Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1909

 

С.Н-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01869 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ӨФ” ХХК-д холбогдох

Гэрээний төлбөрт 39.895.000 төгрөг, хохиролд 22.465.356 төгрөг, нийт 62.369.536 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингисийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин С.Н- нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Гариг Констракшн” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50,5 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий байрыг 39.895.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалах онцгой гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг тухайн өдөр нь бүрэн төлж дуусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд “ӨФ” ХХК нь эрүүгийн хэрэгтэй холбоотой янз бүрийн шалтаг гаргаж 50,5 метр квадрат орон сууцыг захиалагч С.Н-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байх тул 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 9/3 тоот грээний дагуу Монтед 84 айлын орон сууцны 10 дугаар давхарын В загварын 50,5 мкв 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байсан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа С.Н- нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Гариг Констракшн” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50,5 метр квадрат талбайтай 2 өрөө байрыг 39.895.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалах онцгой гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч компанийн зүгээс гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр шүүхийн шатанд маргалдаж байх хугацаанд манай захиалсан байрыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Иймд урьдчилгаанд төлсөн төлбөр 39.895.000 төгрөг, хохиролд 22.465.536 төгрөг нийт 62.369.536 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. С.Н- нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Гариг констракшн” ХХК-тай Сүхбаатар дүүргийн  9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50,5 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий байрыг 39.895.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалах онцгой гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь уг байрыг авахдаа өөрийн эзэмшлийн 4210033515 тоот 13 хувийн хүүтэй Худалдаа хөгжлийн банкан дахь хадгаламжийн данснаасаа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, мөн өдрөө 19.895.000 төгрөгийг “Гариг констракшн” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалах онцгой гэрээний дагуу орон сууцны төлбөр төлөхөөр 39.895.000 төгрөгийг данснаасаа авч гариг “Гариг констракшн” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. 4 жилийн турш “ӨФ” ХХК нь эрүүгийн хэрэгтэй холбоотой янз бүрийн шалтаг гаргаж 50,5 метр квадрат орон сууцыг захиалагч С.Н-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр шүүхийн шатанд маргалдаж байх хугацаанд манай захиалсан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 39.895.000 төгрөгөө өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр cap хүртэлх хугацаанд буюу 46 сарын хугацаанд нэг жилийн 13 хувийн хүүтэй Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжинд хадгалж байсан бол хүү нь 19.881.000 төгрөг, хүүгийн хүү 2.584.518 төгрөг, нийт 62.369.536 төгрөг болох байсан учир уг мөнгөө хохиролд тооцон нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “ӨФ" ХХК нь 2016 онд Монтед-84 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд “Гариг констракшн” ХХК, захирал Д.Мөнхтөртэй 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №09 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 1.2-т зааснаар захиалагч “Гариг констракшн" ХХК нь 40,8 мкв - 81,4 мкв хүртэл талбайтай нийт 10 ширхэг байрыг /526,2 м.кв/ 1м.кв-ийг нь 1.200.000 төгрөгөөр тооцож, нийт 63.144.000 төгрөгийг захиалга хийсэн билээ. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Гариг констракшн” ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №09 дугаартай гэрээг үндэслэн 9/03 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг С.Н-тай /АГ84040608/ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай гудамж 431а, 432б, 433a тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр блок байрны 50,5 мкв, 2 өрөө байрыг захиалсан гэрээг байгуулсан. Гэвч “Гариг констракшн" ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №09 дугаартай гэрээг тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тул үндсэн гэрээг цуцалсан. “Гариг констракшин” ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ цуцлагдсан учраас 9/03 дугаартай гэрээний захиалагч С.Н-д гэрээ цуцлагдсан болохыг албан ёсоор 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай" албан бичгээр мэдэгдсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Гариг констракшн" ХХК-аас гэрээг цуцалж байгаатай холбогдуулан “Өнгөтфасат” ХХК-ийн Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 4 дүгээр давхарын В загварын 50,5 метр кв талбайтай 2 өрөө байр, 10 давхарын В загварын 50,5 метр кв талбай бүхий 2 өрөө байрнуудын (төлбөрийг Хаан банк Д.Мөнхтөр 5025360800 тоот дансанд шилжүүлэхийг хүссэн албан бичиг ирсний дагуу дээрх дансанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 28.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 28.000.000 төгрөг, нийт 56.000.000 төгрөгийг “Гариг контракшн” ХХК, захирал Д.Мөнхтөрд буцаан шилжүүлсэн байдаг. Энэ тухай нэхэмжлэгч С.Н-д утсаар мэдэгдэж таны байрны захиалгын мөнгийг “Гариг констракшн” ХХК, Д.Мөнхтөрд шилжүүлсэн бөгөөд очиж авахыг сануулахад Д.Мөнхтөртэй уулзан мөнгөө авахаар болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэх “Өнгөтфасат” ХХК нь нэхэмжлэгч С.Н-ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдагдсан байх тул “Өнгөтфасат” ХХК нь хариуцагч биш бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан жинхэнэ хариуцагч биш болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨФ” ХХК-аас 39.895.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 22.474.536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /357.500+112.500/ 470.000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ӨФ” ХХК-аас 357.425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Гариг констракшн" ХХК болон “Өнгөтфасат" ХХК-ийн хооронд байгуулсан №09 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.3-т “...байрны 1м.кв-ын үнийг 1.200.000 төгрөг...” байхаар тохиролцсон бөгөөд уг гэрээг үндэслэн С.Н-тай №09/03 дугаартай гэрээг байгуулсан ба тус гэрээнд 1 м.кв-ын үнийг тогтоогоогүй байгаа нь үндсэн гэрээ болох №09 дугаартай гэрээний үнээр буюу 1 м.кв-ын үнийг 1.200.000 төгрөг болох нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдож байна. Гэвч “Гариг констракшн” ХХК нь С.Наранцаралтай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №1 блок “орон сууц захиалах онцгой гэрээ” гэх гэрээг байгуулан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 790.000 төгрөгөөр байхаар С.Н-тай тохиролцжээ. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №09, 2016 оны 6 дугаар сарын 02- ны өдрийн №09/03 дугаартай “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдээр орон сууц захиалгын үнийг тогтоох эрхийг “Гариг констракшн” ХХК-д олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй байхад “Гариг констракшн” ХХК болон С.Наранцаралт нарын хооронд байгуулсан орон сууц захиалах онцгой гэрээний үүргийн гүйцэтгэлийн “Өнгөтфасат" ХХК-аас шаардаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. "Өнгөтфасат” ХХК болон “Гариг констракшн” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Харин захиалагч “Гариг констракшн” ХХК нь өөрийн захиалсан орон сууцны захиалагчийн эрхийг иргэн С.Наранцаацралд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэн С.Н- болон “Гариг констракшн” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Тухайн гэрээнд захиалагч тал гэдэг хэсэгт С.Н-т болон “Гариг констракшн” ХХК нар нь гарын үсэг зурсан байгаагаар нотлогдоно. Гэтэл ажил гүйцэтгэгч гэрээний 2 захиалагч нь хоорондоо орон сууц худалдах, худалдан авах талаар тохиролцож орон сууц захиалах онцгой гэрээ гэх гэрээг байгуулан өөрсдөө орон сууцны үнийг тогтоогоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр ажил гүйцэтгэх гэрээний захиалагч “Гариг констракшн” ХХК нь захиалагчийн эрхээ дангаараа гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ ашиглалтанд ороогүй байсан орон сууцны захиалгын үнийг бууруулан байгуулсан гэрээний /Орон сууц захиалах онцгой гэрээ/ үүргийг “Өнгөтфасат” ХХК хариуцахгүй. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж дүгнэсэн атлаа “Гариг констракшн” ХХК болон С.Н- нарын хооронд байгуулсан орон сууц захиалах онцгой гэрээ буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэснээр арилжааны гэрээний үүргийг ажил гүйцэтгэгч буюу “Өнгөтфасат” ХХК-ийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болж чадаагүй байна. Мөн нэхэмжлэгч С.Н- нь №1 орон сууц захиалах онцгой гэрээний 2.1, 2.2-т зааснаар тус гэрээний үүрэг болох 50,5 м.кв 2 өрөө орон сууцны нийт үнэ гэх 39895000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Гариг констракшн" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 46101142 дугаар дансанд төлсөн /хх-ийн 10 дахь тал /, тус гэрээний хавсралтад нэхэмжлэгч С.Н-ыг гэрээний үүргээ гүйцэтгэж 39.895.000 төгрөгийг “Гариг констракшн” ХХК-д шилжүүлсэн болохыг нотолсон баримтыг гараар бичиж гэрээнд хавсаргасан /хх-ийн 9 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч С.Н-ыг №1 орон сууц захиалах онцгой гэрээний үүргийг “Гариг констракшн” ХХК-д гүйцэтгэсэн болохыг, харин “Өнгөтфасат” ХХК-тай байгуулсан 09/03 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг гүйцэтгээгүй болохыг нотлох санхүүгийн баримтууд байсаар байтал С.Н- болон “Гариг констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2 талт гэрээний үүргийг “Өнгөтфасат” ХХК-д хариуцуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

     Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Н- нь хариуцагч “ӨФ” ХХК-д холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 39.895.000 төгрөгөө 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр cap хүртэлх 46 сарын хугацаанд нэг жилийн 13 хувийн хүүтэй Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжинд хадгалж байсан бол хүү нь 19.881.000 төгрөг, хүүгийн хүү 2.584.518 төгрөг, нийт 62.369.536 төгрөг болох байсан учир уг мөнгөө хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд нэг талаас ажил гүйцэтгэгч “ӨФ” ХХК, нөгөө талаас захиалагч болох этгээд буюу С.Н-, “Гариг констракшн” ХХК- тай орон сууц захиалах, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 9/3 дугаартай гэрээг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, уг гэрээгээр “ӨФ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц, 10 давхрын 50,5 м.кв талбай бүхий орон сууцыг барьж С.Н-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд мөн өдөр 1 блок тоот орон сууц захиалах онцгой гэрээг нэхэмжлэгч нь “Гариг констракшн” ХХК-тай байгуулж, тухайн өдөр 2 өрөө буюу 50,5 м.кв талбайн нийт үнэ 39.895.000 төгрөгийг “Гариг констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 471011142 дугаар дансаар төлсөн ба орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй болох нь үйл баримт тогтоогдсон / хх-ийн 5-8 / байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах  гэрээ байгуулагджээ.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн “Гариг констракшн” ХХК-тай тохиролцсон үнийг  эс зөвшөөрч гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнг буцаан “Гариг констракшн” ХХК-д шилжүүлсэн нь Сүхбаатар дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00233 дугаар шийдвэр, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00737 дугаар тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол зэрэг үйл баримтыг  шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 12-25, 53, 54 / Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

 Хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар хариуцагч “ӨФ” ХХК нь тус 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Р.Сайнтуяад шилжүүлсэн учраас үүрэг биелэгдэх боломжгүй болжээ. / хх-ийн 90-93 /

Нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчил гаргаагүй ба хариуцагчид 39.895.000 төгрөгийг дансаар шилжүүлснээ нотолсон бол “ӨФ” ХХК 39.895.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар орон сууцны төлбөрт хариуцагчид шилжүүлсэн 39.895.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Харин нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд шаардсан 22.474.536 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд С.Н- давж заалдах гомдол гаргаагүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22.474.536 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ӨФ” ХХК-аас 39.895.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  нийцэх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01869 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1” гэснийг “хасч” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 357.425 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                                 Н.БАТЗОРИГ