Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1937

 

Т.Н-гийн нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АСТСК” ХХК-д холбогдох

Дутуу олгосон цалин, хохиролд нийт 19 661 561 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөлөөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “АСТСК” ХХК-ийн хамтран ажиллагч Тэнхлэг зууч ХХК нарын хооронд байгуулагдсан Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зөвлөхийн багийн мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллахаар “АСТСК” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19/03 дугаар хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний 5.1-т ажиллуулагч нь ажиллагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд сар бүрийн 2 400 ам.доллар төлнө. Ажлын хөлсийг төгрөгөөр тооцох бөгөөд дараагийн сарын эхний 7 хоногт багтаан Монголбанкны ханшаар тооцож төлнө гэж тохиролцсон. “АСТСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн чадавхийг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээний нэмэлт өөрчлөлтөөр орон тоог өөрчилсөнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар маргаангүй. Харин “АСТСК” ХХК бидний хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, надтай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, нэмэлт гэрээ байгуулаагүй атлаа 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон сарын 2 400 ам.долларын ажлын хөлсийг үндэслэлгүйгээр дутуу олгож, олгосон цалингийн үнийн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг. Би 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн ерөнхий захиралд хандаж, ажлын хөлсний зөрүүг мөн сарын 10-ны өдрийн дотор төлж тооцоо дуусгахыг хүссэн боловч хариу өгөөгүй болно. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар ажиллах хугацаанд шаардаж байгаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй. Смарт код ХХК-ийн гаргасан гэх дүгнэлт гэрээний дагуу Т.Н-гийн ажлын гүйцэтгэлийг тогтоох эрх бүхий этгээд мөн эсэх тодорхойгүй, баримтын шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч сар бүрийн ажлын тайлангаа хариуцагчид тухай бүрт явуулдаг байсан.

Иймд “АСТСК” ХХК-аас 2019 оны 11,12 дугаар сарын цалинд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4 358 589 төгрөг олгосон. Уг өдрийн Монголбанкны ханшаар тооцвол 13 124 784 төгрөг, үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасвал 10 499 827 төгрөг олгох ёстой байснаас олгосон 4 358 589 төгрөгийг хасч, зөрүү 6 141 237 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын цалингийн зөрүү 2 681 223 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын цалингийн зөрүү 1 772 709 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын цалингийн зөрүү 2 673 884 төгрөг, нийт 13 269 054 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч байгууллага ажлын хөлсийг дутуу олгосноос Нийгмийн даатгалын сангаас сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас хуулийн дагуу 60 хувиар бодож 7 374 065 төгрөгийг олгохоор болсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хохирол 6 392 506 төгрөг, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар цалингийн зөрүү 13 269 054 төгрөг, нийт 19 661 561 төгрөгийг хариуцагч АСТСК ХХК-аас гаргуулж, 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01, 02, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс тооцуулж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн чадавхи бэхжүүлэх зөвлөх багтай гэрээ байгуулан ажилладаг. Уг төсөлд дээрх гэрээний үндсэн дээр ажиллах ажиллагч нартай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулдаг. Зохигчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Т.Н- нь дээрх төслийн мэдээлэл технологийн мэргэжилтнээр мэдээлэл, технологийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй байгуулсан Ажлын даалгавар буюу TOR гэрээтэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй манай компанийн байгуулсан гэрээнд үндэслэн Т.Н-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс манай зөвлөх багийн санхүүжилтыг ажлын гүйцэтгэлд тулгуурлан шилжүүлдэг бөгөөд Т.Н-гийн ажлын хөлсийг нэхэмжлэлд дурдагдсан саруудад түүний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан ажлын хөлсийг шилжүүлж байсан.

Хөлсөөр ажиллагч Т.Н- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс удаа дараа нэхэмжлэгчтэй холбоотой гомдол ирж, төсөл хэрэгжүүлэх нэгж дээр алдаа дутагдал гаргаж байсан. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн сүлжээний төхөөрөмж албан ёсны лицензгүй, сүлжээний аюулгүй байдлын тал дээр хамгаалалтгүй, файлуудыг нөөцөлдөггүй зэрэг сул талуудаас үүдэн дундын бүх файлууд вирус буюу хорт кодонд өртөж бүх файл мэдээллүүд түгжигдсэн. Үүнд ажиллах хугацаандаа нэхэмжлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, вируст өртсөн серверийг асаалттай чигээр харагдах төдий байлгаж ирсэн. Одоог хүртэл вируст түгжигдсэн файлыг сэргээх боломжгүй, бүх файл мэдээллүүдийг ашиглах аргагүй нөхцөл байдалтай байгаа нь байгууллагын үйл ажиллагаа доголдох, цаг хугацаа, хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэг улмаар төслийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөө үзүүлсээр байгаа юм. Эдгээр байдал нь түүний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотолж байна. Ажиллагч Т.Н- гэрээнд заасан тохиролцсон ажил үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь Смарт код ХХК-ийн хөндлөнгийн дүгнэлтээр энэ байдал нотлогдоно. Албан бичгийн хувьд баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Түүнд тохирсон ажлын хөлсийг төлөхөөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан. Иймд зохих ёсны хөлсийг нэхэмжлэгчид олгосон болно. Ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүний тухайд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 200 000 төгрөгөөр дээд хэмжээгээр тооцож төлдөг тул тэтгэмжийн зөрүү үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “АСТСК” ХХК-иас 14 928 949 /арван дөрвөн сая есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, Т.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 732 612 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар Т.Н-гийн 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны авбал зохих хөлсний хэмжээнд ногдох шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт энэ тухай бичилт хийхийг “АСТСК” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232.595 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллагч гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлстөлөх үүргийгтус тус хүлээнэ” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хөлсөөр ажиллагч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн тохиролцсон ажил үйлчилгээг бүрэн биелүүлсэн талаар баримт шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. “АСТСК” ХХК-ийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг нэхэмжлэгч Т.Н- хангалттай хийж гүйцэтгээгүй талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллагч гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээ хийж гүйцэтгэснийхээ төлөө хөлс авах бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Н-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т.Н- хариуцагч “АСТСК” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин 13 269 054 төгрөг, хохирол 6 392 506 төгрөг, нийт              19 661 561 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Хариуцагч “АСТСК” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Т.Н-тай хөлсөөр ажиллах гэрээг байгуулж Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөлд мэдээлэл технологийн мэргэжилтнээр 36 сарын хугацаатай ажиллуулах, түүнд сарын 2 400 ам.долларын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20/05 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. / хх-ийн 25-29 /

 

Зохигчид ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин ажлын хөлсийг дутуу олгосон, үүний улмаас хохирол учирсан гэж маргаж байна. Шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

1. 2019 оны 11, 12 дугаар сарын цалингийн зөрүү 6 141 237 төгрөг, 2020 оны 1, 2, 3 сарын цалингийн зөрүү 7 127 816 төгрөг, нийт 13 269 054 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд,

Хэргийн 32-36 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 дугаар сарын цалин хөлс гэх утгаар 4 358 589 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 612 772 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3 534 688 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 дугаар сарын цалин гэх утгаар 2 664 963 төгрөг олгосон байна.

 

Шүүх нэхэмжлэгчид ажлын хөлсийг тооцож олгосон өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг гэрээгээр тохирсон 2 400 ам.доллараар тооцоолон хариуцагчийн олгосон хөлсний хэмжээг 13 269 054 төгрөг буюу 2019 оны 11, 12 сарын цалингаас 6 141 237 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2 681 223 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 1 772 709 төгрөг, 2020 оны 03 дугаар сараас 2 673 884 төгрөгийг тус тус дутуу олгосон гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. / хх-ийн 37-40 /

Хариуцагч нь “ажлын хөлсийг хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд нь тохируулж өгсөн, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс удаа дараа гомдол ирж байсан” гэх тайлбар гаргаж, хэрэгт төсөл хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, “Смарт код” ХХК-ийн ажлын тайлан зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх-ийн 105-137, 177-183 /

 

Татгалзлын үндэслэлээ нотлохоор хариуцагчийн ирүүлсэн Төсөл хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар нь маргааны үйл баримтад  хамааралгүй, 2020 оны 04 сарын 20-ны өдрийн “Смарт код” ХХК-ийн ажлын тайлан  нь гэрээг цуцалснаас хойш үйлдэгдсэн байхаас гадна уг тайланг хэн үйлдсэн нь тодорхой бус, нэхэмжлэгчид танилцуулагдаагүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 3.1-т “ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг ажиллуулагчийн хүсэлтийн дагуу тухай бүрт нь хийж гүйцэтгэх бөгөөд ажлын үр дүнг гүйцэтгэлд үндэслэн дүгнэж бүртгэлийн хуудсаар баталгаажуулна”, 6.1.7-д “ажиллагч нь ажлын даалгаврын 114-113 дугаар зүйлүүдэд заасан холбогдох шаардлагуудын дагуу ажиллах”, 6.1.8-д “ажиллагч нь ажлын даалгаварт өөрийн ажил үүрэгтэй холбоотой заагдсан ажлуудыг нарийн судалгаа, тооцоолол болон Азийн Хөгжлийн банкны бодлогын бичиг баримтын стандарт, шаардлагуудад нийцүүлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэжээ. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг тоо, хэмжээ, чанарын хувьд хэрхэн гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлыг нь бүртгэлийн хуудсаар баталгаажуулж байсан эсэхийг нотолсон баримтыг хариуцагч шүүхэд гаргаж ирүүлээгүй тул шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй, гэрээний 5.2-т ажиллагчийн ажлын хөлсөөс сар бүр Нийгмийн даатгалын болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан шимтгэлийг суутгана гэж заасан. Иймд 2019 оны 11, 12 дугаар сарын цалингийн зөрүү             6 141 237 төгрөг, 2020 оны 1, 2, 3 сарын цалингийн зөрүү 7 127 816 төгрөг, нийт 13 269 054 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны цалин хөлсний хэмжээнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

2. Ажлын хөлсийг дутуу олгосноос ажилгүйдлийн тэтгэмжид  6 392 506 төгрөг авч чадаагүй  хохирол учирсан гэх шаардлагын хувьд

Хэргийн 142-145 дугаар тал дахь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээллээр хариуцагч байгууллага нь 2019 оны 11 сарын цалинд 806 250 төгрөг, 12 сарын цалинд 683 382 төгрөг, 2020 оны 1 сарын цалинд 687 892 төгрөг, 2 сарын цалинд 1 078 408 төгрөг, 3 сарын цалинд 833 322 төгрөгийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байх ба Нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэл төлж ажилласан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаар тооцоолон 60 хувь буюу 7 374 065 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болох нь  тогтоогджээ. / хх-ийн 58-59 /

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид олгвол зохих ажлын хөлсийг дутуу олгосноос ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ багаар бодогдсон байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3.1.3, 4.1 дэх хэсэг, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.2.1-4.2.4 дэх заалт Засгийн газрын  2017 оны "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох” тухай 251 дүгээр тогтоол зэргийг үндэслэж даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 9 033 962 гэж тооцон үүнээс нэхэмжлэгчид олгосон 7 374 067 төгрөгийг хасч, хохиролд 1 659 895 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 595 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      

                              ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Н.БАТЗОРИГ