| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00073/И |
| Дугаар | 143/ШШ2024/00377 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 143/ШШ2024/00377
2024 оны 11 сарын 01 өдөр Дугаар 143/ШШ2024/00377 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК
Хариуцагч: Ц******* овогт С*******ийн Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээний дагуу 12 588 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй; уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Б******* нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 03 тоот Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу С.Б******* нь нийт 17 588 801 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохирсон байдаг.
1. 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
2. 2022 оны 11 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
3. 2023 оны 12 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
4. 2023 оны 01 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
5. 2023 оны 02 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
6. 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
7. 2023 оны 04 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
8. 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
9. 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс сар бүр 1 700 000 төгрөг,
10. 2023 оны 07 сарын 05-ны өдөрт 2 228 801 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон байдаг. Мөн гэрээний 2.3 дахь хэсэгт Б тал нь хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд графикт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож А талд төлнө гэж тохиролцсон.
Гэвч С.Б******* нь дээрх төлбөрийг төлөөгүй бөгөөд 2023 оны 05 дугаар сард С.Б*******ий төлбөрт 5 000 000 төгрөгийг Х.Н******* гэх хүн төлөлт хийсэн бөгөөд үлдэх 12 588 800 төгрөгийн төлбөрийг С.Б******* нь төлөөгүй байгаа болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцвол өнөөдрийн байдлаар С.Б******* нь 6 294 400 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээний дагуу хариуцагч С.Б*******ээс үндсэн төлбөр 12 588 800 төгрөг, алдангийн төлбөр 6 294 400 төгрөг, нийт 18 883 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
1. Иргэн Д.Г (РД: ) нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улсын дугаартай, Норт бенз маркийн цагаан өнгийн хүнд даацын автомашин (Чирэгч), улсын дугаартай улаан өнгийн чиргүүл (хагас чиргүүл)-ийн хамт худалдан авахаар тохирсон. Э уурхайн Зүүн цанхаас БНХАУ-ын Г боомт хүртэл 250 км замаар 9,900 тонн нүүрс тээвэрлэж дуусгасан тохиолдолд улсын дугаартай автомашин, улсын дугаартай чиргүүлийн үнийг бүрэн төлсөнд тооцохоор, өмчлөх эрх шилжихээр тохирсон. Худалдан авагч Д.Г нь 2017 оны 07 сарын 03-ны өдрийн “Тээвэрлэлтийн гэрээ"-ний дагуу улсын дугаартай автомашиныг өөрөө жолоодож, нүүрс тээвэрлэж, гэрээний үүргээ гүйцэтгэж байсан. Зарим тохиолдолд Д.Г нь өөрөө тээврийг биечлэн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд өөр жолоочтой тусдаа тохиролцон, автомашинаа жолоодуулдаг байсан ба хамгийн сүүлд С.Б******* нь улсын дугаартай автомашиныг жолоодож, Д.Гын өмнөөс тээврийг хийж, түүний дутуу хийсэн ажил болох гэрээнд заасан 9,900 тонн нүүрсийг тээвэрлэж дууссан байдаг. С.Б*******тэй тусгайлан гэрээ байгуулаагүй.
2. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.2.3-т Худалдан авагч ,нь тээвэрлэлтийн ажилтай холбогдон гарах бүхий л зардлыг суутгуулах бөгөөд автомашины эвдрэл гэмтлийг хариуцан, тээвэрлэлтийн ажлыг саадгүй гүйцэтгэх үүрэгтэй”, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Тээвэрлэлтийн гэрээ"-ний хавсралтын 7-д тос, тослох материал, дугуй элэгдэл, сэлбэг, засварын зардлыг тээвэрлэгч хариуцахаар заасан.
Тээвэр гүйцэтгэж байх явцад автомашин, чиргүүлийн дугуй, сэлбэг, тос, тосолгооны материал зардлууд гарч байсан ба Д.Г, С.Б******* нар нь БНХАУ-ын сэлбэгийн дэлгүүрийн падаанд баримтад гарын үсэг зурж эсхүл 2071 гэж тэмдэглэгээ хийж бүртгүүлж, дэлгүүрээс сэлбэг, бараа материал авч машиндаа хийдэг байсан бөгөөд кампаниас төлбөрийг төлж, сэлбэгийн өр төлбөрийн бүртгэлд Д.Г эсхүл гэсэн дугаараар бүртгэж, хөтөлж байсан.
3. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар улсын дугаартай тээврийн хэрэгслийн өр төлбөр 17 588 800 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Д.Г нь энэхүү сэлбэгийн төлбөрийг төлж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авах ёстой байсан боловч Д.Г нь өөрийн энэхүү эрхээ С.Б*******д шилжүүлэн өгөх талаар харилцан тохиролцсон байдаг. 17 588 800 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хариуцагч С.Б******* нь анхнаасаа мэдэж байсан. Хэрэв С.Б******* нь сэлбэгийн өр 17 588 800 төгрөгийг төлөхийг зөвшөөрөөгүй, мэдээгүй байсан тохиолдолд компаниас автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байх байсан.
4. Хариуцагч С.Б******* нь улсын дугаартай тээврийн хэрэгслийн сэлбэгийн өр төлбөрийг төлөхөө илэрхийлж, улсын дугаартай автомашин, улсын дугаартай чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар илэрхийлсэн.
5. Компанийн зүгээс энэ талаар Д.Гаас тодруулсны үндсэн дээр улсын дугаартай автомашин, улсын дугаартай чиргүүлийн өмчлөх эрхийг С.Б*******д шилжүүлж өгөхөөр болж, 17,588,800 төгрөгийг төлөх график тохирч, 2022 оны 09 сарын 21-ны өдрийн Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ байгуулсан.
Хариуцагч С.Б*******гийн хүсэлтийн дагуу улсын дугаартай автомашин, улсын дугаартай чиргүүлийн өмчлөх эрхийг Х ХХК- ийн нэр дээр шилжүүлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22/193 дугаартай албан бичгийг хийж өгсөн. Хожим С.Б******* нь Х ХХК-ийн нэр дээр байх автомашин, чиргүүлийг С.Н******* гэх жолоочид 50 000 000 төгрөгөөр зарсан байдаг.
Хариуцагч С.Б******* нь Д.Гын зөвшөөрлийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн “Тээвэрлэлтийн гэрээ”-ний үүргийг Д.Гын өмнөөс гүйцэтгэж, гэрээний хугацаа дахь сэлбэгийн өр төлбөрийг төлөхөө биечлэн илэрхийлж, 2022 оны 09 сарын 21-ны өдрийн Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээнд гарын үсэг зурж, улсын дугаартай автомашин, улсын дугаартай чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани машинуудаа жолооч нарт түрээслүүлж байсан юм. гэдэг машиныг Г гэдэг хүн түрээсэлж байгаад С.Б*******тэй хоорондоо тохиролцож С.Б*******д шилжүүлсэн юм байна лээ. Тэгэхдээ өр шир, өгөө авааг С.Б******* өөрөө би хариуцна, бүгдийг нь төлнө гээд гэрээгээр шилжүүлээд хүлээж авсан. Сүүлд машин өөр компани руу шилжихэд би мэдээгүй, намайг хүчээр гарын үсэг зуруулсан гэж С.Б******* хэлсэн байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Өөрөө мэдэж байсан. Манай эдийн засагч Жавхлан гэж хүнтэй бүтэн өдөржин сууж байж тооцоогоо гаргасан. Тэгээд ингэж төлье гэдэг графикаа гаргаад, тохиролцоод, гарын үсэг зураад машиныг нь манайх тэр компани руу шилжүүлж өгсөн. Бид С.Б*******г чирч ирээд хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Х гэдэг компани руу шилжмээр байна гэсэн. Тухайн үед манай компанийн ажил төрөл жаахан тааруухан байсан л даа. Тэгээд хувиараа тэргээ авсан хүмүүс ийм хувийн компанид очиж ажилламаар байна гэсэн. Х гэдэг компани руу манай компанид байсан хүмүүс бүгд явсан юм. Тэгээд С.Б******* тэд нарыг дагаад явъя гээд байхаар нь яахав, хүний амьдрал юм, таван цаасаа олог, тэр хоорондоо энэ өр ширээ төлөг гэсэн юм. Тэрнээс биш өртэй гээд бид нар шилжүүлэхгүй байсан юм. Ганцхан С.Б*******тэй ч биш, нэлээн хэдэн жолоочтой ийм гэрээ хийгээд бусад нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд бүгд өр төлбөрөө төлөөд дууссан. Энэ дээр С.Б******* ганцаараа үлдчихээд төлөхгүй, намайг бараг хүчээр гарын үсэг зуруулсан гэж яриад байгаа юм.
Би энэ өр төлбөр болох 18 сая төгрөгөөс алдангийн төлбөрийг тооцохоо больё, үндсэн төлбөрөө л авъя гэсэн хүсэлтэй байгаа. Алдангиасаа татгалзаад үндсэн төлбөрөө авъя гэж байгаа юм. Одоо шүүхээр үндсэн төлбөр 12 588 800 төгрөгийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч С.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2010 онд Норд бенз маркийн улсын дугаар бүхий автомашиныг 2019 онд “Т*******” ХХК-иас түрээслэсэн. Уг машиныг анх түрээслэхэд “Т*******” ХХК нь өртэй машин гэж огт хэлээгүй. Харин 2022 онд түрээс дуусаж, “Т*******” ХХК-иас “Х” ХХК руу шилжүүлэхэд 17 орчим сая төгрөгийн сэлбэгийн өр биш, харин өмнө түрээсэлж байсан жолооч нарын сэлбэгийн өр байсан. Ингээд “Т*******” ХХК дахь миний түрээс дуусаж, уг машиныг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги мандлын боомт дээр ажиллуулахын тулд “Х” ХХК руу нэр шилжүүлэх шаардлагатай болсон. Ийнхүү нэр шилжүүлэхэд “Т*******” ХХК энэ машины өмнөх сэлбэгийн өрийг ийм хуваариар төлнө гэж гарын үсэг зураад машинаа ав гээд тооцоо нийлэх гэрээ гэх зүйл дээр зуруулсан. Ингээд би машинаа шилжүүлж авахын тулд тооцоо нийлэх гэсэн бичиг дээр зурсан. Гэхдээ дотор нь байгаа алданги төлөх зэрэг зүйлтэй танилцаагүй ээ. Ер нь бол энэ машиныг “Т*******” ХХК-иас түрээсээр анх авахдаа ийм их өртэй байсныг мэдсэн бол би авахгүй байх байсан юм. Энэ сэлбэгийн өрийн талаар 3 жилийн дараа буюу машиныг өөр компани руу нэр шилжүүлэхдээ мэдсэн учир яалтачгүй гарын үсэг зурсан. Ер нь бол өөр хүмүүсийн тавьсан өрийг л өмнөөс нь төлөх гэж байна гэсэн үг юм. Алдангийг бол огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Б******* нь 2019 онд “Т*******” ХХК-аас 2010 оны Норд бенз маркийн улсын дугаартай автомашиныг рейсийн тоогоор түрээслэн худалдан авахаар тохиролцсон байдаг. Харин 2022 онд түрээсийн хугацаа дууссан учир С.Б******* нь “Т*******” ХХК-аас уг автомашиныг “Х" ХХК руу шилжүүлье гэх үед тус компаниас уг автомашин нь өмнөх жолооч нарын сэлбэгийн өр 17 орчим сая төгрөгийн асуудал байгаа үүнийг өмнөөс нь төлөх гэрээн дээр гарын үсэг зурж байж, машинаа ав гээд “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ” гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан талаар хариуцагч С.Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, анх уг автомашиныг түрээслэх талаар тохиролцох үед энэхүү сэлбэгийн өрийн талаар дурдаагүй гэх атлаа сүүлд нэр шилжүүлэх үед энэ тооцоо нийлэх гэрээн дээр гарын үсэг зураад, нэр шилжүүлж болно гэж гарцаагүй байдалд оруулах маягаар энэхүү гэрээн дээр гарын үсэг зуруулсан нь “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г байгуулахад С.Б*******гийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, өөрийн хүсэл зоригийн эсрэг уг үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна. Мөн өмнөх жолооч нартай байгуулсан гэх тээвэрлэлтийн болон хамтран ажиллах гэрээ, сэлбэгийн өрний тооцоололтой танилцуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-ээр нийлсэн тооцоо нь “Т*******” ХХК болон С.Б******* нарын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн тооцоо биш байхад автомашин шилжүүлэх үед гарын үсэг зуруулсан нь түүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл юм.
Иргэний хуулийн 466-р зүйлийн 466.1-д “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ” нь талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүсээгүй, харин “Т*******” ХХК болон өмнө нь улсын дугаартай автомашиныг түрээсэлж байсан өөр жолооч нарын хооронд үүссэн өр авлагын асуудлаас үүссэн тооцоо байдаг. Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу гэрээний талуудад гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох боломж олгоогүй, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 466-р зүйлийн 466.5 дахь хэсэгт “Тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно" гэж заасны дагуу тооцоо нийлэх гэрээнд зөвхөн хүү тооцох боломжтой байхад гэрээний 2.3-т алданги тооцохоор зохицуулсан нь мөн хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэгч нь энэхүү хүчин төгөлдөр бус заалтын дагуу алданги шаардах эрхгүй юм.
Иймд “Т*******” ХХК болон С.Б******* нарын хооронд 2022.09.21-ний өдөр байгуулагдсан “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад шүүхэд хариу тайлбараа С.Б******* гаргаж өгсөн байна лээ. С.Б*******ий хувьд 2010 оны Норд бенз улсын дугаартай автомашиныг “Т*******” ХХК-д 2019 онд орж түрээсэлж эхэлсэн. Уг машиныг анх түрээслэхэд “Т*******” ХХК нь тухайн үед ямар нэгэн өртэй гэдэг талаар яриагүй. Тооцоо нийлж өр барагдуулах гэрээг тухайн үед байгуулаагүй нөхцөл байдал байсан. Тэгээд 2022 онд С.Б*******ий тээврийн түрээс нь дуусаад “Х” ХХК руу шилжүүлэх болоход 17 сая төгрөгийн сэлбэгийн өр төлбөртэй байна гэсэн зүйлийг ярьсан. Энэ өрийг С.Б*******ий зүгээс миний өр биш, өмнө нь түрээсэлж байсан жолооч нарын сэлбэгийн өр байна гэдэг үүднээс энэ тайлбарыг хэлдэг. Мөн “Т*******” ХХК-ийн түрээс дуусаад Дорноговийн Алтанбулаг сумын Ханги Мандалын боомт руу ажиллуулахын тулд “Х” ХХК-д нэр шилжүүлэх шаардлага гарсан. Ингэж шилжүүлэхэд “Т*******” ХХК нь машины өмнөх сэлбэгийн өрийг ийм хуваариар төлнө гэж тооцоо нийлэх гэрээ гэдэг зүйл дээр гарын үсэг зуруулсан гэдэг. Ингээд машинаа шилжүүлж авахын тулд тооцоо нийлэх гэсэн бичиг дээр зурсан. Гэхдээ дотор нь ямар агуулга байгаа юм, алданги хүүгийн талаар сайн мэдэхгүй зурсан гэж ярьдаг. Энэ сэлбэгийн өрийн талаар 3 жилийн дараа буюу энэ машиныг өөр компанид шилжүүлэхэд мэдсэн учраас яалт ч үгүй гарын үсэг зурах шаардлага гарсан учраас зурсан гэдэг талаар ярьдаг. Тэгээд өөр хүний тавьсан өрийг С.Б*******ий хувьд төлөх үндэслэлгүй гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22/193 дугаартай албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, түүний хавсралтууд, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ”, 2020 оны 07 дугаар сарын 30, 2020 оны 10 дугаар сарын 30, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдийн сэлбэгийн тооцооны баримт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 24/82 дугаартай итгэмжлэл олгосон албан бичиг,
Хариуцагчаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 12 588 800 төгрөг, алданги 6 294 400 төгрөг, нийт 18 883 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* алданги 6 294 400 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр 12 588 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч С.Б******* нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 03 тоот “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу нийт 17 588 801 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохирсон байдаг. Гэвч С.Б******* нь дээрх төлбөрийг төлөөгүй бөгөөд 2023 оны 05 дугаар сард 5 000 000 төгрөгийг Х.Н******* гэх хүн төлөлт хийсэн бөгөөд үлдэх 12 588 800 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Энэ төлбөрөөс алданги тооцохоо больж татгалзаад, үндсэн төлбөр 12 588 800 төгрөгийг гаргуулна” гэжээ.
3. Хариуцагч С.Б******* нь “...Би 2019 онд Норд бенз маркийн улсын дугаартай автомашиныг “Т*******” ХХК-иас түрээслэсэн. Уг машиныг анх түрээслэхэд “Т*******” ХХК нь өртэй машин гэж огт хэлээгүй. Харин 2022 онд түрээс дуусаж, “Т*******” ХХК-иас “Х” ХХК-руу шилжүүлэхэд 17 орчим сая төгрөгийн өр байсан. Ийнхүү нэр шилжүүлэхэд “Т*******” ХХК энэ машины өмнөх сэлбэгийн өрийг ийм хуваариар төлнө гэж гарын үсэг зураад машинаа ав гээд тооцоо нийлэх гэрээ гэх зүйл дээр зуруулсан. Би машинаа шилжүүлж авахын тулд тооцоо нийлэх гэсэн бичиг дээр зурсан. Гэхдээ дотор нь байгаа алданги төлөх зэрэг зүйлтэй танилцаагүй. Алдангийг огт хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэг талаас “Т*******” ХХК, нөгөө талаас С.Б******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 03 дугаартай “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ” байгуулагдсан байна.
Уг гэрээгээр, С.Б******* нь 2017 оны 07 сарын 03-ны өдрийн “Тээвэрлэлтийн гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацаанд үүссэн өр төлбөр болох 17 588 801 төгрөгийг 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 сарын 05-ныг хүртэл хуваарийн дагуу “Т*******” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
4.2 Үүнээс өмнө, нэг талаас “Т*******” ХХК, нөгөө талаас Д.Г нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, мөн талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 26 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ” тус тус байгуулагдсан байна.
4.3 “Т*******” ХХК-ийн сэлбэгийн тооцоо гэх баримтаар Д.Г буюу 2071 дугаартай автомашины нийт сэлбэгийн өрийн үлдэгдэл нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 16 095 961.06 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 14 100 032.81 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 17 588 800.91 төгрөгийн үлдэгдэлтэй талаар “Т*******” ХХК-ийн нягтлан бодогч Х.Ц, С.М нар нь тооцоо гаргажээ.
4.4 “Т*******” ХХК-ийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 22/193 дугаар албан бичгээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т 2071 УНЛ улсын дугаартай чирэгч, чиргүүлийг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ажлыг С.Б******* гүйцэтгэх талаар дурджээ.
5. Хариуцагч С.Батттүвшин нь “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-нд гарын үсэг зурсан талаар маргадаггүй ба гагцхүү “...алданги төлөх зэрэг зүйлтэй сайн танилцаагүй” гэж алдангийг эс зөвшөөрч шүүхэд тайлбар гаргаж байсан.
6. Аливаа гэрээ, хэлцэл талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах...” гэж зааснаар талууд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 03 дугаартай “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г байгуулахаар хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, бичгээр гэрээ байгуулсан байна.
7. Иргэн Д.Г 2017 оны 06 сарын 28-ны өдөр 26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г нэхэмжлэгч талтай байгуулж, уг гэрээгээр 2071 УНЛ улсын дугаартай, Норд бенз маркийн хүнд даацын автомашин, чиргүүлийг худалдан авагчид зээлээр худалдах, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчаас өгсөн тээвэрлэлтийн ажил үүргийг гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр тохиролцжээ.
Мөн дээрх талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 26 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан ба гэрээний хугацаа дээрх өдрөөс эхлэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл гэжээ.
Ийнхүү хариуцагч С.Б******* нь 2019 онд “Т*******” ХХК-иас Норд бенз маркийн 2071 УНЛ улсын дугаартай автомашиныг рейсийн тоогоор түрээслэн худалдан авахаар тохиролцсон, 2022 онд түрээсийн хугацаа дууссан учир уг автомашиныг “Т*******” ХХК-иас “Х" ХХК руу шилжүүлэх үед уг автомашины жолооч нарын сэлбэгийн өр 17 орчим сая төгрөгийн үлдэгдэлийг төлөх “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г байгуулсан талаар С.Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа дурддаг.
Энэ талаар нэхэмжлэгч нь “...хамгийн сүүлд С.Б******* нь 2071 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодож, Д.Гын өмнөөс тээврийг хийж, түүний дутуу хийсэн ажил болох гэрээнд заасан 9900 тонн нүүрсийг тээвэрлэж дуусгасан. С.Б*******тэй тусгайлсан гэрээ байгуулаагүй. 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 26 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Д.Г нь сэлбэгийн өрийг төлж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авах ёстой байсан боловч энэхүү эрхээ С.Б*******д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон тул мөн С.Б******* нь сэлбэгийн өр төлбөрийг төлөх, 2071 УНЛ улсын дугаартай автомашин, чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаа илэрхийлсэн тул компаниас шилжүүлж өгсөн” гэж тайлбарладаг.
8. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч “Т*******” ХХК болон хариуцагч С.Б******* нарын хооронд ажил хэргийн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
“Т*******” ХХК-ийн сэлбэгийн тооцоо гэх баримтаар 2071 улсын дугаартай автомашины нийт сэлбэгийн өрийн үлдэгдэл нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 16 095 961.06 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 14 100 032.81 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 17 588 800.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Сэлбэгийн өр төлбөрийн бүртгэлд Г 2071 УНЛ гэсэн дугаараар бүртгэгдсэн хэдий ч хариуцагч С.Б******* нь 2019 оноос уг 2071 УНЛ улсын дугаартай автомашинаар тээвэр хийж эхэлсэн, улмаар 2022 онд уг автомашиныг шилжүүлэн авах үед сэлбэгийн өр 17 орчим сая төгрөгийн үлдэгдлийг төлөхөөр “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г байгуулсан нь талуудын тайлбар болон баримтаар нотлогддог.
9. Иймд дээрх гэрээгээр, талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн өр төлбөр болох 17 588 801 төгрөгийг 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу С.Б******* нь “Т*******” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Мөн хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлохгүй байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэсэнтэй нийцэхгүйг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч С.Б*******гээс 12 588 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
10. Хариуцагч С.Б******* 2022 оны 09 сарын 21-ний өдрийн “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу гэрээний талуудад гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох боломж олгоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тухайн төрлийн хэлцэлд тавигдах үндсэн шаардлага хангагдаагүй нь илт байгаа тохиолдолд хийсэн үеэс буюу угаас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдгийг хууль зөрчсөн буюу хуулиар хориглосон, зан суртахууны хэм хэмжээнд харшилсан агуулгатай хэлцэл хийхийг ойлгоно.
Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 сарын 21-ний өдрийн “Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээ”-г хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна хариуцагч С.Батттүвшин шаардлагын үндэслэлээ баримтаар нотлохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б*******гээс 12 588 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч С.Б*******гийн Тооцоо нийлж, авлага барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь алданги 6 294 400 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн төлсөн 253 366 төгрөг, хариуцагч С.Б*******гийн төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамж 216 371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН