Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/217

 

      2023         02           16                                         2023/ДШМ/217

Г.Гд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Гд холбогдох 2211 00000 1939 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 898 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-269 тоотод Б.Гын гэрт ирээд машин дотор 2.5 литрийн савтай 3 пиво ууж дуусчихаад, машинаас буугаад бие засах гээд явж байхдаа Б.Гтай маргалдаж, уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж, үүдэн 2 шүдийг нь хугалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 161.000 төгрөгийг шүүгдэгч Г.Гэс гаргуулж, энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч хянаад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.Гд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжээр торгож шийдвэрлэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, төлөхөө илэрхийлээгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоолд бүрэн тусгаж дүгнээгүй байна. Хохирогч Б.Г нь “Туж смайл” шүдний эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 460.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 390.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж төлбөр төлсөн байдаг бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийн талаар хэрхэн, яаж шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн асуудлын талаар болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодит дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байсан. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримт нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гаргаж өгсөн баримт байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-269 тоотод Б.Гын гэрт ирээд машин дотор 2.5 литрийн савтай 3 пиво ууж дуусчихаад, машинаас буугаад бие засах гээд явж байхдаа Б.Гтай маргалдаж, уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж, үүдэн 2 шүдийг нь хугалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Гын “...Би Г гэх хүнтэй ажил хэргийн асуудлаар холбоотой байдаг. 2022 оны 10 дугаар сарын 06-ны оройн 20 цагийн үед манай гэрт Ган-Эрдэнэ зүс таних Эрдэнэжав гэх хүнтэй хамт ирсэн. Тэгэхээр нь би хашааны гадаа гараад Эрдэнэжавын машин дотор уулзаад, Г бид хоёр 2.5 литрийн савтай 2 пиво хувааж уусан юм. Г бид хоёр ажилтай холбоотой автомашины сэлбэг өгөхгүй удаасан, надад сэлбэг олж өгнө гээд өгөөгүй асуудлаас болж хоорондоо маргалдсан. Г бид хоёр машинаас буугаад бие засах гээд гудамжинд явж байхдаа хоорондоо бас маргалдаж муудалцсан юм. Тэгсэн чинь Г гэнэт уурлаад надтай маргалдаж байгаад миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний үүдэн 2 шүд хугарч унаад аман дотор цөмрөөд орчихсон, амнаас цус гараад эхэлсэн ба миний уруул язарч хавдсан. Тэгээд Г бид хоёр эмнэлэг явсан. ...” /хх 7-8/,

гэрч Б.Эрдэнэжавын “...Машин дотор байхад Ганбаа ах машины арын суудал дээр сууж байгаад Г-ийг 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд тэр хоёр машинаас буугаад хашааны тэнд гэрлийн шонтой газар Ганбаа ах Г-ийг 3 удаа цохиж байсан. Тэгээд Ганбаа ах чулуу авах гээд доошоо тонгойх үед Г зүүн гараараа 1 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд тэр хоёр дахиж зодолдоогүй. ...” /хх 18-19/,

шинжээч С.Эрдэнэцэцэгийн “...Дээрх гэмтлүүд нь хоорондоо шалтгаант хамааралтай, зэрэг үүссэн байх боломжтой. Үзлэг хийхэд шүдэнд тогтоох эмчилгээ хийгдсэн байсан. ...” /хх 29/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14653 дугаартай “...Б.Гын биед 11 дүгээр шүдний бүрэн сулрал, уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 22-23/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Г-ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн хохирогч Б.Гтай маргалдаж, уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж, үүдэн 11 дүгээр шүдний бүрэн сулрал, уруулд сорви гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, төлөхөө илэрхийлээгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоолд бүрэн тусгаж дүгнээгүй байна. Хохирогч Б.Г нь “Туж смайл” шүдний эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 460.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 390.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж төлбөр төлсөн байдаг бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийн талаар хэрхэн, яаж шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн асуудлын талаар болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодит дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан.

Гэтэл хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдолтой хавсарган ирүүлсэн хохирлын баримтууд нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 9, 13-ны өдрийн баримтууд байх бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй дээрх баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үндэслэл болгон үнэлэлт-дүгнэлт өгөх боломжгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ