлж авдаг байсан. Хаанаас орж ирж байгаа мөнгө болох талаар нь асуухад “хүний мөнгө, хүн рүү нь өгч байгаа юмаа” гэхээс өөр зүйл хэлдэггүй. Надад данс явуулаад “сургалтын төлбөр, төхөөрөмжийн үнэ гэх утгатай шилжүүлээрэй” гэж хэлдэг байсан. Би тэгэхээр нь нөгөө койнтой нь холбоотой мөнгө байна даа гэж бодоод л өнгөрдөг байсан. Надад нэг ч төгрөг өгч байгаагүй. ...” /4 хх 161/,

гэрч Б.О-н “... 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.Э “миний данс болохгүй байна, таны дансаар мөнгө аваад Э-туяа эгч рүү шилжүүлчихье” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Б.Э миний 5025862903 дансны дугаарыг аваад мөнгө хийчихлээ гэхээр нь харахад 3.000.000 төгрөгөөр 6 удаа, нийт 18.000.000 төгрөг, 2.783.911 төгрөгөөр нэг удаа нийт 20.783.911 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Тэр даруй Э-н 5006483155 дугаарын данс руу 10.000.000 төгрөг, 5068356577 дугаарын данс руу 5.500.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Э-н 5006483155 дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Б.Э надаас 250.000 төгрөг зээлсэн байсныгаа өгөөд орж ирсэн мөнгө нь гараад таарсан...” /5 хх 133-134/,

гэрч Б.Э-н “... Миний Хаан банкны 5006483155 тоот дансаар мөнгө гаргаж авсан. Би хэдэн төгрөг гаргаж авсан талаар нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 45 сая гаруй төгрөг, манай нөхөр Э.О-н дансаар 15 сая төгрөг, эгч О-н дансаар бас 15 сая орчим төгрөг гаргуулж авч байсан. “Юун мөнгө хаанаас ороод ирэв” гэж асуухад Б.Э надад “Би Э.Б гэх хүнээс авсан юмаа, гаргах гэсэн чинь данс маань картгүй болохоор болохгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн дансаар орж ирсэн мөнгийг бэлэн болон дансаар шилжүүлж байсан. Тухайн үед мөнгө миний дансанд орж ирэхийн тулд арилжааны Бинанс.ком сайт дээр бүртгэл нээх ёстой гээд байхаар нь эгч О-н нэр дээр уг сайтад данс нээсэн. Уг цахим данс суу мөнгө орж ирсний дараа арилжааны сайт дахь бүртгэлүүдээ устгасан. Яагаад гэвэл мөнгө шилжүүлсэн гэх Э.Б нь тухайн бүртгэлүүдээ устгаарай гэж Б.Э-д хэлсэн байсан...” /4 хх 211/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн компьютерын хатуу дискт 2021 оны 07 дугаар сарын 21-нд Spyrix free Keylogger /Спайрекс фри Кийлоггер/ гэх нэртэй программыг суулгасан байна. ... Spyrix free Keylogger /Спайрекс фри Кийлоггер/ программыг алсын хандалтаас суулгах боломжтой. ...” гэсэн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2364 дугаартай дүгнэлт /3 хх 30-38/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь ямар нэг файл, программ татаж суулгасан байсныг хавсралтаар хүргүүлсэн, ... 2 ширхэг note файлыг сэргээж, хөрвүүлэн авсан. ...” гэсэн дүгнэлт /5 хх 164-167/

Б.Э-н компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 18/, Спайрекс Кийлоггер нэртэй программын талаар мэдээлэл цуглуулах зорилгоор компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 33-49/, банкны дансны хуулбарууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 51, 94, 114/ зэрэг болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-г кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон гэмт хэргийг, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, зориудаар ашигласан гэмт хэргийг, шүүгдэгч Э.Б, Б.Э нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүгдэгч Б.Э-н хорих ял эдлэх дэглэмийг заагаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт оногдох хэсгийг бүрэн төлснийг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 8 сарын хорих ял болгон,

шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял болгон тус тус хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Ц.Цэрэннямын “... Б.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...”, шүүгдэгч Э.Б-н “... хорих ялыг торгох ял эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргээс үзэхэд тэдэнд анхан шатны шүүхээс хорих ялыг сонгож оногдуулсан нь тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б, Б.Э нарт оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Өмгөөлөгч Ч.Анараас “... Э.Б-т холбогдох хэрэгт хууль буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 26.2 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан боловч тухайн гэмт хэргүүдэд оногдуулах ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй эрх зүйн байдлыг нь дордуулахааргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хууль буцаан хэрэглэх шаардлага үүсээгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, аль ч хуулийг хэрэглэсэн Э.Б-н үйлдэл нь тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байхаас гадна оногдуулах ялын хэмжээнд нөлөөлөхөөргүй байна.

Шүүгдэгч Э.Б нь кибер орчинд хууль бусаар халдаж, хохирогч Б.Э-н мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч Спайрекс фри кийлоггер гэх тусгай программыг зориудаар ашиглан, тухайн үеийн ханшаар 182.476.307 төгрөгийн үнэ бүхий 32,7 итириум криптовальютыг шилжүүлэн авсан, тухайн хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж Б.Э-тай бүлэглэн дээрх хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдаж, өөр хүмүүст шилжүүлэх замаар мөнгө угаасан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Э, гэрч О.Э, Ж.А, З.Б, Ж.Г, Б.О, Б.Э нарын мэдүүлгүүд болон Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Түүнээс гадна, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмыг баримтлан хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2022 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагт нэг бүхэл итириум нь 1958.64 ам доллартай тэнцэж байсныг /дөрвөн биржийн хамгийн доод үнэлгээгээр/ үндэслэн тогтоосон нь хуульд нийцсэн байх тул “хохирол хор уршгийн хэмжээг бүрэн тогтоогоогүй” гэх өмгөөлөгч Ж.Ганболдын гомдлын хэсэг үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан гэрч О.Э, Н.Б, Ж.А, Х.Ц, Б.Ч нар нь уг хэрэгт гэрчээр оролцсон бөгөөд дээрх хүмүүс хохирогч Б.Э-д өөрсдийн итириумыг шилжүүлэн өгсөн тул иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, дээрх байдлыг анхан шатны шүүх дүгнээд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэгдэж, шүүгдэгч нар хохирол төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар завсарлуулсан бөгөөд шийтгэх тогтоолын огноог 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр хэвлэснийг, мөн 10 дугаар сарын 24, 31-ний өдрүүдийн тэмдэглэлүүдийг ижил огноотойгоор хэвлэж, сольж үдсэн байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Б, Б.Э нар нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш энэ өдрийг хүртэл тус бүр 80 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1590 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, ... ” гэснийг “Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж, “...шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг “...шүүдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд,  ... нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “... шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд,  ... нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Б-т оногдуулсан нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Эр-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 54.062.528 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ч.Анар, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Э нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 80 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                    ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

   ШҮҮГЧ                                                        М.АЛДАР