Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 159/ШШ2024/0053

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                             

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Н.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн А.Алдармаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Н.Даваасүрэнд эзэмшүүлсэн сумын Засаг даргын орлогчийн 2004 оны 150 тоот захирамж нь Газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр боловч дээрх захирамжийг хүчингүй болгохгүйгээр А.Алдармаад сумын Засаг даргын захирамжаар шинээр газар эзэмшүүлж, давхардуулан газар олгосон тул Н.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Даваасүрэнгээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн А.Алдармаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Даваасүрэнгээс гаргасан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн А.Алдармаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР