Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 505

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн нэхэмжлэлтэй,

Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа 

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг   

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсгийг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, уг албан шаардлагуудад дурдагдсан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт 2018 оны 03 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0524 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч З.А нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан тус газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/04 ДГА-2018/102/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий 6 төрийн албан хаагчид холбогдох хэсэг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/17 ДГА-2018/101/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах, уг албан шаардлагуудад дурдагдсан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг нэр бүхий төрийн албан хаагчид болох нэхэмжлэгч нарт 2018 оны 03 дугаар сараас хойш олгогдоогүй цалингийн нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0524 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч З.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэртэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/MA2018/0524 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгч нарт цалингийн нэмэгдэл олгосон нь үндэслэлгүй байна, “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан цалингийн нэмэгдэл олгохоор заасан төрийн үйлчилгээний албан тушаалуудад нэхэмжлэгч нэр бүхий 13 төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалууд багтаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нарт олгож байсан цалингийн нэмэгдэл нь Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг үндэслэж олгоогүй, нэр бүхий 13 төрийн үйлчилгээний албан хаагчдад олгож байсан цалингийн нэмэгдэл нь зөвхөн хамтын хэлэлцээр, хамтын гэрээнд заасны дагуу цалингийн нэмэгдэл олгож байсан байхад үүнийг анхаарч үзсэнгүй.

6. Засгийн газрын 90 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтанд цалингийн нэмэгдэл олгох албан тушаалтнуудыг тодорхойлон тусгаж өгсөн байдаг бол хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтанд ямар нэгэн ялгамжтай зүйлийг тусгаагүйгээрээ Засгийн газрын 90 дүгээр тогтоолоос өөр юм.

7. Дорноговь аймгийн Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн 2015-2016, 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт зааснаар “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг cap бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно” гэж заасан байдаг бөгөөд энэхүү хэлэлцээрийн заалтандаа Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг тодотгож өгсөн нь цалингийн нэмэгдлийг төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад ямар нэгэн ялгамжгүйгээр, ижил, тэгш эрхийн зарчимд үндэслэн цалингийн нэмэгдэл олгохоор тодруулж тусгасан заалт.

8. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Хүүхдийн цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээ, Дорноговь аймаг Айраг сумын Засаг даргын тамгын газрын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2015-2017 оны хамтын гэрээнд “Аймгийн Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн хамтын хэлэлцээрийн 3.12-т заасны дагуу Төрийн үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг 10%-иар цалингийн зардлаас олгоно” гэж илүү нарийвчилж өгсөн байдаг. Гэвч энэхүү хамтын гэрээ, хэлэлцээрт тусгасан цалингийн нэмэгдлийг олгох нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлтийг хийсэнгүй гэж үзэж байна.

9. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-т зааснаар “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж нарийвчлан зохицуулсны дагуу нэхэмжлэгч нарт нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар, олгох нэмэгдлийг Засгийн газраас тогтоохоор байна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

10. Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 370 дугаартай “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь хэсэгт Аймаг, нийслэл, салбарын түвшинд ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтын хэлэлцээр байгуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах гэж зааж өгчээ.

11. Үүнээс харахад ч гэсэн хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн дагуу нэр бүхий 13 төрийн үйлчилгээний албан хаагчдад олгогдож байсан цалингийн нэмэгдэл нь дээрхи төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу Засгийн газрын тогтоолоор хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэн олгосон цалингийн нэмэгдэл учир хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэжээ.

13. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...аймгийн Аудитын газрын албан шаардлага нь ...Хөдөлмөрийн тухай хууль болон Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр, Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны хамтын хэлэлцээр, Айраг сумын хүүхдийн цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-2018 оны хамтын гэрээ, Айраг сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, Баг, Соёлын төвийн үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2015-2017 оны хамтын гэрээ, хэлэлцээрүүдийг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгогддог нэмэгдлийг сар бүр ямар нэг ялгаваргүйгээр олгоно гэсэн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн...” гэж тус тус маргажээ.

14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нэр бүхий албан хаагчид нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан төрийн үйлчилгээний албан хаагчид байх бөгөөд тэдгээрт Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр, 2017-2018 оны хамтын хэлэлцээрт “...Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно...” гэж заасныг үндэслэн нэмэгдэл олгодог байсан, энэ нь Дорноговь аймгийн Айраг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/18, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/22, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/08 дугаар тушаалуудаар тус тус тогтоогдож байна.

15. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ”, 28.9-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар, олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газраас тогтоохоор байна гэж гэж шүүхүүд зөв дүгнэжээ. 

16. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдэл”-ийг, 2 дугаар хавсралтаар “Аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдэл”-ийг тус тус баталсан бөгөөд сумын хүүхдийн цэцэрлэгийн ахлах тогооч, туслах тогооч, нярав, угаагч, манаач, сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав, жолооч, үйлчлэгчээр ажиллаж байгаа ажилтнууд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.  

17. Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээрийн 3.12-д “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр олгоно”, 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн 2.4-д “Төрийн үйлчилгээний нийт ажилтнуудад Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолоор олгодог нэмэгдлийг сар бүр ямар нэгэн ялгаваргүйгээр 8-15 хувиар олгож болно” гэж заасны дагуу холбогдох хууль болон тухайн заалтуудыг үндэслэн дээр дурдсан тушаалууд гарсан байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нарт олгож байсан цалингийн нэмэгдэл нь Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг үндэслэж олгоогүй...хамтын гэрээ, хэлэлцээрийн дагуу олгож байсныг анхаарч үзээгүй” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

18. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг”, 4.1.34-д ““төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” ойлгохоор, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийг тус тус заасан байхад зориулалтаас гадуур буюу төсөвт тусгагдаагүй, олгох боломжгүй нэмэгдлийг Дорноговь аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээр, 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолд тухайлан нэр зааснаас бусад төрийн үйлчилгээний албан хаагчдад хамааруулан буруу хэрэгжүүлж олгосон нь үндэслэлгүй байна.    

19. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2018/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0524 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН