| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1612/Э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 236
Х.Н, Ц.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Ш.Э, түүний өмгөөлөгч С.Одгариг, шүүгдэгч Х.Нийн өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаар магадлалтай, шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох 201525013090 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ш.Эн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1946 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Х.Н,
2.Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Ц.А нар нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Ш.Э гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Магадлалд “...Х.Н, Ц.А нарын бүлэглэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хамаарч байх бөгөөд тухайн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн чухам аль шинжийг хангаж байгаа талаар прокурор болон анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай” гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Х.Н, Ц.А нар нь бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах” гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогдсон.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн 201525013090 дугаартай хэрэгт Х.Н, Ц.А нарыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Н, Ц.А нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн.
Х.Н, Ц.А нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 216 дугаартай магадлалаар “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд, түүнчлэн шүүгч, арбитрч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн...” байхыг, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн...” байхыг шаардахаар тус тус хуульчилжээ.
“Х.Н, Ц.А нарын бүлэглэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн” гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хамаарч байх бөгөөд тухайн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн чухам аль шинжийг хангаж байгаа талаар прокурор болон анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай магадлалд “...яллагдагч нарын хамтран оролцооны хэлбэрийг нарийвчлан шалгаж тогтоосны эцэст тэдний үйлдэл, оролцоо бүрт хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, бодитой байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцооны хэлбэрийг зөв журамлан яллагдагчаар татаж, ял сонсгох нь зүйтэй...” гэж тодорхой зааж, Х.Н, Ц.А нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байхад шүүхийн магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй, шүүгдэгч нар нь чухам ямар хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг тодруулж чадаагүй байна...” хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар урьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээ” нь хуурамч нотлох баримт гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 331 тоот дүгнэлтээр тогтоосныг тухайн хэргийн оролцогч буюу гуравдагч этгээд Х.Н мэдэж байсан гэдгийг үгүйсгэх боломжгүй ба маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авсан болохоо нотлох зорилготой 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Ману” ХХК, “Моори” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэх “Дэлгүүрийн байр худалдах ба худалдан авах гэрээ”-г зорилгодоо хүрэхийн тулд өөрийг нь төлөөлөх эрх, үүргийг тодорхойлсон итгэмжлэлийг Ц.Ад олгож, улмаар Ц.А нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй хэргээс хуулбарлуулан авч үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэж, иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн үйл баримт тогтоогдсон учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж..., шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэгт буруутган зүйлчилсэн ба шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэгт ямар хэлбэрээр хамтран оролцсон болохыг тодруулж чадаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Мөн Х.Н, Ц.А нарын хуурамч болох нь тогтоогдсон Дэлгүүрийн байр худалдан авах гэрээг мэдсээр байж иргэний хэргийн шүүхэд нотлох баримт буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр болгон хавсаргаж өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг мөн адил хангаж байгаа ба шүүгдэгч нар нь урьд энэхүү хэрэгт мөн хуулийн зүйл, хэсэгт зааснаар буруутгагдаж анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч.., эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг хэлсэн саналдаа: “2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны Эрүүгийн хуульд шүүхэд хуурамч нотлох баримтыг гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлд хамаарахгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Н.Мандах хэлсэн саналдаа: “Энэ хэргийн хохирогч нь “Ману” ХХК байх ёстой байсан боловч 2010 онд татан буугдаж улсын бүртгэлд бүртгэлгүй болсон юм. 2015 онд үүссэн эрүүгийн хэрэгт Болд гэх хүний эрх залгамжлалаар Ш.Энхжинг хохирогчоор тогтоосон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд удаа дараа маргаж байгаа юм. Энэ асуудалд хяналтын шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү.
Давж заалдах шатны шүүх нь хууль хэрэглээний асуудал болон өмнөх магадлалын зарим заалт биелэгдээгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ц.А нь 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий гэрээг захиргааны шүүхийн шийдвэрүүдтэй хамт өгсөн.
“Ялгуун” ХХК-ийн захирал Х.Наас Ц.Ад итгэмжлэл олгохдоо хуурамч нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж өгөх итгэмжлэл олгоогүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон.
Ц.А нь хуурамч нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж өгөхдөө Х.Над танилцуулаагүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ялгуун” ХХК-ийн захирал Х.Н нь биечлэн оролцоогүй юм. Тэгэхээр тухайн хуурамч нотлох баримт бүрдүүлж өгснийг мэдэх боломжгүй. Тухайн гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон нь шүүхийн дүгнэлт, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй. Тийм учраас Х.Нийг энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна.
Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгосон. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад гарсан бөгөөд уг хуулиар зүйлчлэгдэхээр байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Э.Нарангарав хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналтай байна. Тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад түүнийг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал юм.
Ц.А нь тухайн үед итгэмжлэл аваад шүүхийн ажиллагаанд оролцсон. “Ялгуун прогресс” ХХК-ний захирал нь Х.Н биш Батчимэг гэдэг хүн байсан. 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтыг Энхчулуун гэдэг хүн өгсөн. Тэгэхээр Ц.А нь Х.Нтай бүлэглэсэн гэх үйлдэл байхгүй байна. Иймд Ц.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Х.Н, Ц.А нарыг бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх тухайн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шинэ, хуучин хуулийн чухам аль шинжийг хангаж байгаа талаар прокурор болон анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлээгүй, хамтран оролцсон оролцоо, ямар хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг тодруулж чадаагүй, урьдах магадлалын заалтыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь үндэслэлгүй байна.
Учир нь хамтран оролцсон оролцооны талаар прокурорын эсэргүүцэлд тодорхой дурдсан, хэрэгт шалгавал зохих асуудлыг бүрэн шалгасан, прокуророос урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж байсан, анхан шатны шүүх тухайн зүйл хэсгээр гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаахад прокурор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
Байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нар гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх талаар гомдол гаргасныг үндэслэн Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг сэргээж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй боловч гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруугийн асуудлын шүүхээр шийдвэрлүүлэхээр дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.
Энэ хэрэгт шинэ, хуучин Эрүүгийн хуулиар яллах дүгнэлт үйлдэж байсан, сүүлийн яллах дүгнэлт шинэ Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх эсэх асуудлыг хянан үзэж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Ш.Эийн гаргасан гомдол болон хяналтын прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах” гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт /3хх-252/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоож чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан “Х.Н, Ц.А нарыг бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон шинжээчийн 331 тоот дүгнэлт, хохирогч Ш.Эийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бичиг баримтанд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.” гэсэн үйл баримт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын эх сурвалжийг дурдахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу тухайн нотлох баримтын агуулгыг бичээгүй, тэдгээр нь шүүгдэгч нарын гэм буруутайг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхийг дүгнээгүй, өмгөөлөх талын гаргасан үндэслэлийг няцаасан дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 7 дугаар дэлгүүрийн 701.84 мкв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгын /цаашид барилга гэх/ өмчлөх эрхийг 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ”-ний дагуу С.Болд захиралтай “Ману” ХХК-иас С.Молормаа захиралтай “Моори” ХХК-д, 1999 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр “Моори” ХХК-иас “Золбоо инвест” ХХК-д /1хх-173/, улмаар 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Золбоо инвест” ХХК-иас Х.Н захиралтай “Ялгуун пpогресс” ХХК-д тус тус шилжүүлснийг С.Болдын хууль ёсны эрх залгамжлагчаар тогтоогдсон Ш.Э эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан тухайн барилгыг “Золбоо-Инвест” ХХК-ийн өмчлөлд бүртгэж олгосон 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 032580 дугаар бүртгэлийн гэрчилгээ, 2005 онд “Ялгуун прогресс” ХХК-д шилжүүлэн бүртгэж олгосон 000141068 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2009 оны 9 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд /1хх-109,112/ гаргасан байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1225 дугаар захирамжаар тухайн хэрэгт шинжээчээр /1хх-54/ томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтээр 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ”-н дээрх С.Болдын гарын үсгийг ердийн хэвлэх төхөөрөмж /принтер/ ашиглан хэвлэсэн ором мөр дээр хар болон цэнхэр өнгийн будагч бодис бүхий бичгийн хэрэгсэл ашиглан давхарлаж тодруулж зурсан болох нь тогтоогджээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 208 дугаар шийдвэр /1хх-61/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор /1хх-136/ “…талууд өмчийн маргаантай асуудлаа дуусгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагаар шалгуулан, эцэслэн шийдсэний дараа бүртгэлийг зөвтгөн дахин захиргааны акт гаргах нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтад нийцнэ гэж дүгнэн, маргаж буй барилгыг “Ялгуун прогресс” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Харин нэхэмжлэгч “Ялгуун прогресс” ХХК-ийн гаргасан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 7 дугаар дэлгүүрийн 701.84 мкв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн өмчлөгчөөр тогтоолгож, уг бүртгэлийг хийхийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл, мөн хариуцагч Ш.Эийн гаргасан “Золбоо инвест ХХК, “Ялгуун прогресс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг барилгын шударга бус эзэмшигчээр “Ялгуун прогресс” ХХК-ийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр /1хх-16/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 594 тоот магадлал /1хх-26/, Хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 558 дугаар тогтоолоор /1хх-41/ хянан шийдвэрлэж, маргаан бүхий барилгын өмчлөгчөөр “Ялгуун прогресс” ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэснээс гадна Ш.Эийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Эийн гаргасан гомдлын /1хх-8,14/ дагуу Улсын Ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/77 дугаар тогтоолоор урьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3850 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Н, Ц.А нарт Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа маргаан бүхий барилгын улсын бүртгэл, өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн Захиргааны болон Иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн материалд үзлэг хийж, холбогдох ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан эрүүгийн хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж авсан байна.
Тухайлбал, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ц.А нь 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан /хх-101/ нэхэмжлэлдээ 25 нэр төрлийн 58 хуудас материал хавсаргаж өгсний дотор 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ”-нээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг /1хх-52/ үндэслэн маргаж буй барилгыг “Ялгуун прогресс” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 208 дугаар шийдвэр болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолыг тус тус гаргаж өгсөн болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.
Иргэний хэргийн шүүх барилгын өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ “1997 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ”-нд зурагдсан С.Болдын гарын үсгийг шинжээч “Бичгийн хэрэгсэл ашиглан тодруулан бичсэн байна” гэж тогтоосон дүгнэлт гаргаснаас дээрх баримт эргэлзээтэй болсон хэдий ч зохигчдын хооронд тэдний хүсэл зоригийн үндсэн дээр, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор шилжүүлэн эзэмшүүлж, гэрээгээр тохирсон төлбөрийг хүлээн авч байсан зэрэг баримтуудаас дүгнэхэд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 208 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор барилгыг “Ялгуун прогресс” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр өмчлөх эрхийн Ү-2204010026 дугаар бүртгэл, 000141068 дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь дээрх зохигчдын хооронд үүссэн өмчлөлийн маргаан шийдвэрлэхэд саад болохгүй…
Дээрх гэрээ байгуулагдах үед дагаж мөрдөж байсан 1994 оны Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх” тусгай шаардлага тавигдсан хэдий ч уг харилцааг нарийвчлан зохицуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн тул маргааны зүйл болж буй “Моори” ХХК болон “Ману” ХХК-ийн хооронд 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан хэлцэлд хуулийн шаардлага хамааралгүй болно.
Үүнээс үзэхэд тухайн хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд энэ байдал нь мөн хуулийн 165 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. “Моори” ХХК болон “Ману” ХХК-ийн хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй хэдий ч зохигчдын хооронд худалдах-худалдан авах хэлцэл амаар хийгдэж, бодит үйлдлээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, улмаар С.Болдын барилгын бүртгэлийг “Моори” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг зөвшөөрч байсан албан бичиг, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 1997 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3/201 дугаартай албан бичгээр барилгын 84 хувь нь “Моори” ХХК-ийн өмч болохыг тодорхойлж зөвшөөрсөн байгааг Ш.Э баримтаар няцааж чадаагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх худалдах-худалдах авах гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй хэдий ч 1994 оны Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.” гэсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрээс харахад Иргэний хэргийн шүүхийн хувьд 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ” нь хуульд заасан шаардлага хангаагүй болох нь нэхэмжлэгч Ц.А /1хх-101/, хариуцагч Ш.Э /1хх-104/ нарын тус тусдаа иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 208 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоос /1хх-104/ илэрхий байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлаас бусад тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй, өөрөөр хэлбэл энэхүү зорилгоор холбогдох нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж дахин үнэлэх шаардлагагүй тул шүүгдэгч Х.Н, Ц.А нарын зүгээс Захиргааны хэргийн шүүхийн 208 тоот шийдвэрийн үндэслэл болсон 1997 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ”-г хуульд заасан шаардлага хангаагүй болохыг мэдсээр байж, шүүхийг хууран мэхлэх зорилгоор зориуд нотлох баримтаар гаргаж өгсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн нотлох баримт нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр /хх-210/ “1997.03.01” гэсэн огноотой, “Дэлгүүрийн байр худалдах ба худалдан авах гэрээ” гэх хуулбар баримтын 1 дүгээр хуудасны нүүрэн талын зүүн дээд буланд “Батлав. МАНУ ХХК-ийн захирал” гэсэн хэсэгт “С.Болд” гэсний зүүн доод хэсэгт байрлах шинжилж буй гарын үсэг, мөн он тодорхойгүй, 03 сарын 01 өдөр гэсэн огноотой, нэр шилжүүлэх хөрөнгө бүртгүүлэх тухай гэх хуулбар баримтын баруун доод хэсэгт ЗАХИРАЛ гэсний ард С.БОЛД гэсний урд байрлах шинжилж буй гарын үсэг нь хэвлэмэл гарын үсэг болохыг тогтоосон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 331 дугаар дүгнэлттэй /1хх-54/ агуулгын хувьд зөрүүгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Ш.Эийн хяналтын журмаар гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Х.Н, Ц.А нарыг бүлэглэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн чухам аль шинжийг хангаж байгаа талаар прокурор болон анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй..., шүүгдэгч нар нь чухам ямар хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг тодруулж чадаагүй байна...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхийн оронд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох хэрэгт шүүхээс өмнөх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” бий болсон байхад мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчиж явагдсан талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэх, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Х.Н /1хх-226/, Ц.А /1хх-233/ нарыг Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, улмаар Баянзүрх дүүргийн хяналтын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 161 дугаар яллах дүгнэлтээр /2хх-31/ хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор /2хх-97/ шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаар магадлалаар /2хх-131/ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон хэлбэрийг нарийвчлан шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2073 дугаар /2хх-164/ тогтоолоор “Ц.А нь Х.Нын олгосон итгэмжлэлийн дагуу 208 тоот шийдвэртэй Захиргааны хэргийн шүүхийн хэргээс … баримт хуулбарлан авч хуулбар үнэн дардас даруулан 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба Ц.Аы энэхүү үйлдэл нь хуурамч гэж нотлогдсон гэрээ, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдээгүй, бий болгоогүй, харин баримтыг бүрдүүлбэр болгон материалд хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл Х.Н, Ц.А нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байхад Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1/21 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж /2хх-190/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Х.Н, Ц.А нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байна.
Харин Баянзүрх дүүргийн ерөнхий прокурорын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 543 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан /3хх-90/ боловч Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/14 дугаар тогтоолоор дээрх 2 тогтоолыг хүчингүй болгож /3хх-99/, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор /3хх-149/ Х.Н, Ц.А нарт холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр дахин хэрэгсэхгүй болгосон байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар тогтоолоор өмнөх 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож /3хх-170/, Х.Н, Ц.А нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, улмаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1472 дугаар яллах дүгнэлтээр /3хх-252/ хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 заалтыг дахин зөрчжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 483а дугаар тогтоолоор “Моори” ХХК-ийн захирал С.Молормаад холбогдох “Дэлгүүрийн барилга худалдах ба худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж “Ману” ХХК-ийн захирал С.Болдыг залилан мэхэлсэн гэх хэргийг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг /1хх-40/ дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Н, Ц.А нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг цагаатгасугай.
2. Хохирогч Ш.Энхжингийн хяналтын журмаар гаргасан гомдол, хяналтын прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН