Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 198

 

                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                               А.Энхтуяа

 Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Мэргэнбайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000000112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн 1989 оны 08 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор жолооч мэргэжилтэй, ам бүл 2 хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Булгийн тохой 1 дүгээр гудамж 23 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяагүй, урьд ял шийтгэлгүй Молк овогт Аманхаан Мэргэнбай, /РД:МТ-89082817/

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.Мэргэнбай нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд Ж.Бат-Эрдэнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Мэргэнбайгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед Аскарын хамт Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Залуус нэртэй баарлуу орсон бөгөөд баар руу ороод бид хоёр боргио нэртэй нэг нэг лааз пиво аваад уугаад сууж байхад гаднаас Бат-Эрдэнэ, Серёжа хоёр орж ирээд Охь нэртэй архи аваад суусан. Тэр хоёрын авсан архийг Бат-Эрдэнэ, Серёжа, Аскар бид дөрөв хувааж уусан. Тэр үед Бат-Эрдэнэ архи уугаад сууж байхдаа Аскар бид хоёрыг хасаг гээд хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би Бат-Эрдэнэд хандаж чи хүнийг ингэж доромжилж болохгүй шүү гэж хэлээд босч яваад өөр ширээнд суусан. Нэг харсан чинь Аскар, Бат-Эрдэнэ хоёр байхгүй байхаар нь гараад харсан чинь тэр хоёр зууралдаад зогсож байхаар нь би очсон чинь Аскар Бат-Эрдэнийг хавсраад унагаачихсан. Тэр үед Бат-Эрдэнэ Аскарыг цохих гээд байхаар нь би Бат-Эрдэнийн нүүрлүү нэг уаа өшиглөсөн чинь Бат-Эрдэнэ баруун талын нүд хэсгээс нь цус гараад байхаар нь Бат-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан ийм л зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

Хохирогч Ж.Бат-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Залуус нэртэй бааранд ах Серёжатай хамт ороод Охь нэртэй 0.75 граммын архи аваад уугаад сууж байхад Мэргээ, Аскар хоёр миний сууж байсан ширээн дээр ирээд юм яриад сууж байсан. Тэгээд удаач үгүй Серёжа ах явлаа гээд яваад өгсөн. Би тэр хоёртой юм яриад сууж байхад Мэргээ чи манай ахтай юу яриад байгаа юм гээд хэрүүл хийх гээд байхаар нь би явлаа гээд Залуус баарнаас гараад зогсож байхад араас Аскар, Мэргээ хоёр гараад ирсэн. Тэгээд би Аскартай хэрүүл маргаан үүсгэж байгаад Аскарыг нэг удаа шанаа руу нь цохисон чинь Аскар намайг хавсарч унагаагаад тэр үед миний зүүн талын нүд рүү Мэргээ өшиглөсөн. Тэгээд миний нүднээс цус гарахаар нь би эмнэлэг рүү явж оёдол тавиулж боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

Гэрч Д.Мөнхцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед намайг Сэргэлэн мини маркет дэлгүүрт ажил дээр байхад манай дэлгүүрийн гадаа хүмүүс чанга чангаар яриад байхаар нь гарсан чинь нэг залуу манай дэлгүүрийн цонхыг налаад зогсож байсан. Тэр үед Мэргээ гэдэг залуу нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Мэргээ нь би цохисон би зодсон гээд орилоод 2 гараа өргөөд яваад байсан. Нөгөө залууг нь харсан чинь Бат-Эрдэнэ гэдэг залуу байсан. Бат-Эрдэнийн нүүрнээс нь цус гарсан байсан. Яг хаанаас нь цус гарч байсныг би хараагүй. Тэр үед Бат-Эрдэнийг нэг жижиг машинтай эмнэлэг рүү аваад явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/

            Гэрч Т.Эрдэнэчимэгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цаг 05 минутанд хүнд зодуулаад нүд уначихлаа гэж Бат-Эрдэнэ нь ирсэн. Тэгээд Бат-Эрдэнийн биед үзлэг хийхэд баруун нүд нь хавдаж цус гарсан байдалтай байхаар нь шархыг нь цэвэрлээд зовхины дээд талд 4 оёдол тавиад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яаралтай явуулсан. Амнаас нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

            Гэрч Г.Батсүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мэргэнбай, Анар хоёрыг танина. Мэргэнбай Анар нарын хувьд 2-лаа нийтэч хүмүүстэй ямар нэгэн зан авир гаргаад байдаггүй дажгүй залуучууд байгаа юм. Мэргэнбай нь төлөв даруу сайн залуу. Харин Анар нь архи уух дуртай архины хамааралтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

             Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №15045 дугаартай:

            “1.Ж.Бат-Эрдэнийн биед баруун нүдний дээд, доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/

            Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 38-39 дүгээр тал/

            Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/

            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Захирагчийн албаны тодорхойлолт /хх-ийн 42-45 дугаар тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/

            Банкуудын лавлагаа /хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг болно.

                       

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

        Шүүгдэгч А.Мэргэнбай нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд Ж.Бат-Эрдэнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 12-13/, гэрч Д.Мөнхцэцэгийн /хх-ийн 14/, гэрч Т.Эрдэнэчимэгийн /хх-ийн 16/, гэрч Г.Батсүхийн /хх-ийн 17-18/ мэдүүлгүүд болон шинжээчийн 15045 тоот дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мэргэнбайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч А.Мэргэнбайг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч А.Мэргэнбайд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.

        Хохирогч Ж.Бат-Эрдэнээс Прокурорын хяналтын шатанд хэргийн материалтай танилцаад шүүгдэгч А.Мэргэнбайгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тайлбар бичсэн байгаад үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

   Шүүгдэгч А.Мэргэнбай нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Мэргэнбайн ажил төрөл эрхэлдэггүй байдал, ар гэр хувийн байдал, өөрийнх нь хүсэлтийг харгалзан түүнд оногдуулсан торгуулын ялыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор  төлөхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Молк овогт Аманхааны Мэргэнбайг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Молк овогт Аманхааны Мэргэнбайд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Мэргэнбайд оногдуулсан торгуулын ялыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор  төлөхийг үүрэг болгосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Мэргэнбай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

           5.Ялтан А.Мэргэнбай нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           6.Ялтан А.Мэргэнбайд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ

.