| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0190/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 196
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Цагаанцоожийн Ачхүүд холбогдох 1731000620082 тоот хэргийг шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт , Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2-р баг Булагтай 6-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Цагаанцоожийн Ачхүү /РД:МП96040916/
Шүүгдэгч Ц.Ачхүү нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Галагтай” буюу 16-гийн даваа гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг, 4 метрийн урттай нойтон нарс модыг ойд бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ц.Ачхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... 2017 оны 08 дугаар сарын 16-нд би Ганбат ахын машиныг гуйгаад Хүдэрбаатар ах болон найзтайгаа модонд 16-ийн даваа гэх газар явсан. Эрхийн зөвшөөрөлтэй үгүйг хэн хэнээсээ асууж ярилцаагүй байсан гэв.
2.Хохирогч Б.Батсүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүдэр сумын Оорцог нэртэй газар нь “Хангайн буудай” ХХК-ны ойн сан байгаа юм. Иргэн модыг огтлох эрх байхгүй......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
3.Иргэний нэхэмжлэгч Ц.Хүдэрбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Миний улаан өнгийн улсын дугааргүй тракторыг Ц.Ачхүү нь модонд авч явсан. Би трактороо нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Ж.Ганбатын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Миний эзэмшлийн улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн модонд авч явсан тул миний машиныг битүүмжилсэн байгаа. Иймээс би өөрийн машинаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
5.Гэрч Г.Энхтүвшингийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 17-ны өдөр хяналт шалгалтаар 16-н даваа нэртэй газарт шалгалт хийхээр хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тэр үед Зил 131 маркийн машин дээр 29 ширхэг нойтон нарсан гуалин ачсан байсан. Тэр үед машины ойр орчимд хүн байхгүй байсан. Удалгүй машины жолооч Ц.Ачхүү ирэхээр нь асуухад миний мод биш Хүдэрбаатарын бэлтгэсэн мод намайг гуйхаар нь би татаж өгч байгаа юм. Гүүр эвдэрсэн болохоор энд хоносон гэж хэлэхээр нь бид нар гоожин зөвшөөрлийг нь асуухад тийм юм мэдэхгүй гэхээр нь саатуулсан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/
6.Гэрч Т.Мөнхтуулын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Ц.Ачхүүгийн бэлтгэсэн модонд цагдаагийн хэсгийн хашаанд байхад нь хэмжилт хийсэн. 4 метрийн урттай 29 ширхэг модыг бэлтгэж буулгасан байдалтай байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
7.Гэрч Ц.Наранбатын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 08 сарын 16-ны өдөр Ачхүү Хүдэрбаатарыг модонд яваад өгөөч мод цагаалах гэсэн юм трактор олдохгүй байна мод бэлтгэх зөвшөөрөл байгаа гэж хэлээд гуйгаад байсан. тэгтэл Хүдэрбаатар зөвшөөрөлтэй юм модонд яваад ир гээд Үнэнхүү ах тракторыг нь бариад би мод хөрөөдөж өгөх гэж Хүдэрбаатарын хөрөөг аваад явсан. Би тухайн үед явахдаа архи уучихсан байсан учир дэлгүүрээс 2 шил 0.5 граммын Ерөөл архи аваад явсан. Замдаа Ууганбаяр гэж хөдөөний айлд орж архи гаргасан. Ууганбаяртай хамт уугаад тэндээ согтоод унтаад үлдсэн. Харин Үнэнхүү ах трактороо бариад цаашаа явсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
8.Гэрч Д.Эрдэнэбаярын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Ц.Ачхүү манай гэрт ирээд би анх удаагаа модонд явж үзэх гэж байна ханьтай яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрч Ачхүүгийн Зил 131 бор ногоон өнгийн машинд суугаад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа гэх газар руу явсан. Ууланд очиход Үнэнхүү ах трактортой ирчихсэн байсан. Бид хоёрыг очиход уулнаас 4 ширхэг урт нойтон нарс мод буулгаж ирсэн байсныг 4 метрээр тайрсан. Зил 131 машинд 29 ширхэг мод ачсан. Ачхүү бид хоёр модтой машинтайгаа сумын төв рүү явж байтал модон гүүр эвдэрсэн байсан тул машинаа тэндээ үлдээгээд замын машинд суугаад сумын төвд ирсэн. Тэгээд маргааш нь 2017 оны 08 сарын 17-ны өдөр буцаад машин дээрээ очоод байж байтал хэсгийн төлөөлөгч байгаль орчны байцаагч нар ирсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/
9.Гэрч Б.Үнэнхүүгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг гэртээ байхад Хүдэрбаатар ирээд Ачхүүгийн модыг цагаалах хэрэгтэй байна би гараа хугалчихсан трактор барьж чадахгүй байна гээд 2-3 хоног гуйсан. Би мод бэлтгэх зөвшөөрөлтэй юм уу гэхэд зөвшөөрөлтэй гэж байсан. 08 сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Хүдэрбаатар над руу утсаар яриад өнөөдөр нөгөө модондоо яваад ир гэхээр нь Би Хүдэрбаатарын улаан өнгийн тракторыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа гэх газар руу явсан. Тухайн үед хөрөөчинөөр Наранбат гэх залууг авч явсан ба замдаа архи уугаад хөдөө айлд үлдсэн. Тэгээд би ганцаараа уул руу явсан. Ингээд ууланд очоод уулнаас 3-4 ширхэг нойтон нарс модыг уулнаас трактороор чирч буулгаад доор бэлтгэсэн байсан моднуудын хамтаар 4 метрээр хөрөөдөж тайрсан. Эрдэнэбаяр, Ачхүү нар тайрсан модоо ачаад явсан. Би трактороо жолоодоод буцаад сумын төвд ирээд Хүдэрбаатарт тракторыг нь өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
10.Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн::
Хариулт 1: Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г ашиглан эзэлхүүний хэмжээг гаргаж, түүнд тулгуурлан экологи эдийн засгийн үнэлгээг тооцон гаргасан нь үндэслэлтэй байна.
Хариулт 2: Ц.Ачхүүгийн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон, бөөрөнхий нарс мод байна.
Хариулт 3: Монгол улсын ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “...иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх ..” гэж заасныг, мөн “Мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1 дэх хэсэгт “иргэн нөхөрлөл, ААН байгууллагад ойгоос мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Хариулт 4: Модны нийт эзэлхүүнийг Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г үндэслэн эзэлхүүнийг тооцоход 4 мертийн урттай 29 ширхэг нойтон нарс модны эзлэхүүн нь 7.12м3 болов.
7.12м3 хэрэглээний нойтон нарсан бөөрөнхий модны эколги эдийн засгийн үнэлгээ нь 7.12м3 *1.8*120.000=1.537.920 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 1.537.920*3=4.613.760 төгрөг болно...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Ц.Ачхүүгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Надад мөнгөний хэрэг гараад амралтын өдөр байсан учир зөвшөөрлийн бичиг авч чадалгүй уул руу явахаар болсон. Трактортой нутгийн ах Хүдэрбаатарыг модонд яваад өгөөч гэж гуйхад ах нь гараа хугалчихсан чадахгүй байна хүнээр трактороо бариулаад явуулъя гэж хэлсэн. Ингээд үнэнхүү ах трактор бариад Эрдэнэбаяр ахыг би аваад Ганбат ахын зарах гэж байсан зил 131 маркийн тээврийн хэрэгслийг унаад ууланд очоод 3-4 иод Үнэнхүү ах хөрөөдөж унгааад Үнэнхүү трактороор чирч буулгаад 4 метр урттай 29 ширхэг нойтон нарс модыг ачаад Хүдэр сум руу явж байтал төмөртэй голын гүүр эвдэрсэн байсан тул машинаа тэнд үлдээгээд Хүдэр суманд ирж хоноод маргааш нь машинаа авахаар Эрдэнэбартай хамт очоод байж байтал цагдаа байгаль орчны хүмүүс ирсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
12.Шүүгдэгч Ц.Ачхүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,
13.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
14.Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/
15.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, үнэлгээ /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/
16.Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
17.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
18.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,
19.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 85 дугаар хуудас/,
20.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/
21.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/
22.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Ачхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар Шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Цагаанцоожийн Ачхүүг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Галагтай” буюу 16-гийн даваа гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг, 4 метрийн урттай нойтон нарс модыг ойд бэлтгэж, тээвэрлэж, байгаль экологид 4 сая, 613 мянга, 760 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч болон хохирогчийн тавьсан хүсэлт, мөрдөн байцаагчийн прокурорт өгсөн санал, Прокуророос шүүхэд шилжүүлэхдээ гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлж барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгосон байдлууд хангагдсан байна.
Иймээс Боржигон овогт Цагаанцоожийн Ачхүүг холбогдох 1731000620082 дугаартай эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэв. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг мөнгө олох зорилгоор үйлдсэн талаар тайлбарлажээ. Энэ байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ц.Ачхүү ойгоос хууль бусаар бэлтгэсэн 7.12м3 нойтон нарс модны эколги эдийн засгийн үнэлгээг 7.12м3 *1.8*120.000=1.537.920 төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын нийт үнэлгээ нь 1.537.920*3=4.613.760 төгрөгөөр тогтоосныг баримтлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Дээрхи хохиролыг шүүгдэгч Ц.Ачхүүгээр бүрэн гүйцэд төлүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шинж байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Ачхүүг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас Прокурорын оногдуулахаар санал болгосон 500 нэгжээр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай 29 ширхэг нойтон нарс модыг улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг устгаж, битүүмжилсэн улаан өнгийн МТЗ-80 тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Ц.Хүдэрбаатарт, бор ногоон өнгийн Зил 131 маркын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Ж.Ганбатад тус тус олгох нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Ачхүүгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цагаанцоожийн Ачхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цагаанцоожийн Ачхүүг 500 /таван зуун тавь/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ачхүүгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ц.Ачхүү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шийлжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай 29 ширхэг нарсан модыг хурааж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Улаан өнгийн МТЗ-80 тракторыг битүүмжлэлээс чөлөөлж жинхэнэ эзэмшигч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, 2-3 тоотод оршин суух Ар тогоруутан овогт Цогцэцэгийн Хүдэрбаатарт, бор ногоон өнгийн Зил 131 маркын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг 4-5 тоотод оршин суух Чингис овогт Жанчивын Ганбатад тус тус буцаан олгосугай.
9.Ц.Ачхүүд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ