Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 190

 

                                         

       

                                     

                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:        

 

      Прокурор                                                   А.Энхтуяа

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Ариунзаяа

      Нарийн бичгийн дарга                           С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Борлууд овогт Дамиагийн Тэгштогтоход холбогдох 1731000640083 тоот  хэргийг шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р баг, 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Борлууд овогт Дамиагийн Тэгштогтох /РД:ОЖ87102516/

 

  Шүүгдэгч Д.Тэгштогтох нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа Жаргалант уул гэх газраас 4.01 м 3 бүхий 12 метрийн урттай нойтон нарс модыг бэлтгэсэн  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                  

.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Тэгштогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогч Б.Батсүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүдэр сумын Оорцог нэртэй газар нь “Хангайн буудай” ХХК-ны ойн сан байгаа юм. Иргэн модыг огтлох эрх байхгүй......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

3.Иргэний нэхэмжлэгч  Ё.Анхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Д.Тэгштогтох нь 2017 оны 08 сарын 16-ны үед шиг санаж байна манай хүргэн Тэгштогтох нь миний жижиг оврыг пад тракторыг байшингийн гадна банз хийх модонд явах гэсэн юм трактороо өгөөч гэж гуйгаад аваад явсан. Ногоон өнгийн пад трактор нь миний өөрийн трактор юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

4.Гэрч Г.Энхтүвшингийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 17-ны өдөр хяналт шалгалтаар 16-н даваа нэртэй газарт шалгалт хийхээр хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тэр үед 16-н давааны Жаргалант уулын аманд иргэн Хаш-Эрдэнэ, Тэгштогтох нар нь 3-4 хүнтэй нойтон нарс модыг 12 метрийн урттай цагаалж бэлтгэсэн байдалтай байсан. Бид нар журмын хашаанд буулгахаар явсан. Зөвшөөрөл байхгүй байсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

5.Гэрч Т.Мөнхтуулын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Тэгштогтохын бэлтгэсэн модонд Хүдэр сумын 16-н даваа гэх газарт байхад хэмжилт хийсэн. 12 метрийн урттай 12 ширхэг модыг бэлтгэж тэгш газарт  байрлуулсан байдалтай байсан. Одоо уг моднууд нь Хүдэр сумын цагдаагийн хэсгийн хашаанд байгаа. Уг моднуудыг сумын төв рүү оруулахад боломжгүй учир 4 мертээр нь хувааж хөрөөдүүлж оруулж буулгасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

6.Гэрч Ё.Шүрэнцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Манай нөхөр Тэгштогтох нь надад модонд явна гэж хэлээгүй Би тухайн үед мэдээгүй. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой гэртээ ирэхдээ мод хийж байгаад цагдаад хураалгаад ирлээ гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

7.Гэрч Р.Цогбадрахын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр амралтын газар руу явж байтал манай ойн санг чиглээд портер машин явж байсан. Тэгэхээр нь би хаашаа явах юм бол гэж бодоод дагаад явтал манай кампанийн гэрээгээр эзэмшдэг ойн сан дотор ачааны машин, трактор зэрэг техниктэй хүмүүс байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгээд байгаа юм бэ болохгүй гэдгийг хэлээд хуулийн байгууллагад энэ тэлээр мэдэгдсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

8.Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №04 тоот:

Хариулт 1: Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г ашиглан эзэлхүүний хэмжээг гаргаж, түүнд тулгуурлан экологи эдийн засгийн үнэлгээг тооцон гаргасан нь үндэслэлтэй байна.

Хариулт 2: Д.Тэгштогтохын бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон, бөөрөнхий нарс мод байна.

Хариулт 3: Монгол улсын ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “...иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх ..” гэж заасныг, мөн “Мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1 дэх хэсэгт “иргэн нөхөрлөл, ААН байгууллагад ойгоос мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хариулт 4: Модны нийт эзэлхүүнийг Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г үндэслэн эзэлхүүнийг тооцоход 12 мертийн урттай 12 ширхэг нойтон нарс модны эзлэхүүн нь 4.01м3 болов.

1.56м3 хэрэглээний нойтон нарсан бөөрөнхий модны эколги эдийн засгийн үнэлгээ нь 4.01м3 *1.8*120.000=866.160 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 866.160*3=2.598.480 төгрөг болно...гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/

9.Шүүгдэгч Д.Тэгштогтохын 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр  оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2017 оны 08 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн  Хүдэр сумын нутаг 16-н даваа гэх газар руу модонд явсан. Ингээд замдаа хөдөө мал маллаж байдаг хүргэн ах Анхбаярын ногоон өнгийн жижиг оврын пад тракторыг гуйж аваад ууланд очиж уулнаас 12 ширхэг нойтон нарс мод унагаад пад трактороор уулнаас буулгаад машинд ачих гэсэн боловч машингүй байсан учир найз Хаш-Эрдэнийг машинтайгаа ирээд ачаад өгөөч гэж дуудаад удалгүй Хаш-Эрдэнэ машинтайгаа ирсэн. Ингээд би өөрийн улаан өнгийн хөрөөгөөр модыг тайраад байж байтал хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар ирсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

10.Шүүгдэгч Д.Тэгштогтохын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

11.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/

12.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

13.Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

14.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, үнэлгээ  /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/

15.Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

16.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

17.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

18.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 65 дугаар хуудас/,

19.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 66 дугаар  хуудас/

20.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 69 дүгээр  хуудас/  

21.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч Д.Тэгштогтохын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар Шүүхээс өгөх дүгнэлт:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Борлууд овогт Дамиагийн Тэгштогтохыг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа Жаргалант уул гэх газраас 4.01 м 3 бүхий 12 метрийн урттай нойтон нарс мод бэлтгэн  байгаль экологид 2 сая, 598 мянга, 480 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

           Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч болон хохирогчийн тавьсан хүсэлт, мөрдөн байцаагчийн прокурорт өгсөн санал, Прокуророос шүүхэд шилжүүлэхдээ гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлж барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгосон байдлууд хангасан байна.

Дамиагийн Тэгштогтоход холбогдох 1731000640083 дугаартай эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн мэдүүлснээр тухайн гэмт хэргийг барьж байгаа байшингийнхаа гадна өнгөлгөөг хийх зорилгоор мод бэлтгэсэн талаар тайлбарлажээ. Энэ байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг судлав.

Хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Тэгштогтохын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 4.01м3 нойтон нарс модны эколги эдийн засгийн үнэлгээг 4.01м3 *1.8*120.000=866.160 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 866.960*3=2.598.480 төгрөгөөр тогтоосныг баримтлах нь зөв гэж шүүх дүгнэлээ.

          Дээрхи хохиролыг шүүгдэгч Д.Тэгштогтохоор бүрэн гүйцэд төлүүлж, гэм буруугийн талаар судласан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Тэгштогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.598.480 төгрөгөөс 1.010.000 төгрөгийг  төлж барагдуулсан, үлдсэн 1.588.480 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас Прокурорын оногдуулахаар санал болгосон 450 нэгжээр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 метрийн урттай 12 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулах, битүүмжилсэн ногоон өнгийн пад тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Ё.Анхбаярт буцаан олгох нь зүйтэй. Д.Тэгштогтохын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 34, 35 дугаар бүлэг,   мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Борлууд овогт Дамиагийн Тэгштогтохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Борлууд овогт Дамиагийн Тэгштогтоход 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Тэгштогтохын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

    4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурьдсугай.

     5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус зааснаар  ялтан Д.Тэгштогтохоос 1.588.480 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6.Д.Тэгштогтох нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

     8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 метрийн урттай 12 ширхэг нарсан модыг хурааж улсын орлогод авахыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          9.Ногоон өнгийн пад тракторыг битүүмжлэлээс чөлөөлж жинхэнэ эзэмшигч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, 8-01 тоотод оршин суух Боржигон овогт Ёндонгүнжийн Анхбаярт буцаан олгосугай.

        10.Д.Тэштогтоход урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

         11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

        12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       

 

                              ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                          Б.НАЦАГДОРЖ