| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00438/И |
| Дугаар | 143/ШШ2024/00188 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 143/ШШ2024/00188
2024 оны 05 сарын 16 өдөр Дугаар 143/ШШ2024/00188 Дал*******гад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* Нар овогт Л*******гийн Э*******
Хариуцагч: Р овогт Л*******гийн Б*******
Хариуцагч: Н******* овогт А*******ийн Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э*******, хариуцагч Л.Б*******, А.Ц, хариуцагч А.Цгийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө аймгийн Дал*******гад сумын .... баг, ..................... тоотод байрлалтай, тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046,2мкв газрыг миний ээж Дын Д хууль журмын дагуу хувьчилж авсан. Миний ээж Д.Д нь 2011 онд нас барсан бөгөөд Л.Э******* миний бие 2013 онд өв залгамжлалаар шилжүүлэн авсан. Би 2003 оноос хойш гадаад улсад амьдарч, нутагтаа цөөн ирсэн бөгөөд ирэх үедээ тухайн газар дээр буусан айлд газар чөлөөлөх тухай шаардлага тавихад зөвшөөрдөггүй. Ажил, амьдралын нөхцөл байдал, ирж очих боломж бололцооноос шалтгаалж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид асуудлыг шийдвэрлэж, өмчийн эрхээ эдлэх шаардлагатай байгаа тул тухайн айлыг албадан нуулгэж, Ө аймгийн Дал*******гад сумын ......................... тоот хаягтай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлтэй байна. 2013 онд өөрийн нэр дээрээ шилжүүлж авснаасаа хойш тус газрыг хөөцөлдөж асуухад газрын албанаас хаяг байршил зааж өгсөн боловч тухайн газар нь очиход байгаа хүмүүс нь манай газар гэдэг. Тиймээс энэ асуудлыг шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлүүлэхээр оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй гэв.
Хариуцагч Л.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л******* овогтой Б******* миний бие Дал*******гад сумын 2 дугаар багийн тоотод үр хүүхэд, ач зээ нартайгаа амьдардаг. Манайх энэ газарт 2000 онд нүүж ирэхэд хашаагүй, хог ихтэй элс хурсан газар байсан. Газрын хаяг Хын тоот байсан. 2007 онд газрын өөрчлөлтөөс болж Хын тоот болсон. Энэ газарт 5-6 өрх айлууд байсан бөгөөд нэг нэгнийхээ алинд хүрснээр газрыг орхиж явсан байсан. 2010 онд газраа хөөцөлдөж өргөдөл өгсөн боловч тухайн үеийн газрын дарга байсан Багахүү өргөдлийг хойш тавьж хүний газар гээд гэрчилгээ гаргаж өгөөгүй. Уг нь газрын эзэд Л.Б******* надад бэлэглээд өөрсдөө хойшоо газартай болоод явцгаасан. Энэхүү газрын эзэд болох С, Т, Т нар нь гэрчилж өгөх болно. Л.Б******* би энэ газар дээр 20 гаруй жил ажиллаж амьдарч ирсэн. Иймээс Л.Б******* би газраа чөлөөлж өгч чадахгүй болно гэжээ.
Хариуцагч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газар анх А.Цгийн нэр дээр байсан. Урьд хүмүүс ирж уулзахад нь манай газар гэдгээ хэлээд явуулж байсан. Одоо захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг юм уу гэсэн санаатай байгаа гэв.
Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А******* овогтой Ц нь Дал*******гад сумын 2 дугаар багийн тоотод үр хүүхэд, ач зээ нартайгаа амьдардаг. Манайх энэ газарт 2000 онд нүүж ирэхэд ямар ч хашаагүй, хог, элсэнд дарагдсан газар байсан. Газрын хаяг Хын тоот байсан бөгөөд 2007 онд газрын өөрчлөлтөөс болж Хын тоот болсон. Энэ газарт 5-6 өрх айлууд б******* байгаад 1997 онд нэг нэгнийхээ аминд хүрч, амиа хорлосон гэх мэт үйл явдлаас болж газраа орхиж нүүсэн. 2010 онд газраа хөөцөлдөж өргөдөл өгсөн боловч тухайн үеийн газрын дарга Багахүү өргөдлийг хойш тавьж хүний газар гээд гэрчилгээ олгоогүй. Уг газрын эзэд нь А.Ц надад бэлэглэж өгсөн юм. Энэ газрын эзэд нь хоёр С, З, Т, Т гэх мэт айл өрхүүд байсан. Одоо бүгд амьд сэрүүн гэрч нар байгаа. Өөрсдөө тус тусын газраа аваад амьдарч байгаа. Манайх энэ газартаа 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаа. Иймээс манайх газраа чөлөөлж өгч чадахгүй гэжээ.
Хариуцагч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед өрхийн тоогоор газар олгодог байсан тул анх нүүж ирэхэд том газар байсан. Мөн тодорхой хаягжаагүй байсан. Манай зүүн талд айл буугаад 2 хувааж хашаалсан. Тухайн үед тодорхой хаяггүй байсан. 2016 онд М ирээд манай ахын газар байгаа гэж ирэхэд нь энэ газар маргаантай газар эзэн нь тодорхойгүй гэсэн. Ер нь хаяг андуурсан байх магадлалтай гэж бодож байна. Хавтаст хэрэгтэй танилцахад нэхэмжлэгчийн ээжийнх нь паспортын ар талд нь Х гэсэн хаяг байсан. Тиймээс захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг юм уу гэсэн бодолтой байна гэв.
Хариуцагч А.Цгийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ саналыг тодруулахад анх Дд газрыг 2009 онд Ө аймгийн Засаг даргын захирамжаар өмчлүүлэхдээ миний эзэмшлийн газрыг хууль бусаар өмчлүүлсэн эсэхийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байгаа талаараа хүсэл зоригоо илэрхийлж байна. Мөн Х тоот хаяг өмнө нь тоот хаягтай байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа Х тоот хаяг буюу Оаас шилжээд Чгийн өмчилж авсан газартай давхцалтай байгаа гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч Л.Э******* хариуцагч Л.Б*******, А.Ц нарт холбогдуулан Ө аймгийн Дал*******гад сумын 2-р баг, Х тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 1046.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ө аймгийн Дал*******гад сумын 2-р баг, Хын тоотод байрлалтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046.2 м.кв газрыг миний ээж Д.Д хувьчилж авсан. Д.Д нь 2011 онд нас барсан бөгөөд миний бие 2013 онд өв залгамжлалаар шилжүүлэн авсан. Би 2003 оноос хойш гадаад улсад амьдарч, нутагтаа цөөн ирсэн бөгөөд ирэх үедээ тухайн газар дээр буусан айлд газар чөлөөлөх шаардлага тавихад зөвшөөрдөггүй. Иймд өмчийн эрхээ эдлэх шаардлагатай байгаа тул Ө аймгийн Дал*******гад сумын 2 дугаар баг, Хын тоот газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Л.Б*******, А.Ц нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Манайх энэ газарт 2000 онд нүүж ирэхэд ямар ч хашаагүй, хог, элсэнд дарагдсан газар байсан. Газрын хаяг Хын тоот байсан бөгөөд 2007 онд газрын өөрчлөлтөөс болж Хын тоот болсон. 2010 онд газраа хөөцөлдөж өргөдөл өгсөн боловч тухайн үеийн газрын дарга Багахүү өргөдлийг хойш тавьж хүний газар гээд гэрчилгээ олгоогүй. Уг газрын эзэд нь бидэнд бэлэглэж өгсөн” гэж эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт, газрын холбогдох баримтууд зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ө аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 774 дугаар захирамж, түүний хавсралтад зааснаар иргэн Дын Дд Хын 2-р баг, тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, 1046.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн байна.
Ө аймгийн Дал*******гад сумын 2-р баг, Х тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 1046.2 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Т******* нар овогт Л*******гийн Э******* болохыг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дугаарт бүртгэж, дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-22/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсон ба Ө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 57 тоот шинжээчийн дүгнэлтэд “Ө аймгийн Дал*******гад сумын 2-р баг, Хын тоот хаягт очин хэмжилт хийхэд газрын кадастрын хэмжээ болон гэрчилгээнд заагдсан газрын хэмжээтэй таарч байсан. Хэмжилт хийх үед хашаанд 3 айлын гэр байсан ба иргэн Л.Б*******, А.Ц, н.Угтахбаяр нар уг хаяг дээр амьдарч байсан. Тухайн хаяг дээрх газар кадастрын зургаар тохирч байсан мөн Дал*******гад сумын газрын даамал З.Маас хаягийн болон газрын давхцал байгаа эсэхийг тодруулахад давхцал илрээгүй” гэжээ.
5. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй ба нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэхийг хариуцагч нараас шаардсан байх бөгөөд хууль бус эзэмшил эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж өмчлөгчийн өөрийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхийг хамгаалсан шаардах эрхийг хуульчилжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.
7. Хариуцагч талаас тухайн газарт 2000 онд нүүж ирсэнээс хойш эзэмшиж байгаа тул газрын эзэмшил хууль ёсны гэж маргаж байна.
8. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, эрхийг шилжүүлэх, дуусгавар болох харилцааг зохицуулсан ба тухайлбал, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх” бөгөөд мөн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.
Хариуцагч А.Ц нь “...тухайн үед айлын хашаанд амьдарч байгаад уг газарт айлгүй байсан учраас 2000 онд нүүж ирсэн. 2006 онд газраа өмчилж авах өргөдөл өгсөн боловч 2 жилийн дараа буцааж өгсөн. Түүнээс хойш сураглахад эзэнтэй газар гэсэн. Тэгээд сүүлд газрын албанд очиход Д гэдэг хүний газар байна гэсэн. ...Мөн бидэнд газрын эзэд нь бэлэглэсэн” гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх баримт, гэрээ, хэлцэл авагдаагүй, хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.
9. Түүнчлэн, гэрч С.Цгийн шүүхэд өгсөн “...Би өмнө нь Хын тоот хаягт 1993-1999 оны хооронд амьдарч байгаад 1999 онд нүүсэн. ...Эргээд ирэхэд Хын тоот хаягт Л.Б*******, А.Ц нар амьдарч байсан. Манайхыг Хын тоотод амьдарч байхад Д.Дгийнх Хын тоотод амьдарч байсан. Одоо манайх Хын 12-13 тоотод амьдардаг. Манай хуучин хаяг Хын тоот хаяг болж өөрчлөгдсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Цгийн “...Л.Б*******, А.Ц нар Хын тоотод 20 гаруй жил болсон байх. Эзгүй газар дээр А.Ц, Л.Б******* нар буусан. Өмнө нь тоот хаягтай байсан. Д.Дгийнх тоотод амьдардаг байсан” гэх мэдүүлгүүд нь хариуцагч нарыг маргаан бүхий газарт оршин сууж байгааг нотолж байх боловч тэдэнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар өмчлөх, эзэмших эрх үүссэн эсэх талаар нотлохгүй байна.
10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заажээ. Хариуцагч нарын эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба түүнчлэн өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу газрыг эзэмшиж байгаа эсэхийг баримтаар нотлоогүй.
Өөрийн хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг нь эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байна.
11. Хариуцагч А.Цгийн өмгөөлөгч Н.Гарьдхүү “...Миний үйлчлүүлэгч анх 2009 онд Д.Дд Ө аймгийн Засаг даргын захирамжаар газрыг өмчлүүлэхдээ миний эзэмшлийн газрыг хууль бусаар өмчлүүлсэн эсэхийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн Х тоот хаяг өмнө нь тоот хаягтай байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа Х тоот хаяг буюу Оаас шилжээд Чгийн өмчилж авсан газартай давхцалтай байна” гэж тайлбарладаг.
Хариуцагч нар нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.Э*******ыг бүртгэсэн бүртгэл үндэслэлтэй эсэх талаар маргаж өөр шүүхэд өөр хэрэг, маргаан үүсгэн шалгагдаж байгаа баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий газарт хаягийн болон газрын давхцал илрээгүй, кадастрын зургаар тохирч байсан талаар тусгагдсан болно.
12. Иймд нэхэмжлэгч Л.Э******* нь газрын өмчлөгч мөн болох нь, уг газар нь бусдын хууль бус эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул тэрээр газрыг шаардах эрхтэй байна.
13. Шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны оролцогчдод үр нөлөөтэй байх зорилгын хүрээнд, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох талаар хуульд заасан зохицуулалтыг хэрэглэхгүй байх, түүнчлэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ө аймгийн Дал*******гад сумын 2-р баг, Х тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1046.2 м.кв газрыг хариуцагч Л.Б*******, А.Ц нарын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б*******, А.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Э*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН