Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор, 

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010140 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.А, 1980 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн,  37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 32-478 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 13 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овооны постны зүүн талын “Акума” авто засварын газрын хойд замд Тоёота Приүс маркийн 42-53 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Дарханбаатарын жолоодож явсан Тоёота Приүс маркийн 30-59 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 3.365.000 төгрөгийн шууд, 4.115.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Х.Дарханбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Оюунбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу болон 500 нэгжээр торгуулах ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Дарханбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нарантуул зах дээр бараагаа гаргачихаад 12 цаг өнгөрч байхад ээжийгээ аваад Гачууртад байдаг бариа засал хийдэг нэг газар руу Тоёота Приүс маркийн 30-59 УНЧ улсын дугаартай өөрийн нэр дээр байдаг автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Нарны замаар нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 50 гаран км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл гэнэт урдуур нэг машин эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь дуут дохио өгөөд тоормозоо гишгэсэн. Тэгээд түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь машинаас хүмүүс намайг гаргаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг. /хх25-27/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Чулуун овооны постны зүүн талын Акума авто засварын хойд замаар баруунаас зүүн тийш 1 дүгээр эгнээгээр явж байтал эсрэг урсгалын машин гэнэт урдуур зүүн гар тийш эргээд ороод ирсэн. Тэгээд л мөргөлдсөн. Ослоос миний өвчүү ясны зөрөөгүй цууралттай гэсэн. Баруун хөлний өвдөг хөхөрч хавдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-35/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 13 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овооны постны зүүн талын “Акума” авто засварын газрын хойд замд Тоёота Приүс маркийн 42-53 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Дарханбаатарын жолоодож явсан Тоёота Приүс маркийн 30-59 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 3.365.000 төгрөгийн шууд, 4.115.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Х.Дарханбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Оюунбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон техникийн шинжээчийн №632 дугаартай дүгнэлт /хх-45/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12620, №12619 дугаартай дүгнэлтүүд хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Х.Дарханбаатар, Ц.Оюунбилэг нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх82-83/ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР