Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 589

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцу тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г*******

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г*******ийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 31-06-******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г*******, гуравдагч этгээд Ц.Б*******, түүний өмгөөлөгч Г.Ө******* нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр талийгаачийн нас барсан үйлдлийг үйлдвэрлэлийн осол гэж тооцоод 31-06-******* дугаартай дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг “Т******* ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г******* 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31-06-******* дугаар дүгнэлт  гаргахдаа:

1. Ж.Б******* нь хэдэн цагаас ээлжнээс буусан,

2. Ж.Б******* нь Улаанбаатар хотод хэдэн цагт ирж, хэдэн цагт Сэлэнгэ аймаг руу гарсан,

3. Ж.Б******* нь Улаанбаатар хотоор дамжихгүйгээр Сэлэнгэ аймаг орох боломж байсан эсэх,

4. Ж.Б******* нь Улаанбаатарт ямар зорилгоор ирсэн,

5. Ж.Б******* нь хэдэн цагт ажлаасаа гарч, хэдэн цагийн үед осолд орсон нөхцөл байдлыг тодорхойлох,

6. Ж.Б*******ын ажлаас тарсан цаг, осолд орсон цаг хугацааны хамаарлаас үзэхэд үйлдвэрлэлийн осолд хамруулж болох нөхцөл байдал мөн эсэх гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тодруулаагүй. 

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 31-06-******* дугаар дүгнэлтийг хүчингүй  болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г******* 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг тус тус үндэслэж гаргасан. “Т*******” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 6 зүйлийг анхаарч үзээгүй гэсэн байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ” гэж заасан байгаа. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно”, 2 дугаар зүйлийн 2.3-т “ажилдаа ирэх, буцах замд” гэсэн заалтыг үндэслэсэн. Аж ахуй нэгж, байгууллага осол гарсан тохиолдолд заавал бүртгэх ёстой.  Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан байгаа. Үйлдвэрлэлийн осол мөн ч байсан,  биш ч байсан комиссоо томилоод бүртгэх ёстой.  Хөөн хэлэлцэх хугацаа бол 6 сар байгаа. Дүгнэлт гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тогтоогдохгүй. 2015 онд яагаад дүгнэлт гаргасан бэ гэхээр улсын байцаагч дүгнэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд улсын байцаагчийн үүргийг тодорхой заасан байгаа. Ажил олгогч, хохирогч улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхийн байгууллагад хандана гэсэн байгаа. Тухайн үед үйлдвэрлэлийн ослыг тогтоогоогүй, ямар нэгэн байдлаар судалж бүртгээгүй учраас өнөөдрийн байдалд хүрч байна. Дүгнэлт гаргахдаа холбогдох материалыг бүрдүүлж аваад үйлдвэрлэлийн осол мөн гэж үзсэн. Ажилдаа ирэх, буцах замд гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг баримталсан. Явах маршрут, хэзээ явж гэртээ харих эсэхийг хөдөлмөрийн гэрээнд тогтоох ёстой байсан” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Ц.Б******* 2016 оны 5 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2014 онд Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Тус хугацаанд эвлэрэх боломж байсан. Гэр орны байдлыг мэдэж байгаа. 1,000,000 төгрөг гэж яриад байна. Манай хүүхэд аавыгаа өнгөрсний дараа өвдөөд улс орон даяар хандивын аян зохиосон. Манай хүн 10 өдөр өглөө гараад, 10 өдөр орой гардаг. Өглөөний 8 цагт ажлаасаа бууж, чөлөөний хуудас авсан. Жаргалант сумаас Нарантолгой гэдэг уурхай нь 10 километрийн зайтай. Компанийн унаа гэж байхгүй. Жаргалант сумаас хувийн унаа дуудаад хот руу орж ирдэг. Хотоос гэртээ харихаар явдаг. Энэ осол 10 цагийн үед Хөтөл суманд болсон. Хаяг нь байхгүй учраас миний хаягаар 11 цаг 10 минутын үед мэдээлэл ирсэн. Баяр ёслол болж байсан учраас Онцгой байдлын хүмүүс цагийн дараа ирсэн. Ээлж бууж байгаа ажилчдаа ирж, авдаг тогтмол унаа байдаггүй” гэв. 

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х нар 2016 оны 8 дугаар сарын 24-ний  өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Б******* нь 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цаг 00 минутын үед Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар багийн нутаг, Дархан-Эрдэнэт чиглэлийн замд явж байгаад зам тээврийн осолд орсон. Үүнийг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр талийгаачийн нар барсан үйлдлийг үйлдвэрлэлийн осол гэж тооцоод 31-06-******* дугаартай дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг “Т*******” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн осол тогтоосны дагуу Ж.Б******* /талийгаач/-ын эхнэр Ц.Б******* “Т*******” ХХК-д холбогду иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” гэж заасан нь үйлдвэрлэлийн осолд хамаарна. Гэхдээ тус дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-ын тайлбарлах хэсэгт “Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын  чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно” гэж заасан байна. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт нь чиглэл болон осол болсон цаг хугацаа, ажил тарсан цаг хугацаа зэргийг анхаарч үзэлгүйгээр дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Үүнд Ж.Б******* нь хэдэн цагт ээлжээсээ буусан, талийгаач Улаанбаатар хотод хэдэн цагт орж ирсэн, Улаанбаатар хотоос хэдэн цагийн үед Сэлэнгэ аймгаас гарсан эсэх, Улаанбаатар хотоор дамжихгүйгээр Сэлэнгэ аймаг орох боломж байсан эсэх, Улаанбаатар хотод ямар зорилгоор гарч ирсэн, хэдэн цагт ажлаас гарч, хэдэн цагийн үед осолд орсон эсэх нөхцөл байдлыг тодорхойлоогүй. Мөн ажил тарсан болон осолд орсон цаг хугацааны хамаарлаас үзэхэд үйлдвэрлэлийн осолд хамааруулж болох эсэх нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж үзэх ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 5/588 дугаар албан бичиг хүргүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31-06-******* дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа тул хүчингүй болгох үндэслэл байхгүй байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Тав. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г******* 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаад өгсөн хариу тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч буюу Г.Ө******* гэдэг хүнээс гомдол гаргасны дагуу дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг гаргахдаа “Тэн Хун” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, чөлөөний хуудас, холбогдох материалыг үндэслэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг тус тус үндэслэж гаргасан. “Т*******” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 6 зүйлийн анхаарч үзээгүй гэсэн байгаа. Энэ тухай хариу тайлбар болгоод албан ёсоор өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ” гэж заасан байгаа. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно”, 2 дугаар зүйлийн 2.3-т “ажилдаа ирэх, буцах замд” гэсэн заалтыг үндэслэсэн. Аж ахуй нэгж байгууллага осол гарсан тохиолдолд заавал бүртгэх ёстой.  Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан байгаа. Үйлдвэрийн осол мөн ч байсан,  биш ч байсан комиссоо томилоод бүртгэх ёстой.  Хөөн хэлэлцэх хугацаа бол 6 сар байгаа. Дүгнэлт гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тогтоогдохгүй. 2015 онд яагаад дүгнэлт гаргасан бэ гэхээр улсын байцаагч дүгнэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд улсын байцаагчийн үүргийг тодорхой заасан байгаа. Ажил олгогч, хохирогч улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхийн байгууллагад хандана гэсэн байгаа. Тухайн үед үйлдвэрийн ослыг тогтоогоогүй ямар нэгэн байдлаар судалж бүртгээгүй учраас өнөөдрийн байдалд хүрч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг баримталсан. Явах маршрут хэдэн явж гэртээ харих эсэхийг хөдөлмөрийн гэрээнд цаг хугацааг тогтоох ёстой байсан. “Т*******” ХХК өөр зүйл яриад байна. 2012 онд гарсан ослын асуудал бол 2009 оны 11 дүгээр тогтоолд заасны дагуу явагдаж байгаа. “Т*******” ХХК ярихдаа 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын 269 дугаар тогтоолыг баримталж яриад байна” гэв.

Зургаа. Гуравдагч этгээд Ц.Б******* 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эрдэнэт хотод талийгаач амьдардаг байсан. “Т*******” ХХК-ийн Улаанбаатар хотод байдаг албан ёсны оффист гэрээ хийж байхад амьдарч байгаа албан ёсны хаягийг нь авсан.  “Т*******” ХХК-иас 400 мянган төгрөгийг автобусаар өгч явуулсан байсан. Хуулийн зөвлөх нь н.Дэлгэрмөрөн гэж хүн байсан. Тухайн үед хандахад “би эрдэнэт хотод ирэхэд танай гэр олдсонгүй” гэсэн хариу өгсөн. Шүүх хуралд манай өмгөөлөгч “...үйлдвэрлэлийн ослыг танай байгууллага тогтоох ёстой байсан гэж” хэлсэн. 4 сарын дараа Баянгол дүүргийн шүүхэд өргөдөл өгөхөд эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. 2014 онд Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Тус хугацаанд эвлэрэх боломж байсан. Гэр орны байдлыг мэдэж байгаа. 1,000,000 төгрөг гэж яриад байна. Манай хүүхэд аавыгаа өнгөрсний дараа өвдөөд улс орон даяар хандивын аян зохиосон. Ажилчид нь мөнгө цуглуулаад өгсөн мөнгө байгаа. “Т*******” ХХК бол дан хятад захиралтай биш юм. Монгол захирал байгаа. Ажилчид хамт олноос хандив өгсөн мөнгө юм. Өөр мөнгө төгрөгний асуудал байхгүй. Манай хүн 10 өдөр өглөө гараад, 10 өдөр орой гардаг. Өглөөний 8 цагт ажлаасаа бууж чөлөөний хуудас авсан. Жаргалант сумаас Нарантолгой гэдэг уурхай нь 10 километрийн зайтай. Компанийн унаа гэж байхгүй. Жаргалант сумаас хувийн унаа дуудаад хот руу орж ирдэг. Хотоос гэртээ харихаар явдаг. Энэ осол 10 цагийн үед Хөтөл суманд болсон. Хаяг нь байхгүй учраас миний хаягаар 11 цаг 10 минутын үед мэдээлэл ирсэн. Баяр ёслол болж байсан учраас Онцгой байдлын хүмүүс цагийн дараа ирсэн. Ээлж бууж байгаа ажилчдаа ирж, авдаг тогтмол унаа байдаггүй. Одоо хүртэл хэвээрээ байгаа. Хөдөлмөрийн гэрээнд Улаанбаатар хот ороод дуусгавар болно гэсэн зүйл байдаггүй. Гэрийн хаяг нь тодорхой байгаа” гэв.

Долоо. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ө******* 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т*******” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Г*******ийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие иргэн хүний хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өргөдөл гаргаад дүгнэлт гаргуулсан. Иргэн Ж.Б******* нь үйлдвэрлэлийн ослоор нас барсан гэсэн дүгнэлт байгаа. Тус дүгнэлт хүчингүй болох юм бол иргэн Ж.Б*******ын ар гэрийн хүмүүс, мөнгө авах бололцоогүй байна. Ж.Б******* нь гадаадын хөрөнгө оруулалтай “Т*******” ХХК-д 2012 оны 1 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Төв аймгийн Нарантолгой гэдэг алтны уурхайд ажиллаж байсан. Талийгаач нь 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдөр шилжих шөнө ээлжинд гарч, өглөө 8 цагт ажлаас буусны дараа 10 хоногийн чөлөө авсан. Улаанбаатар хотод очиж, өөрийн хувийн машиныг авч, Орхон аймаг руу явсан. 2012 оны 7 дугаар сарын 10-ны 23 цаг 30 минутын үед авто тээврийн осолд орж нас барсан. Ар гэр нь “Т******* ХХК-д Ж.Б******* үйлдвэрлэлийн осолд орсон тул 2009 оны 11 дүгээр тогтоолын дагуу тогтоож өгнө үү гэсэн хүсэлт удаа дараа гаргаж байсан. Б.Э*******ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2014 онд сум, дундын 22 дугаар шүүхэд болсон. Шийдвэр гаргахдаа “Т*******” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийг гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн. Ж.Б*******д ямар нэгэн гэм буруу байхгүй гэж үзээд Б.Э*******ад ял оноосон. Үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар үүрэг болгосон. Эрүүгийн шүүх хуралдаанаас хойш 2015 онд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаад дүгнэлт гарсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр Ж.Б******* нь үйлдвэрлэлийн ослын улмаас нар барсан гэж тогтоосон. “Т*******” ХХК-иас холбогдох тэтгэмжээ авах гэсэн боловч өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан. 2015 оны 9 дүгээр сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.Г*******ийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүгч захирамжаараа хоёр газрыг шинжээчээр томилоход татгалзсан хариу өгсөн. 2016 оны 3 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Г.Г*******ийн гаргасан дүгнэлт бол шинжээчийн дүгнэлт биш гэсэн хариуг “Т*******” ХХК-ийн захиралд илгээсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Г*******ийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Талийгаач нь ажил олгогчоос гаргасан тушаал шийдвэр, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шөнийн болон илүү цагаар ажилласан. Нөхөн амрахаар явж, батлагдсан чиглэл, маршрутаар явж байтал зам тээврийн осолд орсон. Энэ нь чөлөөний хуудсаар тогтоогдож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “ажилдаа ирэх, буцах” гэж заасан байгаа. Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.4-т “ажилдаа ирэх, буцах” гэж заасан байгаа. “Т*******” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6 асуудлыг гаргасан. Хэдэн цагт ажлаас буусан, яагаад Улаанбаатар хот руу явсан, чиглэл маршрут нь тодорхой бус гэсэн 6 асуудлыг тавьсан. Энэ асуудлууд нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаас тодорхой болж байна. Хэдэн цагт ажлаасаа буусан гэдгийг хариуцагч тал хариулсан байна. Ажлаасаа буугаад Улаанбаатар хот орж хувийн машинаа аваад Дархан-Эрдэнэтийн чиглэлийн замын 46 дугаар км.-т авто замын осолд орж нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлд тусгагдсан асуултууд хариулагдсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт нь нөхцөл байдлын чиглэл, мөн осол болсон цаг хугацаа, ажлаас тарсан цаг хугацаа зэргийг огт анхаарч үзэлгүй дүгнэлт гаргасан нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.5 дахь хэсэгт “Ажилтан ажилдаа ирэх, буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалин авдаг газрын хооронд/- даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед гарсан осол нь үйлдвэрлэлийн осолд хамаарна” гэсэн хууль журмыг зөрчиж, манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэжлэлийнхээ хариуцагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг тодорхойлж  байсныг “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Г*******” гэж  хариуцагчаа өөрчлөн  тодорхойлжээ. 

  Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд оршин суух иргэн Г.Ө******* Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг багийн нутагт орших “Т*******”  ХХК-ийн  “Наран толгой” алтны уурхайн ажилтан Ж.Б******* нь авто тээврийн осолд орж, нас барсан нь үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхэд дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г******* 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31-06-******* дугаар дүгнэлтээр “Ж.Б*******ыг ажлаас буцах, гэр лүүгээ явах замдаа зам тээврийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд” тооцох нь зүйтэй гэж үзжээ. 

Үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, улсын байцаагч дүгнэлт гаргахдаа:

1. Ж.Б******* нь хэдэн цагаас ээлжнээс буусан,

2. Ж.Б******* нь Улаанбаатар хотод хэдэн цагт ирж, хэдэн цагт Сэлэнгэ аймаг руу гарсан,

3. Ж.Б******* нь Улаанбаатар хотоор дамжихгүйгээр Сэлэнгэ аймаг орох боломж байсан эсэх,

4.  Ж.Б******* нь Улаанбаатарт ямар зорилгоор ирсэн,

5. Ж.Б******* нь хэдэн цагт ажлаасаа гарч хэдэн цагийн үед осолд орсон нөхцөл байдлыг тодорхойлох,

6. Ж.Б*******ын ажлаас тарсан цаг, осолд орсон цаг хугацааны хамаарлаас үзэхэд үйлдвэрлэлийн осолд хамруулж болох нөхцөл байдал мөн эсэх гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тодруулаагүй гэжээ.

Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 31-06-******* дүгнэлтийг гаргахдаа “Т*******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, осолдогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, илүү цагаар болон шөнийн цагаар  ажилласны нөхөн амраах чөлөөний хуудас, сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн газрын акт, дүгнэлт зэрэг холбогдох баримтуудыг судлан үзжээ. 

Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.3-д “Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө”, 2.1-д “Ажил олгогчоос үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажил олгогчийн шийдвэрээр байгуулж, комиссын даргыг томилно” гэж заасан байх бөгөөд “Т*******” ХХК нь гарсан ослын шалтгааныг судлан, үйлдвэрлэлийн ослын акт тогтоож, бүртгэх үйл ажиллагаа явуулаагүй болох нь нэхэмжлэгчийн “...үйлдвэрлэлийн осол гарах үед комисс ажиллуулаагүй. Тухайн албан байгууллага түр комисс буюу байнгын комисс ажиллуулах ёстой...” гэж,  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...байгууллагаас ослын талаар дүгнэлт гаргаж өгөөгүй учраас би иргэний хувьд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж хүсэлт гарган дүгнэлт гаргуулсан” гэсэн  тайлбар, хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, “Т*******” ХХК-ийн дотоод журам зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Талийгаач Ж.Б******* нь 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр “Т*******” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сум, Тал булаг 3 дугаар баг, “Наран толгой”-д байрлах салбарт “баяжуулагч”-аар ажиллаж байгаад 2012 оны 7 дугаар сарын 10-ны өглөө шөнийн ээлжнээс бууж, чөлөөний 10 хоногийн амралтаа авч Жаргалант сумаас дуудсан нийтийн тээврийн автобусанд суун Улаанбаатар хотод хүргүүлж, тэр өдөртөө өөрийнхөө машинаар Орхон аймагт байдаг гэр лүүгээ явж байгаад Дархан-Эрдэнэтийн замд авто тээврийн осолд өртөж амь насаа алдсан болох нь тогтоогдсон. 

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай  хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ” гэж, 2.2-т “Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно”, 2.2.3-д “ажилдаа ирэх, буцах замд” гэж үүнийг “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5.4-д “ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно) гэжээ. Тэгвэл “Т*******” ХХК нь ажилтан Ж.Б*******тай хийсэн хөдөлмөрийн гэрээндээ тухайн ажилтны гэр-ажлын байр хоорондын чиглэл болон явах цаг хугацааны хэмжээг тогтоох хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл ажилтны осолд орсон цаг хугацаа ажлын 8 цаг, эсхүл ээлжийн графикаар тогтоосон цагтай давхцсан байхыг шаардахгүй бөгөөд тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг тогтоох, үйлдвэрлэлийн ослыг тооцох үүргээ “Т*******” ХХК биелүүлээгүй байна. 

“Т******* “ХХК Төв аймгийн Жаргалант сумын “Наран толгой”-д байршилтай ажлын байрнаас чөлөөний хугацаанд гэртээ харьж байгаа ажилчдадаа өөрийн унаагаар үйлчилдэггүй бөгөөд сумаас нийтийн тээврийн машин дуудаж, бүх ажилчдаа Улаанбаатар хотод хүргэж өгдөг байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна. 

Үүнэээс үзэхэд талийгаач Ж.Б*******д Орхон аймаг буюу гэр лүүгээ ажлаасаа шууд очих боломж байгаагүй, нийтийн унаагаар хотод очиж байж гэрлүүгээ явахаас өөрөөр боломжгүй байсан байна. Тухайн өдөр талийгаач Ж.Б******* хотод хоноогүй, тэр өдөртөө буюу 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орой хотоос гарч, гэрлүүгээ харих замдаа авто тээврийн осолд орсон. Хэдийгээр нэхэмжлэгч тал улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г*******ийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31-06-******* дугаартай дүгнэлт доорх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ”, 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах”, Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.2-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөж ажиллана”, 1.6-д “Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна”, 2.7-д “Үйлдвэрлэлийн осол тогтоосон актыг хөдөлмөрийн, хурц хордлого тогтоосон актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянан батална. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хяналтын улсын байцаагч тусгайлан судалж, дүгнэлт гаргана”,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллагад болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ” гэжээ. 

Иймд  дээрх хууль дүрэм, журамд заасан эрх, үүргээ биелүүлж ажиллаагүй “Т*******” ХХК-ийн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл байхгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2, 29.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Г*******т холбогду гаргасан Улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 31-06-******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгэр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ЧАНЦАЛНЯМ