Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/193

 

 

Б.Ө, Р.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эа, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Г.Ичинхорлоо,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1835 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ө, Р.С нарт холбогдох 2106000001896 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Бын Ө, Улаанбаатар хотод 1991 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сэрээт өргүүрийн оператор мэргэжилтэй, Г ХХК-нд экскаваторын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, - тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: -/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг эдэлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 528 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

2. Д овгийн Рийн С, Улаанбаатар хотод 1975 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: -/,

Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах - тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хүргэн ах Р.Сын нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Р.С нь 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах - тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан төрсөн дүү Р.Сын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Өн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад, Р.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Өг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг, шүүгдэгч Р.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Р.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Өн цагдан хоригдсон нийт 451 хоногийг эдлэх ялаас нь хасаж, Р.Сын цагдан хоригдсон 252 хоногийг эдлэх ялд нь оруулж, цагдан хоригдсон нэг хоногийг найман цагаар тооцон ял эдэлсэнд тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эа нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч Б.Ө, Р.С нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа бүхий 1 хавтсыг зохих журмын дагуу хадгалах, холбогдох газарт шилжүүлэхийг тус шүүхийн нууц хамгаалах ажилтанд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүх хуралд үйлдсэн хэргээ нотлогдсоныг зөвшөөрч хэргээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй гэдгээ илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс болон талийгаачийн ах дүүсээс, шүүхээс уучлалт гуйж оршуулгын зардалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлж оролцсон. Би өөрийн буруугаа бүрэн ухамсарлаж ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байгаагаа дахин илэрхийлэе. Энэ хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн, хохирогч эхэлж намайг зодсон буруутай байдал нөлөөлсөн, мөн миний бие түүний биед хүнд гэмтэл учирсан гэдгийг мэдээгүй зэрэг ял хариуцлагыг хөнгөрүүлж болох нөхцлүүд хэрэгт нотлогдсон байдаг. Шүүх дээрх байдлыг харгалзаж надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж тухайн зүйл ангид байгаа ялын доод хэмжээнээс доош ял оногдуулж, хөнгөрүүлж болно гэж үзэж байна. Гэтэл шүүх намайг анхнаасаа хэргээ хүлээгээгүй гэж дүгнэн хорих ялын хэмжээг 5 жилээр тотоосныг дахин хянаж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсч байна. Би тухайн шөнө дээрх хаягт байрлах талийгаачийн гэрт эхнэр Дийн хамт гал зуухны хажуугийн жижиг өрөөнд унтаж байсан. Шөнө хүмүүс гал зуухны өрөөнд маргалдах, зодолдох чимээ гарахаар нь босож очсон. Гэтэл хэн нэг нь миний нүүр, мөр хэсэгт гараараа цохисон. Р.С миний нуруу руу сандлаар цохисон. Би зай авч газар суутал гэрэл асч Р.С гаднаас орж ирсэн. Намайг хэн зодов гэхэд Р.С наадах чинь гээд газарт хэвтэж байсан Р.Са руу заасан. Би яасан гэж намайг зодож байгаа юм гээд бөгсөн хэсэг рүү нь 2 удаа өшиглөж 1 удаа хацар хэсэгт нь алгадсан. Би урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хүртэл хэргийн материалтай бүрэн танилцаагүй учраас дээрх үйлдлээс болж хохирогчид шүүх эмнэлэгийн дүгнэлтэд дурдсан гэмтэл, хор уршиг учраагүй байх гэж эргэлзэж байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хэргийн материалтай бүрэн танилцаж Р.С, Р.С, Р.Дийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлтүүд, тайлбарууд зэрэгтэй танилцаад миний үйлдлээс тухайн хохирогчид хүнд гэмтэл учирсан байж болох үндэслэлтэй юм байна гэж ойлгоод шүүх хурал дээр хэргээ хүлээж, гэм буруу дээр ямар нэг байдлаар маргахгүйгээр, хохирлыг төлж орсон юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд гомдол нэхэмжлэл байхгүй гэж хэлснийг бас дурдах нь зүйтэй. Ийм учраас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг гаргаж байна. Миний гомдлыг хянаж зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэе.

Би экскаваторын оператор мэргэжилтэй, улсад 12 жил тасралтгүй ажилласан, цаашид ажиллах сонирхолтой, өнгөрсөн цагдан хоригдсон 1 жил 5 сарын хугацаанд гэртээ эрхэлсэн ажилгүй эхнэр, бага насны 2 хүүхэд минь ямар ч цалин орлогогүй маш хүнд байдалтай байгаа. Би хурдан гарч тэднийгээ асарч тэжээх шаардлагатай байна.” гэв.

Шүүгдэгч Б.Өн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ө нь анхан шатны шүүх хуралд хэргээ бүрэн хүлээж хэргийн зүйлчлэл гэм буруугийн тал дээр маргаагүй, хохирлыг нэхэмжлэлийн дүнгээр төлж ар гэрийн нөхцөл байдлыг нь дурдаж, ял хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэхийг хүсэж оролцсон болно. Хэргийн нөхцөл байдлын хувьд Б.Ө тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан эхэлж гаргаагүй, унтаж амарч байсан байдаг. Шөнө хүмүүс гал зууханд маргалдаж зодолдох чимээгээр Б.Ө нь сэрж босож очсон байдаг. Тухайн үед Б.Ө, Р.С нар харилцан, Б.Ө, Р.Са нар харилцан, Р.С, Р.Са нар харилцан, Р.С, Р.С нар харилцан зодолдсон үйл баримт тогтоогддог. Гэвч тэд үгсэн тохирч үйлдлээрээ нэгдэж бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй. Тийм учраас шүүх тэдний үйлдлийг үгсэн тохирч болон үйлдлээрээ нэгдэж бүлэглээгүй гэж дүгнэсэнтэй өмгөөлөгч миний бие санал нэгтэй байгаа.

Мөн шүүгдэгч Б.Ө хэргээ хүлээж гэм буруу дээр маргаагүй, гэрч Р.С, Г.Д, шүүгдэгч Р.С нарын мэдүүлгүүд шүүх шинжилгээний шинжээч нарын дүгнэлтүүд, шинжээч эмч нарын тайлбарууд зэргээр Б.Өгийн үйлдсэн хэрэг нотлогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байх тул шүүх Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгч миний бие үндэслэлтэй болсон доош татаж ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэрэг нь 5-12 жил хорих ял оногдуулах ялтай.

2. Б.Өн хэрэг тохиолдлын шинжтэй нөхцлөөр үйлдэгдсэн, хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нөлөөлсөн нь тус тус нотлогдсон. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, ялыг хүндрүүлэх үндэслэл байхгүйг шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тэмдэглэсэн.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1-д: Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно. Мөн зүйлийн 1.4-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Өн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч гэм буруу дээр маргахгүй байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, ял хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан хөнгөрүүлэх үндэслэлүүд нотлогдсон, ар гэр үр хүүхдүүд нь цалин орлогогүй, ажил эрхэлдэг хүнгүй, хүнд амьдралд байгаа зэрэг хувийн байдалтай. Эдгээр нөхцөл байдлаар түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг шүүх хурал хүртэл анхнаасаа хэргээ хүлээгээгүй тул гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн Б.Өг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хандлага, удаа дараа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, садан төрлийн харилцаатай хүмүүсийн хооронд ахуйн хүрээнд хүч хэрэглэж халдсан ... зэргийг харгалзан ... 5 жилийн хорих ял оноох гэж дүгнэсэн нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 4-т Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчиж яллах дүгнэлтэнд тусгагдаагүй нөхцөл байдлаар дүгнэлт хийж ялыг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна. Эдгээр үндэслэлээр ялыг хүндрүүлж хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар 5 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр хөнгөрүүлэн тогтоож өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Г.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Р.Сын хувьд анхан шатнхы шүүх хуралдаанаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Б.Өн хувьд хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байдаг. Өмгөөлөгч Г.Б мөн адил гэм буруугийн талаар маргахгүй гэдэг талаар давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Б.Өд оногдуулсан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр хөнгөрүүлэн тогтоож өөрчлөлт оруулах боломжтой байна гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний амь нас хөнөөсөн учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг нь хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Б.Өгийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад гэм буруугаа хүлээгээд байна уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах гомдолдоо хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ хэрэг болсон гэж бичсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ялтаны зэрлэг, танхай үйлдлээс болж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдал нотлогддог. Анхнаасаа босч ирээд Сыг зодож эхлэхэд унтаж байсан Са босч ирээд юу болоод байна гэж орж ирдэг. Урьд нь 6, 7 хавиргыг дэвсэж хугалсан байдаг. Зодохдоо хүнийг дэвсэж зоддог. Өөрийнхөө эхнэрийг хүртэл дэвсэж, хавиргыг нь хугалж байсан. Эдгээр баримтууд байдаг. Б.Ө өөрийнхөө энэ үйлдэлд харамсах ёстой. Бүхэл бүтэн цэл залуу хүний амь нас хохироосон. Сгийн мэдүүлэгт “...орж ирэхэд толгой дээр нь хөл нь байж байсан...” гэсэн байдаг. Энэ хүний дэвсэлтээс болж хохирогч нас барсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ар гэрийнх нь үздэг. Хохирол, төлбөрөө төлсөн гэж байна. Хоёр хүүхдийнхээ 100.000 төгрөгөөр л төлж байгаа. Б.Өг архи уулгахгүй гэж байгаад эхнэр нь хүртэл архины хамааралтай болсон. Энэ амьдралыг өөрөө ийм болгосон байтлаа өөртөө дүгнэлт хийхгүй байгаа юм. Өнөөдөр хоёр хүүхдийнх нь тэтгэмж хүртэл Б.Өн төлөх ёстой төлбөрт төлөгдөж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талаас хоёр хүүхдийнх нь эцэг нь юм даа гэж багахан ял оноогоод өгөөч гэсний улмаас 5 жилийн хорих ял шийтгүүлсэн. Гэтэл өнөөдөр хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн мэт давж заалдах гомдол гаргасан нь өөрийнхөө гэм бурууг хүлээхгүй, хэн нэгэнд гэм буруугаа тохож байгаа нь харагдаж байна. Ийм учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Прокуророос анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй гэдгийг илэрхийлж оролцсон. Миний бие энэ гэмт хэрэгт гомдлоос нь эхлэн 1 жил 3 сарын хугацаанд хяналт тавьж оролцсон. Энэ хугацаанд хэргийн үйл баримт, хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг арилгахаар мөрдөн шалгах ажиллагаанд заасан бүхий л нотлох баримтуудыг цуглуулж оролцсон. Шүүгдэгч Б.Ө нь шалгагдах хугацаанд гэм буруугийн асуудалд маргаж оролцдог. Харин сүүлийн шүүх хуралдаанаар гэм буруугийн хувьд маргадаггүй. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиггүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлахаар хуульд заасан. Давж заалдах гомдолд дурдагдсанаар шүүгдэгч Б.Ө гэм буруугийн асуудалдаа маргаж байгаа, эсхүл ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэсэн хоёр байр суурьтай оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг ойлгож байгаа. 1 жил 3 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж өдийг хүргэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах - тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хүргэн ах Р.Сын нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Р.С нь 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах - тоотод хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан төрсөн дүү Р.Сын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эагийн “... 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь над руу дүү Энхбаатар залгаад Та ах амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад ирсэн чинь том өрөөний үүдэнд толгой хэсэг нь хаалга руугаа харсан, хамар хэсгээс нь шингэн гоожсон, өмд нь нойтон болчихсон, өмсөж байсан хувцас нь нойтон байдалтай С, С нарын хамт байж байсан. Намайг гаднаас орж ирэхэд нас барчихсан байсан юм. ...хамгийн сүүлд миний мэдэж байгаагаар 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр талийгаач дүү С, хүргэн Ө, Д нар нь миний энэ гэрт архи уусан гэж сонссон. Маргааш нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Стэй таарсан чинь нүд нь хөхөрч хавдсан байдалтай байхаар нь асуусан чинь Ө өчигдөр гэрт ирж архи уухдаа намайг болон ах Са бид хоёрыг зодсон гэж хэлсэн юм...” /1-р хх 18-19/,

Гэрч Р.Сийн “...Тэр үед Ө согтуу нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон мөн нэг удаа гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. ...миний нүүр бага зэрэг хавдсан байсан бөгөөд одоо эдгээд зүгээр болчихсон тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...тухайн үед талийгаачтай маргалдаж зодолдсон асуудал байхгүй бөгөөд С ах зодоонд огт оролцоогүй ба С надтай муудсан юм. Надтай муудсан шалтгаан нь би Өд цохиулсан уурандаа түүнийг сандлаар цохих гэж байгаад андуураад Сыг цохисон юм. Би Сыг талийгаач ахтай маргалдаж зодолдож байхыг сайн хараагүй, тэглээ ч тэр хоёр хоорондоо маргалдаж, зодолдох шаадлага байхгүй. ...тэр үед талийгаач ах Өг цохиж зодсон бөгөөд тэр хоёр л ер нь харилцан зодолдоод байсан. ... Талийгаач ах маань тэр зодоон болсон өдрөөс хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөс хойш нэг ч удаа гэрээсээ гараагүй орондоо хэвтээд л байсан ба толгой өвдөөд байна гээд байхаар нь би өвчин намдаах эм авч өгсөн. Би 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл талийгаач ахтайгаа хамт яг хажууд нь байсан. Урьд нь талийгаач ахыг маань Ө зодоод хавиргыг нь хугалж байсан удаатай бөгөөд тухайн үедээ цагдаад мэдэгдэж байгаагүй юм.” /1-р хх 41/,

“...Ө, Д хоёр гаднаас архитай орж ирсэн Са ах, бид 4 архиа хувааж уусан... Унтах гээд хэвтэж байтал Д байн байн гараад байхаар нь амраасангүй гэхэд Ө эхнэрээ өмөөрч намайг гараараа цохиод унагаахад талийгаач ах босоод намайг өмөөрч Өтэй барилцаж аваад зодолдох үед нь би сандлаар Өг цохих гэж байгаад тэр хоёрыг салгаж байсан Р.Сыг андуурч цохиход Р.С сандал булааж авах гээд намайг том өрөө рүү чирч ороод сандлаар 2-3 удаа цохих үед би хэсэг ухаангүй болсон. Намайг нэг сэрээд босох үед С ах гаднаас орж ирэхээр хаанаас ирэв, юу болов гэхэд Ө, С хоёр талийгаач Са ахын хоёр талд нь гарчихаад толгой руу нь бөмбөг шиг өшиглөөд Ө бүр толгой дээр нь гишгэчихсэн алчихсан ч яадаг юм бэ гээд зогсож байхаар нь арай гэж салгаад С, Ө, Д гурвыг гаргаад таксинд суулгаж өгөөд ирлээ гэж надад хэлсэн. ...дараа нь бодоход Р.С намайг том өрөөнд сандлаар цохиж унагаахад талийгаач ах маань намайг өмөөрч Р.Стой муудалцсан байх...” /1-р хх 188/,

Гэрч Г.Дийн “... зодоон болохын хувьд зодолдсон би сайн харж чадаагүй, манай нөхөр Б.Ө болон талийгаач ах Р.Са, Р.С, Р.С нар хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан. ...манай нөхөр Өгийн нүүр нь хавдаад хөхөрчихсөн, С ахын нэг талын нүд хөхөрсөн байсан, аль талын нүд гэдгийг санахгүй байна, С ахын биед ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр байсан. Талийгаач Р.Сын хувьд үүдний өрөөндөө атийгаад хэвтчихсэн байсан болохоор биед нь гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй...” /1-р хх 24/,

“... би талийгаач ах Р.Сын буяны ажилд огт оролцоогүй, очоогүй, ажил явдал дуустал нь хадам ээж Гантуяагийн гэрт хүүхдүүдтэйгээ байсан. ...би С ахад талийгаач Са ахыг та зодож алсан гэж ярьж байгаагүй. Харин манай охин Ө.Но 2021 оны 9 сарын сүүлээр ...ээж “Эагийн гэрийн гадаа эмээ Эа, ах С, С, эгч Энхжаргал нар Сыг авч үлдээд аавыг талийгаач ахыг зодсон болгоод гацааранг нь шоронд хийчихье гэж ярьж байна” гэж надад хэлсэн. Тэрнээс биш би энэ асуудлын талаар сонсоогүй. ...манай охин Но надад эмээ Эа, ах С, С, С нараас айгаад, дээрх миний ярьсан зүйлийг битгий хэлээрэй гэсэн учраас би мэдүүлэг өгөхдөө энэ талаар яриагүй...” /2-р хх 191-193/,

Гэрч Р.Сгийн “... талийгаач Р.Са, Р.С бид гурав Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 35-1825 тоотод хамт амьдардаг. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өглөө ажилдаа явчхаад орой 22 цагийн үед гэртээ ирээд үүдний өрөөнд яваад ороход талийгаач Р.Са газар хэвтчихсэн Б.Ө толгой дээр нь хөлөө тавьчихсан байж байхаар нь юу болоод байгаа юм бэ гэж хэлээд цааш нь түлхээд талийгаачийг босгоод хойд талын жижиг өрөөнд оруулаад хэвтүүлсэн. ...Намайг орохоос өмнө юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямарч байсан Р.С надад хэлэхдээ Б.Ө талийгаач Р.Сыг зодсон, салгах гээд хүчирсэнгүй гэж хэлсэн. Талийгаач ахыг маргааш өглөө нь харахад дээд уруул нь сэтрээд ам нь тэр чигтээ цус болчихсон, нүүр нь баруун шанаа хэсгээрээ хавдаад бага зэрэг хөхөрч байсан. ...өмнө нь Б.Ө талийгаач Р.Сыг зодоод хавиргыг нь гэмтээж байсан... намайг гэрт ороход талийгаач Са, миний дүү нар болох С, С мөн Өн эхнэр Д нар байсан. Талийгаач ахын маань дээд уруул нь сэтрээд баруун нүд шанаа хэсгээрээ хавдаад хөхөрсөн байсан. Сийн 2 нүд, хамар хэсгээрээ хавдаад хөхөрсөн мөн толгойн нь зулай хэсэгт хагараад цус гарсан байсан. Сын биед ямар нэг гэмтэл бэртэл байхгүй. Харин Өг бол сайн харж амжаагүй...” /1-р хх 30/,

Насанд хүрээгүй гэрч Ө.Нын “...талийгаач ах Сыг нас бараад эмнэлэг аваад явсны дараа эмээ Р.Эа, түүний дүү Жагаа эгч, С, С ах нар байсан бөгөөд С ах байсан үгүйг санахгүй байна. Энэ өдөр хэн гэдгийг нь санахгүй байна, намайг өөр тийшээгээ харж байхад эмээ Р.Эа, Жагаа хоёрын хэн нэг нь С, С нарт Сыг тас нуугаад Өг шоронд хийчихье гэж хоорондоо ярьж байхыг нь сонссон. Өөр хоорондоо юу гэж ярьж байсан талаар мэдэхгүй байна. Энэ үед ээж Д байхгүй байсан. Би өөрийнхөө сонссон зүйлийг ярьж байна. Энэ талаар ээж Дт 2022 оны 3 дугаар сарын үед гэрийн гадаа хэлсэн. 3 сарын үед байх С, С ах хоёр гэртээ зодолдоод эмээ Эа Сд нэгийг нь шороонд булчихаад нөгөөдөхийг нь шоронд хийчихээд С би чамайг зодсоныг мэдэж байна, Ө алаагүй гэж хэлсэн. С, С ах нар  дүү нар юм чин Сыг өмөөрөлгүй яахав гэж хэлж байсан...” /2-р хх 198/ гэсэн мэдүүлгүүд,

Талийгаач Р.Са их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай цус харвалт, эрүү, уруулд язарсан шарх, хоёр зовхи, хуйханд баруун 6, 7, 8 дугаар хавирганы хуучин хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба гавал тархины гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх, судасны цочмог дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1990 тоот дүгнэлт /1-р хх 55-59/,

Мөн Р.Сын цогцост учирсан эрүү, уруулд язарсан шарх, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь нас барах үед үүсэх боломжтой шинэ гэмтэл болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №258 тоот дүгнэлт /2-р хх 19-23/,

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй болохыг тогтоосон нэмэлт шинжилгээ хийсэн №715 тоот дүгнэлт /2-р хх 225-231/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн “... гавал тархины гэмтэл авсан тохиолдолд тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой. ...амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нүүрний баруун хэсэг буюу баруун зовхи, уруулын хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...дээрх гавал тархины буюу үхэлд хүргэх гэмтэл нь ширээ налж унах буюу нас барах үедээ авсан гэмтэл биш байна. Уг гэмтэл нь тодорхой хугацааны өмнө үүсэж аажмаар тархи дарагдаж, гэнэт үхэлд хүргэсэн байна...” /1-р хх 120-121/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс уруулд язарсан шарх, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Харин эрүүнд учирсан гэмтэл нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу нас барсан өдөр үүссэн шинэ гэмтэл байна. ...уруулын шарх, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус бүр нэг, нэг удаагийн үйлчлэлээр шууд цохих үед тэр даруй үүсэх боломжтой. Амь хохирогч Р.Са нь тархины судас гэмтэж тархи дарагдах хүртлээ өөрөөр хэлбэл ухаан алдах хүртлээ идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд үүнийг саруул үед гэх бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үүсэх боломжтой ... Гавал тархины битүү гэмтлийг нүүр буюу уруул хэсэгт цохисны улмаас их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх тархмал цус харвалт зэрэг гэмтлүүд үүссэн. Уруул дээрх үүссэн шарх нь үхлийн шалтгаантай шууд холбоотой болно. ...амь хохирогч Р.Са 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ширээ мөргөж унахдаа авсан гэх эрүүний хэсэгт үүссэн шарх нь гавал тархины гэмтлийг үүсгэх боломжгүй, яагаад гэвэл хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь тархи дарагдах хүртлээ амьд явах боломжтой. Дээрх эрүүний шарх нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...нүүрэнд цохисны улмаас тархины судас гэмтэж аажим аажмаар нэмэгдэн тархи дарагдах хүртлээ амьд явж байсан байна. Өөрөөр хэлбэл тархины гэмтлийн хүндрэлээр тархи дарагдаж нас барсан байна...” /2-р хх 239-240/ гэсэн мэдүүлгүүд,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хх 209-210/, гэрч Р.С, яллагдагч Б.Ө нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх 44-45/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2759, 4351 тоот дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Б.Өн хохирогч Р.Сыг нүүр, толгойд цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл” бүхий хүнд хохирол, Р.Сын хохирогч Р.Сыг нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Өн хохирогч Р.Сыг нүүр, толгойд цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл” бүхий хүнд хохирол учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Р.Сын хохирогч Р.Сыг нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Өн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Р.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ц.Б нараас давж заалдах гомдолдоо: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлж хохирогчоос гомдол саналгүй гэснийг харгалзан үзээгүй, ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжтой байхад хэрэглээгүй”-д гомдолтой байна гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай тул уг зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Шүүгдэгч Б.Ө нь хувийн байдлын хувьд хоёр удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан атлаа үүнд дүгнэлт хийлгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан буюу гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй байх тул шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.С нь 257 хоног, шүүгдэгч Б.Ө нь 452 хоног тус тус цагдан хоригдсоныг шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Р.Сыг 252 хоног, Б.Өг 451 хоног цагдан хоригдсон мэтээр буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Өн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1835 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... Б.Өн цагдан хоригдсон нийт 451 /дөрвөн зуун тавин нэг/ ... Р.Сын цагдан хоригдсон 252 /хоёр зуун тавин хоёр/ ...” гэснийг “... Б.Өн цагдан хоригдсон нийт 452 /дөрвөн зуун тавин хоёр/ ... Р.Сын цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ