Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/172

 

      2023         02           09                                         2023/ДШМ/172

М.Цд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа,

хохирогч М.Б,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/1780 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор М.Цд холбогдох 2203 00399 0419 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн М-ын Ц, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, э..., .... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... хэсэг гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

М.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гүнжийн хоолойн уулын замд өөрийн эзэмшлийн “Тоёота Клугер” маркийн 82-75 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Бийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 72-20 УНА улсын дугаартай, С.Мөнгөнхуягийн байрлуулж тавьсан байсан “Тоёота Королла” маркийн 69-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж, жолооч 31 настай, эрэгтэй М.Б, зорчигч 12 настай, эрэгтэй Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 5 настай, эрэгтэй Д.Тэнүүн, 29 настай, эмэгтэй Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, З.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёото Приус” маркийн 72-20 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 3.872.000 төгрөгийн, Д.Сандансолын эзэмшлийн “Тоёото Королла” маркийн 69-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 590.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн М-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 1.555.700 төгрөгийг хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалсан, хохирогч бид нарын эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт гаргалаа. Шүүгдэгч М.Ц нь манай гэр бүлийн 4 хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж, энэ байдлаас болж манай гэр бүл эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын нөхөж баршгүй хохирол учирсан. М.Цын буруутай үйлдлээс болж өрхийн орлого хаагдаж, нөхөр М.Б олон сараар эмчлүүлэн хагалгаанд орж, цаашид ч хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалтай хохирсон, хохирсоор байна. Анхан шатны шүүх хохирогч бид нарын хууль ёсны эрх ашигаа хамгаалуулахаар /бид хуулийн мэдлэг дутмаг/ гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд иөлсөн 1.000.000 төгрөг, хохирогч бид нарын хоёр зээлийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Бид зохих баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн. М.Цын буруутай үйлдлээс болж бид зээлээ төлж чадаагүй. Иймд хэргийг хянан үзэж хохирсон асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байгаа. Манайх 3 хүүхэдтэй. Бид хоёр хүүхдээ эмнэлгээр авч явъя гэхээр мөнгөний боломжгүй. М.Ц гэдэг хүн бид нартай нэг ч удаа яаж байна гэж залгаж ярьдаггүй. Энэ тал дээр бас гол утга учир байна. Та хэд маань яаж байна, юу болж байна гээд ярьвал хүмүүс юм чинь арай өөр шүү дээ. Ерөөсөө холбогдож ярьдаггүй. Тэгээд хааяа ярихаараа өөрийнхөө хэрэгцээнд “өргөдөл бичээд өг, гарын үсэг зурж өгөөч” гэж л ярьдаг. Бид хоёр арга ядаад зээлээ төлж чадахгүй болоод “та ганц удаа зээл төлөхөд туслаад өгөөч” гэсэн чинь “надад байгаа нь 20.000 төгрөг байна, өөр юу ч алга” гээд утсаа салгасан. Тэрнээс хойш нэг ч удаа яриагүй. Манай нөхөр ажлаа хийе гэхээр хийж чадахгүй, 20 литрийн усны сав ч өргөж чадахгүй байна. Эмнэлэгт дахиад үзүүлэх гэхээр мөнгө байхгүй. Нөхөр бид хоёр зээлтэй байсан. 8 сая гаруй төгрөгөөс 5 сая төгрөг өгсөн. Өмгөөлөгч авсан 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.

Хохирогч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэртэйгээ адил саналтай байна. Манайх 3 зүйл нэхэмжилж байгаа. М.Ц гэдэг хүнээс эхнэрийн цалингийн зээл, миний ээжтэйгээ хамтарч авсан ээжийн цалингийн зээл, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна. Тэгвэл манай гэр бүлд дэм болох гээд байна.” гэв.

Шүүгдэгч М.Цын өмгөөлөгч Ц.Осоржамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг, 2 зээлийн асуудлыг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсанд гомдолтой байна гэсэн. Б.Э нь Төрийн банкнаас 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийн цалингийн зээл, мөн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банкнаас нэмэлт цалингийн зээлийг авсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Төрийн банкнаас нэг ч тодорхойлолт аваагүй. Дээрх хоёр зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа нь тодорхойгүй. Нэмэлт зээл гээд 19.000.000 төгрөг гарсныг нь харахаар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6.500.000 төгрөгийн цалингийн зээл нь төлөгдөөд хаагдсан байдал харагддаг. Гэтэл эдгээр хүмүүс 2021 оны цалингийн зээлд 1.290.800 төгрөг, 2022 оны цалингийн зээлд 3.753.547 төгрөгийн тус тус нэхэмжлэл гаргаж байгаа нь нотлогдоогүй. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө зээлийг санхүүгийн өөр зориулалттай санхүүгийн байгууллагаас иргэний эрх зүйн харилцааны гэрээ байгуулж үүссэн, үүргийн харилцаа учраас бодит хохиролд тооцогдохгүй тул шүүх хангаагүй нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Манай үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа. Мөн заавал өмгөөлөгч авах шаардлагагүй хэрэг юм. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь иргэний эрх зүйн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас шууд хохирол гэж үзэх боломжгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой нийт баримтаар 4.990.000 төгрөг төлсөн. Дараа нь автомашины бодит хохирол 3.872.000 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад гарсан 1.555.200 төгрөг төлсөн. Баримтаар ороогүй автомашины журмын хашааны мөнгө гээд нийтдээ 9.800.000 төгрөгийг төлсөн. Хохирогч талаас намайг ярьдаггүй гэж байна. Миний хувьд бие муутай, мөнгө олдохгүй, бас өөрөө зээлтэй. Даатгалын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа. Даатгалын асуудал шийдвэрлэгдэхээр боломжоороо мөнгө өгнө гэсэн бодолтой байгаа.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирогч нарын зүгээс нотлох баримтууд гаргаж өгсөн. Баримтын хүрээнд шүүгдэгч хохирлыг төлсөн. Шүүхээс хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Тийм учраас хохирогч нар бусад гарсан зардлуудаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч М.Цд холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гүнжийн хоолойн уулын замд өөрийн эзэмшлийн “Тоёота Клугер” маркийн 82-75 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Бийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 72-20 УНА улсын дугаартай, С.Мөнгөнхуягийн байрлуулж тавьсан байсан “Тоёота Королла” маркийн 69-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж, жолооч 31 настай, эрэгтэй М.Б, зорчигч 12 настай, эрэгтэй Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 5 настай, эрэгтэй Д.Тэнүүн, 29 настай, эмэгтэй Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, З.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёото Приус” маркийн 72-20 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 3.872.000 төгрөгийн, Д.Сандансолын эзэмшлийн “Тоёото Королла” маркийн 69-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 590.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Бийн “...Гачуурт дахь гүнжийн хоолойд наадам үзэхээр эхнэр Энхзаяа, хүү Батням, хүү Гүнбилэг, охин Үжин нарын хамт “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодоод хөдөлсөн. ...Дөнгөж очоод зогсоход саарал өнгийн тээврийн хэрэгсэл дээшээ өгсөөд явж байгаад буцаад хойшоо ухраад эргэх шиг болсон. Тэгээд шууд ирээд манай машиныг мөргөсөн. ...Тэгээд мөргүүлээд би ухаан алдсан байсан учир тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ...” /1хх 18/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн “...хүү Батнямын баруун гарын тохой хэсгээр хугарсан, нурууны сэртэн яс хугарсан. Хүүхдүүдийн эрүүл мэндийн хувьд гомдолтой байна. ...” /1хх 43/,

гэрч Д.Зургаанмаамуугийн “...Уулын өөдөө өгсөөд явж байтал машин дээшээ гарч чадахгүй урд дугуй хий эргээд хүч алдсан ба тэр үед манай эхнэр “одоо яах уу” гээд надаас асуухаар нь би “эргэж буцаад явъя” гэж хэлэхэд манай эхнэр машинаа ухраагаад жолооны хүрдээ баруун дараад ертөнцийн зүгээр урагшаа харуулаад зогсох гэтэл машин шууд чигээрээ уулын уруу уруудаад явчихсан. Тухайн үед би сандраад яг юу болоод байгааг мэдээгүй. Манай машин уулын уруу нэлээд хурдтай яваад зүүн гар талдаа зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. ...” /1хх 61/,

гэрч С.Мөнгөнхуягийн “...зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулчихаад наадам үзээд явж байтал Балжаа гээд хүүхэд ирээд “зогсоол дээр осол гарсан байна” гэж хэлсэн. ...Би дүү Даваадоржоос 2022 оны 5 дугаар сард 2.200.000 төгрөгөөр худалдаж авсан тээврийн хэрэгсэл. Худалдаж аваад тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж авч амжаагүй байгаа. ...” /1хх 64/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9805 дугаартай “...М.Бийн биед баруун дал ясны хугарал, баруун даланд цум хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 74-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9800 дугаартай “...Б.Бын биед баруун бугалгын хугарал, баруун өвдгөнд цус хуралт, уруул, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 80-81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9809 дугаартай “...Д.Тэнүүний биед духанд зулгаралт, дух, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 87-88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9803 дугаартай “...Б.Эгийн биед тархи доргилт, баруун нүдний гадна булан, баруун чамархай, баруун тохой, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун зулайн хуйх, хүзүү, доод уруулын дотор салст, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 120-121/ гэх дүгнэлтүүд,

            Тээврийн цагдаагийн албаны 786 дугаартай мөрдөгчийн “...“Тоуоto Рrius” маркийн 72-20 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тоуоto Кluger” маркийн 82-75 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино: гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч М.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх үндэслэлтэй байна. ...” /1хх 162-163/ гэх магадлагаа болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Цыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Цын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 31 настай, эрэгтэй М.Б, 12 настай, эрэгтэй Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 5 настай, эрэгтэй Д.Тэнүүн, 29 настай, эмэгтэй Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, З.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёото Приус” маркийн 72-20 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 3.872.000 төгрөгийн, Д.Сандансолын эзэмшлийн “Тоёото Королла” маркийн 69-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 590.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар “...ажилгүй байсан хугацааны цалингийн зээл, ээжтэйгээ хамтарч авсан цалингийн зээл, өмгөөлөгчийн хөлсөнд талсан 1.000.000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

- гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан,

- хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-35% тогтонги байдлаар алдагдсан.

Хоёрдугаар хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд зээлдэгч Б-ын Э, хамтран зээлдэгч М-ын Б нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь хавсаргагдсан бөгөөд дээрх гэмт хэрэг нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр болсон тул 2022 оны 08 дугаар сараас 10 сар хүртэлх хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны нэг сарын 750.709 төгрөгийн зээл төлөлтийг бодож 2.252.127 төгрөг,

Б-ын Э-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан зээлийн эргэн төлөлтөөс мөн 2022 оны 08 дугаар сараас 10 сар хүртэлх хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны нэг сарын 258.160 төгрөгийн зээл төлөлтийг бодож 774.480 төгрөг, нийт 3.026.607 төгрөгийн зээлийг хөдөлмөрийн чадвар алдалтын 3 сарын хугацаанд нь бодож хор уршигт тооцон шүүгдэгч М.Цаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/1780 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/1780 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Цаас 3.026.607 төгрөгийг гаргуулан хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарт олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ