Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2016/00402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалжшүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Г

Хариуцагч: Б.Б

Гэм хорын хохирол 746.706 /долоон зуун дөчин зургаан мянга долоон зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ш.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Г- нь 2015 оны 06 сарын 22-ны өдөр зам тээврийн осолд орж биед маань хүнд зэргийн гэмтэл учирсан. Тухайн осол нь **** ХӨВ улсын дугаартай Хондо Пит маркын машин жолоодож явсан Б- замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************ дугаартай шийтгэх тогтоолоор Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Ослоос хойш миний эрүүл мэнд төдийлөн сайжрахгүй, тархи толгой үргэлж өвдөх, заримдаа дотор муухайрч ямар ч тамир тэнхэлгүй болдог. Ингээд 2015 оны 12 сард аймгийн төвд байх Оюун-Ундраа эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, эмчийн зааврын дагуу эм тариа авч хэрэглэсэн. Төмөрбулаг, Мөрөн рүү эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр ээж Огийн хамт ирсэн замын зардал зэрэгт нийт 416910 төгрөгийн зардал гарсан. Иймд миний эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцвал зохих этгээд Б-оос дээрх хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай хүү Х.Г- автын осолд орж 8 хоног ухаангүй эмнэлэгт хэвтэж байгаад мэс заслын тасагт шилжиж хэвтсэн. Түүнээс хойш байнга эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдлын хувьд сэтгэл хямралтай, толгой нь өвддөг, мартамхай болсон. Эмчилгээг нь таслах боломжгүй байна. Одоо 12 дугаар ангийн хүүхэд хичээлдээ ч явж чадахгүй, толгой өвдөөд байна гээд гэртээ ирээд хэвтчихдэг. Сая хоёрдугаар сард эмчид үзүүлсэн. Байнга эм ууж, эмчилгээ хийлгэдэг ямар ч тамир тэнхээ байхгүй хөдөлмөрийн чадваргүй хүн болсон. Эмчилгээний зардал 746.706 төгрөгийг гаргуулмаар байна. Бид малчин хүмүүс учраас бэлэн мөнгө байхгүй, хүнээс мөнгө зээлж эмчилгээг нь хийлгэж байна. Миний хүү Х.Г- насаараа эрэмдэг болчихсон байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгө байхгүй, боломжгүй гэж байгааг ойлгохгүй байна. Бид хүүхдээ эдгээхийн тулд бүх боломжоо шавхаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа манай нөхрийн дансаар ирүүлсэн 500.000 төгрөг нь энэ нэхэмжилж байгаа 746.706 төгрөгөөс тусдаа, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргуулахгүй гэж бидэнд өгсөн мөнгө юм гэв.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Х-ы Г-д 2015 оны 12 сард эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг дансаар шүүх хурал болж шийдвэр гарсны дараа өгсөн нь үнэн болно. Одоогийн байдлаар нэхэмжилсэн мөнгийг тодорхой ажил эрхлээгүй байгаа тул өгөх боломжгүй байна. Би ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Аав ганцаараа ажил хийдэг, цалингийн зээлтэй. Б.Б- нь Х.Г-д урд нь эмчилгээний зардал болох мөнгийг цалингийн зээл авч өгсөн. Одоо ажилгүй болохоор зээлээ хийж чадахгүй байна. Миний энэ байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг болох үед Зэвсэгт хүчний 321 дүгээр ангид түр дагалдангаар ажиллаж байгаад ажилдаа жинхлэх гэтэл ял шийтгэл эдэлж байсан гээд чадаагүй. Ажилд орж чадаагүй байгаа. Х.Г-гийн эмчилгээний зардлыг төлөх гэж урд нь цалингийн зээл авсан байсан. Миний хувьд ажил эрхэлдэггүй, нөхөр маань өөрөө цалингийн зээлтэй, түүний хажуугаар хүүхдийнхээ зээлийг давхар төлдөг, амьдрал хэцүү байна. Х.Г-гийн эмчилгээний зардлыг өгье гэж бодож байгаа боловч манай ам бүл одоогоор хоёр хүүхдэд төрөөс олгодог мөнгө, эцэг эхийн туслалцаатайгаар амьдарч байна. Зээлээ төлж дуусахаас өмнө дахин ийм мөнгө нэхэмжилж байгаа нь хүнд байна. Яг одоо энэ нэхэмжилж байгаа мөнгийг амьдралын боломжгүйгээс төлж чадахгүй байна. Хамгийн гол нь бид мөнгө төгрөг гэж их яриагүй. Эдний хүүхдийг эмнэлэгт байхад хичнээн өдөр зовж шаналж эргээд хөл дээр нь босгочихъё гэж эмнэлэг дээр хонож өнжиж явсан. Тухайн үеийн эмчилгээний зардлуудыг өгсөн. Харамсалтай нь миний хүү тухайн үед таксинд явж байсан. Эдний хүүхэд согтуу замын нөгөө талд гарах гээд урдуур нь ороод ирсэн байсан. Тухайн үед яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл унаж явсан юм бэ? Тэгээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Зардлыг чадах чинээгээрээ өгсөн. Түүнээс хойш яаж байгаа бол гэж сэтгэл зовж яваа. Би өөрөө ажилтай байсан бол энэ мөнгийг өгчихье гэж их боддог. Яг одоо хугацаа заагаад өгнө гэхэд боломжгүй байна. Эрүүгийн хэргийн шүүх хурлаас өмнө хэсэгтээ эмчилгээндээ хэрэглэж бай гэж үхэр махалж 500.000 төгрөг өгсөн боловч үүнээс хойш мөнгө төгрөг өгч чадаагүй. Б.Б- одоо ажил олдохгүй байгаа учраас мөнгө олоод ир гэж хэлээд байх хэцүү байдаг. Миний хүүхэд архи, тамхи хэрэглэдэггүй. Би эмнэлгээр Х.Г-н талаар санаа тавин явж байсан боловч эд нар байнга дарамталдаг, хоорондоо ойлголцохгүй юм билээ. Шийтгэх тогтоол гарснаас хойш Х.Г-д 500.000 төгрөгийг түүний аав Х-ы дансаар шилжүүлж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 746.706 төгрөгөөс энэ 500.000 төгрөгийг хасаж, үлдэх мөнгө нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдвол төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г- өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 746.706 /долоон зуун дөчин зургаан мянга долоон зуун зургаа/ төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон авто ослын улмаас нэхэмжлэгч Х.Г-гийн биед хүнд гэмтэл учирч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ************ дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Б-ыг гэм буруутайд тооцон1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан байна.

Гэм буруугийн асуудлаар зохигчид маргаагүй боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлоо тодорхойлон бүрдүүлсэн баримт эргэлзээтэй, шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш буюу 2015 оны 12 сард эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлсөн боловч 746.706 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, харин уг нэхэмжилсэн 746.706 төгрөгөөс бидний өгсөн 500.000 төгрөгийг хасаж үлдэх мөнгө нь нотлох баримтаар нотлогдвол бүрэн төлж барагдуулна гэж маргажээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Г- нотлох баримтаар 2015 оны 11 сарын 04, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд Энхгүен эргэлтийн эмийн сангаас эм, тариа авсан тухай зарлагын баримт, /хавтаст хэргийн 6, 23 дугаар хуудас/, 2015 оны 12 сарын 13-ны өдөр Х.Г-, Ч.О нарын орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбар /хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ************ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Х.Г-гийн өвчтний картнаас хуулбарласан гэх баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлжээ.

Гэвч нэхэмжлэгчийн дээрх хавтаст хэрэгт бүрдүүлж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, худалдаж авсан гэх эм, тариаг Х.Г-д ослын улмаас учирсан гэмтлийг эмчлэх зориулалттай авсан болох нь хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй, мөн эм тариа авсан гэх зарлагын баримтууд дээрх тамга тэмдэг зөрүүтэй, хаанахын ямар байгууллагын тамгыг дарсан нь тодорхойгүй, Х.Г-, Ч.О нарын орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарыг бал хольж бичсэн, засвартай байх тул шүүх нотлох баримтанд үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч Х.Г- нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Оюу-Ундраа эмнэлэгт хэвтэж эмчилгээний төлбөрт 210.000 төгрөгийг төлсөн /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ байх боловч хариуцагч Б.Б- шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Х.Г-гийн эмчилгээнд зориулж 500.000 төгрөг өгсөн болох нь Хаан банкны 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлэг, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Б.Б-оос шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 500.000 төгрөгийг авсан ч энэ нь нэхэмжилж байгаа 746.706 төгрөгөөс тусдаа, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргуулахгүй гэж бидэнд өгсөн мөнгө юм ... гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-оос 746.706 /долоон зуун дөчин зургаан мянга долоон зуун зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн Х.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Г.ДАВААХҮҮ