Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1936

 

Б.З-гийн нэхэмжлэлтэй                                                                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02044 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.З-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТД” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.959.950 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “ТД” ХХК-д анх Андрерайтинг хариуцсан захирлын ажилд орсон. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр контрактаа шинэчилж, ТД ХХК-тай хөдөлмөрийн контракт байгуулан ажиллаж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байтал гүйцэтгэх захирал дуудаж орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн контрактыг цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн В/62 тоот тушаалаар контрактыг цуцалсан шийдвэрийг гардуулсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Гүйцэтгэх захирлын 2020 оны В/61 тоот Компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг үндэслэл болгосон байна. Миний ажлын байрны орон тоог хассан шалтгаан, эсхүл ажлын байр хасагдсан эсэх талаар надад огт тайлбар, мэдээлэл өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн. ТД ХХК надтай хөдөлмөрийн гэрээ биш контракт байгуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар гэрээг цуцлах ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалсан нь хуульд нийцээгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд энэ үндэслэлээр гэрээ цуцлахад нэг сарын өмнө, харин Контрактын гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хоёр сарын өмнө мэдэгдэхээр хуульд заасан. Нэхэмжлэгчид хоёр сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангаагүй.

Миний бие анх 5 чиг үүрэг буюу байгууллагын даатгал, давхар даатгал, бизнес хөгжүүлэлт, маркетинг, андеррайтинг, иргэдийн даатгал зэргийг хариуцан ажилладаг байсан. Ажиллах явцад иргэдийн даатгал хариуцсан газрыг тусдаа бий болгосноор энэ чиг үүргийг хассан. Дараа нь бизнес хөгжүүлэлт, маркетингийн асуудлыг гүйцэтгэх захирал шууд хариуцахаар бүтцэд өөрчлөлт орсноор мөн хасагдаж гурван чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Байгууллагын даатгалын борлуулалтын үйл ажиллагаа миний хийвэл зохих үндсэн ажлын 2/3 хэсэгт хамаардаг. Давхар даатгал, андеррайтинг миний хийх ажлын 1/3 хэсэгт хамаардаг байсан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар бүтэц, орон тоо шинэчлэн батлахдаа Андеррайтинг хариуцсан захирлын орон тоог байхгүй болгож шинээр Байгууллагын даатгал хариуцсан захирал, Андеррайтинг, давхар даатгалын хэлтсийн дарга гэсэн хоёр орон тоог бий болгосон байна. Шинээр бий болгосон Байгууллагын даатгал хариуцсан захирал миний эрхэлж байсан чиг үүргийг тэр чигт нь хэрэгжүүлж ажиллаж байна. Эндээс харахад ажлын байр байхгүй болж орон тоо хасагдаагүй, харин зөвхөн нэршил өөрчлөгдөж улмаар намайг ажлаас чөлөөлж, оронд нь шинээр өөр хүн томилсон байна. Мөн би газрын захирлаар ажиллаж байсан байтал адил чанарын албан тушаал надад санал болгоогүй харин хэлтсийн захирлын албан тушаалыг санал болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар Андеррайтинг, давхар даатгалын хэлтсийн дарга болон Байгууллагын даатгал хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтыг баталснаас үзвэл энэ хэрэгт зориулж өөрчилж баталсан харагдаж байна.

Мөн Компанийн тухай хуульд зааснаар байгууллагын бүтэц орон тоог Компанийн төлөөлөн удирдах зөвлөл батлах ёстой. Гэтэл Компанийн дүрмээр гүйцэтгэх захиралд бүтэц ,орон тоо батлах эрхийг олгосон хэмээн тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд миний ажиллаж байсан Андеррайтинг хариуцсан захирал ажлын нэршлийг өөрчилсөн тул шинэ нэршлээр Байгууллагын даатгал хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, олговорт 14.959.950 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай В-61 дугаар тушаалын дагуу Андеррайтинг хариуцсан захирал-ын орон тоо хасагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн тус албан тушаалд ажиллаж байсан Б.З-тай байгуулсан хөдөлмөрийн контрактыг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Нэхэмжлэгч Б.З-д холбогдох 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн контрактыг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай В/62 дугаар тушаалд ТД ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулсан тул эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн контрактыг цуцлахдаа “ТД” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын 16.5-д заасны дагуу хөдөлмөрийн контрактыг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд нэг сарын өмнө буюу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, улмаар контрактыг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс цуцалсан бөгөөд хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 16.9-т заасны дагуу ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон. Ажил олгогч нь өөрийн бүтэц, зохион байгуулалт, орон тоотой холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж, Б.З-д бүтцийн өөрчлөлт хийж байгаа тухай, Андеррайтинг хариуцсан захирлын орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн. Андеррайтинг хариуцсан захирал үндсэн 5 чиг үүргийг хариуцдаг байсан бөгөөд ажлын чиг үүргүүдийг шинэ баталсан бүтцээр задалж хариуцуулсан. Ингээд нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүргийн дийлэнх хэсэг нь буюу 2 чиг үүрэг очиж байгаа Андеррайтинг, давхар даатгалын хэлтсийн захирал-ын албан тушаалыг түүнд санал болгосон боловч өөрөө ажиллахаас татгалзсан болно. Шинэ бүтцээр Байгууллагын даатгал хариуцсан захирал, Андеррайтинг, давхар даатгалын хэлтсийн захирал гэсэн хоёр орон тоо шинээр бий болсон нь үнэн. Байгууллагын даатгал хариуцсан захирлын ажлын чиг үүрэг бүхэлдээ өмнөх Андеррайтинг хариуцсан захирлын албан тушаал биш юм. Байгууллагын даатгал хариуцсан захирлаар одоо өөр хүн томилогдон ажиллаж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн контрактыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан аливаа үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан бүх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцлах эрхтэй. Иймд хөдөлмөрийн контрактыг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлах ёстой гэдэг үндэслэлгүй. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2012 оны Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын талаарх зөвлөмжийн 4.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэгэн төрөл мөн гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.З-г “ТД” ХХК-д урьд эрхэлж байсан Андеррайтинг хариуцсан захирлын албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний ажил албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.959.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.З-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “ТД” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 232.749 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хосбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд бус “Андеррайтинг хариуцсан захирал”-ын ажлын байртай дүйцэхүйц хэмжээний ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй" гэж дүгнэхдээ тус Хөдөлмөрийн тухай хуулийн яг аль зүйл заалтыг иш татаж хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй буюу шийдвэрийн агуулгад хамааралгүй процессийн шинжтэй харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэсэн нь анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй буюу энэ байдлаараа шийдвэр хуульд үндэслэж гараагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүхийн санаачилгаар хуралдааны явцад буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн дарааллын хувьд “шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт, шаардлага, тайлбар татгалзал байгаа эсэх”-ийг асууснаас хойш нэхэмжлэгчээр “Байгууллагын даатгал хариуцсан захирлын албан тушаалд ажилд орох” болгон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, нөгөө талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийг хөтөлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Ажил олгогчийн хувьд “Андеррайтинг хариуцсан захирал”-ын ажлын байр, орон тоо байхгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтээр, шинээр үүссэн ажлын байр, орон тооны аль хүссэнд шүүхээс эгүүлэн тогтоож өгч байгаа мэтээр шүүгч хэргийг өөрийн дур зоргоор шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, аливаа үйл баримтын талаар дүгнэлт бүр нь хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангахгүй байна.

Хэрэв ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /Контракт/-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар цуцалсан нь үндэслэлгүй байх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хуулийн зохицуулалт байхад шүүхээс урьд эрхэлж байсан албан тушаалтай “дүйцэхүйц хэмжээний ажил, албан тушаалд томилох”-ыг даалгах шийдвэр гаргасныг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ХтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдэг нь хожим тухайн хасагдсан оронтоо, ажлын байрыг бий болгосон нь тогтоогдсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох эрхтэй болохоос “Андеррайтинг хариуцсан захирал”-ын ажлын байр, орон тоо нь байхгүй болсон байхад хүссэн өөр ажил албан тушаалд, эсхүл дүйцэхүйц хэмжээний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох эрх шүүхэд хуулиар олгогдоогүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Андеррайтинг хариуцсан захирлын орон тоог хассан тул түүний ажлын дийлэнх хэсэг нь шилжсэн, өмнөх хариуцан гүйцэтгэж байсан ажилтай дүйцэхүйц, ижил төсөөтэй чиг үүрэг бүхий албан тушаал болох “Андеррайтинг, давхар даатгалын хэлтсийн захирал”-ын ажил албан тушаалд ажиллахыг хариуцагч хүсч, санал болгосон боловч тус нэхэмжлэгч татгалзсан болно. Шүүхийн шийдвэрт “Байгууллагын даатгал хариуцсан захирлын албан тушаалыг нэхэмжлэгчид санал болгох боломжтой байхад санал болгоогүй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан халагдсан ажилтанд аливаа ажлын байранд ажиллахыг санал болгох үүрэг ногдуулсан хуулийн зохицуулалт байхгүй байхад заавал ажлын байр санал болгох байсан мэтээр шийдвэртээ тусгасан Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй шаардлагыг хариуцагчид тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд орон тоо хасагдсан албан тушаал болох “Андеррайтинг хариуцсан захирал”, “Байгууллагын даатгал хариуцсан захирал”, “Андеррайтинг, давхар даатгалын хэлтсийн захирал”-ын ажлын байрны тодорхойлолтуудыг хариуцагчийн зүгээс чиг үүрэг, хийгдэх ажил бүрийн хувьд ялгааг харьцуулан тайлбарласан боловч эдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийн бүдүүвч зургийг харж байгаад дүгнэлт хийсэн нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан зарчимд нийцээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийг хөтөлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.З- нь хариуцагч “ТД” ХХК-д холбогдуулан  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн В/56 тоот тушаалаар Андеррайтинг хариуцсан захирлын албан тушаалд томилогдож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн контрактын гэрээг байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн В/62 дугаар тушаалаар андеррайтинг хариуцсан захирлын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж,  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх6, 8-15, 25/

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлагдсан  тохиолдолд ажил олгогч байгууллагын бүтцээс тухайн ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байх ёстой.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын компанийн зохион байгуулалтын бүтцийг баталсан 2020 оны В/01, В/61 тоот тушаалууд, ажлын байрны тодорхойлолтууд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтад үндэслэн бодитоор тус байгууллагад орон тоо хасагдсан үйл баримт тогтоогдоогүй, харин ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч “ТД” ХХК -ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг компанийн дүрмийн 8.4.9-д “компанийн бүтэц, зохион байгуулалт, төсөв, орон тоо, цалингийн жишиг, сангийн хэмжээг ТУЗ-өөс баталсан төсөвт багтаан хэрэгжүүлэх” гэж зааснаас үзэхэд гүйцэтгэх захиралд компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах эрхийг дүрмээр олгоогүй байна. Гэтэл хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлага өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэн компанийн бүтэц, орон тоог баталж, уг шийдвэрийг нь үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу байна.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн В/62 дугаар хөдөлмөрийн контрактын гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй, хууль бус тушаал байна.

 

Анхан шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх  тушаалыг Хөдөлөмрийн тухай хуульд нийцээгүй хууль бус  гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Андеррайтинг хариуцсан захирлын ажлын байртай дүйцэхүйц хэмжээний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу  болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болно.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 959 950 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаал зэрэгтэй нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З-г урьд эрхэлж байсан хариуцагч “ТД” ХХК-ийн Андеррайтинг хариуцсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,   ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 959 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.З-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн       162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.749 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                            Н.БАТЗОРИГ