Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор

Маргааны төрөл:

  1. М ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэр, загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, загвар зураг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитектор даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Х, Н.Х, Р.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б Г.Б, нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. 1. М ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэр, загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, загвар зураг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитектор даалгах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: М *******" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А\976 дугаар захирамжаар ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэл хүрээ өргөн чөлөө, Стадион оргил-2 \17011 бүсчлэлд И март худалдааны төвийн баруун талд эзэмшүүлсэн 17******* нэгж талбарын дугаар бүхий газарт Нийслэлийн Ерөнхий архитектороор 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, улмаар Загвар зургаа батлуулахаар удаа дараа 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 123 дугаартай, 2024 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай албан бичгүүдээр хандсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр батлах боломжгүй гэсэн хариуг авч, өнөөдрийг хүртэл батлуулж чадахгүй байгаа болно. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.6-д "Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална." /Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг;/ гэж заасны дагуу нийслэлд баригдах барилга байгууламжийн Загвар зургийг Нийслэлийн Ерөнхий архитектор баталдаг бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газар загвар зургийг хянадаг болно. Хот байгуулалт, хөгжлийн газар хуучин нэрээр/-ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр загвар зургийг 2023 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар хэлэлцэж дэмжсэн санал гарсан, загвар зургийг судалж, хянаж байгаа тул батлах боломжгүй тухай хариу ирүүлээд байна. Загвар зургийг батлуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой гомдлыг Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга гомдлыг Хот байгуулалт, хотын стандартын газарт шилжүүлж, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр өгсөн хариугаа дэмжиж буй агуулга бүхий хариу өгсөн болно. "М *******" ХХК-ийн хувьд өнөөдрийг хүртэл тус газраас тавьж буй шаардлагад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсаар ирсэн боловч ийнхүү хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж, үүрэгт ажилдаа хойрго хандаж, шаардлага тавин буцааж, манай компанийг чирэгдүүлж, бидний барилга барих эрх, хууль ёсны сонирхлыг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэр, загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, загвар зураг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитекторт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Ерөнхий архитектураас ******* дугаартай архитекторын төлөвлөлтийн даалгавар батлуулж авсан. Уг архитектор төлөвлөлтийн даалгаврыг авсны дараа зураг төслөө боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар орох загвар зураг батлуулах хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгснөөс хойш 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бидний хүсэлтийг хүлээн авч Мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хурлаар орж 88,8 хувийн саналаар дэмжиж загвар зураг батлахыг зөвшөөрсөн. Үүний дараа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газраас хурлын дүгнэлтийн талаарх албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичгээр нэмэлт материалын шаардлага хангасан эсэх тайлбар ирүүлнэ үү гэж дурдсан байдаг. Бид энэхүү саналуудыг хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариу тайлбар хүргүүлж, бүх шаардлагуудыг хангасан гэдэг хариуг хүргүүлсэн. Гэтэл түүнээс хойш 6 сарын турш зураг батлуулах эсхүл ямар нэгэн өөр санал ирээгүй учраас бид албан ёсоор 2024 оны 04 сарын 09-ны өдрийн 18 тоот албан бичгээр загвар зургаа батлуулах хүсэлтээ өгсөхөд Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бид нарт загвар зургийг судалж байна, загвар зураг зөвшилцөхгүй гэдэг хариу ирүүлсэн. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс Нийслэлийн ерөнхий архитектораас баталсан архитектур төлөвлөлтийн дагуу зураг төслөө батлуулахаар 10 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргаж, Мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тодорхой саналуудын дагуу загвар зургууддаа өөрчлөлт оруулж тухай бүр хүргүүлж ажилласан. Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар загвар зургийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч хууль заасан хугацааг хэтрүүлж маш олон сар хойшлогдсон. Манай зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газраас тавьсан шаардлагуудыг тухай бүр биелүүлж байхад загвар зургийг батлах эсэх талаар тодорхой шийдвэр өгөөгүй. Нийслэлийн ерөнхий архитектораас архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсаны дараа загвар зураг батлагдах ёстой. Үүний хүрээнд бид иж бүрэн ажлын зургаа боловсруулж, магадлан хийлгээд барилгын ажлаа эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл энэ ажил маань 2 дахь үе шат дээрээ гацсан байдалтай байгаа юм. Энэ нь манай компанийн хувьд маш том бизнесийн үйл ажиллагааны тасалдал болон хувирсан. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан түншүүд загвар зураг батлагдаагүй гэдэг шалтгаанаар хөрөнгө оруулалтынхаа шийдвэрийг эргэж харна гэдэг зүйл яригдаж байна. Мөн барилга баригдах газрын төлбөрийг дахиад хэдэн сараар үргэлжлүүлэн төлөх асуудал үүссэн, зээлийн хүүгийн тооцоолол өндөр болсон. Иймд хугацаандаа батлагдаагүй эс үйлдэхүйн улмаас манай компани маш хүнд байдалтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар манай зураг төслийг 88 хувийн саналаар дэмжсэн. Үүний дараа 10 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас хурлын дүгнэлтийг манай компанид хүргүүлсэн. Хурлын дүгнэлтийн хариуг манай компаниас 10 дугаар сарын 18-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт тодорхойлолт хүргүүлэх тухай гэсэн албан бичгээр мэдэгдсэн. Энэ тодорхойлолтоороо архитектор төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан давхар талбайн харьцааны 10.0 үзүүлэлтийг төлөвлөж буй барилга хангаж байгаа эсэх, Төлөвлөж буй барилга нь зоорины давхар төлөвлөж буй эсэх, автозам болон явган зам талбай, ногоон байгууламжтай уялдуулан нэгдсэн төлөвлөлт хийх, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр төлөвлөлт хийхгүй байх гэдэгт ерөнхий төлөвлөгөөний зураг дээрээ саналыг нь хүлээн авч өөрчлөлт оруулсан зургийг албан бичигтээ хавсарган хүргүүлсэн. Мөн хөрш залгаа газар эзэмшигчид буюу О******* сургууль, Т ХХК, Г, худалдааны төв зэргээс төслийг хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал авсан. Төлөвлөж буй барилгыг хангах, инженерийн дэд бүтцийг шийдэх, холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөн техникийн нөхцөлүүдээ хавсаргаж өгсөн. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт дурдсан зүйлсийг нэг бүрчлэн засаж загвар зургийг хавсарган хүргүүлсэн. Мөн зоорины давхрын байгуулалт, техникийн өрөөнүүдийг загвар зургийг 11 дүгээр хуудсанд тусгасан байгаа. Авто зогсоолын тухайд барилгын 1 давхарт нийт үйлчлүүлэгчид болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ил зогсоол, 2, 3 дугаар давхарт оршин суугчдад зориулсан зогсоолыг төлөвлөсөн. Зэргэлдээ орон сууцын хувьд орон сууцын барилга байгууламж, зураг төсөл зохих норм, дүрэмд харшлах зүйл байхгүй. Барилга хоорондын зай, ямар нэгэн эдэлбэр газар зөрчигдөхөөр төлөвлөлт хийдээгүй. О******* сургуультай зөвшилцсөн бөгөөд О******* сургуулийн нарны тусгалыг хаахгүй байгаа. Хажуу талын барилгуудын нарны ээвэрлэлтэй уялдуулж, стандартын дагуу зураг төслөө гаргасан. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанид ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн баруун талд Нийслэлийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарын 17******* дугаартай газарт үндэслэж 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 2.1 дэх хэсэгт "Зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна.", 4 дүгээр зүйлийн "4.3 дахь хэсэгт "Эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг Барилгын тухай хуулийн 23.2-т заасны дагуу боловсруулна.", 4.4 дэх хэсэгт "Иж бүрэн ажлын зураг төслийг зураг төслийн даалгавар, эх загвар зурагт үндэслэн Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үе шатаар боловсруулна гэсэн шаардлагыг "М " ХХК-ийн Загвар зургийн төсөл хангаагүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 3.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д загвар зургийг Архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж заасан. Тус газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр загвар зургийг судалж, хянаж байгаа тул өнөөдрийн байдлаар батлах боломжгүй байгаа тухай мэдэгдсэн байна. Барилгын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм", Монгол Улсын барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрэм, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцэж байгаа эсэх тал дээр судалж, хянах шаардлагатай байх тул шууд батлах-т боломжгүй байгаа талаар мэдэгдсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч компани тухайн байршил барилга барих хүсэлтээ өгснөөс хойш манай зүгээс хүсэлтийг нь судлаад 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн зөвлөлийн 28 дугаар хурлаар хэлэлцэж ******* дугаартай архитектур төлөвлөлийн даалгаврыг баталсан. Барилга байгууламжийг төлөвлөх, барих гэдэг нь үе шаттай ажлын зөвшөөрлүүд байдаг. Энэ үе шаттай ажлуудын хамгийн анхдагч нь газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд барилга барих хүсэлт гаргана. Газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээдийн хүсэлтийг судалж үзээд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулна. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зураг төсөл зохиогч Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д заасны дагуу загвар зургаа боловсруулна. Загвар зураг боловсруулж ирсний дараа тухайн загвар зураг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, загвар зураг зохиогч өөрөө хууль тогтоомж, норм, дүрмийг хангасан талаар танилцуулсны үндсэн дээр Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигддэг. Нэхэмжлэгчийн тухайд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн зөвлөлийн хурлаар загвар зураг нь хэлэлцэгдэж, зөвшөөрсөн шийдвэр гарсан байдаг.

Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг тодорхойлж өгсөн. Мөн Барилгын тухай хуулийн хуульд заасны дагуу бүрэн эрхийг олгосны дагуу Засгийн газрын 108 дугаар тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг баталсан байдаг. Уг дүрмээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг ерөнхий архитектур батлахыг хуульчилж өгсөн. Ерөнхий архитектур архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсны дараа дараагийн үе шатны захиргааны акт болгох загвар зургийг баталж өгдөг. Мэргэжлийн зөвлөлийн хурал гэдэг нь ерөнхий архитектур, мэргэжил арга зүйн хувьд зөвлөмж, санал хүргүүлж байгаа баг хамт олон юм. Үндсэн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Мэргэжлийн зөвлөлийн ирц хүрсэн тохиолдолд Мэргэжлийн зөвлөл хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий архитектурт танилцуулснаар Ерөнхий архитектур хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргадаг. Мэргэжлийн зөвлөлийн хурлын дүрмийг тухайн үеийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын тушаалаар баталсан байдаг. Дүрмийн хүрээнд Мэргэжлийн зөвлөлийн хурал үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий архитектурыг ёсчлон биелүүлнэ гэсэн заалт байхгүй.

Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичигтэй маргаж байгаа. Нэхэмжлэгч компани архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаас хойш Хот төлөвлөлтийн хэлтэстэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж, хоорондоо санал, зөвлөмж, шаардлагуудаа тавьсан байдаг. Ингээд шаардлагуудаа хангагдсаны дараа загвар зураг батлах ёстой. ******* гэсэн албан бичгээр загвар зургийг манай байгууллагын зүгээс судалж байгаа тул өнөөдрийн байдлаар батлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Норм дүрмийг хангасан эсэх талаар талуудын мэтгэлцээний явцад тодорхой болох байх.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь М ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэр, загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, загвар зураг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитектор даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр[1] Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан загвар зургийг батлуулах талаар хүсэлт өгсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр[2] Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан загвар зургийг батлуулах талаар хүсэлт гаргасан байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Загвар зураг зөвшилцөхгүй тухай №******* тоот албан бичгээр ...архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулж ирүүлсэн загвар зургийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 37 дугаар хэлэлцэж дэмжсэн санал гарсан...Иймд загвар зургийг манай байгууллагын зүгээс судалж, хянаж байгаа тул өнөөдрийн байдлаар батлах боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Хот байгуулалтын Мэргэжлийн зөвлөлийн 10 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар хурлын тэмдэглэлийн 9 дэх хэсгээс үзэхэд, М ХХК-ийн загвар зургийг батлахыг хурлын гишүүдийн 88.8%-ийн саналаар зөвшөөрсөн, дэмжсэн болох нь тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ. гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, барилгын загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ гэж шийдвэрлэх хугацааг тодорхой зааж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, загвар зургийг баталгаажуулах, эсхүл батлахаас татгалзсан хариуг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ гэж хуульд тодорхой заасан байх тул захиргааны байгууллага нь хуульд заасан ажлын 10 хоногийн хугацааг баримтлах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нь дээрх хуульд заасан хугацааг баримтлалгүй зөрчиж, одоог хүртэл маргаан бүхий загвар зургийг баталгаажуулах эсэхийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Загвар зураг зөвшилцөхгүй тухай №******* тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгөхдөө яагаад загвар зургийг батлах боломжгүй байгаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаагүй, тодорхойгүй хариу өгсөн байна.

Тодруулбал маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №******* тоот албан бичгээс үзэхэд, хариуцагч нь тодорхой ямар нөхцөл байдлуудыг хянан шалгаж байгаагаа, загвар зургийн аль хэсгүүдийг ямар хууль, норм, дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж байгаагаа буюу яагаад батлах боломжгүй шалтгаанаа заасан хариуг нэхэмжлэгчид өгөөгүй, тодорхойгүй ерөнхий шинжтэй хариуг өгсөн байна.

Үүнээс үзэхэд, дээрх 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №******* тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр М ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан шийдвэр, загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь төлөвлөж байгаа барилга хот төлөвлөлттэй холбоотой буюу барилга төлөвлөлттэй холбоотой холбогдох хууль, норм, дүрэмд заасан шаардлагыг хангаж байгааг нотлох

- О******* сургууль, цэцэрлэгийн цогцолбор ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хаягласан №2030 тоот албан бичиг,

- С ХХК //-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Санал хүргүүлэх нь 01/513 тоот албан бичиг,

- Т ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Тодорхойлолт гаргах тухай тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгч байна.

Дээрх баримтуудыг нэхэмжлэгч шүүхэд гарган өгч, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж байх тул нэхэмжлэлийн даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүх загвар зураг батлах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Ерөнхий архитектор даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн загвар зургийг батлахаас татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Загвар зураг зөвшилцөхгүй тухай №******* тоот албан бичиг болон загвар зураг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, уг загвар зургийг баталгаажуулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ