Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2024/01484

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01283/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, өөрийн байр, Дархан-Уул аймгийн *******ын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, өөрийн байр, ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-д холбогдох,

13,346,587.66 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Жавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-уул аймгийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд байх бөгөөд 2024 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар 138,346,587.66 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж, төр болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* ******* ХК нь ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээх гадаадын хөрөнгө оруулагчтай төлбөрийн график байгуулах талаар ярилцаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний борлуулалттай уялдуулан доорхи саналыг хүргүүлж байна. Хугацаа: 2025 оны 01 улирал 10,000,000 төгрөг, 2025 оны 02 улирал 15,000,000 төгрөг, 2025 оны 03 улирал 20,000,000 төгрөг, 2025 оны 04 улирал 93,346,587.66 төгрөг. Бидний бодит байдлыг харгалзан үзэж, саналыг хүлээн авч, хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******ын газар нь хариуцагч ******* ******* ХКхолбогдуулан 138,346,587.66 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 улирал 10,000,000 төгрөг, 2025 оны 02 улирал 15,000,000 төгрөг, 2025 оны 03 улирал 20,000,000 төгрөг, 2025 оны 04 улирал 93,346,587.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулах талаар тайлбараа ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болохоор зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан ба хариуцагчийн дээрх тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан-Уул аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХК-д холбогдох 138,346,587.66 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан-Уул аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХК-д холбогдох 138,346,587.66 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн дүн болох 138,346,587.66 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 849,683 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА