| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2213002760227 |
| Дугаар | 2023/ДШМ/05 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/05
Н.У-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолтой,
шүүгдэгч Н.У-т холбогдох эрүүгийн 2213002760227 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Н.У-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогч Л.В-, хохирогчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн, **настай, Ээй, ***боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н. У- /**********/ нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 02 дугаар багийн нутаг “Э” гэх газарт хохирогч Л.В-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт хамаарах гэмт хЭ холбогджээ.
2. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 182 дугаар яллах дүгнэлтээр Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолоор:
3.1. Шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.У-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.У-т сануулж,
3.5. Шүүгдэгч Н.У- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,
3.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.У-аас 93100 (ерэн гурван мянга нэг зуу) төгрөг гаргуулан хохирогч Л.В-т олгож,
3.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.В-ын 4801816 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хохирогч Д.В-ын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа нэг талыг баримталж, хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй.
4.2. 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мал маллаад явж байхад Н.У- манай эдлэн газарт мал хариулаад явж байхад би “Энэ газарт малаа битгий хариул” гэж хэлэхэд Н.У- миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тухайн үед толгой өвдөж ухаан санаа самуурсан байхад хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй. Тэгээд гайгүй болоход гэр рүүгээ харьсан. Нэг мэдтэл Н.У- наад руу дөхөж ирээд намайг заамдаж аваад баруун гараараа миний хамар тус газар нэг удаа цохиж авсан. Тэгээд тэрхэн хооронд хэсэг хугацаанд манараад хэсэг хугацаанд юу болсныг анзаарсангүй. Тухайн үед манай охин уйлж байсан чимээ сонсогдсон. Н.У- нь намайг нэг удаа цохиогүй, намайг ухаан балартал хэд хэдэн удаа цохисон байх. Ямар ч байсан ухаан орох үед У- нь намайг заамдсан байдалтай байсан ба миний хамраас их хэмжээгээр цус гарсан, нүүр хэсгээр нэлээн хөндүүр болчихсон байдалтай байхаар нь би Н.У-т “за болъё, манай охин уйлж байна” гэж хэлэхэд тэр намайг тавьчихсан.
4.3. Л.В- би Ховд аймагт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний хүртэл 7 хоногийн хугацаанд Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвд эмчлүүлж, хагалгаанд орсон. Эхний өдөр хагалгаанд ороод тэгээд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн.
4.4. Ховд аймагт эмчлүүлэх хугацаанд Б- гэх залууд өөрийнхөө нэр дээрх 1321 тооны малаа 1 сарын хугацаанд хөлсөөр маллуулсан байсан.
4.5. Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Л.В- надтай уулзаад би хүнд зодуулчхаад Ховд аймагт хагалгаанд орохоор явж байна, чи миний малыг нэг сар маллаад өгөөч, хөлсийг нь малын тоогоор өгье гээд нэг толгой бог малыг 2500 төгрөгөөр тохиролцоод 1321 тооны малыг сарын хугацаанд 3.300.000 төгрөгөөр маллаж өгөхөөр болж, тэр өдрөөс хойш Л.В-ын бог малыг маллаж байгаа. Мал малласан хөлс болох 3.300.000 төгрөгийг авсан” гэж мэдүүлэг өгч, гэрчилж өгсөн байхад иргэний хэргийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисонд маш их гомдолтой байна.
4.6 Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/193 тоот дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон агуулгыг шийдвэрлэж өгнө үү.
5. Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Манай суманд 1317 тооны малтай хүн байхгүй. 900 тооны малтай хүн байгаа. Л.В- улсын аварга малчин болохын тулд хамаатан садны хүмүүсийн малыг тоолуулсан. Одоогийн байдлаар хохирогчийн малын тоо 400-500 тооны мал дутна. Хохирогчид 1317 тооны мал байхгүй. Би Улаанбаатар хотод очиж ажил хийдэг. Сарын цалин маань 1,500,000 төгрөг. Нэг сард хүнээр малаа маллуулж 3,300,000 төгрөг төлсөн гэж бодоход мал маллаж ямар хэрэг байна. Хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Б- нь миний үеийн залуу. Нэг удаа уулзах үед Л.Б- хохирогч надад 3300000 төгрөг өгөөгүй гэж хэлж байсан. Ховд аймагт эмчилгээнд явахдаа хажуу айлын гэрт малаа захиж явсан. Өөр хүнээр мал маллуулаагүй. Эмчилгээгээ хийлгэж ирсний дараа малаа өөрөө малласан.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Баян-Өлгий аймгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина би Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн холбогдох заалтуудад тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон Н.У-т холбогдох 2213002760227 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч Л.В-аас гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.
6.2. Шүүгдэгч Н.У-т холбогдох хэргийг прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 182 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийг Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Тус шийтгэх тогтоолыг хохирогч Л.В-ын зүгээс гэмт хэргийн хохирогч болсноос үүдэлтэй үүссэн хор уршиг, гаргасан зардлыг шүүхээс хэлэлцэхгүй орхилоо гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалттай холбоотой давж заалдах гомдол гаргасан байна.
6.3. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргасан. Эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт, шатахуун худалдаж авсан баримт, Л.Б-т хохирогч Л.В- 1 сарын хугацаанд мал маллуулсны хөлс 3300000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтуудыг хавсаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Хохирогчийн зүгээс хохирол, хор уршиг гарсан гэж баримтаа гаргаж өгсөн боловч шүүхээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг өөрийнхөө дотоод итгэлээр үнэлээгүй. Харин үнэлээгүй нотлох баримтыг хэлэлцэхгүй орхиогүй.
6.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-т “Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцээгүй орхисны холбогдлын” талаар зааж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааж өгсөн. Анхан шатны шүүхээс Л.Б-т 3300000 төгрөгийг ямар үндэслэлээр шилжүүлсэн, тухайн мөнгийг шилжүүлсэн баримт дээр мөнгөн шилжүүлгийн утга хэсэгт ямар зорилгоор шилжүүлсэн нь бичигдээгүй. Мөн шатахууны баримтыг гаргаж өгсөн боловч хэзээ ямар зорилгоор зарцуулсан гэдэг нь тодорхой бус гэдгийг шийтгэх тогтоолд тайлбарлаж өгсөн.
6.5. Хохирогчийн зүгээс гаргаж байгаа миний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг дахин шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хохирогч гарсан хохирол, хор уршгийн баримтыг дахин бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх саналыг гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогчийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
8. Шүүгдэгч Н.У-т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслээд хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
9. Шүүгдэгч Н.У- нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 02 дугаар багийн нутаг “Э” гэх газарт хохирогч Л.В-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
- Хохирогч Л.В-ын эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 20-28 дахь тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/
- Хохирогч Л.В-ын “...Н.У- миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тухайн үед толгой өвдөж ухаан санаа самгардсан байхад хэд цохисон эсэхийг мэдээгүй. Тэгээд гайгүй болоход гэр рүүгээ хариад явсан. ...Нэг удаа гараараа нүүрэн тус газарт цохисон. Тухайн үед би ухаан санаа түр сарнисан байдалтай байсан бөгөөд дараа дахиж цохисон эсэхийг мэдэхгүй байна. ... нэг мэдтэл Н.У- над руу дөхөж ирээд намайг заамдаж аваад баруун гараараа миний хамар тус газар нэг удаа цохиж авсан. Тэгээд тэрхэн хооронд би хэсэг ухаан манараад хэсэг хугацаанд юу болсныг анзаарсангүй. Ямар ч байсан миний охин уйлсан дуу чимээ сонсогдсон. У- нь тэр үед намайг нэг удаа бол цохиогүй, намайг ухаан балартах хооронд хэд хэдэн удаа цохиж авсан байх. Ямар ч байсан ухаан орох үед У- нь намайг заамдсан байдалтай байсан ба миний хамраас их хэмжээгээр цус гарсан, нүүр хэсгээр нэлээн хөндүүр болчихсон байдалтай байхаар нь би У-т “за одоо больё, охин маань уйлж байна” гэж хэлэхэд тэр намайг тавьчихсан. ...Ховд аймагт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвд эмчлүүлж хагалгаанд орсон. Эхний өдрөө хагалгаанд ороод тэгээд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээнд 417,700 төгрөгийн зардал гарсан. ...Эм, эмчилгээний хэрэгсэл авахад 93,100 төгрөгийн зардал гарсан. ...шатахууны зардалд 1,298,166 төгрөг гарсан. ...Ховд аймагт эмчлүүлэх хугацаанд Б- гэх залууд өөрийнхөө нэр дээрх 1321 тооны малаа 1 сарын хугацаанд хөлсөөр маллуулахад 3,300,000 төгрөг гарсан. ...Нийтдээ 5,108,966 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93, 95-96 дахь тал/,
- Гэрч Л.Б-ын “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр В- надтай уулзаад би хүнд зодуулчхаад Ховд аймагт хагалгаанд орохоор явж байна, чи миний малыг нэг сар маллаж өгөөч хөлсийг нь малын тоогоор өгье гээд нэг толгой бог малыг 2500 төгрөгөөр тохиролцоод 1321 тооны малыг сарын хугацаанд 3,300,000 төгрөгөөр маллаж өгөхөөр болж тэр өдрөөс хойш В-ын бог малыг маллаж байгаа юм. ...Мал малласан хөлс болох 3,300,000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,
- Гэрч А.А-ын “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цайны цагийн үеэр 13 цаг дөхөж байтал цагдаагийн хэсэгт А сумын 2 дугаар багийн иргэн Л.В- хүрч ирээд бусдад зодуулчихлаа гэсэн гомдол мэдүүлж орж ирсэн. Тухайн үед түүний хамар, нүд хэсэг нь хавдчихсан байдалтай байхаар нь би тэр хүний нүүрний зургийг утсаараа дарж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,
- Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “...Иргэн Л.В-ын биед тархины доргилттой, баруун доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус цус хуралттай хавдартай, баруун хацарт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, баруун хацарт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бүгд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Л.В-ын биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 713 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
- Шинжээч К.Хайратын “...Дээрх гэмтлүүд бүгд нийлээд хөнгөн гэмтэлд хамаардаг бөгөөд тус тусдаа гэмтэл үүссэн ч гэсэн тархины доргилт хавсарч үүссэн учраас адилхан хөнгөн гэмтэлд хамаарна. ...хоёр буюу түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, өөрөөр хэлбэл гар хатуу мохоо зүйлд хамаардаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 45-87 дахь тал/,
- Яллагдагч Н.У-ын “...Тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...тэр хүний нүүр рүү гараараа нэг, хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
10. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.У-ын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмыг хангасан байна.
11. Шүүгдэгч Н.У-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Н.У-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Шүүгдэгч Н.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.В-ын биед тархины доргилттой, баруун доод, дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, баруун хацарт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, хамрын нуруунд мурийлттай, хавдартай буюу хөнгөн ангиллын зэрэгт хамаарах гэмтэл учирсан бөгөөд тэрээр 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвд эмчлүүлж, хамрын таславч мурийлтыг засах мэс засалд орж эмчлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
13. Хохирогч Л.В- нь “... Ховд аймагт эмчлүүлэх хугацаанд Б- гэх залууд өөрийнхөө нэр дээрх 1321 тооны малаа 1 сарын хугацаанд хөлсөөр маллуулсан. Энэ нь гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд ... мэдүүлэг өгч, гэрчилж өгсөн байхад иргэний хэргийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисонд маш их гомдолтой ....шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон агуулгыг шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон түүний үр дагаварт хүргэсэн шалтгаант холбоо, түүнчлэн тухайн гэмт хэргийг өдүүлэх болсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэгэн үндсэн нөхцөл мөн бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг тодорхойлох эл нөхцөл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах шударга ёсны шалгуур үзүүлэлтүүдийн нэг байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
14. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Шүүгдэгч Н.У-ын хувьд хохирогч Л.В-ын хамар тус газар гараараа цохисон гэмт үйлдэл болон түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол үүссэн хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогч Л.В- нь уг гэмтлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, улмаар Ховд аймагт очиж хамрын мэс засалд орсон нь баримтаар тогтоогдсон байна.
15. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн ялгааг нарийвчлан тодорхойлж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.
16. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан хохирогчид учирсан хохирол болон хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардал, төлбөрийн баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Л.В- нь (1) эмчилгээнд гарсан зардалд 417,700 төгрөг, (2) эм хэрэгсэлд гарсан зардалд 93,100 төгрөг, (3) шатахууны зардалд 1,298,166 төрөг, (4) эмчилгээнд явсан хойгуур малаа маллуулсан зардалд 3,300,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд үүнээс анхан шатны шүүх эмчилгээний зардал 417.000 төгрөгийг шүүгдэгч төлснийг дурдаж, эм хэрэгсэлд гарсан 93,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогчийн үлдсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
17. Хавтаст хэрэгт хууль сануулж авагдсан гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Л.В- надтай уулзаад би хүнд зодуулчхаад Ховд аймагт хагалгаанд орохоор явж байна, чи миний малыг нэг сар маллаад өгөөч, хөлсийг нь малын тоогоор өгье гээд нэг толгой бог малыг 2500 төгрөгөөр тохиролцоод 1321 тооны малыг сарын хугацаанд 3.300.000 төгрөгөөр маллаж өгөхөөр болж, тэр өдрөөс хойш Л.В-ын бог малыг маллаж байгаа юм. 11 сарын 02-ны өдөр мал маллах хугацаа дуусах болно. Мал малласан хөлс болох 3.300.000 төгрөгийг өнгөрсөн 7 хоногт авсан бөгөөд В- уг мөнгийг миний данс руу банкнаас шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/, хохирогч Л.В-ээс гэрч Л.Б-ын ******** дугаартай данс руу 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус үндэслэн хохирогч Л.В-ын хор уршигт нэхэмжилсэн 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, энэ талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлыг хангав.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй” гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад, гэрчийн мэдүүлэг болон ХААН банкны дансны хуулга зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Л.В- нь өөрийн мал маллуулсан хөлс болох 3.300.000 төгрөгийн хохирлыг нотолсоор байхад шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар “уг шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй байх тул тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
19. Хохирогчоос нэхэмжилсэн шатахууны зардал гэх 1,298,166 төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршигт тооцох хангалттай нотлох баримтгүй, түүнчлэн хохирогч Л.В- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “мал маллуулсны хөлс 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан авбал өөр хохиролгүй болно” гэх тайлбар гаргасныг харгалзан үзэж, түүний шатахууны зардал 1,298,166 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, 7 дахь заалтыг хүчингүй болгож, хохирогч Л.В-ын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “93100 /ерэн гурван мянга нэг зуу/ гэснийг “3.393.100 /гурван сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуу/ гэж өөрчилж, тус заалтад “иргэний нэхэмжлэлээс 1,298,166 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, 7 дахь заалтыг хүчингүй болгож, 8 дахь заалтын дугаарыг 7 гэж, 9 дэх заалтын дугаарыг 8 гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Л.В-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК