Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/104

 

                                                                 Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Т.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/1581 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206 00000 3063 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Т-н Б, ....................., /РД: ................/;  

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр .......... дүүрэг .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  ... дугаар байрны гадна сааданд орцны цэвэрлэгч нарыг зодлоо гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогч Н.Б-н уруул хэсэгт цохиж, дээд уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б. овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 26000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаартай дансанд шүүгдэгч Т.Б төлөхийг үүрэг болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мөн түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдол гаргасан шалтгаан нь:

1. Хохирогч намайг тухайн үед тэнд байсан эмэгтэй хүмүүсийг зодох гэж очсон гэж мэдүүлсэн. Надад эмэгтэй хүнийг зодох гэж очих шалтгаан байхгүй. Хэрэв тийм зорилго байсан бол миний эрүүл саруул биед тийм чадал тухайн үед тийм орон зай, цаг хугацаа хангалттай байсан бөгөөд надад зодох бодол огт байгаагүй.

            2. Тухайн үйл явдал өрнөсөн орчинд СӨХ болон дэлгүүрийн камер хангалттай байсан. Гэтэл бичлэг огт байхгүй.

            3. Хохирогч намайг тухайн үед цустай шүлсээрээ нулимж намайг цохиж байхад би зодох зорилго байгаагүй болохоор огт хөдлөөгүй.

            4. Хэрэв зодох зорилготой гараа атгаж цохисон бол хохирлын зэрэг, хохирлын мөнгөн дүн энэ хэмжээнд гарах уу,

            5. Хохирогч 3-4 удаа цохисон гэж хэлсэн бөгөөд яг 4 удаа эсвэл 3 удаа юу, хаана нь цохисон, хохирогч яагаад санахгүй, яагаад дэлгэрэнгүй хэлэхгүй байна.

            6. Тухайн хүн өөрөө нөхцөл байдлыг бий болгосон хэдий ч миний гар атгаатай байгаагүй, дэлгээтэй ердийнхөөрөө байсан.

            7. Хэрэг мөрдөн байцаалтад байхад миний бие СӨХ болон үйлчлэгчийг очоод мэдүүлэг өг гэхэд айгаад огт хөдлөхгүй байсан.

            8. Хавтаст хэрэгт “пид пад гэх дуу чимээ гарсан, тэгэхэд цохисон байх” гэсэн бөгөөд энэ таамаглал үнэнд нийцэхгүй байна.

            9. Үйл явдал болсон даруйд Хулан болон хохирогч яагаад СӨХ-ны даргыг гэрээс нь дуудаж өрөөнд нь оруулаад шууд хохирогч Хулан нарыг камерийн бичлэгтэй оролдов. /Үүнийг СӨХ гэрчилсэн СӨХ-ны бичлэг байгаа/.

            10. Хэрэв камерийн эсвэл утасны тухайн үйл явдал өрнөж буй бичлэг байсан бол үнэн зөв шийдвэр гарахад нөлөөлөх байсан.

Хохирогч Н.Б-д хохирлыг 100 хувь барагдуулсныг харгалзан үзэж, ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгч Т.Б хохирогч Н.Б-н биед халдаж, санаатай хор уршигт зориуд хүргэсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа байсан нь тогтоогддог. Шүүгдэгч Т.Б анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо 100 хувь барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны гадна сааданд орцны цэвэрлэгч нарыг зодлоо гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогч Н.Б-н уруул хэсэгт цохиж, дээд уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н “... СӨХ-ны асуудлаар хурал хийхээр цугларсан байхад хөх эрээн цамц, цайвар өнгийн өмдтэй эрэгтэй бид нартай хамт зогсож байсан нэрийг нь мэдэхгүй эмэгтэй рүү гараа далайж цохих гэхээр нь цааш түлхэж холдуулахад эргэж хараад миний уруул хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиж авахад нь хамт зогсож байсан хүмүүс салгасан. ...” /хх 13/,

гэрч Т.Х-н “... Гэтэл Б А гэх эмэгтэй рүү дайраад байсан. Тэгсэн Б урдуур нь ороод салгасан чинь Т.Б Б эгчийн уруул хэсэгт нь гараараа цохисон чинь уруулаас нь цус гараад ангайчихсан байсан. Уруул руу нь нэг л удаа цохисон. ...” /хх 18-20/,

шинжээч Ц.Ганболдын “... Н.Б-н дээд уруулын салстын зүүн хэсэгт 1.0 см ангайсан, ирмэг тэгш бус, цус гарсан шархтай байсан. Өөр гэмтэл, шарх биед байгаагүй бөгөөд энэ талаар асуухад гэмтэл шарх байхгүй, үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. ...” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Н.Б-д дээд уруулд няцарсан шарх тогтоогдлоо, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл байна. ...” гэсэн 12876 дугаар дүгнэлт /хх 23-24/,

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 0:03 секунтэд жинсэн өмд хөх цэнхэр зураастай цамцтай эрэгтэй “чи боль л доо” гээд 0:05 секунтэд хар куртиктэй эмэгтэй рүү баруун гараараа далайхад камер доошлон тас хийх чимээ гарч 0:07 секунтэд хар куртиктэй эмэгтэй хойш ухран унаад 0:09 секунтэд хар куртиктэй эмэгтэй босож ирснээр бичлэг дуусав. ...” /хх 8/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г хохирогч Н.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б, гэрч Г.Х нараас мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж мэдүүлэг авсан ба тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан гар утасны бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байхаас гадна хохирогчийн биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, анхан шатны шүүх дээрх нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ...” боломжтой талаар хуульчилсан. 

Хэдийгээр шүүгдэгч Т.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг байдлыг шүүхээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд энэ талаар шүүгдэгч Т.Б-н гаргасан давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/1581 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Т.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР