Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 143/ШШ2024/00201

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД: *******/, Улаанбаатар хот, С******* дүүрэг, ******* хороо, 

Хариуцагч: Т******* овогт Г*******ын Б******* /РД: *******/, 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан болохыг тогтоож, уг үйлдэлдээ бичгээр уучлал гуйлгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Хариуцагч Г.Б******* нь манай “Б” ХХК-д механик засварчнаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Х суманд байрлах Оюу толгой төслийн талбайд механик засварчны үүрэг гүйцэтгэсэн.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 0******* сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн. “Б” ХХК нь дээрх хуулийн зохицуулалтуудыг буруугаар тайлбарлан хэрэглэж шөнийн цагаар ажилласан ажилчдын цалинг үндэслэлгүйгээр хэт өндрөөр нэмэгдүүлэн олгож явсан асуудал гарсан.

Удирдлагын багийн зүгээс уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээд нэгэнт илүү олгосон цалинг ажилчдаас буцаан нэхэмжлэхгүй байхаар, цаашид хууль тогтоомжид заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцон нэмэгдэл олгох болсон. Үүнтэй холбоотойгоор ажил олгогч ба ажилтнуудын дунд цалин хөлсний олголттой холбоотой эргэлзээтэй, үл ойлгогдох байдал үүссэн.

Компанийн зүгээс цалин хөлстэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтуудыг ажилчдад тайлбарлах шаардлагатай гэж үзээд 2023 оны 0******* сарын 13-ны өдрөөс 2023 оны 0******* сарын 16-ны өдрүүдэд төслийн талбай дахь ажилтнуудад мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулсан.

Энэ уулзалтын явцад хариуцагч Г*******ын Б******* нь гар утсаараа зөвшөөрөлгүй бичлэг хийсэн, уг бичлэгээ Viber чат дахь 250 гаруй хүнтэй бүлэгт нийтэлсэн байна. Түүний нийтэлсэн бичлэгийг манай байгууллагатай хамааралгүй иргэд цааш нь түгээж Facebook цахим хуудсуудад байршуулах болсон. Facebook цахим хуудсанд байршуулахдаа компанийн ажил хэргийн нэр хүндэд илт хохирол учруулах утга агуулга бүхий тайлбартай нийтэлсэн. Жишээ нь: Ажилчдаа хэлэх хэлэхгүй муу үгээд доромжилж, мохоохын тулд хэлмэгдүүлж ажлаас халсан гэх мэт.

Компани гэдэг нь үнэт цаасанд хэвлэгдсэн гэрчилгээ, захирал болоод хувьцаа эзэмшигч төдий бус харин хамтын зорилго бүхий үйл ажиллагаагаар нэгдсэн хамт олны нэгдэл юм.

Хариуцагч нь ажилчдын хурлын дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр авч олон нийтийн сүлжээнд байрлуулсан, үүнээс үүдэн компани болоод ажилтнуудын талаарх таагүй утга агуулга бүхий мэдээлэл олон нийтэд түгсэн, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан.

Иймд Иргэний хуулийн 21.2, 21.5, мөн хуулийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч Г.Б******* нь Mining  Gypsy jay гэх facebook хэрэглэгчээс олон нийтийн сүлжээнд байршуулсан “Б” ХХК-ийн ажилчид ба удирдлагын багийнхны дуу дүрс бүхий бичлэгт удирдлагын зүгээс ажилчдаа зодож дарамталдаг гэх агуулга бүхий сэтгэгдэл бичих байдлаар “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан болохыг тогтоож,  хариуцагч Г.Б******* нь “Б” ХХК-ийн ажилчдын хурлын дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр авч олон нийтийн сүлжээнд байрлуулж компанийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан үйлдэлдээ бичгээр уучлал гуйхыг даалгана уу гэжээ.

 

2. Хариуцагч Г.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Г.Б******* миний бие 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Оюутолгой төслийн “Б” ХХК-д механик засварчинаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 0******* сараас эхлэн шинэчлэгдсэн хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш ажилчдын цалин огцом буурсан. Энэ талаар ажилчидтайгаа нэгдэн цалин хөлс болон тус хуультай холбоотой асуулгуудыг удирдлагуудад удаа дараа хүргүүлсэн боловч ямар ч тайлбар өгөөгүй, хариу арга хэмжээ аваагүй бөгөөд 2023 оны 01 сарын 13-ны үед компанийн хуульч нягтлан удирлагууд зэрэг хүмүүсийг Оюутолгой сайт дээр авчран ажилчдад шинэчлэгдсэн хөдөлмөрийн хууль болон цалин хөлс бодох аргачлалын талаар сургалт орсон.

Гэтэл тус сургалтын үеэр Г.Б******* миний биеийг бичлэг хийсэн гэж илт гүтгэн буруушааж 2023 оны 0******* сарын 27-ны өдөр ажлаас халсан. Миний бие 2023 оны 02 сарын 02-ны өдөр Х дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан. Гурван талт хорооны хурлаар ороод зохицох шийдвэр гараагүй тул Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч миний талд гарсан бөгөөд Б ХХК-ийн ямар ч нэр хүндэд халдсан гэх нотлох баримт байхгүй хүчингүй үндэслэлгүй болохыг нотолсон.

“Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2023 оны 12 сарын 15ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан. Мөн Дээд шүүхэд хариуцагч тал гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хэвээр үлдээсэн бөгөөд нотлох баримт гээд байгаа материалууд шаардлага хангахгүй болохыг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн болохыг харгалзан үзэн тус нэхэмжлэхийг хүчингүй болгож өгнө үү. Миний бие уучлалт гуйх ямар ч буруу зүйл хийгээгүй болно гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б******* нар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь хариуцагч Г.Б*******оос ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан болохыг тогтоолгох талаар харилцан тохиролцож, уг үйлдэлдээ бичгээр уучлал гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож, доор дурдсанаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд;

Харилцан тохиролцсон нөхцөл:

1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын явцад хариуцагч Г.Б*******оос уг үйлдэлдээ бичгээр уучлал гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцов.

2. Хариуцагч Г.Б******* нь нэхэмжлэгч “Б*******" ХХК-ийн “ажилчдаа хэлэх хэлэхгүй муу үгээр доромжилж, мохоохын тулд хэлмэгдүүлж ажлаас халсан, ажилчдаа зодож дарамталдаг...” гэх мэт сэтгэгдэлийг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйхаар харилцан тохиролцов.

3. Эвлэрлийн гэрээг 4 хувь үйлдэх бөгөөд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хийгдсэн болно.

5. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э би биечлэн оролцох боломжгүй байна. Миний бие Улаанбаатар хотод байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт төрөл садангийн хүнээ эмчлүүлэхээр ирээд байгаа ба түүний биеийн байдал эрсдэлтэй байгаа учраас шүүх хуралд оролцох, орхиж Өмнөговь аймаг явах боломжгүй байна. Миний зүгээс хариуцагч Г.Б*******той эвлэрэн хэлэлцэн гэрээ байгуулсан. Бидний байгуулсан гэрээний агуулгын хүрээнд эвлэрлийг баталж өгнө үү. Миний эзгүйд хэргийг хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутын хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Б******* компанитай байгуулсан эвлэрлийн гэрээг дэмжиж байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний зүгээс тус эвлэрлийн гэрээг баталгаажуулахыг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь хариуцагч Г.Б*******ид холбогдуулан:

- Хариуцагч Г.Б******* нь Mining  Gypsy jay гэх facebook хэрэглэгчээс олон нийтийн сүлжээнд байршуулсан “Б” ХХК-ийн ажилчид ба удирдлагын багийнхны дуу дүрс бүхий бичлэгт удирдлагын зүгээс ажилчдаа зодож дарамталдаг гэх агуулга бүхий сэтгэгдэл бичих байдлаар “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан болохыг тогтоож,

- Хариуцагч Г.Б******* нь “Б” ХХК-ийн ажилчдын хурлын дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр авч олон нийтийн сүлжээнд байрлуулж компанийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан үйлдэлдээ бичгээр уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь хариуцагч Г.Б*******ид холбогдох ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан үйлдэлдээ бичгээр уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Г.Б******* нь нэхэмжлэгч “Б*******" ХХК-ийн талаар “ажилчдаа хэлэх хэлэхгүй муу үгээр доромжилж, мохоохын тулд хэлмэгдүүлж ажлаас халсан, ажилчдаа зодож дарамталдаг...” гэх мэт сэтгэгдэлийг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байна.

3. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж тус тус заасан.

4. Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж заасан ба тэд эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзасан бол нэхэмжлэгч, ...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар заана” гэсний дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.Б*******оос улсын тэмдэгтийн хураамж 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь Б.Эад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх бүх эрх, үүргийг олгосон байх тул Б.Э нь нэхэмжлэгчийг төлөөлж эвлэрэх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзсэн болно.

7. Иргэдийн төлөөлөгч Б.Эын гаргасан зохигчийн эвлэрлийг батлахыг дэмжсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б******* нар нь шүүх хуралдааныг эзгүйд хийх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно”; мөн зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч тэднийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б******* нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******оос улсын тэмдэгтийн хураамж 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН

                ШҮҮГЧИД                          Р.УРАНЧИМЭГ

                                                           Г.БАЯРДАВАА