Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/95

 

                                                             Б.Г, О.Х, Б.С, Ч.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,

шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, Б.С, шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарт холбогдох 2102 00373 0129 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. С овгийн Б-н Г, ................... . оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .............../; 

2. Н овгийн О-н Х, .........................../РД: ......................../;  

3. М овгийн Б-н С, ........................../РД: ..................../;  

4. Х овгийн Ч-н Н, ............................../РД: ............................/;  

Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу “У” УТҮ  газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.Х, Ч.Н, Б.С нартай бүлэглэн, удирдан зохион байгуулж, ...........дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус үйлдвэрийн газрыг төлөөлж “Г Б Л” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “УМЭ, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай ............_01/ дугаартай гэрээ байгуулж, гэрээний харилцаанд захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцохдоо 13 нэр төрлийн 16 ширхэг тоног төхөөрөмжийг 200.000.000 төгрөгөөр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний хооронд нийлүүлэх үүрэг хүлээсэн нийлүүлэгч тал болох “Г Б Л” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэлийг О.Х, Ч.Н, Б.С нарт өгч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дүгнэсэн акт болон бараа үйлчилгээ хүлээн авсан акт зэргийг үйлдүүлж, улмаар дээрх анхан шатны баримтад үндэслэн “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 9.12-т заасан “Төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно...” гэснийг зөрчиж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт 88.090.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч О.Х нь ........ дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “УМЭ, ариун цэврийн төв лаборатори” УТҮ  газарт .......... даргаар ажиллаж байхдааБ.Г, Ч.Н, Б.С нартай бүлэглэж, тус үйлдвэрийн газар болон “Г Б Л” ХХК-ийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “УМЭ, ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай .................. дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа Б.Г-н өгсөн үүргийн дагуу 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, “УМЭ АЦТЛ” УТҮ  газрын захирал Б.Г нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт 88.090.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

шүүгдэгч Б.С нь ........ дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “УМЭ АЦТЛ” УТҮ  газарт ..................... эмчээр ажиллаж байхдаа Б.Г, Ч.Н, О.Х нартай бүлэглэж, тус үйлдвэрийн газар болон “Г Б Л” ХХК-ийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “УМЭ АЦТЛ-н багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай ....................... дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа Б.Г-н өгсөн үүргийн дагуу 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, “УМЭ АЦТЛ” УТҮ  газрын захирал Б.Г нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний нийт үнийн дүн болох 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт 88.090.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

шүүгдэгч Ч.Н нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “УМЭ АЦТЛ” УТҮ  газарт чанарын менежерээр ажиллаж байхдаа тус үйлдвэрийн газар болон “Г Б Л” ХХК-ийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “УМЭ АЦТЛйн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай ..............1) дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, тухайн анхан шатны баримтад үндэслэн “УМЭ АЦТЛ” УТҮ  газрын захирал Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний үнийн дүн болох 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, улсын төсөвт 88.090.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.Х, Б.С, Ч.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Салдан овгийн Б.Г, О.Х, Б.С, Ч.Н нарыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х, Б.С, Ч.Н нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Г, О.Х, Б.С, Ч.Н  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Г, О.Х, Б.С, Ч.Н нарыг тэнсэж, хянан харгалзсан байдал, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах байдлаар гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Б.Г нь МЭЕГ-н харьяа УМЭТЛ-н захирлаар ажиллаж байхдаа байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд Төсвийн тухай хууль ба Засгийн Газрын тогтоолыг зөрчсөн үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бөгөөд хор уршиг нь нийгэмд үүсээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Мөн түүнчлэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорио, улс орны хил гаалийн бүс, импорт, экспортын үйл ажиллагаанд хорио цээр тогтоосон зэрэг үйл явдлаас шалтгаалсан болохыг шийтгэх тогтоолд дурдсан. Цаг үеийн байдал нь хэрхэн нөлөөлсөн болохыг гэрч Ц.Л нь хэргийн болсон нөхцөл байдлын талаар бүх мэдээллийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн байдаг. Нэгэнт гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар бүхий хохирол, хор уршиг учраагүй байхад гэм бурууд тооцон ял оноож байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу гэм буруугийн хэлбэр нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх зарчмыг зөрчиж байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд заасан. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүйн улмаас үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Намайг шүүхээс “... Б.Г нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн анхан шатны баримтад үндэслэн 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж... үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран, хамжиж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Шүүхийн энэ шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал: Лабораторийн захирал Б.Г нь 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн мэтээр акт үйлдүүлж гарын үсэг зуруулаагүй. Энэ актад гарын үсэг зурахдаа ерөнхий эмч Цэрэнчимэдээс асууж тодруулж байж гарын үсэг зурсан. Актыг нягтлан Золзаяа бэлдэж ирсэн. Гарын үсэг зурсан гэдгээрээ буруутан болж байгаад гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдэх сэдэл огт байгаагүй. Улсад учруулаад байгаа гэх 88.090.500 төгрөгөөс нэг ч төгрөгийг хувьдаа аваагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж байгаад гайхаж байна. Эрүүгийн хуулийн гол зарчим нь “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад намайг хамтран, хамжиж оролцсон гэж яллаад байгаад санал нийлэхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ” гэж хуульчилсан. Гэтэл хэргийн оролцогч нарын хэн аль нэг нэгэндээ урьдчилан амлаагүй, хэн нэгнээ гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлээгүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Бид болон би хэнээс ч амлалт аваагүй хэнээс ч мөнгө аваагүй, захирлын тулган шаардалт, үүрэг даалгавар аваагүй байхад яллаж байгаад гомдолтой байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн ерөнхий эмч Ц-с асууж, засварт зориулсан мөнгө гэдгийг мэдэж гарын үсэг зурсан. Энэ мэдүүлгээ анхнаасаа ч нэг байр суурьтай өгсөн. ... Гэтэл яагаад бид нэгнээ хамжин дэмжээд захирлын үүрэг даалгавраар их хэмжээний хохирол улсад учруулсан гэж байгаад гомдолтой байна. Улсад их хэмжээний хохирол учруулсан зүйл байхгүй бөгөөд байгууллага төлөөлсөн төлөөлөгч “гомдолгүй” гэж хэлсэн. Анхан шатны шүүх нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүдийн үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв

Шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Ч.Н нь “УМЭ АЦТЛ” улсын үйлдвэрийн газарт чанарын менежерээр ажиллаж байсан бөгөөд бараа материал хүлээн авах ажлын хэсэгт ороогүй, ажлын байрны тодорхойлолтоор яг ямар ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхой заагдсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “УМЭ АЦТЛ-н тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай гэрээг дүгнэсэн баримт дээр гарын үсэг зурсан асуудлаас болж улсын төсөвт 88.090.500 төгрөгийн хохирол учруулсан гэж шууд үзэж болохгүй юм. Ч.Н болон бусад гэрч ямар учраас яагаад тухайн гэрээ дүгнэсэн баримтад гарын үсэг зурсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хурал дээр тодорхой мэдүүлдэг. Хэсэг хүмүүсийн зохион байгуулсан асуудлаас, хайхрамжгүй байдлаас болж гарын үсэг зурсан нь тодорхой юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг нь дэлхий нийтийг хамарсан цар тахалт халдварт өвчин, хөл хорио, улс орны хил гаалийн бүс импорт, экспортын үйл ажиллагаанд хорио цээр тогтоосон үйл явдалтай холбоотойгоор биелэгдээгүй. Гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлөөгүй бол өнөөдрийн асуудал өөр байх байсан. ... Ч.Н нь ажил үүргийн хувьд нийтийн албан тушаалтан биш бөгөөд энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн түүнийг урьдчилан амлан бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй атал шүүх хийсвэр дүгнэлт хийсэн.

Иймд Ч.Н нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй” гэсэн бөгөөд гэмт хэрэг нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, хорио цээрийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар гарсан гэж дурдсан боловч эдгээр нь гэмт хэрэг гарахад хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой дурдаагүй. 88.090.500 төгрөгт бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гэсэн 2 агуулга байгаа мэт харагдаж байх ба энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой ялгаж өгөөгүй, зөвхөн нийлүүлээгүй гэж үзсэн учир шүүгдэгч нар өөрсөддөө материаллаг зүйлээр ашигтай байдал бий болгосон мэт харагдаж байна. Тухайн тоног төхөөрөмжийг гадны мэргэжилтэн ирж шалгаж үзсэний дараа нийлүүлэх үйл ажиллагаа явагддаг гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Үйлдэл байгаа боловч гэм хор учраагүй. Өөрөөр хэлбэр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэснийг харгалзан үзэх нь зүйтэй. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон. Ерөнхий захирал Б.Г-н үүрэг даалгавраар гарын үсэг зураагүй. Шүүгдэгч нарын гарын үсэг зурсан актыг шүүгдэгч нар бэлтгээгүй бөгөөд нягтлан бодогч бэлтгэж шүүгдэгч нараар гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч гарын үсэг зурахдаа хэн нэгний шаардлагаар зураагүй, хэн нэгнээс урьдчилсан амлалт аваагүй бөгөөд улсад хохирол учруулаагүй. Б.С-д гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго огт байгаагүй атал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед дэлхий даяар цар тахалтай холбоотой нөхцөл байдал үүссэн байсан тул тоног төхөөрөмж засварлах хугацаа хойшилсон. Иймд Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд гомдолтой байна. Тухайн үед ажил тарах гэж байсан бөгөөд цаас, баримт бариад ороод ирэхэд нь ойлгож, мэдэлгүй гарын үсэг зурсан. Түүнээс санаатайгаар гарын үсэг зураагүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан байна. 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 88.090.500 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг аваагүй байж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан мэтээр санхүүжилт бүрэн олгосон нь Эрүүгийн хуульд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Хэдийгээр шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “энэ нь тоног төхөөрөмж биш, засварын хөлс юм” гэж тайлбарлаж байгаа ч хавтас хэрэгт 13 төрлийн бараа бүтээгдэхүүнийг авсан баримт байгаа. Сангийн сайдын баталсан Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах тухай журмын 9.12 дугаар зүйлд “төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэл хийгдсэний дараа санхүүжилтийг олгох байтал бараа бүтээгдэхүүн ирээгүй байхад ирчихсэн мэтээр баримт бүрдүүлсэн нь тухайн аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзнэ. Иймд давж заалдах гомдлууд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос Б.Г-г “УМЭ АЦТЛ” захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.Х, Ч.Н, Б.С нартай бүлэглэн, удирдан зохион байгуулж, тус үйлдвэрийн газрыг төлөөлж “Г Б Л” ХХК-тай багаж тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, тус компани гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх чиглэлийг О.Х, Ч.Н, Б.С нарт өгч, гэрээ дүгнэсэн акт болон бараа үйлчилгээ хүлээн авсан акт зэргийг үйлдүүлж, улмаар дээрх анхан шатны баримтад үндэслэн “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 9.12-т заасан “Төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно...” гэснийг зөрчиж, гэрээний нийт үнийн дүн болох 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт 88.090.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

УМЭ АЦТЛ” УТҮ  газарт О.Х нь Захиргаа, санхүү, хангалтын албаны даргаар, Б.С нь Эм урвалж, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн, малын их эмчээр, Ч.Н нь чанарын менежерээр ажиллаж байхдаа бүлэглэн, тус үйлдвэрийн газар болон “Г Б Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан “УМЭ АЦТЛйн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай гэрээг дүгнэж, тоног төхөөрөмж хүлээн авахдаа Б.Г-н өгсөн үүргийн дагуу 3 нэр төрлийн 88.090.500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байхад, хүлээн авсан мэтээр гэрээ дүгнэсэн акт, бараа үйлчилгээ хүлээлцсэн акт зэргийг үйлдэж, захирал Б.Г-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 200.000.000 төгрөгийг “Г Б Л” ХХК-д бүрэн олгож, тус хуулийн этгээдэд давуу байдал бий болгон, улсын төсөвт 88.090.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үлдэх нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хэмээн О.Х, Б.С, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан шүүх шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

ШүүгдэгчБ.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарын үйлдэлд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Г нь “УМЭ АЦТЛ” УТҮГ-т захирлаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн газрыг төлөөлж тендерт шалгарсан “Г Б Л” ХХК-тай багаж тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулжээ.

Уг гэрээний дагуу “Г Б Л” ХХК нь багаж тоног төхөөрөмжийг нийлүүлсэн боловч радио давтамжийн үүсгүүр, үүсгүүр солих хэрэглэгдэхүүн, радио давтамжийн цахилгаан хангамж зэрэг 3 нэр төрлийн тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн ба тухайн дутуу тоног төхөөрөмжүүдийг хэзээ оруулж ирэх, угсрах, ажиллагаанд бэлэн болгох асуудал нь нийлүүлэгч талын гүйцэтгэвэл зохих ажиллагааны хэсэг юм.

Гэтэл нийлүүлэгч тал болох  “Г Б Л” ХХК нь дэлхий дахинд тархсан цар тахлын, түүнтэй холбоотой улсын хилийн хориг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх болон түүнийг угсрах, оношилж, засварлаж, бүрэн ажиллагаанд оруулах ёстой мэргэжилтнүүдийг авчрах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Ц.Л-н “... Манай компани уг тендерт шалгарсан. ... Гэрээнд 200.000.000 төгрөгийн 13 нэр төрлийн 16 бүтээгдэхүүн нийлүүлэхээс одоо радио давтамжийн үүсгүүр, радио давтамжийн үүсгүүр солих хэрэглэгдэхүүн, үүсгүүрийн цахилгаан хангамж зэрэг 3 ширхэг бүтээгдэхүүнийг оношилж, засварлаж, бүрэн ажиллагаанд оруулах ёстой байгаа. Энэ ажлыг өнөөдрийг хүртэл яагаад хийж амжаагүй вэ гэхээр уг төхөөрөмж нь АНУ-ын төхөөрөмж бөгөөд үүнийг засварлахын тулд БНХАУ-д байдаг гэрээт үйлдвэрлэгч компаниас мэргэжилтэн авч ирж оношлуулан засварлуулах ёстой. Гэтэл ковидоос шалтгаалан хятадаас мэргэжилтэн ирэх боломжгүй учир дотоодоос буюу “IMED” ХХК-иас мэргэжилтэн урьж оношлуулахаар болсон. Гэтэл УМЭ АЦТЛ нь радио давтамжийн үүсгүүрийг суурилуулаагүй, 380 вольтын тогийг өрөө лүүгээ татаагүй байсан. ... Тухайн үед 2020 оны эцэс болж байсан тул тэр үеийн төв лабораторийн захирлаар ажиллаж байсан Г-т “оны эцэс болж байгаа учраас төлбөр буцаагаад татчихдаг, түүнээс өмнө мөнгөө бүрэн авч байя, бид олон жил хамтран ажиллаж байгаа тул ажлыг тань гүйцэд хийж өгнө” гэж хэлээд төлбөрийг бүрэн өгөхийг гуйсан. ...” /1 хх 171-173/ гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.  

Нийлүүлэгч компаниас дээрх үлдэгдэл 3 тоног төхөөрөмжийг нийлүүлж амжаагүй байхад 2020 оны тайлангийн жил дуусаж байсан бөгөөд төрийн сан үлдэгдэл төлбөрийг буцаан татах эрсдэл үүссэн тул нийтийн эрх ашгийн төлөө дээрх 3 тоног төхөөрөмжийг хүлээн авсан баримт бүрдүүлж, бараа үйлчилгээ хүлээлцэх акт /2 хх 68-70/ болон гэрээ дүгнэсэн акт /2 хх 67/ зэргийг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар удаа дараа мэдүүлсээр иржээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Х-н гэрчээр өгсөн “... бараа материал дутуу байсан учраас захирал Б.Г-той уулзаад асуутал “... үлдсэн зүйлээ хэзээ нийлүүлэх эсэхийг нь тодруулаад хугацаа алдалгүй нийлүүлэх боломжтой гэсэн хариу өгвөл гэрээнд заасан ажлуудаа хүлээн аваад тооцоогоо дуусга” гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр нь би “Г Б Л” ХХК-ийн захирал Л гэх хүнтэй холбоо бариад “үлдсэн 3 зүйлээ яах вэ” гэхэд “хятад руу захисан байгаа, ирэхээр нь оны өмнө тохируулаад өгье” гэж хэлсэн. ... “Г Б Л” ХХК-ийн захиралтай уулзах үед “... ковидтой холбоотой хятадаас инженерүүд ирэхгүй байна” гэж хэлдэг байсан. ...” /1 хх 115-116/,

Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... би ажлын хэсгийнхэнд “та нар тухайн компаниас хэзээ ажлыг хийж дуусгах талаар асууж ярилц, засварлах ямар боломж байна тодруул” гэж хэлсэн. Тухайн үед санхүүгийн жил дуусах гэж байсан тул санхүүжилтийг буцаан татуулахгүйн тулд О.Х-т “наад байгууллага чинь ажил үйлчилгээг бүрэн хийж чадах юм бол гэрээгээ дүгнэ” гэж хэлсэн. Үүний дагуу О.Х гэрээгээ дүгнээд бараа, ажил үйлчилгээг хүлээн авсан акт үйлдээд ороод ирсэн тул төлбөрийн шилжүүлэг хийх зөвшөөрөл олгосон. ...” /1 хх 143-144/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Н-н гэрчээр өгсөн “... Яагаад гэвэл оны эцэс болж байсан учраас мөнгө нь буцаагаад төрийн сан руу татагдчихаар мөнгө аваагүй байгууллага нь бараагаа нийлүүлэхгүй гэж бодоод аваагүй зүйлүүдээ авсан мэтээр акт үйлдчихсэн. ...” /1 хх 163/,

гэрч С.Ц-н “... “Г Б Л” ХХК нь тендер шалгарч, гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэх ёстой бараануудыг нийлүүлсэн. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор хил дээр бараа саатсан шалтгаанаар удсан байгаа. ...” /1 хх 147-149/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй ба албаны эрх ашгийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжгүй, мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан прокуророос Б.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ талаар гаргасан шүүгдэгчБ.Г, Б.С, шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчБ.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх болсон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, О.Х, Б.С, Ч.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,Б.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарыг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, Б.С, шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Б.Г, О.Х, Б.С, Ч.Н  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР