Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/103

 

                                                                 Н.Э, Э.Т, Н.Ц

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Н.Ц,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/1626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ц-н гаргасан давж заалдах гомдлоор Н.Э, Э.Т, Н.Ц  нарт холбогдох 1906 00741 1940 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Б овгийн Н-н Э, ......................, /РД: ............/;  

2. Б овгийн Э-н Т, ......................, /РД: .............../;  

3. Б овгийн Н-н Ц, ......................, /РД: ............../;  

Шүүгдэгч Н.Э, Э.Т, Н.Ц  нар нь бүлэглэн, 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө, фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “санхүүгийн тусламж авна, утас 88531198” гэх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Золжаргалыг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны хөшөөний урд талаас ......... улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд суулган, “Н.Ц-н гэрт очно” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн орчим, харанхуй гудамжид очиж, хохирогчид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэн 140.000 төгрөг, “Самсунг А6” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, Б.З-д нийт 608.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Н.Э, Э.Т нар нь дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хохирогч Б.З-н нүүрэн тус газар нь цохиж өшиглөн, эрүүл мэндэд нь зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.М-г архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь түүний түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч, түрийвчинд байсан Э.М-н эхнэр болох Д.О-н эзэмшлийн Хаан банкны 5028750682 дугаарын данстай картыг ашиглан, 4 удаагийн гүйлгээгээр 2.450.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүн үйлчилгээний төвийн 2 давхарын Хаан банкны АТМ-ээс гарган авч, иргэн Э.М-д нийт 2.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

          Э.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

        Н.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэгт, Боржигон овогт Н.Э, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Э, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Э, Э.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Э-н цагдан хоригдсон 339 хоногийг, Э.Т-н цагдан хоригдсон 213 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцож,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-с 887.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мэнд-Өрнөхөд олгох, шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нараас 250.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Батсайханд тус тус олгуулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, мөн шүүгдэгч Н.Э-с 18.000 төгрөгийг тус тус гаргуулж “Дамно” ХХК-д олгохоор, хохирогч Б.Золжаргал нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Н.Ц, Н.Э, Э.Т нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улаанбаатар хотоос зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Миний биеийн байцаалтын хаяг нь Улаанбаатар хотынх одоо амьдарч байгаа газар маань Дархан-Уул аймагт нөхөр хүүхдүүдийн хамт оршин суудаг тул Миний Улаанбаатар хотоос зорчих эрх хязгаарласныг Дархан-Уул аймаг болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Ц-н гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Ц нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт амьдардаг болох нь хангалттай тогтоогдсон. Дархан-Уул аймагт оршин сууж байгаа гэсэн тодорхой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Э, Э.Т, Н.Ц  нар нь бүлэглэн, 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө, фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “санхүүгийн тусламж авна, утас 88531198” гэх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.Золжаргалыг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны хөшөөний урд талаас ........ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд суулган, “Н.Ц-н гэрт очно” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн орчим, харанхуй гудамжид очиж, хохирогчид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэн 140.000 төгрөг, “Самсунг А6” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, Б.Золжаргалд нийт 608.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Н.Э, Э.Т нар нь дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар “бүлэглэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хохирогч Б.Золжаргалын нүүрэн тус газар нь цохиж өшиглөн, эрүүл мэндэд нь зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.М-г архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь түүний түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч, түрийвчинд байсан Э.М-н эхнэр болох Д.О-н эзэмшлийн Хаан банкны 5028750682 дугаарын данстай картыг ашиглан, 4 удаагийн гүйлгээгээр 2.450.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүн үйлчилгээний төвийн 2 давхарын Хаан банкны АТМ-ээс гарган авч, иргэн Э.М-д нийт 2.467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Золжаргалын “...2019 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн орчим фэйсбүүкийн “насанд хүрэгчдийн фэйсбүүк хаяг” гэсэн нэртэй бүлгэмээс “санхүүгийн туслалцаа авна” гэсэн зарын дагуу залган 140.000 төгрөгөөр хамт хонохоор тохирч, би тухайн эмэгтэйг Офицерүудын ордны хөшөөний урд талын зам дээр хүлээж байтал 02 цагийн орчим саарал өнгийн “Тоёота Приус” загварын машинтай ирээд таксины мөнгө нь 2500 төгрөг гэсэн. ... Тэгээд тухайн такситай тэр эмэгтэйгийнх рүү явахаар болж, Алтан-Өлгийгөөр орж чигээрээ хойшоо нилээн явсан. 02 цаг 40 минутын орчим харанхуй мухар гудамжид зогсохоор нь буутал нөгөө эмэгтэй буухгүй байсан, харин жолоочийн хажууд сууж байсан залуу багажнаасаа юм янзална гэж гарч ирээд багажаа онгойлгон юм үзэж байснаа “чи ямар их хүүхэн авдаг пизда вэ” гэж хэлээд миний нүүр лүү цохиод намайг унасан чинь дээрээс нилээн хэд цохиод авсан. Би түрийвчээ дараад доошоо хараад хэвтсэн. Тэгсэн утсаа гаргаад ир гээд байсан. Миний утас надад байхгүй нөгөө эмэгтэйд байсан ба “утас нь энд байгаа” гэж хэлээд миний нүүр лүү өшиглөчихөөд яваад өгсөн. ... жолоочийн эсрэг талд сууж байсан залуу нь 20-25 орчим насны 165 орчим өндөртэй туранхай биетэй эрэгтэй байсан. ... Мөн машинд явж байх замд надаас мөнгө нэхсээр байгаад 140.000 төгрөг авсан. ...” /1 хх 12-13/,

хохирогч Э.М-н “...Би 2019 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө маш их согтсон байсан. ... Би Бэлхийн эцэс дээр байрладаг Бэлх төвийн АТМ-ээс мөнгө авсан байна лээ... Цагдаагийн хэлтсээс зүүн хойш яваад цэнхэр ТҮЦ-ийн буудал гээд байдаг, тэнд миний хэтэвчийг булаасан... тэр шөнөдөө картнаас гүйлгээ хийгдэж эхлээд нийт 1 удаагийн авалтаар 2.450.000 төгрөгийн зарлага гарсан... Би картнаасаа мөнгө аваад гарах гэтэл тухайн залуу миний ард зогсож байсан. Намайг дагаад байсан. ...” /2 хх 113-115/,

насанд хүрээгүй гэрч З.Л-н “... 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр танил Э гэх ах 22 цагийн орчим манайд ирээд манай эгч Ц-г авч явахад нь эгч Н намайг “эгчтэйгээ хамт яв” гэж хэлсэн. Тэгээд би эгчтэйгээ Э ахын .......... улсын дугаартай саарал өнгийн Приус-20 загварын автомашинд суусан. Тухайн машинд Э ах болон түүний найз Төгөө гэх хүний хамт явж байсан. Тэгээд бид хэд 23 цаг өнгөрч байхад Хөдөө аж ахуйн Шөлөндөөд хоол идэхээр очсон. Э ах миний мэдэхгүй нэг зарын сайт дээр нэг зар оруулаад ..... гэх өөрийнхөө дугаарыг тавьсан. Тэгээд 00 цагийн орчим тухайн дугаар луу нэг хүн залгаад “зарын дагуу ярьж байна, хүүхэн авах гэсэн юм” гээд ярихаар нь эгч “үгүй ээ, тийм зар тавиагүй” гэж байсан. Тэгсэн Э ах эгчид наад хүнтэй чинь уулзаж байгаад зодоод эд зүйлсийг нь авчихъя” гэж хэлэхэд нь Төгөө ах зөвшөөрсөн. Э ах эгчид хандан “хүн залгавал чи зар тавьсан хүн мөн байна, уулзъя” гэж хэл гэсэн. Тэгээд 02 цагийн орчим ... дугаар луу бас нэг хүн залгаад эгч автал “чи худлаа яриад байгаа, энэ дугаар мөн л байна” гэж хэлэхэд эгч “тиймээ би мөн байна, чи хаана байгаа юм бэ, чамайг очиж аваад хоёулаа манайх руу явъя” гэж хэлсэн. Тухайн эрэгтэй “офицер дээр байна” гэж хэлсэн. Тэгээд очиж байх замд Төгөө ах арын багаж руу орж, би жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад, эгч ганцаараа арын суудал дээр суун нөгөө хүнээ Офицер дээрээс аваад Офицероос дээшээ өгсөөд Хаан банкны АТМ-ээс тухайн хүн мөнгө авч байсан. Тэгээд бид хэд Бунханы урдуур гараад хойшоо өгсөөд хүнгүй, харанхуй гудамжид зогсоход нөгөө хүн машинаас буугаад бие засаж байсан. Тэгсэн Э ах надад “ахын дүү арын суудлын хойно байгаа гуперээ аваад багаж руу хийчих, хүний толгой дээрээс уналаа гэхэд нь би буугаад гуперийг нь багажинд хийхэд Төгөө ах багажнаас бууж ирээд нөгөө хүнийг очиж заамдаж аваад “чи яасан их хүүхэн авдаг гөлөг вэ” гэж хэлээд нүүр лүү нь 3 удаа цохисон. Тэр хоёр ноцолдоод Төгөө ах заамдаад доошоо дарчихсан байхад Э ах бууж ирээд цээж хэсэг рүү нь 3 удаа өшиглөөд унахад нь гутлыг нь тайлах гээд чирч байсан чинь Ц эгч машин дотроос “одоо болиоч” гэж хэлсэн чинь нөгөө хоёр машинд суугаад бид хэд хөдөлсөн. Эхлээд Т ахыг гэрт нь буулгаад дараа нь намайг гэрт 05 цагийн орчим хүргэж өгсөн. Харин Э ах, Ц эгч хоёр машинтайгаа яваад өгсөн. Тухайн хүнээс А6 загварын гар утас бэлэн 140.000 төгрөгийг авсан. Тэдгээр зүйлсийг Э ах авсан гэж байсан. ...” /1 хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.З-н биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” 1697 дугаар дүгнэлт /1 хх 55/,

“Хөх ташуун буян” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний хуулбар /1 хх 47/, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 48-49/,  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 194-195, 199-200/, Хаан банкны дансны хуулбар /2 хх 107/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  Н.Э, Э.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүгдэгч Н.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Э, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э, Э.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүх шүүгдэгч Н.Ц, Н.Э, Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.  

Шүүгдэгч Н.Ц-с “... Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоосныг Дархан-Уул аймаг болгон тогтоож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.  

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт “Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.” гэж заасан бөгөөд ялтны зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлөх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Ц нь Улаанбаатар хотын харьяалалтай бөгөөд түүнийг Дархан-Уул аймагт амьдардаг талаарх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байх ба анхан шатны шүүхээс Н.Ц-н зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсчлэлийг Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/1626 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР