| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0187/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 195
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Б.Алдар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Доржпүрэвийн Төгсгэрэлд холбогдох 1731000130103 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат 1975 оны 01 дүгээр 05-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг, Орхоны 2-р байр 20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржпүрэвийн Төгсгэрэл/ РД:МТ75010511/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Төгсгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны 85 тоотод оршин суух иргэн Энхийн хашаан дотор Б.Алдарыг зодож “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Д.Төгсгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “..2017 оны 06 дугаар сарын 29-нд Б.Алдар ахтай байрныхаа өмнө таараад нэг шил архи аваад Оросын ууланд гарч уучихаад дахиад нэг шил архи аваад Б.Алдар ахын ангийнх нь залуугийнд ууцгаасан. Тэгээд 3-уулаа ярьж сууж байгаад сонгуулийн талаар ярьж маргалдаад би Б.Алдар ахын нүүр рүү нь 2 удаа цохиж гэдэс рүү нь нэг цохисон. Миний буруу гэв.
2. Хохирогч Б.Алдарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр гэрээсээ гарч яваад Д.Төгсгэрэлтэй таараад нэг шил архи аваад Оросын уулан дээр хувааж уусан. Уучихаад бууж ирээд Энхээ гээд найзындаа нэг шил архи аваад орж бид 3 уусан юм. Уугаад сууж байхдаа улс төр яриад Д.Төгсгэрэл бид хоёр маргалдаад би Д.Төгсгэрэлийг хэл амаар эхэлж доромжилсон. Хэн хэн нь нилээн согтуу байсан болохоор энэ хүн надад гар хүрсэн байх гэж бодож байна гэв.
3.Хохирогч Б.Алдарын 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”......2017 оны 06 сарын 29-ний өдөр 17 цагийн үед өөрийн ангийн хүүхэд болох Энхийн хашаанд Энхээ, Төгсөө гэх залуугийн хамтаар 1шил 0.75 граммын архи ууж суутал Төгсөө сонгуулийн талаар яриад байхаар нь би Төгсөөг “чи сонгуулийн талаар юу мэддэг юм бэ” гээд хэлчихсэн. Тэгсэн гал дээр цай тавьсан түүнийгээ үзчихээд ирье гээд гэр рүүгээ орсон. Энхээг орсны дараа Төгсөө намайг өдөөд янз бүрийн үгээр дайрч доромжлоод байхаар нь “за чи зүгээр бай унтаж хэвт” гэж хэлчихээд гутлаа тайлж тавиад Энхээгийн байшингийн сүүдэрт дээшээ хараад хэвтэж байтал гэнэт хэн нэг нь хүчтэй нүүр рүү цохих шиг болсон. Тэгээд би ухаан баларсан. Нэг ухаан ороход Энхээ миний хажууд суучихсан яаж байна ...Төгсөө чинь алах шахлаа чамайг хэвтэж байхад чинь цохиж зодод байхаар нь болиулах санаатай ойртоод очтол намайг түлхээд чамайг өшигчөөд байхаар нь арга ядаад би дээрээс чинь дарж хэвтлээ ш тээ гэж хэлсэн. Тэгээд “Төгсөө яахаараа намайг зоддог юм хаана байна” гэхэд манай хашаанаас гараад доошоо уруудаад явсан гэхээр нь “Төгсөө яахаараа намайг зоддог юм ахад нь очиж хэлнэ” гээд гараад Төгсөөгийн төрсөн ах болох Ганган хочтой Гээгий гэх залуугийнд очоод Төгсө намайг зодоод имй болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд тэнд хэсэг унтаж байгаад харуй бүрий болж байхад сэрээд гэртээ дөхүүлүүлээд ирсэн. Ирээд шөнийн 02 цаг хүртэл өвчин намдаах эм уугаад унтсан. Түүнээс хойш унтаж чадахгүй бие өвдөөд байхаар нь түргэн дуудсан. “..Дарханд ирээд Саран эмнэлгийн рентгенд харуултал гэдэс нь цоорсон өтгөн шингэн нь холилдсон байна яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлж байсныг санаж байна. ....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
4.Гэрч Ж.Мөнхдаваагийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 06 сарын 29нөөс 30-ныг шилжих шөнө Би Бугант тосгоны ЭМТ-д жижүүр эмчээр ажилласан юм. Шөнө 02 цагийн үед иргэн Баярсайхан гэгчээс “..Манай хүү Алдар бусдад зодуулсан байдалтай гэртээ ирээд орь дуу тавиад орилоод байна” гэж дуулага ирсэн. Очиход Алдар нь жижиг өрөөндөө дөрвөн хөл дээрээ суучихсан зүүн талын хавирга алим хэлбэрийн хавдартай зүүн мөр улайж хавдсан, маш их өдчин зовиуртай босч явж чадахгүй бие засаж чадахгүй биед нь хүрэх гэхэд орь дуу тавьж байсан. Шаардлагатай эм тариаг хийж ажиглаж байгаад өглөө 05:30 минутын орчим Дархан-Уул аймаг руу яаралтайгаар явуулсан. Би тэр үед хэнд зодуулсан юм бэ гэхэд Ногоон хочтой Бука, шалиг хочтой Төгсөө нартай архи уугаад сонгуулиас болж маргалдаад сүүлдээ зодуулсан тухайгаа ярьж байсан. Алдараас архины нэхүүн үнэр үнэртэж байсан болвч согтуу байгаагүй....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/
5.Гэрч Н.Баярсайханы 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....2017 оны 06 сарын 29-ний орой унтах гэж байтал хаалга тогшоод хүү Алдар хөл нүцгэн хар өнгийн өмд подволктой зогсож байхаар нь архи дарс ууж яваад оймс гутлаа хаяж гэж бодоод тоолгүй ороод унтах гэж байтал хүү маань ээжээ миний бие өвдөөд байна гээд Би хүнд зодуулчихсан гэсэн. Тэгэхээр нь би “яагаад чамайг зодож байгаа юм бэ” гэхэд “үгүй намайг унтаж байхад зодлоо” гэж хэлсэн. Алдар ээжээ бие засаж чадахгүй байна эмч дуудаад өгөөч гэхээр нь би эмч дуудсан.....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/
6.Гэрч Ц.Буянтогтохын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 06 сарын 29-ний өдөр 11 цагийн үед Арбатын гудамжны үзүүрт манай тосгоны иргэн Алдар болон Д.Төгсгэрэл нартай таарсан. Тэгтэл Алдар дүү хаа хүрч явна дүүгээ нэг үнсчихье гээд миний хацар дээр үнсээд Бямбасүрэн эгч дэлгүүрээс 1 шил 0.75 граммын архи аваад түүнийгээ Оросын уулан дээр гарч ууцгаасан. Ингээд ууж байсан архи ч дууссан. Би айлын байшинд засвар хийж байсан тул дараа уулзахаар болоод салаад явсан.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
7.Гэрч Д.Гэрэлт–Одын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2017 оны 06 сарыи 29-ний өдрийн 19 цагийн үед Алдар ах миний төрсөн дүү Төгсгэрэл нар гэрт согтуу ирсэн. Би Төгсгэрэлийг архи уулаа гээж жаахан ширүүн үг хэлчихсэн чинь манай гэрийн хашааны хаалгаар ухас гээд зугатаад гараад явсан. Тэгтэл Алдар ах танай гэрт жаахан амарч байгаад явъя гэхээр нь тэг тэг гэтэл Алдар ах гэрт унтахгүй салгалаад дэнжигнээд яваад байсан. Нэг харахад жорлон руу 2-3 удаа орж байгаа харагдсан. Нэг хартал малын өвөлжөөн дотор байдаг хүүхдийн тоглоомын гудастай банзан дээр хэвтэж байгаад харинаа гэж хэлсэн. Тэгээд өвөлжөөнд 3 цаг гаран хэвтсэн байх бүрэнхий болж байхад Алдар ах ахыгаа хашаанаас гаргаад өгчих гэхээр нь гаргаад гэр рүү нь нилээн дөхүүлж өгөөд гэртээ харьсан ....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
8.Гэрч М.Энхийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 06 сарын 29-ний өдөр гэртээ байж байтал багын найз Алдар, Төгсөөгийн хамт манай гэрт 0.75 граммын архи чихэр авсан ирсэн. Гэрт маань хүүхдүүд байхгүй байсан учир Алдар авчирсан архи чихрээ өгчихөөд гадаа модны сүүдэрт Алдар, Төгсөө бид 3 архиа хувааж ууж байгаад би гэртээ орж жаахан цай чанаад аваад очтол Алдар газар уначихсан Төгсөө гэдэс гүзээ рүү нь өшиглөөд зодож байгаа харагдахаар нь авч явсан цайгаа газар тавьчихаад "яаж байгаа чинь энэ вэ" гээд “Төгсөө минь одоо боль” гэтэл үг дуулахгүй улайрчихсан Алдарыг өшиглөөд байхаар нь Алдарыг зодуулахгүй гээд биеэрээ хамгаалаад газар тэврээд хэвттэл Төгсөө Алдар бид хоёрыг давхар өшиглөж зодсон. Ингээд байж байтал хөрш айлын охин Нараа хашаанд орж ирээд “Төгсөө ах та яагаад хүн зодоод байгаа юм бэ” болиоч гэхэд Төгсөө Нарааг янз бүрийн үгээр дайрч доромжилсон. Би Нараа ахын дүү гэртээ харь гээд наад залуу чинь чамайг зодож магадгүй гэхэд Нараа хашаанаас гараад явсан. Төд удалгүй Төгсөө ч хашаанаас гараад явсан. Гэтэл Алдар газар хэвтчихээд босдоггүй. Алдар хэсэгхэн ухаан алдчихсан бололтой газар хэвтэж байгаад босож ирээд Төгсөөгийн ах ганган Гээгийнд очиж Төгсөө зодсон талаар хэлэхээр манай хашаанаас гараад явсан.... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
9.Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхнарангийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 06 сарын 29-ний өдрийн 17 цагийн үед гэр рүүгээ явж байтал манай хөрш Энх ахын хашаанд Энх болон Алдар ах нарыг үл таних өндөр залуу зодож байхыг хараад Энх ахын хашаанд ороод тэр үл таних залуугаас Энх, Алдар ах нарыг салгасан. Намайг хашаандл гүйгээд ороход Алдар ах үл таних залуугийн дор хэвтчихсэн. Үл таних ах Алдар ахын дээр хагас өвдөглөөд суучихсан нүүр рүү нь олон удаа гараараа цохиж байхаар нь дундуур нь ороод салгасан. Тэгсэн үл таних ах Алдар ах төгсөө ах хоёрыг дахиад зодох гээд байсан. Энэ үед Энх ах намайг гэртээ харь тэгэхгүй бол энэ хоёрыг салгах гэж байгаад цохиулчихна шүү гэхэд нь хашаанаас гараад явсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/
10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №288 тоот:
1.Б.Алдарын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, эрүүнд хавантай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Д.Төгсгэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн”...2017 оны 06 сарын 29-ний өдөр хуучин танил Алдартай таарсан. Сайн байна уу Алдар ахаа гэтэл төгсөө наашир гээд гараараа далласан. Намайг яваад очиход Алдар ах шартсан царайтай дүү юм уухуу гэхээр нь байвал ууя л даа гэтэл за 2-лаа дэлгүүр оръя гээд дагуулаад төв дэлгүүр орсон. Дэлгүүр ороод нэг шил архи өвөртлөөд гарч ирсэн. Ингээд Алдарын авсан архийг уухаар зуслангийн хэсэг рүү явж байгаад Букатай таарч зуслангийн ойролцоох энгэрт очиж архиа хувааж уусан. Букаг явсны дараа Алдар дахин дэлгүүрээс 1 шил архи авсан. Түүнийг Алдарын багын найз Энхийн хашаанд модны сүүдэрт уусан. Тухайн үед УИХ-ын сонгууль болох гээд сурталчилгааны ажил эд явагдаж байсан. Алдар бид хоёр намчирхаад талцаж хэрэлдэж маргаснаас бүх хэрэг болсон. Би ардчилсан намыг дэмждэг, Алдар МАН-ыг дэмждэг тэгээд согтуу хүмүүс яахав яг юу маргаад байснаа санахгүй байна. Тухайн үед би их согтуу ухаан санаа орж гараад байсан. Одоо санаж байхад Алдар намайг чи улс төрд юугаа мэддэг юм амаа татвал дээр байх шүү гэх маягийн юм яриад байсан санагдаж байна. Тэгээд миний уур хүрээд Алдарыг хэвтэж байхад нь хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисноо санаж байна. Энх Алдар бид хоёрын дундуур орж ахын дүү одоо болио гээд намайг хойш түлхээд байсныг санаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/
12.Дуудлагаар ирсэн эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 46-53 дугаар хуудас/
13.Б.Алдарын Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх./ хавтаст хэргийн 54-83 дугаар хуудас/
14.Шүүгдэгч Д.Төгсгэрэлийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/
15.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/
16.Шүүгдэгчийн эрэн сурвалжилсэн тэмдэглэл илтгэх хуудсууд /хавтаст хэргийн 122-138 дугаар хуудас/
17.Хохирогчид хохирол төлсөн баримт /хавтаст хрэгийн 143 дугаар хуудас/
18.Хохирогчийн хэргийг хялбаршүуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/
19.Шүүгдэгчийн хэргийг хялбаршүуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 145 дугаар хуудас/
20.Хэргийг хялбаршүуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 147 дугаар хуудас/
21.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Доржпүрэвийн Төгсгэрэлийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны 85 тоотод оршин суух иргэн Энхийн хашаан дотор Б.Алдарыг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Д.Төгсгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны 85 тоотод оршин суух иргэн Энхийн хашаан дотор хохирогч Б.Алдартай “сонгуулийн маргаанаас үүдэн” муудалцаж, нүүрэн тус газар нь цохиж унаган, гэдэс рүү нь олон удаа өшиглөж, “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал” гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн прокурор 10.000 нэгжээр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.
Иймээс шүүгдэгч Д.Төгсгэрэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Төгсгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан прокуороос санал болгосон ялын хэмжээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Төгсгэрэлийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан оногдуулах торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Төгсгэрэл нь хохирол төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй ,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 34, 35 дугаар бүлэг, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Боржигон овогт Доржпүрэвийн Төгсгэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Доржпүрэвийн Төгсгэрэлийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Төгсгэрэлийн хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Д.Төгсгэрэлд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ