| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0189/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 194
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Гөрөөчин овогт Тойвгоон Отгонбаяр холбогдох 1731001470090 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат 1977 оны 8 дугаар 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн хот, Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, 3 дугаар хэсэг Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, 1997 оны 09 сарын 22-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2000 оны 02 сарын 4-ний өдөр шүүгчийн 57 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2015 оны 01 сарын 27-ны өдрийн 14 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 03 сарын хорих ял шийтгүүлж 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 78дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн, Гөрөөчин овогт Тойвгоон Отгонбаяр РД:ШЖ77081671
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Отгонбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Намуун маркет” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Р.Лхагвадоржийн эрх чөлөөнд халдан “эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Т.Отгонбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 10 сарын 03-нд өглөө 09 цагийн үед үл таних хүнтэй таараад 0.5 граммын нэг шил архи уусан. Тэгээд хорих гэж явах замдаа Р.Лхагвадоржтой таараад “Ажил явдал гарчихлаа 10.000 төгрөг зээлээч” гэж асуусан. Тэгэхэд “надад юуны мөнгө төгрөг байх вэ. Чамд өгөх мөнгө байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “та ямар сүртэй юм бэ, 1000 төгрөг зээлчихгүй гээд машины цонхон дээр очиж зогссон. Гэтэл ”чи ямар ядаргаатай юм бэ” гээд машинаасаа бууж ирээд намайг түлхсэн. Би тэгээд “та ямар сүртэй юм бэ” гээд түлхсэн. Түлхэхдээ халамцуу байсан болохоор унахдаа өвдгөн дээр нь дараад уначихсан гэв.
2.Хохирогч Р.Лхагвадоржийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”......Би 2017 оны 10 сарын 03-ны өглөө 10 цагийн үед өөрийн эзэмшлийн Намуун гэх үйлчилгээний төвийн дэлгүүрээс хүнсний зүйл авч байхад манай сумын иргэн Отгонбаяр гэх залуу согтуу надаас 10000 төгрөг гуйгаад байсан. Миний хувьд тухайн хүнд мөнгө байхгүй гэж хэлээд өгөөгүй. Тэгээд дэлгүүрээс гараад урд талын автомашины зогсоол дээр байршуулсан байсан 73-99 ДАА улсын дугаартай суудлын автомашиндаа суугаад хөдлөх гэтэл Отгонбаяр миний машины жолооч талын хаалганы цонхны хэсэг дээр тохойлдоод машинаас холдож өгөхгүй мөнгө гуйгаад байхаар нь би машинаа унтраагаад хаалгаа онголйгож буугаад түүнийг машинаас холдуулах гэж түлхсэн. Тэгсэн Отгонбаяр миний цээжнээс тэврээд намайг арагш гэдрэг унагаасан. Тэр үед миний зүүн хөл өвдөг хэсгээрээ мэдээгүй болоод нэг сонин болохоор нь би Отгонбаярыг “чи байж бай миний хөл болохоо больчихлоо” гэж хэлэхэд Отгонбаяр намайг цохих гэж далайснаа больсон. Тэгээд дэлгүүрээс дүүгийн эхнэр гарч ирэхээр нь суух сандал гаргаад ир гээд сандал авчруулсан. Тэр үед эхнэр маань ирсэн. ....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
3.Гэрч Б.Жаргалсайханы 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Хүдэр суманд Намуун гэх дэлгүүр ажиллуулдаг. Ажил дээрээ байж байхад өглөө 10 цагийн үед манай дэлгүүр Лхагвадорж эхнэр Отгонцэцэг нар нь хүнс аваад гаах үед манай сумын залуу Отгоо дэлгүүрт орж ирээд Лхагвадоржоос мөнгө өгчих гээд гуйгаад байсан. Тэгсэн Лхагвадорж “чи ямар ядаргаатай юм бэ, би чамд мөнгө өгөх албагүй” гэж хэлээд гараад явсан араас нь Отгоо гэх залуу дагаад гарсан. Тэр өдөр халуун байсан учраас дэлгүүрийн хаалга онгорхой байсан. Лхагвадорж машиндаа суугаад асаагаад хөдлөх гэтэл Отгоо гэх согтуу залуу жолоочийн талын хаалганы цонхон дээр тохойлдоод хөдлөх гэхээр нь зүүгдээд явуулахгүй байсан. Тэгсэн Лхагвадорж машинаасаа бууж ирээд тэр залууг “чи одоо яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд холдуулах гэж барьцалдаж тэр хоёр газарт унасан. Унах үедээ Лхагвадорж тэр залуугийн доор ороод тэнд байсан овоолоостой шороон дээр унаад Лхгавадорж “миний хөл сонин болчихлоо чи цаашаа байгаач” гэж хашгирсан. Тэр зуур би дэлгүүрээс гараад тэр хоёр дээр очсон. Тэгсэн Отгоо гэх залуу Лхагвадоржийг цохих гээд байхаар нь би хориглосон. Лхагвадорж өндийж босч ирээд хоёр хөл дээрээ зогсох гэснээ миний хөл болохоо байчихаж өвдөг үеэрээ мултарчих шиг боллоо надад сандал аваад ирээч гэхээр нь би дэлгүүр рүү ороод сандал авчирч өгсөн.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
4.Гэрч Д.Мэндсайханы 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....Намуун үйлчилгээний төвийн зоогийн газарт орж хоол идээд хөдлөх гэж байтал Лхагвадорж дэлгүүрийн бараа буулгаж байхад манай сумын Отгонбаяр гэх залуу түүнтэй маргалдаад барьцалдаад авахаар нь би тэр хоёрыг салгасан юм. Мэр үед тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тэгээд Ганболд Ганхуяг бид гурав хөдлөөд явтал Ганхуяг манай эхнэр дэлгүүр рүү орчихлоо би араас нь орлоо гэхээр нь зогстол Ганболд машины суудлын араар утсаа унагаачихлаа гэхээр нь буугаад хаалгаа онгойлгоод утсыг нь авч өгөх гэж байтал миний мөрөн дээрээс нэг хүн татахаар нь эргээд хартал Отгонбаяр миний баруун нүд рүү цохьчихоод гүйгээд явсан.....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
5.Гэрч Н.Ганхуягийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намуун үйлчилгээний төвөөс хөдлөөд Од дэлгүүрийн дэргэдүүр өнгөрөх үед манай эхнэр Од дэлгүүр рүү орж байхаар нь уулзаад гараад иртэл Мэндсайхан ахыг Отгонбаяр гэх залуу цохичихоод зугатаагаад явсан гэсэн зүйл ярьж байсан. Мэндсайхан ахын биед ил харагдах шарх гэхээр зүйл ажиглагдаагүй.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26 дугаар хуудас/
6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №346 тоот:
1.Р.Лхагвадоржийн биед өвдөгний хугарал, шөрмөсний суналт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацуаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №342 тоот:
1.Т.Отгонбаярын биед хөмсөгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацуаанд сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
8.Шүүгдэгч Т.Отгонбаярын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн”...2017 оны 10 сарын 03-ны өдөр 09 цагийн үед Хүдэр сумын талхан цехийн ард зүс таних залуутай нэг шил 0.5 граммын архи хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад 10 цагийн үед Намуун үйлчилгээний төвийн хажууханд Лхагвадорж ахтай таарсан. Тэгээд 10.000 төгрөг зээлээч гэж гуйсан боловч надад мөнгө байхгүй гээд машин руугаа суугаад машинаа асаагаад хөдлөх гэхээр нь би машиных нь жолоочийн талын хаалганы онгорхой цонхон дээр гараараа дараад хөдөлгөөгүй юм. Тэгсэн Лхагвадорж чи яах гээд байгаа юм мөнгө байхгүй гээд байхад цаашаа бай гэж хэлээд машинаасаа буугаад намайг түлхэх гэж байгаад дээрээс нь дараад унасан. Дарж унах үедээ Лхагвадорж ахын зүүн хөлийг нь миний баруун хөлний өвдөг хэсгээрээ дарсан байсан.Тэгсэн Лхагвадорж “ёоё хөл өвдөөд байна гайтай хүүр минь зайл” гэж над руу уурлаад хөөсөн. Тэгээд суух сандал дэлгүүрээс аваад ир гэхэд дэлгүүрийн худалдагч дэлгүүрээсээ сандал сандал авчирч Лхагвадоржийг суулгасан. Тэгээд тэндээс гэр рүүгээ явж байгаад Од дэлгүүрийн гадаа явж байх үед Мэндсайхан гэх залуу машинтай явж байхаар нь тааралдсан. Мэндсайхантай хамт явж байсан Ганаа гэх залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь хэрүүл маргаан хийтэл Мэндсайхан бид хоёрын дундуур орж намайг “чи яасан том болчихсон юм бэ” гэхээр нь миний уур хүрээд нэг удаа баруун гараараа нүд рүү нь цохисон. Хамт явсан найз нь бид хоёрыг салгасан. Миний зүүн хөмсөнгөөс тодорхой хэмжээний цус гарсан. Тэгээд би гэртээ харьсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
9.Шүүгдэгч Т.Отгонбаярын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн”...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/
10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/
11.Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60, 46-55 дугаар хуудас/
12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/
13.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/
14.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
15.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/
16.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гөрөөчин овогт Тойвгоон Отгонбаярыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Намуун маркет” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Р.Лхагвадоржийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Отгонбаярыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Намуун маркет” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Р.Лхагвадоржийн эрх чөлөөнд халдан өвдөгний дотор жийргэвч мөгөөрс арын эвэр няцарсан, комплекс урагдалттай, дегернератив бүтцийн өөрчлөлттэй, гадна жийргэвч мөгөөрс арын эвэр хөндлөн урагдалттай тархмал дегенератив бүтцийн өөрчлөлттэй, дотор талын дунд чөмөгний гиалин мөгөөрс өөрчлөлтгүй. Гадна талын дунд чөмөгний гиалин мөгөөрс ясанд захын хавантай. Шаант ясны проксималь гадна дотор кондил хамарсан няцарсан болон өмнөд чагтан холбоос бэхлэх хэсгийн татагдсан хугаралтай, ясанд хаван ихтэй, урд чагтан холбоос хавантай, сэмэрсэн урагдалтай арын чагтан холбоос суналттай, тахимны шөрмөсний уутанд шингэн хурсан, Өвдөг хаван ихтэй гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжээр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Отгонбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.Отгонбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан прокуороос санал болгон ялын хэмжээ хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Отгонбаярын хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан оногдуулах торгуулийн ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Отгонбаярыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 34, 35 дугаар бүлэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Гөрөөчин овогт Тойвгоон Отгонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Гөрөөчин овгийн Тойвгоон Отгонбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Отгонбаярт оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Т.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Т.Отгонбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ