Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/170

 

      2023         02           09                                         2023/ДШМ/170

Б.Цд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Д.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Цд холбогдох 2202 00266 0277 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Ц, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, э..., ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Б.Ц нь Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр илгээж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн SKA00023497 дугаартай ачаанд багтсан шаргал өнгийн металл гэртэй, шилэн савтай Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тус бүр нь савны хамт 18.2 грамм жинтэй нийт 30 ширхэг шингэн бодис,

“Prime” гэсэн бичиглэлтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай ногоон өнгөтэй 7 ширхэг, нийт 2.6301 грамм жинтэй эм мэт зүйл,

“Prime” гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй 8 ширхэг, нийт 3.0772 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Ази проперт”-ын байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалын газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б.Цыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Цд оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Цд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ц баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа бор өнгийн цаасанд боодолтой, хүрэн шаргал өнгийн тунгалаг наалдамхай нийт 24 ширхэг 22.6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ирсэн уг илгээмж нь Б.Цын нэр дээр биш Банзрагчийн М гэх хүний нэр дээр ирсэн байдаг. Илгээмж илгээгч Б нь Цд захисан бараа болон камерын тоног төхөөрөмжийг чинь М гэх хүний нэр дээр явууллаа гээд Мын үнэмлэхний зургийг илгээсэн байдаг. Ц нь М гэх хүнийг таньж, мэдэхгүй. Бн хэлснээр нь гааль дээр өөрийн бараагаа авах гэж очсон ба дотор нь хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа гэдгийг огтхон ч мэдээгүй байдаг. Хэрвээ тийм хориглосон бараа байсан бол Ц нь өөрийн биеэр очиж авахгүй байсан гэж мэдүүлдэг. Энэ байдалд илгээмж илгээсэн Б, илгээмж нь нэг дээр нь илгээгдсэн М нарыг тодруулж сайн шалгаагүй, зөвхөн Цыг шалгаж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй гэж заасан байдаг. Иймд энэ хэрэгт Б, М нарыг шалгаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Ц нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн болсон байдлыг шударгаар мэдүүлсээр ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүй Цыг гэм буруутайд тооцсонд гомдолтой байх тул түүнд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн эрхийг хамгаалж анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж энэ хэрэгт ажилласан. Хэргийн үйл баримттай бүхэлд нь танилцаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бүхэлд нь орж ажилласан. Тагнуулын байгууллага нь энэ хэргийг Америкийн Нэгдсэн улсаас ачаа буюу хориглосон бодис бүхий илгээмжийг Б.Б гэж Америкийн Нэгдсэн улсад амьдардаг Монгол Улсын иргэн илгээсэн. Уг илгээмжийг авахыг даалгасан, илгээмжийг авах хүний нэр М гэж энэ хэрэгт гэрчээр асуугдсан этгээдийн хувийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Цд өгсөн. Энэ хэргийг Тагнуулын байгууллага эрүүгийн хэргээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа гэх үйл баримт яригддаг. Тэгэхээр Монгол Улсын хилээр хориглосон бодисыг нэвтрүүлсэн хэргийг Б.Ц бусадтай хамтран үйлдсэн үү, дангаараа гардаж үйлдсэн үү, эсвэл гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй ашиглуулсан үйлдэл хийгээд байгаа юм уу гэдэг зүйл нь хэрэг бүртгэлтийн хэргийг эцэслэн шалгах, эрүүгийн хэргийг дангаар нь таслан урьдчилж шүүхээр оруулж шийдвэрлэх боломжгүй юм. Ийм учраас прокурорын яллах дүгнэлттэй шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргасан. Шүүх арай өөрөөр шийдвэрлэсэн учраас гомдол гаргаад өнөөдөр хэлэлцэх гэж байна.  Хэрэгт авагдсан баримтыг шүүх үнэлж шийдвэр гаргах бүрэн эрх нь байгаа. Шүүх өөрөөр үнэлдэг юм бол энэ хэргийг Б.Ц дангаар төгс үйлдсэн гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлийг давхар харж өгөөч гэсэн саналыг ярьсан. Учир нь, Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачаа, илгээмжийг хүлээн авах оролдлого хийсэн гэдэг агуулгаар шүүх мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримт үйлдлийг дүгнэсэн. Нэвтэрсэн, нэвтрүүлэхээр оролдсон гэхгүй, нэгэнт ороод ирсэн бараа, илгээмжийг хүлээн авах оролдлого хийсэн гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон бодисыг хууль бусаар олж авах гэмт хэргийн шинжтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжгүй гэмт хэрэг байна гэдгийг хянаж өгнө үү гэж анхан шатны шүүхэд хэлсэн. Төгссөн гэмт хэрэгт шийтгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хүлээн авах оролдлого хийх явцад Гаалийн эрх бүхий албан тушаалтнууд үйлдлийг таслан зогсоосон байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан аль ч үйлдлийн хувьд хууль бусаар олж авах үйлдлийг завдсан гэж үзэх үндэслэлтэй. Б.Цын хүсэл зоригоос үл шалтгаалсан байдлаар үйлдэл таслан зогсоогдсон гэдэг агуулгаар нь үзнэ үү. Төгссөн гэмт хэрэгт шийтгэгдэх боломжгүй талаар хууль зүйн үндэслэлээ гаргаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Шүүх хоёр үндэслэлийн аль, алийг нь хүлээж аваагүй өөрөөр дүгнэсэн. Шүүх Монгол Улсын хилээр орж ирсэн, гаалийн хяналтын бүсээр орж ирсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг камерын тос гэж мэдүүлж, хуурч, мэхлэх бодитой оролдлого хийх явцад гаалийн эрх бүхий албан тушаалтнууд саатуулсан байна гэдэг. Өөрөөр хэлбэл, төгссөн гэмт хэрэг биш завдалтын явцдаа саатуулсан, гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тодорхой дүгнэлт хийсэн мөртлөө төгссөн гэмт хэрэгт шийтгэсэн нь буруу байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох энэ саналаа дэмжиж байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол завдсан гэмт хэрэгт ял оногдуулахад тухайн зүйлд заасан доод ялын гуравны хоёроос бага биш дээд ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр оногдуулах зүйлийг хэрэглэж ялыг багасгах боломжтой. Үйлчлүүлэгчид сонсгосон ял 5-12 жилийн хорих ялын хугацаатай. Энэ ялын доод хэмжээ 5 жил, үүний гуравны хоёр буюу 3 жил 4 сар буюу 40 сарын асуудал яригдана. Одоо үндсэндээ 78 сар буюу 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. 78 сараас 40 сарыг багасгах юм бол үйлчлүүлэгчийн эрх ашигт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас эдгээр саналуудыг хамтад нь шүүхэд тавьж хэлэлцүүлж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт гэрчээр асуугдсан гаалийн эрх бүхий 2 албан тушаалтан захиргааны зөрчлийн шинжтэй шалган шийдвэрлэх ажиллагаагаа зөвтгөсөн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээс хэрэгт ач холбогдолтой, тодруулах зүйлүүд байна, шүүх хуралдаанд биеэр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Гааль дээр энэ илгээмжийг Б.Ц задалсан уу, гаалийнхан задалсан уу гэдэг 2 өөр үйл явдлыг 2 гаалийн байцаагч хоёр өөр өөр мэдүүлдэг. Өөрсдөө задлаад үзчихээд дараа нь Б.Цыг оруулж үздэг, эсхүл Б.Ц задлаад бид нарын хажууд үздэг, эсхүл гаалийн 5 ажилтан шалгалтын ажиллагаа явуулсан эсхүл Сонор гэж байцаагч явуулсан гэж хэрэгт зөрүүтэй үйл баримтууд яригддаг. Зөрчил шалгаж байгаа ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн СД-г прокурор хэрэгт хавсаргаж шүүхэд ирүүлээгүй. Бичгийн тэмдэглэл нь байгаа учраас болно гэдэг. Видео бичлэгийг үзэж, шүүгдэгч үйлдэлдээ яаж хандаж байгааг харах ёстой. Б.Ц илгээмжээ мэдэхгүй байсан. Гаалийн байцаагчид задлаад “сэжиг бүхий бараа байна, чинийх мөн үү” гэх агуулга бүхий зүйл яригдсан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг шалгах, нөгөө талаас “энэ хүн мэдэж байсан, сандарч, тэвдээд байсан” гэх гаалийн ажилтнуудын мэдүүлгийн аль нь үнэн болох талаар, үйлдэлдээ хандаж байгаа байдлыг тодруулах зорилгоор видео бичлэг хэрэгтэй, ач холбогдолтой. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзээгүй, прокуророос шаардаагүй. Өмгөөлөгчийн зүгээс хуульд харшлаагүй бүхий л арга хэрэгслийг ашиглаж үйлчлүүлэгчийн эрх ашгаа хамгаалж оролцох тул салаа утгатай саналуудыг тавьж шийдвэрлүүлэх гэж байна. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь одоо зэрэгцээд явж байгаа хэрэг бүртгэлийн хэрэг шуудан илгээгч Б гэдэг хүнийг шалгасан. Энэ хүний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх боломжтой. Яарч таслан шийдвэрлэх ёсгүй. Б гэдэг хүний хувийн байдал тогтоогдсон, гэр бүлийн хүн болох эцэг, эх гэрчээр асуугдсан, мөн Б.Цтай харьцсан гэсэн үйл баримт нь тогтоогдсон. Дангаар Б.Ц үйлдсэн, энэ үйлдэлд нь Б оролцоогүй, М гэдэг хүлээн авагч оролцоогүй гэх нэгдсэн дүгнэлт хийх боломжгүй. Учир нь, хэрэг бүртгэлтийн шалгалтын ажил дуусаагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн том шалтгаан бол уг дайвар илгээмжид хориотой бараа байгааг мэдээгүй. Мэдсэн бол ачааг хүлээн авахаар очихгүй гэх ухагдахуун. 4 дүгээр сарын 15-ны өдөр карго дээр очиход татвартай бараа гээд гааль дээр авч үлдсэн. Таньдаг хүнээр яриулж байгаад татварыг нь багасгуулаад авчихгүй юу гээд “UTPS” гэх гаалийн байгууллагын хаягийг зурж өгсөн. Гаалийн байгууллагаас уг ачааг хүн авахаар ирвэл татвартай бараа гэж хэлээд явуулаарай гэсэн байх магадлалтай. Үнэхээр хориотой бараа байгааг мэдсэн бол таньдаг хүн сураглаж бас асуулгахгүй. Нотлох баримт гэж үзэж буй зүйл нь сэжүүр маягийн зүйлс, ямар учиртай талаар нэг ч удаа асууж байцаагаагүй. Өөрөө нэмэлтээр хэлж мэдүүлсэн боловч бичиж хэрэгт хавсаргаагүй. Илгээгч рүү өөрийн гар утсаа буцаан авснаас хойш өдөр бүр холбоо тогтоох оролдлого хийх буюу бичих болон залгаж байсан. Хэрвээ би уг ачааг өөрөө захиалсан бол илгээгч рүү холбогдох гэж оролдохгүй. Илгээгч мөн адил хариу өгөхгүй алга болохгүй гэсэн логик ухагдахуун. Мэдээний сайтуудын шуурхай нийтэлсэн нийтлэлүүд шууд утгаараа илгээгчийг надаас холбоогоо таслахад хүргэсэн. Гаалийн байцаагч гэх хоёр гэрчийн мэдүүлэг үг, үсэггүй ижил. Гэрчүүдийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Хэрэг эхэлсэн үеэс хойш хэлмэгдэж байгаагаа мэдэгдсээр ирсэн. Хавтаст хэрэгтэйгээ үзэж танилцаад өөрийн гараар гомдол хүсэлтээ бичиж өгсөн. Яллах дүгнэлтийг прокурор хэрэг аваад маргааш нь үйлдсэн. Тэр үед ч мөн хэлмэгдэж буйгаа хэлсэн. Гадаад гүйлгээ буюу гадагшаа мөнгө, доллар шилжүүлсэн баримт, нотолгоо байхгүй. Ямар ачаа барааг, ямар байдлаар, хэр хэмжээгээр захисан баримт байхгүй. Хэргээ хүлээ гэж анхнаасаа мөрдөн байцаалт болон прокурор шүүхийн шатанд тулгасан. Хийгээгүй хэргээ хэзээ ч хүлээж чадахгүй. Хэрэглэсэн зөрчлөө 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Гаалийн байцаагч гэрчүүдийн мэдүүлснээр сандарч, тэвдэж буй байдал анзаарагдсан гэх мэдүүлэг нь ташаа ойлголт. Ачааг задлаад сэжиг бүхий нөхцөл байдал үүсэхэд сандарч эхэлсэн. Гаалийн ажилтан хүнээр ачааг асуулгахад татвартай бараа, хориотой бараа байдаг хэсэгт байгааг хэлсэн. Хориотой бараа байгаа гэж бодоогүй. Анхнаасаа мэдсэн бол тийшээ очиж өөртөө ийм асуудал үүсгэхгүй. Олон нийтийн амралтын өдөр буюу Улсын баяр наадмаар дуудан өөрийн албан тушаал, эрх мэдлийг ашиглан Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн хойд хаалгаар нэвтрүүлэн байцаалт авч, мэдүүлгийн огноог сольж шивсэн. Гаалийн зөрчлийн мэргэжилтэн гэх хүн “өөр хүний нэр дээрх ачааг олгох боломжгүй” гэж байсан ч хэсэг хугацааны дараа “ачааг чинь олгохоор боллоо, татвар нь 200.000 төгрөг орчим болно” гэж хэлээд надаар өөрөө зааварчлан хүсэлт бичүүлсэн. Анхнаасаа уг ачааг авахаар ирсэн хэнд ч хамаагүй энэ хэрэг буух байсан байдлууд анзаарагдсан. Тухайн өдөр илгээгчтэй утсаар ярьж, уг ачаа дотор ямар зүйлс байгааг мэдсэн. Энэ нөхцөл байдлаа өөрийн хамтран амьдрагч болох найз охиндоо үнэн зөвөөр утсаар ярьж мэдэгдсэн. Үүний дараа бичсэн зүйлсийг маань хэрэгт хамааралтай хамгийн чухал нотлох баримт гэж үзсэн байдал үүссэн. Энэ нь маш ташаа ойлголт бөгөөд энэ тухай нэг ч удаа асууж байцаалт аваагүй, мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Шүүх хуралдааны үеэр бүрэлдэхүүний шүүгч өөрийн гар утсыг оролдсон, мөн шүүх хуралдааныг хэсэг хугацаанд орхин гарсан. Мөн 50 гаруй хуудас нотлох баримт нэмэлтээр авч очсон ч төдийлөн нягталж үзээгүй. Эдгээр хүчин зүйлсийг үндэслэн үзэж, хэргийг үнэн зөвөөр нягтлан шинжилж, хэлмэгдэж буй миний нөхцөл байдлыг үндэслэн цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Монгол Улсын хил нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б.Цыг гэм буруутайд тооцсон. Монгол Улсын хил нь өөрөө гаалийн хяналтын бүс нь Төв аймгийн Сэргэлэн сум. Энэ бараа 4 дүгээр сарын 15-ны өдөр орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Ази проперт”-ын байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд орж ирсэн. 28-ны өдөр хэргийн үйл баримттай холбоотой асуудал яригдсан байдаг. Б гэдэг хүн чатаар М гэдэг хүний иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Б.Цд явуулсан. Б.Ц өөрийнхөө эд материалыг аваад дотор нь гэмт хэргийн шинжтэй конвенцод заагдсан бодисыг байна гэж анхнаасаа мэдээгүй. Хэрэг учрал бий болоод энэ нөхцөл байдлууд гаалийн хяналтын бүс, гаалын хяналтын шалгалт гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 болж харагдаж байгаа болохоос өмгөөлөгч Хүрэлсүхийн хэлдэг агуулгын хувьд гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олж авах гэсэн эрмэлзэл харагддаг. Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны конвенцыг барьж өнөөдөр гэмт хэргийн шинжтэй үйлдэлд НҮБ-ын ямар конвенц, хэддүгээр жагсаалтад заасан үйл баримт нь мансууруулах төрлийн бодис мөн юм бэ гэдгийг конвенцыг хараад ойлгож байгаа. Сүүлийн үед хэрэглэгдэж байгаа нөхцөл байдлууд нь хэн нэгэн хүнийг буруутгахын тулд агууламж гэж орж ирээд байгаа. Монгол Улсын хуульд Олон Улсын гэрээ конвенцод мансууруулах төрлийн болон эм сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтайгаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бид нарын хэн нь тодорхойлоогүй. Хэрвээ агууламжийн заагч байгаа бол конвенцод нэршлээс гадна давс химийн мансууруулах бодит элементүүд байдаг. Энэ элементүүд нь байхгүйгээр агууламж байна гэдгээр хүний гэм буруугийн асуудлыг хорих ялтай гээд шийдэж явсаар өдий хүрсэн. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед агууламж нь юу байгаа вэ гэдгийг тогтоох ёстой. Сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэлтэй холбоотой 200 гаруй төрлийн эм байдаг. Энэ болгоныг агууламжтай байна, энийг хэрэгсэлнээр буруудах ёстой гэж үздэггүй. Тийм болохоор дүгнэлт гаргахдаа бүрэлдэхүүн онцгой анхаарна уу. Бодисыг нягт нямбай олон улсад заасан нэршилтэй эмийг хянуур үзэхгүй бол агууламж гэдэг байдлаар хүн яллаад, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байх. Улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, иргэдийн төлөөлөгч нарын оролцсон шүүх хуралдааны мэтгэлцээнээр иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтад энэ нөхцөл байдлыг мэдэхгүй хүн гэм буруугийн асуудалд гэм буруугүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Шүүх шийтгэх тогтоолдоо энэ хэргийн үйл баримттай нийцээгүй тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авах боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд өөрчлөх, хүчингүй болгох заалт байдаг. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б.Цыг үйлдсэн гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар үйлдэгдсэн байвал Төв аймгийн нутаг дэвсгэр буюу Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд болсон асуудлыг гаалийн хяналтын бүсийн асуудал яригдах болохоос Баянгол дүүргийн Сонсголонд байгаа шуудан холбооны газар болж байгаа асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэж субьектив санаагаар яллаж болохгүй. Олж авах үйлдлүүд нь шийтгэх тогтоолд бичигдсэнээр, нотлогдсоноор, дүгнэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олж авахыг эрмэлзсэн үйлдэл харагддаг.” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтуудыг сэргээн дүрслэх замаар тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Цын хувьд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Шүүх Б.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, Б.Цын үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан шинжтэй гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй. Б.Цд оногдуулсан ял эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн санаа зорилго юу байсан, гэм буруугийн байдал зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлон тогтоосон. Энэхүү хэргийн ажиллагаа ачаа хүлээн авсан өдрөөс буюу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Гаалийн байгууллага хууль болон журамд заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр илгээгдэж, 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэр Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаар орж ирсэн. Тухайн өдрөө буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр “Юу ти пи эс” компанийн гаалийн хяналтын бүсэд ачааг авахаар ирсэн Б.Цын хүсэлтийн дагуу гаалийн байгууллагын ажилчид ачаа олгох ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжтэй байх нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлсэн. Гаалийн ажилчид Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Гаалийн байгууллагын ажилчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Ингээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад гэмт хэргийн шинжтэй байж болохүйц үйлдэл тодорхой баримт, эд мөрийн баримт нотлох баримтуудаар тухайн үедээ тогтоогдсон учраас эрх бүхий байгууллага буюу Тагнуулын байгууллагын ажилчдыг дуудан авчраад мэдээ, мэдээлэх замаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг. Энэ хэрэгт ачааг хэн илгээсэн, хэн хүлээж авсан зэрэг нь хөдөлбөргүйгээр нотлогдсон. Ачаанд юу байсан талаар Б.Ц анхнаасаа мэдэж байсан. Энэ нь түүний гэмт хэргийн санаа зорилгыг ил харуулж байгаа баримт. Хэрхэн, яаж мэдэж байсан гэдэг нь Б.Цын тухайн үед найз охин нь гэж нэрлэгдэж байсан Намуунтай харилцсан чатын хуулбар, ачаа илгээгч Б гэдэг хүнтэй харилцаж байсан чатын хуулбар зэрэг нь хэрэгт баримтаар авагдсан. Тухайн чатын агуулга бичигдсэн зүйлс зэргийг харахад тухайн ачаанд юу байсан, хэрхэн яаж нэвтрүүлэх гэж байгаа, нэвтрүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарсан, энэ саад бэрхшээлийг хэрхэн давах туулах талаар  ярилцсан агуулга бүхий зүйл байгаа. Энэ нь Б.Цыг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго, сэдэлт зэргийг харуулж байгаа. Гаалийн хяналын бүс гэдэг нь Гаалийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлд зааснаар Улсын хилд тооцогддог зохицуулалттай. 2019 оны Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журам байгаа. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл, гаалийн хяналт тавих нийтлэг журам, мөн 2014 оны Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сангийн сайдын хамтран баталсан тушаалын хавсралт улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам гэж заасан зохицуулсан үндсэн 2 журам байгаа. Энэ журам болон Гаалийн  тухай хуульд зааснаар гаалийн хяналтын бүс нь улсын хилд тооцогддог учраас гэмт хэрэг төгссөн газар буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Ази проперт”-ын байр “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүс улсын хилд тооцогдоно. Ачааг өөр хүний нэр дээр илгээж байгаа асуудал яригддаг. Энэ төрлийн гэмт хэрэгт ачааг өөр хүний нэр дээр илгээж байгаа байдал нь тухайн гэмт хэргийн санаа зорилго буюу гэмт хэргийн үйлдлийн арга болж хэрэгжээд явж байгаа. Хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас Монгол улсын хил рүү нэвтрүүлэн авчрах, эдгээр авчирсан бараа, эд зүйлээ Монгол улсад ашиглах зорилго байсан гэдгийг харуулж байгаа. Энэ хэрэгт хамтран оролцооны хэлбэр байна уу, байхгүй юу гэдгийг шалгахад Батбаяр гэдэг хүний оролцоо Б.Цтай бүлэглэсэн энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шинжийг хангаагүй, баримтаар нотлогдоогүй. Түүнийг оролцоо болохыг бусад баримтаар нотолсон байдаг. Ийм учраас Батбаярын үйлдэл гэмт хэргийн шинжгүй. Харин мансуурсан зөрчлийг нь эрх бүхий байгууллагад шалгуулж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан. М гэдэг хүний бичиг баримт хэрхэн Б.Ц, Б нарт шилжсэн талаар Маас мэдүүлэг авахад “би амьдралдаа АНУ-аас бараа, илгээмж авч байгаагүй. Надад гадаадад амьдардаг найз, гэр бүл, хамаатсан садан байхгүй” гэж мэдүүлсэн. Б.Цаас энэ талаар тодруулахад “мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Гэвч Б.Цын биед авч явсан зүйлс дотор Мын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд авагдсан байдаг. Тэгэхээр энэ хэрэг Мын оролцоо тогтоогддоггүй. Энэ хэрэгт Мыг оролцоотой гэх үндэслэл бүхий сэжиг, таамаг байхгүй. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт 2020, 2021 оны ковид-19 цар тахлын нөлөөтэйгөөр шуудан илгээмж ашиглаж ихээр үлдэгдсэн. Энэ гэмт хэргийн арга сэдэлт нь огт танихгүй өөр хүний нэр дээр карго илгээмж ашиглан илгээх байдлаар үйлдэгдэж байгаа. Ингэхдээ хууль сахиулах байгууллагуудыг хуурах, тэдэнд өөр төрлийн бараа, илгээмж байгаа гэж итгүүлэх, мөн албан тушаалтнуудад нөлөөлүүлж ачаа бараагаа ямар нэгэн аргаар авах нь гэмт хэрэг үйлдэгчийн гол зорилго байгаа. Б.Ц тухайн бараанд хориглосон мансууруулах бодис байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байсан бол гаалийн байгууллагын ажилчдаар тухайн ачаан барааг авхуулахаар яриулах, хэн нэгэнд нөлөөлүүлэх үйлдэл хийхгүй байсан. Гэвч энэ үйлдлийг хийсэн. Тэр нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн илгээсэн, хүлээж авах гэж байгаа ачаа бараанд хориглосон бодис байна гэдгийг лавтай сайн мэдсэний үндсэн дээр гаалийн байгууллагын ажилчид буюу хууль сахиулах байгууллагын ажилчдыг хуурах, нөлөөлүүлэх замаар тухайн хориотой барааг авахаар оролдсон оролдлого гаргасан. Ийм учраас энэ гэмт хэргийн шинжийг Б.Цын үйлдэл бүрэн хангаж байгаа гэж дүгнэсэн. Б гэдэг хүний үйлдэл Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газраас тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Энэ хэрэгт яагаад хамт шийдвэрлээгүй гэхээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ Монгол Улсад  байхгүй учраас гэрч асуулгах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлэн авчрах ажиллагаа хууль зүйн хувьд хийгдэх боломжгүй болчихоод байгаа. Б гэдэг хүнийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн асуудал байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмгөөлөгч нараас агууламж илрээд байна гэсэнд Монгол Улсад энэ төрлөөр дүгнэлт гаргадаг мэргэжлийн гэж тооцогдож байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн тухай бүр дүгнэлтүүд гаргасан. Жин, хэмжээ, агууламж зэргийг тодорхойлоод явж байгаа. Тухайн илэрсэн бодис нь конвенцын 1, 2 дугаар хавсралтад дурдагдсан хоёр ч төрлийн бодис илэрсэн. Тетрагидроканнабинол нь зэрлэг олсны ургамлаас илэрч байдаг. Гэтэл тенамфетамины агууламж эм мэт зүйлүүдээс илрээд байгаа. Ийм учраас шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Ц нь Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр илгээж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн SKA00023497 дугаартай ачаанд багтсан шаргал өнгийн металл гэртэй, шилэн савтай Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тус бүр нь савны хамт 18.2 грамм жинтэй нийт 30 ширхэг шингэн бодис,

“Prime” гэсэн бичиглэлтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай ногоон өнгөтэй 7 ширхэг, нийт 2.6301 грамм жинтэй эм мэт зүйл,

“Prime” гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй 8 ширхэг, нийт 3.0772 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Ази проперт”-ын байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалын газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Мын “...Надад Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг хамаатан, садан, найз нөхөд байхгүй. Надад энэ илгээмжтэй холбоотой асуудлаар мэдэх зүйл огт алгаа. ...гадаадаас надтай харьцдаг нэг ч хүн байхгүй. Энэ илгээмжийг яагаад миний нэр дээр ирснийг ерөөсөө ойлгохгүй байна. Өмнө нь гадаад улсаас ямар ч илгээмж хүлээн авч байгаагүй. ...Энэ хүмүүсийг огт харж байгаагүй. Манай хамаатан садан дотор тийм нэртэй хүмүүс байхгүй. Би ийм нэртэй хүн ерөөсөө таньж мэдэхгүй. Надад гадаад улсад ажиллаж амьдардаг таньдаг Булгаа, Батболд гэж хүн байхгүй. ...Би өмнө нь иргэний үнэмлэхээ гээгдүүлж байгаагүй. Би оны өмнө буюу 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл байрны ипотекын 6 хувьд хамрагдахаар бичиг баримт, бүрдүүлж, иргэний үнэмлэхээ хуулбарлуулж банкинд өгч байсан. Үүнээс өөрөөр баримт бичгийг гээгдүүлж шинээр авч байсан тохиолдол байхгүй. Энэ илгээмж ямар учраас миний нэр дээр ирснийг би өөрөө ойлгохгүй байна. ...” /1хх 250, 2хх 1-2/,

гэрч Ж.Батбаярын “...Би зөвшөөрөөд маргааш өглөө нь 08 цагийн үед Улсын их дэлгүүрийн өмнө уулзаад Моносын ойролцоо байгаа гааль дээр очоод Б.Ц машинаас буугаад би ороод ирсэн. Ачаагаа аваад ирье, та түр хүлээж байгаарай гэсэн. Тэгээд нэлээд хүлээж байгаад гарч ирэхгүй удаад байхаар нь утсаар ярьсан чинь гарч ирээд татвар бодож байна, удахгүй дуусах байх татвар нь 200,000 төгрөг болох юм байна, та надад түр 200,000 төгрөг зээлээч гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад буцаад орсон. Тэр үед би машиндаа сууж байсан. Тэгээд бүр таг болчихоор нь утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. ...Тэгээд сууж байтал Гаалийн хоёр ажилтан гарч ирээд намайг Б.Цын байгаа өрөөнд авч ороход нэлээн олон хүмүүс өрөөнд нь ороод ирчихсэн байхаар нь би Цаас юу болсон бэ гэж асуусан чинь та хоёр хоорондоо ярихгүй гээд юу ч яриулаагүй. Намайг орсны дараа надад гаалийн ажилтан ширээн дээр өрчихсөн байсан эд зүйлсээс нэг шар өнгөтэй голдоо шилэн хэсэгтэй зүйлийг харуулаад энэ юу вэ мэдэх үү гэж асуусан. Би мэдэхгүй гэсэн. Тэгээд гаалийн байцаагчаас нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь чи битгий юм дуугар, дуугүй суугаад байж бай гэж хэлсэн. Би түүнээс хойш юу ч дуугараагүй. ...Миний ямар ч эд зүйл тэр илгээмжид байгаагүй. Энэ илгээмж хэнээс ирсэн гэдгийг хэн хүлээн авах ёстой гэдгийг нь ч би мэдэхгүй байна. Б.Ц зүгээр намайг гуйхаар нь л би явж өгсөн. Өөр зүйл байхгүй. ...” /2хх 9-10/,

гэрч Ц.Сонорын “...Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улсын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт албан үүргээ гүйцэтгэж байхад цагаа тодорхой санахгүй байна, өдрийн 10-11 цагийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Америкын Нэгдсэн улсаас ирсэн тус илгээмж хүлээн авагчийн хамтаар гаалийн хяналт шалгалт хийсэн. ...Тус илгээмж нь Америкийн Нэгдсэн улсаас ирэхдээ Б.М гэх хүний нэр дээр ирсэн бөгөөд хүлээн авах этгээд Б.Ц гэх этгээд байсан. Бид нар ямар учиртай талаар нь асуухад “манай найз хөдөө орон нутагт амьдардаг, ирсэн илгээмжийг намайг очоод авчих гэж хэлсэн” гээд авах хүсэлтээ бичгээр бичиж өгсөн. ...Тус илгээмжийг хүлээн авахаар хүсэлт гаргасан Б.Цаар өөрөөр нь илгээмжийг задлуулж юу, юу байгааг тайлбарлуулсан. Тухайн илгээмжээс дараах зүйлс гарч ирсэн. Хар өнгийн жижиг цүнх дотроос ямар нэгэн хаяг шошго байхгүй шаргал өнгийн металл гэртэй, шилэн сав бүхий шингэн бодис 30 ширхэг байсан. Үүнийг Б.Ц тайлбарлахдаа “камер ойл” гэж байдаг, түүний тосолгооны шингэн байгаа юм гэж тайлбарласан. ...Дараа нь “Altoids” гэх бичигтэй, жижиг төмөр хайрцагтай, сэнгэнэсэн үнэртэй 73 ширхэг бодисыг тайлбарлахдаа “энэ аманд хийдэг гаа байгаа юм” гэсэн. “Prime” гэх бичиглэлтэй ягаан өнгийн 8 ширхэг, ногоон өнгийн 7 ширхэг бодисыг өөрөө гаргаж ирээд тайлбарлахдаа “амандаа хийдэг гаа байгаа юм” гэж хэлсэн. Нил ягаан өнгийн талстлаг биет зүйл 1 ширхэг байсан. Үүнийг тайлбарлахдаа “камерын чип” гэж тайлбарласан. Энэ зүйлийг би хараад нэлээд сэжигтэй эд зүйл байна гэж ойлгосон. Цагаан өнгийн ууттай наалт хэлбэртэй эд зүйлийг “камерын тогтоогч” гэж тайлбарласан. Бусад зүйл камерын хөл, тогтоогч, хөвөгч, зүүдэг бүс зэрэг эд зүйлүүд байсан. Тухайн үед бид нар Б.Цаас хаяг, шошго байхгүй, дээрх эд зүйлсийнхээ оноосон нэршил, нэрийг нь олоод ир гэсэн шаардлага тавихад Б.Ц утсаараа оролдож байгаад “камер ойл” гэх бичигтэй шилтэй зүйлийн зураг харуулаад нөгөөх 30 ширхэг шаргал өнгийн металл гэртэй, шилэн сав бүхий шингэнээ заагаад камерын тос ийм янз бүрийн савлагаатай байдаг юм гэж хэлсэн. Түүнийг нь ажиглаад харахад бүгдээрээ хаяг шошго нь тодорхой харагдаж байсан. Тэгээд нөгөө илгээмжээр ирсэн шингэний “шошго нь хаана байгаа юм бэ” гэхэд юу ч хэлж чадаагүй. Тэгэхээр нь бид нарт нэлээд сэжигтэй байна гээд хууль, хяналтын байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед Б.Ц ачаа үзүүлж байх явцдаа хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй. Өөр тийшээ байнга юм хараад нэг л тогтворгүй байгаад байсан. Өөрөөр хэлбэл сандарч байгаа нь мэдэгдэж байсан. Энэхүү байдал бид нарт нэлээд сэжигтэй санагдаж, хууль хяналтын хүмүүс ирэхийг хүлээгээд “ачаа барааг чинь олгоно” гээд байлгаж байсан. ...” /2хх 13-15/,

гэрч М.Баттулгын “...Мөн Б.Цд хүлээн авч байгаа илгээмжээ задлаад юу юу байгааг бичиж, үнэн зөвөөр мэдүүл гэсэн шаардлага тавьж бараа мэдүүлэх өргөдлийн маягт дээр бичүүлж авахад 3 төрлийн бараа мэдүүлсэн. Үүнд: Камерын тос 10 ам.доллар, камерын хөл 100 ам.доллар, камер тогтоогч хэрэгсэл гэсэн 3 төрлийн эд зүйл байгаа талаар мэдүүлсэн. Үүний дараагаар тухайн илгээмжийг өөрөөр нь задлуулж хяналт шалгалтын ажиллагаа явуулаад дотор нь байсан эд зүйлсийг гаргаж, эд зүйл тус бүрээр өөрөөр нь тайлбарлуулсан. ...Б.Ц илгээмж авахаар ирэхдээ өөрийн иргэний үнэмлэхээ авч ирээгүй байсан бөгөөд барааныхаа холбогдох баримт, итгэмжлэх зэргийг бүрдүүлж ир гээд өрөөнөөс гаргасны дараа бид нар тухайн барааны мэдээллүүдийг олж тогтоосон. Бид нарын олж мэдсэнээр дээрх бодисууд нь ер нь бол сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй сэжигтэй зүйл байсан. Тийм учраас хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шийдсэн. ...” /2хх 18-20/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2424 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц ТЕГ IV/22 гэж хаягласан цус, Ц 27/эр 2022.04.22 14:20 гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг болно. Химийн шинжилгээний лабораторийн үр дүн нь тухайн хүнээс биологийн дээж авсан үеийн нөхцөл байдлыг илэрхийлнэ. ...” /2хх 64-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2421 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай шингэн бодис, 2 гэж дугаарласан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай шингэн бодис, 3 гэж дугаарласан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай шингэн бодис тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. “Prime” гэсэн бичиглэлтэй ногоон өнгөтэй эм мэт зүйл, “Prime” гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй эм мэт зүйл тус бүрээс тенамфетамин /tenamphetamine MDA/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад, тенамфетамин /tenamphetamine MDA/ нь 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг болно. ...” /2хх 72-78/ гэсэн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

эд зүйлд үзлэг хийсэн “...Шаргал өнгийн металл гэртэй шилэн сав бүхий шингэн бодис 30 ширхэг, ...гялгар ууттай ягаан өнгийн Prime бичигтэй 8 ширхэг, ногоон өнгийн 7 ширхэг биет зүйл нэг хэсэг ногоон эд зүйл нь хагарч 2 хэсэг болсон. ...эд зүйл байгааг тус тус тогтоов. ...” /1хх 70-76/ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

шүүгдэгч Б.Цын гар утсанд үзлэг хийсэн “...айдгаа авдартаа хийсэн, одоо татвар бодуулж байна, үнэхээр аймаар аймаар мэдрэмж авсаан, ярьж өгч чихийг чинь алт болгоноо, одоо намайг орхиод гарчихсан хүлээж байна, ха ха, Монгол Улсад над шиг ийм юм хийсэн хүн байдаггүй байх аа, гаалийн байцаагч нарт ЛСД, Экстаси, cartridge-ийг нүдэн дээр нь харуулж байгаад, ха ха ха, кино цаашаа. ...” /1хх 87-114/ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

шүүгдэгч Б.Цын илгээмж явуулсан “Bilguutei Batzorigt” нэртэй этгээдтэй 4 дүгээр сарын 15-ны өдөр харилцсан “...Авсан уу”, “Но гааль дээр саатсан байна гэж шаажийн”, “яадын бол”, 4 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн “танидаг танил гаалийн хүн олдож өгдөггүй ээ, тал талаас янз бүрээр асуулгасан, ер нь нэг л эвгүй эвгүй юмнууд сонсогдоод байх юм”, “тэр газар нь байгаа хүнээр асуулгаж сураглаад мэдсэн”, “агуулахад нь болохгүй бүтэхгүй ачаа бараа гэдэг дотор нь байгаа юм байна аа”, “үнэхээр сайн бат арааны танил тал байхгүй бол очоод дэмий гээд байгаан”, “2, 3 гаалийн хүн тэгж хэлсэн” /1хх 105, 107/ гэсэн зурвас зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Цыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Цын Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр илгээж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн SKA00023497 дугаартай ачаанд багтсан шаргал өнгийн металл гэртэй, шилэн савтай Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тус бүр нь савны хамт 18.2 грамм жинтэй нийт 30 ширхэг шингэн бодис,

“Prime” гэсэн бичиглэлтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай ногоон өнгөтэй 7 ширхэг, нийт 2.6301 грамм жинтэй эм мэт зүйл,

          “Prime” гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй 8 ширхэг, нийт 3.0772 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Ази проперт”-ын байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалын газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нар “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсхүл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Ц нь тухайн ачаа бараанд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис байсан гэдгийг мэдсээр байж авах гэж очсон болох нь түүний гар утсанд үзлэг хийсэн “...айдгаа авдартаа хийсэн, одоо татвар бодуулж байна, үнэхээр аймаар аймаар мэдрэмж авсаан, ярьж өгч чихийг чинь алт болгоноо, одоо намайг орхиод гарчихсан хүлээж байна, ха ха, Монгол Улсад над шиг ийм юм хийсэн хүн байдаггүй байх аа, гаалийн байцаагч нарт ЛСД, Экстаси, cartridge-ийг нүдэн дээр нь харуулж байгаад, ха ха ха, кино цаашаа. ...” /1хх 87-114/ гэх тэмдэглэл,

шүүгдэгч Б.Цын илгээмж явуулсан “Bilguutei Batzorigt” нэртэй этгээдтэй 4 дүгээр сарын 15-ны өдөр харилцсан “...Авсан уу”, “Но гааль дээр саатсан байна гэж шаажийн”, “яадын бол”, 4 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн “танидаг танил гаалийн хүн олдож өгдөггүй ээ, тал талаас янз бүрээр асуулгасан, ер нь нэг л эвгүй эвгүй юмнууд сонсогдоод байх юм”, “тэр газар нь байгаа хүнээр асуулгаж сураглаад мэдсэн”, “агуулахад нь болохгүй бүтэхгүй ачаа бараа гэдэг дотор нь байгаа юм байна аа”, “үнэхээр сайн бат арааны танил тал байхгүй бол очоод дэмий гээд байгаан”, “2, 3 гаалийн хүн тэгж хэлсэн” /1хх 105, 107/ гэсэн зурвас болон гэрч Ц.Сонор, М.Баттулга /2хх 13-15, 18-20/ нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх бөгөөд түүний захиалгын дагуу Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр илгээж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Ази проперт”-ын байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалын газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд хүлээн авсан үйлдэл нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэргийн шинжийг төгс хангасан гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд Б.Ц нь Америкийн нэгдсэн улсаас хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан улсын хилээр нэвтрүүлж, өөрөө авахаар гаалын хяналтын бүсэд очиж байгаа нь түүний гэм буруутай үйлдлийг тодорхой харуулж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ