Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/171

 

      2023         02           09                                         2023/ДШМ/171

Б.Пт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2023/ШЗ/53 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баярсайханы бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр Б.Пт холбогдох 2203 00609 0585 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын П, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, э..., ... боловсролтой, архив албан хэрэг хөтлөлт мэргэжилтэй, “...” ХХК-д ... ажилтай, ам бүл ..., ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... хэсэг, ...ийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Б.П нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхоны зүүн замд “Тоёота Сай” маркийн 62-93 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9 дэх заалт “Гэрлэн дохио нь дараах утгатай байна. а/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Бийг мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэл нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх “Мөрдөгчийн 1303 дугаартай магадлагаа” гаргажээ.

Уг мөрдөгчийн магадлагаанд Т.Sai маркийн 62-93 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Найм. Замын хөдөлгөөн зохицуулах дохио 8.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9 дэх заалт “Гэрлэн дохио нь дараах утгатай байна. а/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгч С.Дэмбэрэл нь өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар “Мөрдөгчийн 1303 дугаартай магадлагаа” гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн байна.

Иймд яллагдагч Б.Пт холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Пын 1131214 дугаартай В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Баярсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ...гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсаны дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэл нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 1303 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г гаргасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно.” гэж тус тус заасан бөгөөд мөрдөгчийн 1303 дугаартай магадлагаа нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүгүй, үндэслэл бүхий магадлагаа байх тул шинжээч томилох шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэнд дурдаж шүүхэд хүргүүлсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгч нь уг тодорхойлолтод хамаарахгүй этгээд тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчиж, мөрдөгч магадлагаа гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Мөн шүүх мөрдөгчийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд магадлагаа гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг буцаасан нь хуулийг буруу тайлбарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/53 дугаар захирамжийн үндэслэлийг хянуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчиж, мөрдөгч магадлагаа гаргасан гэж үзсэн. Харин мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шинжээч биш гэж үзэж байна. Мөрдөгч тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 хэсэгт мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар эсвэл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчоос хүсэлт гаргаж байгаагүй. Иймд мөрдөгчийн магадлагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар 2022 оны 6 дугаар сард сургалтад хамрагдаж сертификат авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Пт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Пт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх “Мөрдөгчийн 1303 дугаартай магадлагаа” гаргасан нь буруу гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасан бөгөөд мөрдөгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан 1303 дугаартай мөрдөгчийн магадлагааг буруутгах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйл “шинжээч дараахь үндэслэл байвал шинжээчээр оролцож болохгүй” хориглосон заалтад “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, ...бусад оролцогчийн хувиар оролцсон бол” гэж тодорхой заажээ. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэхэд мөрдөгч нь бусад оролцогчийн хувиар оролцож байсан гэх хуулийн шаардлага нь тухайн хэргийг мөрдөж байхдаа шинжээч болсон байх тохиолдлыг хамааруулж ойлгох нь зүйтэй бөгөөд мөрдөгч, шинжээч /шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон мэдлэг бүхий хүнийг/ гэсэн нь хоёр өөр ойлголт юм.

Мөрдөгч нь шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл, магадлагаа гаргаж болохыг эрх бүхий этгээд бөгөөд мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачлагаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болохоор, анхан шатны шүүх дээрх мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл мөн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Пын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон, Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүссэн гэж үзэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2023/ШЗ/53 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ