| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01035/И |
| Дугаар | 155/ШШ2016/00405 |
| Огноо | 2016-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2016/00405
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Л
Нэхэмжлэгч: Т.Б
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Б.О
Зээл, зээлийн хүү, нийт 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2015/01035/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.Л, Т.Б- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л, Т.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын улсын иргэний бүртгэлийн ажилтан Б.Б- нь 2014 оны 08 сарын 01-ний өдөр өөрийн төрсөн дүү тус сумын цэцэрлэгийн багш Б.О-ын хамт манайхаас бэлнээр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай 2014 оны 12 сарын 01-ний өдөр өгөхөөр бичгээр тохиролцож зээлж аваад жилийн хугацаанд мөнгөө өгөөгүй тул 2015 оны 5 сард 2 тугалтай үнээ барьцаанд өгөөд 2015 оны 08 сарын 01-ний өдөр бүрэн барагдуулахаар болсон боловч худлаа хэлж хүн залилаж байгаад гомдолтой байна. 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 сарыг дуустал сар бүр 150.000 төгрөгний хүүг төлж байсан ба түүнээс хойш 2015 оны 5, 6, 7, 8, 9, 10 сарын хүү болох 800.000 төгрөг төлөөгүй болно. Б-, О- хоёроос мөнгөө авах гэж олон удаа утсаар ярьж, сумын төв орж байсан боловч худлаа хэлж хуурсаар өдий боллоо. Иймд үндсэн зээл 3.000.000 төгрөг, түүний 6 сарын хүү болох 800.000 төгрөг, бүгд 3.800.000 төгрөгийг Б- болон түүний дүү О- нараас гаргуулж зээлж барагдуулж өгөхийг хүсье. Бид хоёрын мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд 2 тугалтай үнээг буцааж өгөх болно. Төрийн албан хаагч байж өндөр настай бид хоёрыг хууран мэхэлж залилан олон сар, жилээр чирэгдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна гэжээ.
Хариуцагч, хариуцагч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 08 сарын 01-ний өдөр өөрийн хамаатан болох Л ахаас өөрийн төрсөн дүү О-ын хамт очиж, хүүтэй 3.000.000 төгрөгийг эхэлж 3 хувийн хүүтэй авсан. Энэ зээлийг би өөрөө төлж барагдуулна. Дүү О-д бол хамаагүй юм. 2014 оны 09 сарын 01, 10 сарын 01-нд хүүг 3 хувь бодоод 100.000 төгрөг төлсөн. Гэтэл хүү бага байна гээд 5 хувийн хүүтэй болгоод 11 сарын 01-нээс 150.000 төгрөг төлсөн. 2014 оны 11, 12 сард 150.000 төгрөг, 1 сард 50.000 төгрөг дансанд хийгээд 1, 2, 3 сарыг төлөөд 4 сарын 300.000 төгрөг хийсэн. /50.000 төгрөг үлдсэн/. 4 сард 120.000 төгрөг, 5 сард 65.000 төгрөгний хүү төлөөд цалингийн зээл 1 жилийн хугацаатай болоод би хүн хохироож байхаар гээд 2 тугалтай үнээг өөрийн ах Мягмаржаваар Л ахтай яриулж 1 тугалтай үнээг 800.000 төгрөгөөр бодоод 1.600.000 төгрөгт 2 тугалтай үнээг авья гээд өөрөө ирээд миний төрсөн ахын хүү Батбилэгээс 05 сарын 9-нд туугаад явсан. Ингээд зээлийн хүүнд 1.445.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1.400.000 төгрөгийг Л ахад үнэн байдлаа ярьж, 2016 оны 02 сарын 20-ны үед цалингийн зээл авахдаа өгөхөөр тохиролцсон. Одоо ямар ч боломжгүй байна гэдгээ хэлсэн. Би худал хэлж хуурч мэхэлж мөнгө зээлээгүй, надад тийм буруу зан байхгүй. Харин боломжтой үед бөөн өгье гэсэн бодолтой байгааг харгалзан үзэж өргөдлөө татаж тохиролцож зөвшилцье гэж гуйж байна. Би хохиролгүй болгоно. Б.О- энэ асуудалд огт хамаагүй юм. Би өөрийн биеэр очиж холбогдох газарт тайлбар мэдээллээ бичгээр болон амаар өгсөн. Мөн Б- гэгч хүнтэй нүүрэлдэж уулзсан. Нэмэлтээр 2 тугалтай үнээг маань зуны 3 сар, намрын 3 сар сааж ашиг шимийг нь хүртчихээд одоо болохоор үхрээ ав гээд байхдаа ч яахав. Ярилцаж байж өгсөн. Үхрийн сүүгээ үнэлбэл өдрийн 10 литр сүүг 1000 төгрөгөөр 5, 6, 7, 8 сарыг дуустал мөн 9,10 сарыг 5 литрээр тооцож өгмөөр байна. Б- гэдэг хүн ердөө ч ойлгохгүй байна. Би 1.445.000 хүү төлсөн. Шүүхэд өгсөн өдрөөс хойш мөнгөний хүү зогсоно. /2015.10.20-оос хойш хүү төлөхгүй/ Би 2016 оны 2 сард цалингийн зээл авах үедээ үлдэгдэл мөнгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртээ бэлэн мөнгө үлдээгээд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр машин авах гээд Мөрөн суманд ирсэн байх үеэр Б.Б- дүү Б.О-ын хамт гэрт маань ирж 3.000.000 төгрөг зээлээч, маргааш өгье гээд дүү Б.О-ын нэр дээр банкаар шилжүүлж авсан байдаг. Ингээд маргааш нь машин авах гээд мөнгөө нэхтэл мөнгийг тань өгч чадахгүй нь 3 хувийн хүү төлье гээд би 3 хувийн хүү аваад байж байтал надад машин зарсан хүн маань намайг машиныхаа үнийг төлөхгүй байсан учраас 3.000.000 төгрөгөөсөө 5 хувийн хүү тооцож машины үнээ нэхэмжлэх болсон. Ингээд Б.Б-т энэ тухай хэлж 5 хувийн хүү төл, эсвэл үндсэн зээлээ буцааж төлөхийг шаардахад 5 хувийн хүүг нь төлье гэж надад хэлсэн. Ингээд эхний үед зээлийг хүүг төлж байсан ч сүүлдээ зээлийн хүүгээ төлөхгүй болж, Б.Б-ын ээж нь нэг сарын тэтгэврийн зээл авч өгсөн, мөн хадам ахтай нь уулзаж 2 үхрийг барьцаанд авсан. Б.Б- 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээлээ аваад өгье гэж худлаа хэлдэг. Улаанбаатар хот руу эмчилгээнд явах болоод мөнгөө нэхэхэд одоо өгөх гэж байна гэсэн. Мөн сая одоо гаргаад өгөхөд ч бэлэн байна гэж хэлж байсан. Ийнхүү байнга худлаа хэлдэг, аргагүй учир шүүхэд хандсан. Б.Б-, Б.О- нар зээлээ төлөхгүй байсан учраас 2 үхрийг барьцаанд авсан бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг зөвшөөрч барьцаанд авсан 2 үхрээ өөрийн өмчлөлдөө аваад, зээлийн үлдэгдэл 1.400.000 төгрөг гаргуулж авахаар зөвшөөрч, Б.Б-, Б.О- нартай эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгч Т.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа дүү Б.О- уг хэрэгт хамааралгүй юм гэж байгаа ч манайд хоёулаа ирж мөнгө зээлээд Б.О-ын нэр дээр мөнгөө шилжүүлж авсан учир хамаатай юм. Б.Б- зээлийн хүүнд 1.400.000 төгрөг өгөөгүй, Б.Б-ын ээжийн тэтгэврийн мөнгө 300.000 төгрөг, мөн нэг удаа 500.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийн хүү авсан. Зээлийн хүү 1.600.000 төгрөг болсон хэдий ч зээлийн хүүд 800.000 төгрөг авсан. Одоо барьцаанд авсан 2 үхрээ аваад, хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 1.400.000 төгрөг авахыг зөвшөөрч байна. Бид 1.400.000 төгрөг авахаар хариуцагч нартай эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Л, Т.Б- нар нь хариуцагч Б.Б-, Б.О- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нийт 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасган барьцаанд авсан 2 тугалтай үнээг өөрийн өмчлөлд авч, зээлийн үлдэгдэл 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж авахаар хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарыг зөвшөөрч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Л, Т.Б- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Б.О- нараас 1.400.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч нарт олгов.
Хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Л, Т.Б- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-, Б.О- нарт холбогдох зээл, зээлийн хүү, нийт 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Б.О- нараас улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА