Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/218

 

      2023         02           16                                         2023/ДШМ/218

Г.Нд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Нд холбогдох 2209 00000 1251 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн Н, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 306 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Г.Н нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 565г тоотод 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Г-ийн Н-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Нгийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 38 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тоолон эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Б нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Нгийн хувьд бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугийн асуудлаар маргахгүй. Харин түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага, шүүхийн шийдвэртэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “...ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор...” эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн бүрэн эрх хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар үндэслэлээ тодорхойлох хэсэгтээ дүгнэдэг.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн хохирол хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.” гэсэн нь учир дутагдалтай, өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын саналд огтоос дүгнэлт хийгээгүй байна. Г.Нгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдгаас гадна гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл /архи аягалж өгөхийг шаардсан, өөрөө эхэлж бусдын халдашгүй байдал, бие махбодод халдсан зэрэг/ нөлөөлсөн байдаг. Нөгөөтээгүүр, хохирогчийн тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан шүүгдэгч Г.Нгийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болдог билээ.

Эцэст нь хэлэхэд шүүх хуралдаан дуусаж, шийдвэрийг танилцуулахдаа шүүгчийн зүгээс “өмнө нь 2012 онд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй” гэж тайлбарлаж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэнтэй нийцээгүй, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд хамаарч байна. Өмгөөлөгчийн зүгээс урьд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага дуусгавар болсон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлаж байсан. Мөн энэ хэрэг Г.Н ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж гараагүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бөгөөд эдгээр хүмүүс зодолдож байсан талаар гэрч мэдүүлсэн. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэтэл анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн гэсэн атлаа 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгож оногдуулсанд гомдолтой байна. Хохирогчийн зүгээс 5.000.000 төгрөг өгөхгүй бол би гомдолтой гэж хэлнэ гэсэн байдлаар хандаж байсан. Миний үйлчлүүлэгч хоригдож байсан учир үндсэн хохирлоос гадна дээрх мөнгийг өгч чадаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хөдөө орон нутагт уурхайд ажилладаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэмт улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан байсан бөгөөд хохирогч гомдол, саналтай талаараа болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байсан. Үүний дагуу анхан шатны шүүхээс цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Н нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 565г тоотод 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Н.Бын “...Баярсайхан бид хоёр гэр лүүгээ харих гээд явж байхдаа Баярсайханы хадам ах залгаад ярьж байх үед Баярсайхан надад ямар ч мөнгө алга гэж ярьж байгаад 32-ын тойргийн урд байдаг колонкийн хажууханд байдаг гэрийнхээ гудамжинд буусан. Таксины мөнгийг хадам ах гэх хүн өгсөн. Хадам ах нь Баярсайханы охинд юм авч өгье гээд бид дөрөв КFC хоолны газар луу явж байхад хадам ахтай нь хамт явж байсан нэг эмэгтэй гараад явсан. Тэгээд КFC ороод хадам ах нь хоол захиалчхаад Баярсайханд 20.000 төгрөг өгсөн. Тэгээд бүгд Баярсайханы гэрт очсон. Тэгээд тэр архийг ууж байх үед тэр залуу “нуруу өвдөөд байна” гэж байхад би дарж өгч байсан. Тэгээд нөгөө архинаасаа нэмж ууж байгаад тасарчихсан байсан. Үүрээр байх миний нойр булчирхай өвдөөд байна гэж ойлгоод өвдөлтөө тэсэхээ байгаад орилж эхэлсэн. Тэгсэн чинь Баярсайхан “Батбаяраа чи явалдаа, ээж мэдчихнэ, ах мэдчихнэ шүү дээ” гэсэн. Би бараг 2 цаг орилсон. Тэгээд нэг мэдэхэд түргэний машин ирээд намайг аваад үзэхэд би эмчид “та надад хурдхан шиг нойр булчирхайн өвчин намдаах эм тариад өгөөч” гэж хэлэхэд “таныг эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй байна, таны чихнээс их цус гарсан байна, таны нүүр ам бэртсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би орилсоор байгаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн. ...” /хх 10-13/,

гэрч Г.Цэрэнлхамын “...2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 08 цагаас 09 цагийн хооронд гэртээ иртэл манай нөхөр хүүхдийнхээ хамт төрсөн ах Н нар нь унтаж байсан. Өмнө нь 2-3 удаа харж байсан залуу манай гутлын шүүгээний хажууд газар хөлөө нугалчихсан байдалтай сууж байсан. Тэгээд газар сууж байсан залууг “хөөе сэрээч ээ” гэж хэлтэл “түргэн дуудаад өгөөч, миний нойр булчирхай өвдөөд байна” гэж хэлсэн. ...” /хх 25/,

гэрч О.Баярсайханы “...Би 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Батбаярын хамтаар Цэцэрлэгт хүрээлэнгээр явж байгаад 18 цаг өнгөрч байхад гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 565г тоотод ирэхэд миний хадам ах болох Н гэрт ирсэн байсан. Тэгээд бид гурав нийлээд 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг авчирч ууж байгаад дахиж уухаар болоод 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авчраад ууж эхэлсэн юм. ...Би нэг хэсэг унтаад сэрсэн чинь Н, Батбаяр хоёр зодолдоод унахад нь сэрсэн юм. Тэгээд юу болж байгааг харсан чинь зууралдаад хоорондоо цохилцож байсан юм. Тэгснээ Батбаяр газар унасан байхад Н Батбаярын гэдэс рүү өшиглөөд байсан. Миний ухаан орж гараад байсан бөгөөд Н тэр үед өмсөж байсан хромон гутлаа тайлаад гартаа барьж байгаад нуруу, толгой руу нь хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд би тэр хоёрын дундуур ороод салгасан чинь Батбаярын нүд хавдаад хамраас нь цус гарч байсан. Н болохоор бэртэл гэмтэл нь харьцангуй гайгүй байсан бөгөөд Батбаяр миний ходоодны хавьд өвдөөд байна гээд байхаар нь би гялс 103 руу залгаад дуудсан юм. Тэгээд түргэн ирээд ГССҮТ-д би хамт явсан. Н манай гэрт үлдсэн. ...” /хх 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9541 дугаартай “...Н.Бын биед хэвлийн битүү гэмтэл: Нарийн, бүдүүн гэдэсний чацархайн урагдал, нойр булчирхайн их биеийн няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүү, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэвлийн битүү гэмтэл: Нарийн бүдүүн гэдэсний чацархайн урагдал, нойр булчирхайн их биеийн няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 20-21/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Нгийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзориг “...миний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хөдөө орон нутагт уурхайд ажилладаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Г.Н нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ