Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0568

 

2024 07 05 128/ШШ2024/0568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж,

Нэхэмжлэгч: Б.Д*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.-

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- /цахимаар/ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.Д*******гээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

Нэхэмжлэгч Б.Д*******д 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжаар нэгж талбарын дугаартай 1464 м.кв талбай газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмших эрх олгосон.

Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлт гаргаж дээрх газар эзэмших гэрчилгээний хугацааг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны ******* (*******) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Д******* нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан захирамжийг бүхэлд нь эс зөвшөөрч, хууль ёсны дагуу үүссэн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1464 метр талбайтай газрыг 2015 онд анх Нийслэлийн Газар зохион, байгуулалтын газраас зарсан дуудлага худалдаанд оролцож ялагч болж худалдаж авсан байна. 2019 онд газрын зориулалтыг өөрчилсөн. Б.Д*******гийн газар эзэмших эрхийг баталгаажуулж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамжаар нэгж талбарын дугаар бүхий энэ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний төв, цогцолбор үйлчилгээний контор зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгоод эрхийн улсын бүртгэлд бүртгэж, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн Газар зохион, байгуулалтын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

Улмаар өөрийн эзэмшсэн газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс тус газарт үйлчилгээ, конторын зориулалттай 60х14 метрийн хэмжээтэй 2 давхар зоорьтой барилга барих хүсэлтийг төрийн холбогдох байгууллагуудад гаргаж, дараах баримт бичгүүдийг буюу барилгыг барихад шаардлагатай бүхий л зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авсан байна.

Нэгдүгээрт Нийслэлийн Архитектур төлөвлөлт, хот байгуулалтын хөгжлийн газраас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл гаргуулсан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цахилгаанд холбох техникийн нөхцөл, Нийслэлийн Онцгой байдлын газраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Барилгын зураг төслийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрсөн.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн болох Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Б.Д*******гийн захиалгат захиргааны зориулалттай барилгын ажил нь захиргааны зориулалттай олон нийтийн барилга, олон нийт, иргэний барилга зэрэг тус тус нормуудад заасан эрүүл ахуйн шаардлагад нийцнэ гэж дүгнэгдсэн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

Уг гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус гэрчилгээг сунгуулах хүсэлтийг өгснийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус сунгасан байна. Иргэний эзэмшлийн газарт барилга байгууламж барихад шаардлагатай дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэхэд Б.Д*******гийн зүгээс багагүй зардал гарсан бөгөөд зөвшөөрөл болон холбогдох баримтуудыг хуульд заасны дагуу бүрдүүлсэн. Энэ бүгд надад хуульд заасны дагуу үүссэн эрх юм.

Гэвч захиргааны байгууллага дээрх хууль ёсны эрхэд дараах байдлаар үндэслэлгүй халдаж байна гэж гомдож байна. Захиргааны байгууллагаас буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.гийн гарын үсгээр албажсан мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгийг Б.Д*******д ирүүлсэн байна. Уг албан бичиг нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай байсан.

Тодруулбал, хэний хэрэгжүүлж байгаа ямар барилгын төсөл нь мэдэгдэлд дурдагдсан хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхойгүй хир нь Б.Д*******гийн конторын зориулалттай 2 давхар барилгын ажлын төслийг ямар үндэслэлээр цуцалж байгаа талаарх тодорхой үндэслэл дурдаагүй байна. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24 оны өдрийн Захиргааны актуудыг хүчингүй болгож, Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай маргаан бүхий захирамж гарч, 1 дэх заалтаар Б.Д*******д олгогдсон 1464 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2 дахь захирамжаар Нийслэлийн Архитектур төлөвлөлтийн газрын 2020 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар, 3 дахь заалтаар Барилга, хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны Барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гэж гэж заагаад 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан бөгөөд Б.Д*******гийн зүгээс төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхийг худалдаж авсан холбогдох бүх зөвшөөрлүүдийг тодорхой шат дараалалтай ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа газар эзэмших эрх болон олгосон бүх зөвшөөрлийг эргээд цуцалж байгаа нь Б.Д*******гийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Маргаан бүхий захирамжууд дээр 3 актыг хүчингүй болгох талаар дурдаж хүчингүй болгосон боловч мэдэгдэл хүргүүлэхдээ 2 актын тухайд мэдэгдэл хүргүүлснээрээ сонсох ажиллагааг зөрчсөн. ...Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр нэхэмжлэгч Б.Д******* газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн ноцтой зөрчил гаргаагүй нь тогтоогдож байна. Мөн тус газар дээрээ барилга байгууламж барихаар холбогдох зөвшөөрлүүдийг авсан байна.

Энэ зөвшөөрлүүдээс олгогдох үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтээр тус барилга нь барилгын нормыг хангана гэж ингэж дүгнэсэн байна. Тийм учраас сүүлд төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар хийгдсэн барилгын норм, дүрмийг ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хэн гэдэг хүмүүс оролцогч талуудыг оролцуулахгүйгээр хийсэн байна. Нэмж хэлэхэд энэ акт хүчинтэй хэлбэрээр үлдээд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болоод барилга, байгууламжаа барьж чадахгүй болох юм бол эдийн засгийн хохирол үүсэж байгаа. Хоёрдугаарт 35 хүн гарааш ч үгүй, юу ч үгүй болж хувирч байгаа. Энэ хүмүүсийн өмнө нэхэмжлэгч өөрөө хариуцлага хүлээх асуудал байгаа.

Дулаан зогсоолтой болно гэж энэ хүмүүстэй хэлцэл хийж аваад буцаагаад газрын эрхээ алдаад нөгөө барилга байгууламжаа барьж чадахгүй болохоор Б.Д******* ч тэр, бусад иргэд ч тэр хохирол хүлээж байна. Газрын зориулалтыг өөрчилсөн эсэх асуудлууд энэ маргааныг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй. Газрын зориулалтыг өөрчилж байгаа нь өөрчлөх эрх бүхий этгээд, Нийслэлийн Засаг дарга, холбогдох захиргааны байгууллагууд байдаг. Б.Д******* өөрчлөөгүй. Б.Д*******гийн хүсэлтийн дагуу түүнийг хүлээж авч болно гэж өөрчилсөн учраас өөрийн гаргасан шийдвэрээ өөрчилж болохгүй гэдэг байдлаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамж нь хууль ёсны дагуу үндэслэл бүхий гарсан захиргааны акт мөн байна. Б.Д*******д хамгийн анх 2015 оны захирамжаар газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон.

Үүний дараа 2019 оны дүгээр захирамжаар газрын зориулалтыг нь үйлчилгээ, контор болгон өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрх олгосон байдаг. Үүний дараа Б.Д******* нь газар дээрээ үйлчилгээний, конторын зориулалтаар буюу барилга барихаар эрх бүхий байгууллагуудад хүсэлтүүд гаргаж, тухайн дүгнэлт болон Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилга барих зөвшөөрлүүдийг авсан байдаг.

Гэвч үүн дээр нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн буюу иргэд гомдол гаргаж эхэлсэн. Тэдгээр иргэдийн гомдлын үндсэн дээр Хот, байгуулалт хяналтын газраас иргэдийн гомдол хяналт шалгалтын төв дүгнэсэн. Уг дүгнэлтээр тухайн барилга барих гэж байгаа газар нь норм зөрчсөн, стандартад нийцэхгүй байна гэдэг дүгнэлтийг гаргаж ирүүлсэн. Үүнд үндэслэж тухайн Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Ерөнхий Архитектурын 2020 оны дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот, байгуулалтын хөгжлийн газрын 2022 оны ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож эрхийг нь дуусгавар болгосон буюу нийтийн эрх ашгийг хамгаалж энэхүү захирамжийг гаргасан.

Тухайн захиргааны акт нь нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа хууль тогтоомж, барилгын норм журмыг зөрчсөн нь тогтоогдсон буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтээр баталгаажсан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн тухайн Б.Д*******гийн нэр дээрх тухайн зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Газрын гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон.

Тухайн актын бодит нөхцөл байдалд зөв буюу захиргааны актын зорилготой нийцсэн акт гаргасан. Нийтийн эрх ашгийг сонирхлыг хамгаалсан. Хэрвээ энэ захирамжийг хүчингүй болговол буцаад нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөх буюу бид нарын шийдсэн асуудал буцаад ийм байдалтай буюу тухайн иргэдийн эрх ашиг сонирхол л хөндөгдсөн хэвээр үлдэхээр байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, 19 дүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.2, 7.5, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалт болон Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт, БНбД 31.01.10-ын 4.18 дахь хэсэг дүгээр хавсралт, Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 01/570 дугаартай хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Д*******гийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ...Захиргааны хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй, хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актуудыг ямар хуулийн үндэслэлээр хүчингүй болгож буй нь тодорхой бус, захиргааны акт гаргаж, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй миний эрхийг зөрчсөн тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, ... уг газар дээр оршин суугч иргэдээс гомдол гарсантай холбогдуулан тус албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн , 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн тул Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий захиргааны актын түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

1. Нэхэмжлэгч Б.Д******* нь анх 2015 онд ******* дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1464 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаанд оролцон Нийслэлийн Засаг даргын 2015 оны дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2019 онд газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаар бүхий Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор /үйлчилгээ, контор/ зориулалтаар 15 жилийн хугацаатай дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан.

2. Нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ үйлчилгээ, конторын зориулалтаар 60.0 х 14.0 метр хэмжээтэй зоорьтой, 2 давхар барилга барихаар ажиллагаа явуулж байсан болох нь Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах газраас дугаартай Техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Техникийн нөхцөл, Нийслэлийн Онцгой байдлын газраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Барилгын зураг төслийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг тус тус гаргуулж, улмаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* (*******) тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уг зөвшөөрлийн хугацааг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамж, 2015 болон 2019 оны Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, ******* дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон ******* дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасанчлан хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 24.2-т заасанчлан энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан.

Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасанчлан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох нь хариуцагчийн үүрэг юм.

4. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагчаас агуулга, үндэслэл тодорхойгүй захирамжийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар аваагүй, хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

5. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг гаргахдаа ...******* дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны иргэд оршин суугчдаас гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль тогтоомж, барилгын норм, дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ болон 2020 оны дугаартай Архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны ******* (*******) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн ч тухайн захиргааны актын үндэслэл болсон гэх хууль тогтоомж, барилгын норм, дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тодорхой бус, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул хэмээн хэний, хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох зэрэг үйл баримтыг бүрэн гүйцэт нягтлан тогтоолгүй шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна хэмээн шүүх үзлээ.

6. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/570 дугаар Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай албан бичигт:

- ... Шалгалтаар дараах нөхцөл байдал илэрлээ. Үүнд гээд Нэхэмжлэгч Б.Д******* нь тухайн байршилд хуучин гарааш эзэмшигчид (гарааш эзэмшигчийн гэрчилгээ)-тэй 2014-2015 оны хооронд дулаан зогсоол бариулах төсөл хэрэгжүүлэх хоёр талын гэрээ байгуулан, гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны дугаар захирамжаар Нийтийн дулаан зогсоолын зориулалттай газрыг эзэмшиж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар зориулалтыг өөрчилж, үйлчилгээ, конторын зориулалттай болгосон нь гэрээний 4.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг дүгнэсэн агуулгатай байгаа нь ойлгомжгүй;

- .... загвар зургийн Ерөнхий төлөвлөгөө М1:500-ний зурагт төлөвлөж буй зоорь бүхий үйлчилгээний барилга болон одоо байгаа орон сууцны 14 дүгээр барилгатай тууш байрлалтай бөгөөд ... хэмжилтээр 9.5 метрийн зайтай байгаа нь Орон сууцны барилгын зураг төлөвлөлт БНбД 31-02-10-ийн 4.18 заалт, 4 дүгээр хавсралтад заасан (Барилгын тууш /урт/ талуудын хооронд 2-4 давхар хүртэл 15 метр зайтай байх) заалтыг хангахгүй байна гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь батлагдсан зураг төслийн дагуу маргаан бүхий газарт 2 давхар барилга барихаар төлөвлөснийг судлаагүй;

- ... зураг төслийн Раздел 01-1, лист 3 дугаарлалт бүхий хуудаст барилгын зоорины давхар нь газрын +- түвшнээс доош -3.90 метрт байгаа нь түвшний зөрүү үүсэхээс гадна орон сууцны барилгын хүчитгэлийн далантай 1.1 метрт байрласан байгаа нь онцгой байдлын үед яаралтай үеийн автомашин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж дүгнэсэн нь зураг төсөлд тусгагдсан асуудлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэн засуулах боломжтой байх үйл баримт тогтоогдож байна.

7. Үүнтэй холбогдуулан шүүх, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар захиалагч нь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37.4-д захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно хэмээн заасан тул нэхэмжлэгч Б.Д******* нь тухайн газрыг шилжүүлэн авахдаа гарааш эзэмшигчидтэй тохиролцсон эсэх, тэдний эрх ашиг хөндөгдөх эсэх, ямар шалтгаанаар зориулалт өөрчлөх болсон, ийнхүү газрын зориулалт өөрчлөн барилга барихаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан байсан эсэх, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газрын хил дотор барьж буй барилгын үйл ажиллагаанаас үүдэн бусад этгээдийн эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж байгаа гэх үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх асуудлыг хариуцагч захиргааны байгууллага бүрэн гүйцэт шалган тогтоож, шаардлагатай тохиолдолд дээрх асуудлуудтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулсныг үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан.

8. Мөн, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа гэх асуудалтай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ******* дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14 дүгээр байрны оршин суугчдын гарын үсгийн жагсаалтыг ирүүлсэн боловч маргаан бүхий газрын сансрын зураг болон фото зургаас нэхэмжлэгч Б.Д*******гийн эзэмшиж буй газар нь дээрх оршин суугчдын орон сууц, явган хүний болон автомашины зам талбай, орчны газартай ямар нэг давхцалгүй, нэхэмжлэгчийн баригдаж буй барилгын ажил нь 14 дүгээр байрны барилгад хэрхэн нөлөөлөх, энэхүү нөлөөлөл нь эдүгээ тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба стандартад нийцэж буй эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг маргаан бүхий актын хүрээнд хийгээгүй болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй асуудлыг шүүхээс нөхөн хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул хариуцагчийг хууль журамд нийцүүлэн маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт шалган тогтоох ажиллагааг дахин явуулж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР