Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/102

 

                                                               С.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/841 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор С.Э-т холбогдох 2211 00284 0854 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн С-н Э, ....................... /РД: ......................../;  

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ........... дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр ............ улсын дугаартай “Тоёота эф жи круйзер” загварын тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг хадгалж, тээвэрлэн, байгаль экологи, амьтны аймагт 13.000.000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2-т зааснаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, амьтны аймагт 13.000.000 төгрөгийн хор уршиг, нийт 26.000.000 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-г нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11.000 нэгж буюу 11.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасныг баримтлан С.Э-с ноогдох хөрөнгөөс нийт 26.000.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн ........... улсын дугаартай “Тоёота эф жи круйзер” загварын 65.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хураан авч хохирол нөхөн төлүүлж, илүү гарсныг нь улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон “... С.Э нь “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг хадгалж, тээвэрлэсэн...” гэх хэргийн үйл баримтад ямар нэгэн байдлаар маргаангүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотлох”-оор заасан. Хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч С.Э нь бөөгийн шашны улаач буюу бөөгийн зан үйлийг 2011 оноос хойш хийж байна. 2013-2014 онд түүнд бөөгийн зан үйл хийж өгсөнд талархаж, нэр бүхий эхнэр, нөхөр хоёр мөнгөн аяга болон хэрэгт хураагдсан цоохор ирвэсийн толгой, арьсыг өргөл болгон өгсөн байна. Уг цоохор ирвэсийн толгой, арьсыг яллагдагч С.Э нь 2013, 2014 оноос эхлэн 2017 он хүртэл өөрийн зан үйлдээ тодорхой хугацаанд хэрэглэж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гэртээ буюу авдартаа хадгалж байсан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан. Шүүгдэгч С.Э нь ховор амьтны түүхий эд болох цоохор ирвэсийн толгой, арьсыг удаан хугацааны туршид буюу 9 жилийн хугацаанд өөртөө байлгаж байснаас үзэхэд түүний үйлдэлд хууль бус гэмт санаа зорилго тогтоогдохгүй байна. Түүнчлэн хэрэгт хураагдсан цоохор ирвэс нь агнагдаагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 581, 652 дугаартай дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон болно. Харин С.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр тээврийн хэрэгсэлдээ нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг тээвэрлэх болсон шалтгаан нөхцөлийг анхан шатны шүүхийн анхаарч үзсэнгүй. Учир нь, С.Э нь бөөгийн шашны зан үйл үйлддэг ба фэйсбүүк цахим хуудасны “Тэнгэр заяат эрчүүд анчдын” групп, “Б т” группэд “М Д” гэх хаягнаас “ирвэсийн арьс байвал туслаач, үйлэнд өмсөх зорилготой, хуучин байсан ч болно” гэсэн зарын дагуу фэйсбүүк мессенжерээр холбогдсон байна. С.Э нь дээрх нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө эхэлж мэдүүлж ирсэн ба өөрийн мэдүүлгийн эх сурвалж болох фэйсбүүк хуудасны мэдээлэл, “Мөрөн Дэлгэр” гэх хүнтэй харилцсан бичвэр, түүний утасны дугаар гэх бүх зүйлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. “Мөрөн Дэлгэр” хүнтэй харилцаж улмаар 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, МТ шатахууны түгээх станцын авто зогсоол дээр очмогц экологийн цагдаагийн албаны албан хаагч нарт баригдсан нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хүлээн авсан тэмдэглэл /эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөс гомдол мэдээлэл гаргасан/, танилцуулга, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоно. Харин С.Э-г гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, хууран мэхэлсэн “Мөрөн Дэлгэр” гэх фэйсбүүк хаягтай, 99196131 утасны дугаартай хүн хэн болох, энэ хүний үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар ямар ч ажиллагаа хийж гүйцэтгээгүй, энэ талаар өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт, гомдол гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч С.Э нь 99196131 дугаарын утастай хүнтэй холбогдож, түүнтэй уулзахаар очиход Экологийн цагдаагийн албаны эрүүгийн төлөөлөгч нарт баригдсан болох нь хангалтай тогтоогдож байна. Төрийн эрх бүхий байгууллага буюу цагдаагийн албан хаагчийн зүгээс гэмт хэрэг үйлдэх санал санаачлага гарган бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсний улмаас хийсэн гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх болон прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э-н гэмт үйлдлийг илрүүлэхийн тулд гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй гэж тайлбарлагдаг боловч “...........” гэх фэйсбүүк хаягтай, ............ дугаартай хүн хэн болох талаар ямар ч ажиллагаагаа хийгээгүй болохыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 841 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллах дүгнэлт үйлдэхдээ нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн үүний улмаас байгаль экологид 26.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэж зүйлчилсэн. 9 жилийн турш хадгалсан үйлдэл тогтоогддог. Уг түүхий эдийг худалдах зорилгоор тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад нь эрүүгийн төлөөлөгч нар илрүүлсэн. Маргаантай асуудал нь мөрдөгч өөрөө зар тавьж, утасны дугаараа үлдээн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзээд байдаг. Гэтэл мөрдөгчөөс тодруулахад мэдээлэл аваад, мэдээллийн дагуу газар дээр нь шуурхай ажилласан гэдэг тайлбарыг өгсөн. ... Хэргийн газрын үзлэг хийхэд С.Э гэдэг хүн оролцож гарын үсэг зураад тухайн тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэж явсныг зургаар баримтжуулсан. Хохирлын асуудалд маргадаг. Шинжээчийн дүгнэлтээр хэзээ агнагдсан нь тогтоогддоггүй. Мөн бэлгэнд авсан гэж С.Э мэдүүлдэг болохоос хэзээ, хаанаас, яаж авсан эх сурвалжаа бүрэн тодорхойлж чаддаггүй. Хэрвээ энэ дээр ямар нэгэн байдлаар хүнээс бэлгэнд авсан бол дараагийн эх сурвалжийг бид мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгах боломжтой байсан. ... Нэн ховор амьтан гэдэг чинь өөрөө устах аюултай тухайн тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн ямар нэгэн нөөцгүй болсон амьтныг хэлдэг. .. Мөрдөгч мэдээллээр илрүүлээд, энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлсэн. Амьтны аймагт учирсан шууд хохирол 13.000.000 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж 26.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн амьтны чихмэл, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, цуглуулга хийсэн гэдэг нь тухайн амьтны түүхий эдийг гэртээ хадгалж байсан үйлдлийг энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураасан нь үндэслэл бүхий болсон. ... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С.Э нь 2014 оноос хойш .......дүүргийн 13 дугаар хороо, ............... тоотод, мөн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр ........... дугаартай “Тоёота эф жи круйзер” загварын тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Т-н “... Цоохор ирвэс нь зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын /CITES/ нэгдүгээр хавсралтад тусгагдаж хамгаалагдсан. Дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол улсад 1000 орчим тоологдож улаан номд орсон байдаг. Иймд амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 100200000906 дугаарын дансанд тушаалгах хүсэлтэй байна. ...” /хх 29-30, 34-35/,

гэрч А.М-н “... 2013-2014 оны үед гэж би санаж байна. Баян-Өлгий аймгаас хүүхэд нь унаж татдаг болсон гээд нэг эхнэр нөхөр 2 ирж бөөлүүлж зан үйл хийлгүүлсэн юм. Тухайн үед хүүхэд нь овоо гайгүй болоод 3 хоног болсон ба нөгөө хүмүүс нэг мөнгөн аяга, тэр цоохор арьс, толгой зэргийг өргөл болгон өгсөн. Тэр цагаас хойш бөөгийн зан үйлийн хувцас болох хуяган дээрээ чимэглэл болгон ашиглаж байсан юм. Тэгээд нэлээн удаан хувцас хэрэглэл дээрээ байлгаж байсан юм. Тэгээд одоогоос 3-4 жилийн өмнө хувцас хэрэглэлээ шинэчлэх гээд манай уг /бөөгийн өвөө гэх сахиус/ нь амьтны зовлого үүрэхгүй гэж хэлсэн учир авч авдартаа хадгалсан юм. Тэгээд л тэндээ байгаад байдаг байсан. ...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн “....Шинжилгээнд ирүүлсэн арьс, толгой нь нэг бодгаль байж болно. Шинжилгээнд ирүүлсэн арьс, толгой нь Мий /Felidae/ овгийн нас бие гүйцээгүй залуу, эм цоохор ирвэсийнх /Uncia uncia/ байна. Шинжилгээнд ирүүлсэн цоохор ирвэс нь өвлийн улиралд агнагдсан байна. Агнагдсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Цоохор ирвэс / Uncia uncia/ нь “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад багтсан. Монгол улсын улаан номын /2016 он/ нэн ховор зүйл. Нэг эм бодгаль цоохор ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 13.000.000 төгрөг байдаг ...” гэх 581 дүгээр дүгнэлт /хх 70-80/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 18, 20/, “Хас” үнэлгээ ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх 63-64/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн болсон үйл баримтыг сэргээн дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Э нь нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эдийг гэртээ хадгалж эхэлсэн үеэс буюу 2014 оноос бусдад үзүүлэхээр өөрийн оршин суух хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ” шатахуун түгээх станцын авто зогсоолын орчим /1хх-11/ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд түр хадгалах хугацаанд экологийн цагдаагийн алба хаагчид саатуулагдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн хэргийн газрын үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг /1хх 11-14/ хийж, нь нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эдийг хураан авсан зэрэг ажиллагаа /1хх 6-8/ хийгдсэн газар шүүгдэгч С.Э-н “хадгалсан” үйлдэл төгссөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүх  шүүгдэгч С.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.  

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид торгох ял хэмжээг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ёстой атал 11.000 төгрөгөөр торгосон гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, өөрчлөлт оруулав.

Үүнээс гадна, хэрэгт авагдсан баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Э-т прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг “тээвэрлэсэн” гэх үйлдэл тогтоогдсонгүй. 

Тухайлбал, “тээвэрлэх” гэдэг нь хууль бус эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг тээвэрлэх ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлснээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан байхыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь шүүгдэгч С.Э-н унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн боловч тухайн түүхий эдийг тээврийн хэрэгслээр хаанаас хаана хүртэл, яаж тээвэрлэсэн талаарх замын маршрут, энэ талаарх /тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны замын хяналтын камерын бичлэг/ хийвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байна.

Үүний улмаас шүүгдэгчийн үйлдэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн толгой болон арьсыг тээвэрлэсэн гэх шинж хангалттай тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийн шинжийг буруу тодорхойлсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн биеийн байцаалтаас үзэхэд тэрээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг, яллах дүгнэлтэд бичигдсэнээр гэмт хэрэгт үйлдэгдсэн гэх “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол нь мөн Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг тул шүүгдэгчийг өөрийн тээврийн хэрэгслээр хууль бус эд зүйлийг нэг газраас нөгөөд ил буюу далд хэлбэрээр тээвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдлээс “тээвэрлэсэн” гэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э-н үйлдлээс тээвэрлэсэн гэх шинжийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх түүний ............. улсын дугаартай “Тоёота эф жи круйзер” загварын тээврийн хэрэгслийг хойшлуулашгүй ажиллагаагаар битүүмжилсэн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/841 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Прокуророос С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс “тээвэрлэсэн” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн ...” гэснийг “...нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... С.Э-г 11.000 /арван нэгэн мянган/ нэгж буюу 11.000 /арван нэгэн мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “... С.Э-г 11.000 /арван нэгэн мянга/ нэгж буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 05 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолын хүчингүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,       

    ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                               М.АЛДАР