Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2024/0048/З |
Дугаар | 159/ШШ2024/0052 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 159/ШШ2024/0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0048/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******
Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д ногдуулсан 0693229 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн тавьсан актыг биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрийн 25,740,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
2.Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан гомдол гаргажээ.
3.Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “... Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.12 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудас ногдуулахдаа Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, актыг гаргаж ирүүлээгүй гэж үзэж 0693229 дугаартай 500.000 төгрөгийн торгууль оногдуулах тухай шийтгэлийн хуудас ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасныг зөрчин холбогдогчоос мэдүүлэг авалгүйгээр шийтгэлийн хуудас ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан оролцуулаагүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, зөрчил гаргасан болохыг нотолсон баримтаар тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж хуулийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь үйлдэгдсэн гэх зөрчилд захиргааны акт гаргахаас өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, холбогдогчийн гомдлын материалтай танилцуулаагүй.
Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул дээрх захиргааны акт нь хууль бус байна. Иймд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын 0693229 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, дээрх хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-нд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/339 дугаартай албан тоотоор зөрчлийн ХХ-15 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар компанийн төлөөллийг оролцуулахаар холбогдогчийн эрх үүргийг тайлбарлан, холбогдогчоос мэдүүлэг авахаар дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн хэдий ч хариу ирүүлээгүй, тайлбар гаргаагүй болно.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-ийн Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэр нь улсын байцаагчийн 2024 оны 07/29-02/139-01 дугаартай актыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр биелүүлэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч биелэлтийг гаргаж ирүүлээгүй болно. Актын биелэлтийг хугацаанд гаргаж ирүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцохыг анхааруулсан, биелэлтийг гаргаж ирүүлсэн албан бичиг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бичиг хэргийн ажилтанд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар бүртгэгдээгүй. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” 2024 оны 01/281 тоотоор актын биелэлтийг гаргаж ирүүлэх талаар 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн, мөн зөрчлийн ХХ-15 дугаартай гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/339 тоот албан бичгээр компанийн төлөөллийг оролцуулахаар холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн хэдий ч хариу ирүүлээгүй, тайлбар гаргаагүй болно.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд *******д захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргуулахаар залгасан хэдий ч утсаа аваагүй, viber болон албан бичгээр дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн хэдий ч хариу ирүүлээгүй, төлөөлөгчөө томилж ирүүлээгүй болно.” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудас оногдуулсан байна. Шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, актын биелэлтийг гаргаж ирүүлээгүй гэж үзэж 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсныг гомдол гаргагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий баримт мэдээллийг олох зорилгоор холбогдогчоос мэдүүлэг авна гэж заасныг зөрчиж, шийтгэлийн хуудас оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь шийтгэлийн хуудас оногдуулахдаа дээрх заалтад заасан холбогдогчийн эрх үүргийг эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан оролцуулаагүй. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж заасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй, зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэж заасан. Гэтэл улсын байцаагч нь үйлдэгдсэн гэх зөрчилд захиргааны акт буюу шийтгэлийн хуудас оногдуулахдаа уг шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Холбогдогчийг гомдлын материалтай танилцуулаагүй. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж байна. Иймд улсын байцаагчийн гаргасан 0693229 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0693229 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ГХОХХК /гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани/-ийг улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй буюу актын биелэлтийг гаргаж ирүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам гомдолдоо: Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж холбогдогчоос мэдүүлэг аваагүй, хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, холбогдогчийг гомдлын материалтай танилцуулаагүй. Иймд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0693229 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.
Үйл баримтын талаар
1.Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* /цаашид хариуцагч гэх/ нь Улаанбаатар төмөр замын мод боловсруулах үйлдвэр 2023-2024 онуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй төлбөр болох 25,740,000 төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээгүй үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07/29-02/139-01 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” улсын байцаагчийн актыг Улаанбаатар төмөр замын мод боловсруулах үйлдвэрт тавьжээ.
2.Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/281 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07/29-02/139-01 дугаартай актаар тавигдсан 25,740,000 төгрөгийн төлбөрийг актад дурьдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100130037010 дансанд төвлөрүүлж актын биелэлтийг ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлжээ.
3.Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам компанийн Улаанбаатар төмөр замын мод боловсруулах үйлдвэр нь улсын байцаагчийн 07/29-02/139-01 дугаартай актын биелэлтийг гаргаж ирүүлээгүй зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлджээ[1].
4.Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга *******г 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 205 тоотод ирүүлэхээр эрх бүхий албан тушаалтныг дуудах хуудсыг хүргүүлжээ[2].
5.Хариуцагч ******* 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 47 минут, 15 цаг 55 минутад зөрчлийн холбогдогч *******гийн 86110000 дугаарт дуудлага үйлдэж, дуудлагын түүхийн зургийг дарж хэрэгт хавсаргасан мөн VIBER-р дуудан ирүүлэх хуудас болон холбогдогчийн эрх, үүрэг тайлбарлан өгөх тухай баримтыг явуулсан, мөн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанийн төлөөллийг оролцуулахаар дуудан ирүүлэх хуудас, холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан хуудас зэргийг албан бичгийн хамт цахимаар хүргүүлжээ[3].
6.Дээрх үйл баримтуудын дараа Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй буюу актын биелэлтийг гаргаж ирүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.
7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж зааснаар Улаанбаатар төмөр замын мод боловсрууулах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа харьяаллын дагуу явагдсан гэж үзнэ.
8.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.52-т зааснаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.
9.Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар[4] Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь уг байгууллагын дарга Хишигжаргалын Хэрлэн байх бөгөөд зөрчлийн хэргийн холбогдогч гэж үзэхээр байна.
10.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор” 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
11.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07/29-02/139-01 дугаартай улсын байцаагчийн актыг биелүүлэхийг шаардсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бөгөөд уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
12.Учир нь гомдол гаргагч тал Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мөртлөө уг актыг биелүүлээгүй, биелүүлэхийг шаардсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй болох нь Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын зөрчилд холбогдогч этгээдийг дуудах хуудас, үүрэн телефон, VIBER, цахимаар зэрэг мэдээлэл, харилцаа холбооны хэрэгсэлээр дуудан ирүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, эрх үүрэг танилцуулах зэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан байх бөгөөд үүнд зөрчилд холбогдогч талаас хүндэтгэлгүй хандсан нөхцөл байдал зөрчлийн хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна[5].
13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “холбогдогч дараахь үүрэгтэй”, 3.1-т “шүүх,прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 3.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” гэж заасныг зөрчилд холбогдогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга ******* зөрчиж, эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн байна.
14.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж зааснаар зөрчилд холбогдогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Хөдөлмөрийн улсын байцаагч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07/29-02/139-01 дугаартай улсын байцаагчийн актыг биелүүлээгүй, түүнийг биелүүлэхийг шаардсан төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй нь ил тодорхой байх тул зөрчил болон учирсан хохирлын талаар нотлох баримт цуглуулах, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй гэж дүгнэхээр байна.
15.Дээрх нөхцөл байдал, зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргийг дүгнэж үзэхэд гомдол гаргагчийн зүгээс гомдолдоо дурдсан холбогдогчоос мэдүүлэг аваагүй, хуульд заасан эрх үүргийг эдлүүлээгүй, төлөөлөгч томилон оролцуулаагүй, нотлох баримт цуглуулж бэхжүүлээгүй, зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар тогтоогоогүй зэрэг үндэслэлүүд нь тогтоогдохгүй, хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *******ын Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ногдуулсан 0693229 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргачаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР