Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0310/З |
Дугаар | 221/МА2017/0714 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0714
2017 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2017/0714 | Улаанбаатар хот |
А.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу А.О-ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамын Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-ын гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А.О-ын гаргасан "2017.01.17-ны өдрийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 09 дүгээр "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, хариуцагч байгууллагаас 2017.01.17-ноос хойш ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах" гэсэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэхь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ц-ийн 2017 оны 7-р сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0558 дугаартай шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01-р сарын 17-ны өдрийн 09 дугаар тушаалаар Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 тоот тогтоолоор үйлдэгдсэн хэрэг нь тогтоогдож, Өршөөлийн хуулинд хамрагдаж хэрэгсэхгүй болгогдсон байна гэсэн зөрчлийн утгыг дурьдаад Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 тоот тогтоол, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.6.11, Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.7, 26-р зүйлийн 26.1.3 дахь хэсгийг үндэслэн А.О-ыг ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг.
А.О-ыг ажлаас халах үндэслэл болгосон Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг нь хуучин нэрээр Эрчим хүчний газар, /одоогийн нэрээр Эрчим хүчний хөгжлийн төв-/ийн удирдах, гүйцэтгэх ажил албан тушаал хашиж байсан 8-9 хүний үйлдэл холбогдлыг шалган шийдвэрлэсэн прокурорын шийдвэр бөгөөд А.О-ын хувьд 2010-2012 онуудад Эрчим хүчний газрын нягтлан бодогчоор ажиллаж байх үеийн үйл ажиллагаатай холбоотой үйлдэл, холбогдлыг шалган хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
А.О нь хуучин нэрээр Эрчим хүчний газраас 2012 оны 07-р сард хүүхэд төрүүлэн жирэмсний болон амаржсаны амралт авч түүний чөлөөтэй байх хугацаанд буюу 2012 оны 9-р сард бүтцийн өөрчлөлт хийгдэж Эрчим хүчний газар татан буугдаж үндсэн чиг үүрэг нь Эрчим хүчний яаманд харин санхүүгийн үйл ажиллагаа нь шинээрбайгуулагдсан Эрчим хүчний хөгжлийн төвд шилжиж энэ хугацаанаас эхлэн А.О нь Эрчим хүчний яамны урсгал зардал хариуцсан мэргэжилтнээр шилжин ажлаас халагдах өдөр хүртлээ ажиллаж байсан юм.
А.О-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1-р сарын 17-ны өдрийн 09 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл" 15-р зүйлийн 15.1.7.-Д заасан "албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших" заалт нь А.О-ын 2010 оноос 2012 оны 7-р сар хүртэл ажилласан /хуучин нэрээр Эрчим хүчний газрын/ нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хийсэн гэж буруутгагдан эрүүгийн хэрэгт шалгагдсан байхад 2010-2012 онуудад эрхэлж байсан ажил үүрэгтэй холбогдуулан 5-7 жилийн дараа буюу 2017 оны 1-р сарын 17-ны өдөр ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль бус байхад шүүх үүнийг зөвтгөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хийсэн дүгнэлтүүд:
Анхан шатны шүүх шийдвэртээ "Маргаан бүхий акт болох Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01-р сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалын агуулгаас үзэхэд "Эрх бүхий байгууллагыи шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон" гэсэн үндэслэлээр А.О-ыг ажлаас халсан байх ба угтушаалд Төрийн албаны тухай хуулийн 15-рзүйлийн 15.1.7, 26-р зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгожээ.
Зүй нь мөрдөн байцаалтын шатанд А.О-ыг удаа дараагийн үйлдээр онц их хэмжээний мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж, тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасны дагуу А.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т Тэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасны дагуу А.О-ыг төрийн албанаас халах үндэслэл болсон байна.
Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-т "Төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно", 16.2.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй" /Энэ заалт 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/ гэж заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байжээ.
Тухайлбал, А.О нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний газрын /хуучнаар/ мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2010-2012 онд бусадтай бүпэглэн, удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон, А.Оаас хүсэлт гаргасан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1, 10-р зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 дүгээт тогтоолоор Эрүүгийн 201501000148 дугаартай хэргээс А.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч А.О-аас Прокурорын 2016 оны 179 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорт гомдол гаргаагүй, Мөн дээрх "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 10-р зүйлийн 10.9-т "Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ" гэж заасны дагуу гэм буруугүй гэж маргаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг "Хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, зх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирэгдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх" гэж заасан нь төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээний зарчмыг тодорхойлсон бөгөөд А.О-ын хувьд мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон.
Иймээс албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан ч, Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна ..." гэж үндэслэх хэсэгтээ дүгнэжээ.
1. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон" гэж дүгнэснийг үгүйсгэж буй гомдлын үндэслэл:
2010-2012 онд А.О нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний газрын /хуучнаар/ мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн зөрчил гаргаж үүнийг 2016 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч Өршөөлийн хуульд зааснаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэдэгтэй нэхэмжлэгч маргадаггүй.
Уг Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2.-Т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэсэн заалтад хамаарахгүй байхад шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Учир нь Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Улсын их хурлын бүрэн эрхэд өршөөл үзүүлэх шийдвэр гаргахыг хуульчилж, уг бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр Улсын их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хууль гарч, үүний дагуу Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Түүнээс биш Монгол улсын нэрийн өмнөөс шүүхээр гэм буруутай нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон зүйл байхгүй.
Монгол улсын Үндсэн хуулийн 47-р зүйлийн 1-т Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ,.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.
Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2.1-т Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.
Мөн хуулийн 36.8-р зүйлийн 36.8.5-д Шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэсэн заалтууд гарын үсэг зурах зөвлөлдөх зэргээр хуульчлагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор гэм бурууг нотолсон боловч шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын хуулийн шаардлага хангахгүй бөгөөд зөвхөн тухайн хэргийг өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох буюу хааж байгаа эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр болно.
Гэтэл Үндсэн хууль болон бусад материаллаг хуульд шүүхийн хүчин төгөлдөр /хуучнаар таслан шийдвэрлэх тогтоол/ шийтгэх тогтоол гарсан гэж маргаан бүхий актыг зөвтгөн тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруутай холбоотойгоор хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан бөгөөд тодорхой цаг хугацаанд хэрэгждэг нэг удаагийн үйлчлэлтэй Өршөөлийн тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг Монгол улсын нэрийн өмнөөс шүүх шийдвэрлэж гаргадаг одоо хэрэгжиж байгаа хуульд зааснаар шийтгэх тогтоол, /хуучнаар таслан шийдвэрлэх тогтоол/ гзж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2- дахь заалт нь Гэм буруу нь нотлогдсон байхаас гадна шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон байхыг шаардсан байна. Шүүхийн таслан шийтгэх тогтоол гэдгийг прокурорын тогтоол юм гэж тайлбарлах боломжгүй бөгөөд гэм буруутай холбоотой хууль хэрэглэх, тайлбарлахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байхад прокурорын тогтоолын хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол мөн гэж хууль зөрчин тайлбарлах эрх хэмжээ шүүгчид хуулиар олгогдоогүй. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 49-р зүйлийн 1-т Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хурал дээр шүүгч нь хариуцагч байгууллага албан тушаалтны ашиг сонирхлыг илт хамгаалж өршөөлд орсон юм байна. Хохирлоо төлсөн үү, төлөх юм уу, хэзээ төлөх юм бэ, яагаад өршөөлд орчихоод хохирлоо төлөхгүй байгаа юм бэ? Хохирлоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм биш үү, прокурорын тогтоолд заасан шалгагдсан асуудал ноцтой байна гэсэн асуулт, тайлбарыг шүүх хурлын явцад хэлж байсан бөгөөд нэхэмжлэгч сахилгын зөрчлийг гаргасан гаргаагүй гэж маргахгүй байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хуулиар тусгайлан олгогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч мэт эрх бүхий субъектын шийдвэрлэсэн асуудлыг үнэлж дүгнэж, илт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 8-р зүйлийн 8.1.-д эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй" Мөн хуулийн 10-р зүйлийн 10.8-д Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй гэж хуульчилжээ.
Прокурорын тогтоолд заасан зөрчил ноцтой байна уу, үгүй юу, хохирлоо төлсөн, төлөөгүй нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд хуулиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирлын талаар маргах эрхийг нь хязгаарлаагүй, хохирогч иргэн, аж ахуйн байгууллага иргэний журмаар нэхэмжлэл гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэх хуулийн заалттай байхад гэм буруу ноцтой хохирлоо яагаад төлөөгүй зэргээр шүүгч эрх хэмжээнийхээ хувьд асуулт тавьж байсан нь маргаан бүхий захиргааны акт, А.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас хальж эрүүгийн хэрэг, эсхүл хохирол төлбөртэй холбоотой иргэний хэрэг шийдэх гэж байгаа мэт хандлагыг гаргаж байсан.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй" гэж дүгнэснийг үгүйсгэж буй гомдлын үндэслэл:
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01-р сарын 17-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" 09 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгч А.О-ын төрийн алба хаах, хуулиар олгогдсон чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, цалин хөлс авах хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.
Учир нь дээрх тушаал нь хууль зөрчиж гарч байгаа тул уг хууль зөрчсөн тушаалын хэрэгжилтээс шууд шалтгаантай холбоотойгоор төрийн алба хаах, хөдөлмөрлөх эрх, хуулиас гадуур хязгаарлалт тогтоолгож, хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэж байгаа нь ашиг сонирхлыг нь хөндөж байгаа болно. Төрийн албаны тухай хуулийн 41.-р зүйлийн 41.1-т Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ мөн хуулийн 26-р зүйлийн 26.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж хуульчилсан ба дээрх хугацаа өнгөрсөн байхад төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн тушаалыг зөвтгөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй, зөрчигдсөн нь тогтоогдсонгүй гэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуульд үл нийцэж байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан "Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд мөн хуулийн 26-р зүйлийн 26.4-т заасан хугацаа хэрэглэгдэхгүй" гэж дүгнэснийг үгүйсгэж буй гомдлын үндэслэл:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт А.О-ын хувьд мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон.
Иймээс албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-т заасан "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэсэн заалт мөн хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд хамаарахгүй гэсэн заалт төрийн албаны тухай хууль болон бусад хуульд байхгүй.
Төрийн албаны тухай хуульд байхгүй харин ч Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" хуульчилсаар байтал А.О-ын хувьд мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж байгаа шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байж чадахгүй, шүүгчийн үзэмжээр ялгаварлан гадуурхагдаж А.О-ын хувьд гэж түүнд чиглэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй.
А.О байна уу өөр хэн ч байна уу төрийн албаны тухай хууль эрх тэгш хэрэгжих ёстой бөгөөд гагцхүү А.О-ынх ноцтой учир болохгүй бусад төрийн албан хаагчийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж байгаа мэт ойлгогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4 -д заасан "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн" гэсэн ойлголтод илрүүлснээс хойшхи 1 сар гэсэн хугацаа нь зөрчил гарснаас хойш 6 сар доторх хугацаанд хамрагдахыг Төрийн алба, болон төрийн албанаас бусад хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын маргаанд шүүх хууль хэрэглээний практик болон тогтсон ойлголт болно. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1-р сарын 17-ны өдрийн 09 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, 15-р зүйлийн 15.1.7.-Д заасан "Албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэсэн зөрчлийг А.О хэзээ гаргав. Энэ зөрчил хэзээ илрэв, илрүүлснээс хойш 1 сар гэсэн хугацаа нь сахилгын зөрчил гарснаас хойшхи 6 сар дотор уу эсхүл 6 сараас гадна уу гэдэгт шүүх бодит дүгнэлт хийсэнгүй.
Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байхад анхан шатны шүүх "эрүүгийн хэрэгт шалгагдаж өөрөө гэм буруугаа хүлээсэн байна. Зөрчлийн хэр хэмжээ, шинж чанар нь ноцтой байна" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-д заасан" Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.
А.О нь сахилгын зөрчлийн талаар маргадаггүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-т заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан байхад уг хугацаа буюу зөрчил гарснаасаа хойш 6 сар илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж нэхэмжлэл гаргасан болно.
Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуульд яагаад зөрчил гарснаас хойш 6 сар, тодотгож илрүүлснээс хойш 1 сар гэж тусгайлан хуульчилж өгснийг шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж байхад хариуцагчийн төлөөлөгч Н.Бямбадорж нь тайлбар хэлэхдээ "би эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсны маргааш нь намайг дуудаж танилцуулсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн мэдэгдэл 2016 оны 10-р сарын 17-ны өдөр гарч, 2016 оны 10-р сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын 179 дүгээр тогтоол гарч Эрчим хүчний яам уг шийдвэр мэдэгдлийг мэдсэнээс хойш 2 сар 26 хоногийн дараа ажлаас халах шийтгэл ногдуулсан байгаа нь илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн болохыг харуулж байна.
Шүүх нэг хуулийн заалтыг маргаан бүр дээр өөрөөр шийдвэрлэж зөрчил нь ноцтой байна гэж хуулийн заалтыг буруу тайлбарлаж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулж байна.
Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэх, зөрчил нь бодитой эсэх, зөрчил нь тогтоогдсон эсэх, хариуцлага хүлээх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх зэрэг байдалд шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүй харин ч хариуцагч байгууллага албан тушаалтны ашиг сонирхлыг илт хамгаалж өршөөлд орсон юм байна. Хохирлоо төлөх үү, яагаад өршөөлд орчихоод хохирлоо төлөхгүй байгаа юм бэ. Хохирлоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм биш үү зэргээр прокурорын тогтоолд заасан шалгагдсан асуудал ноцтой байна гэсэн асуулт, тайлбарыг шүүх хурлын явцад хэлж байсан бөгөөд нэхэмжлэгч сахилгын зөрчлийг гаргасан гаргаагүй гэж маргахгүй байхад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хуулиар тусгайлан олгогдсон байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх бүхий субъектын шийдвэрлэсэн асуудлыг үнэлж дүгнэж, илт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Шүүгч гэм буруугийн асуудал, өршөөлийн хуульд хамрагдуулж шийдвэрлэсэн прокурорын тогтоол зэрэгт үнэлэлт дүгнэлт хийснээс биш төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт хийгээгүйд тус тус гомдолтой байна.
Нэхэмжлэгч А.О-т Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-т заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалт яагаад хамрагдахгүй байгааг шүүх бодитой тайлбарласангүй.
Иймд А.О нь 2012 оны 9-р сараас ажлын чиг үүрэг нь өөрчлөгдөж Эрчим хүчний яамны урсгал засвар хариуцсан мэргэжилтэн болсон байхад түүний өмнөх ажил буюу 2010-2012 оны 7-р сар хүртэлх Эрчим хүчний газрын нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар 5 жилийн дараа /Прокурорын тогтоолыг хүлээн авч 2 сарын дараа/ Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1-р сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалаар сахилгын хариуцлага ногдуулсан нь хууль зөрчсөн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7-р сарын 18- ны өдрийн 128/ШШ2017/0558 дугаартай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Маргаан бүхий акт нь Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоол, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд “ ... үйлдсэн хэрэг нь тогтоогдож, Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэгсэхгүй болгогдсон байх тул ...” нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч А.О-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар зохицуулжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зохицуулжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн тухайгаа хүлээн зөвшөөрч, холбогдох эрүүгийн хэрэг нь прокурорын хүчин төгөлдөр тогтоолоор Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байх бөгөөд анхан шатны шүүх “ ... А.О-ын хувьд мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон” гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч А.О нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй тул Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ ... гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болно ... ” гэсэн заалттай нийцсэн, нэхэмжлэгч нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулахаас хариуцагч байгууллага татгалзсан нь хуулийн үндэслэлтэй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасны дагуу “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халах үндэслэл болсон байх тул “мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаа хэрэглэгдэхгүй” гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ