Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК,

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар,

Маргааны төрөл: Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд баригдсан үйлчилгээтэй, 12 давхар орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улсын комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагаа Х ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгах гэж тодруулсан.

 

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр Хотын стандарт, хяналтын газарт хандан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлалтай 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил бүрэн дууссан тул барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулж өгөх тухай хүсэлтийг гаргасан байна.

2.2.Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр ...уг барилга нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

2.3.Нэхэмжлэгч Х ХХК нь дээрх хариуг эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Х шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Х ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газартаа үйлчилгээтэй 12 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн. Хуульд заасны дагуу ажлыг гүйцэтгэж дуусмагцаа тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтээ гаргасан ба 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр комисс ажиллаж, комиссын гишүүдийн саналын дагуу барилга байгууламжийг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэсэн. Бид үүрэг даалгаврын биелэлтийг хангаж дүгнэлтээ гаргуулахад үүрэг даалгаврын биелэлт хангах хугацаа хэтэрсэн байсан. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан боловч Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчсөн байгааг дурдаж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Дээрх татгалзлаас болж Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5, 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4-т заасан шаардлагад нийцсэн орон сууцанд аюулгүй амьдрах, захиран зарцуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалт болон бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн тул барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийдвэртэй, дугаар нэгж талбарын дугаартай газартаа А ХХК-ийн боловсруулсан дугаар шийдвэртэй зураг төслийн дагуу 12 давхар орон сууцны барилгын ажлыг барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй Ө ХХК-иар гүйцэтгүүлсэн. Хуульд заасны дагуу ажлыг гүйцэтгүүлж дуусмагцаа тухайн үеийн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр комисс ажиллаж, комиссын гишүүдийн саналын дагуу барилга байгууламжийг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Х ХХК нь үүрэг даалгавраа биелүүлж дуусаад комисст хандсан боловч аль хэдийн үүрэг даалгаврын биелэлт хангах хугацаа хэтэрсэн байсан. Үүнээс хойш хүсэлт гаргаагүй явж байгаад дахин 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр комисс ажиллуулах хүсэлт гаргасан. Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчсөн байна гэдэг хариу өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч компани шүүхэд хандсан.

Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан байдаг. Гэтэл Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны дугаар албан бичиг нь ямар үндэслэл, шалтгаанаар татгалзаад байгаа нь тодорхойгүй байсан. Хариуцагч нь орон сууц захиалагчид болон Х ХХК-ийн Барилгын тухай хуульд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах, түүний дагуу үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулах, бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, хуулийн дагуу стандарт, дүрмийн шаардлага хангасан орон сууцад аюулгүй амьдрах, захиран зарцуулах эрх ашгийг нь зөрчиж байгаа. Өмнөх шүүх хурлууд дээр хариуцагч тал татгалзлаа тайлбарлахдаа Х ХХК барилгын ажлын зөвшөөрөлгүй учраас комисс ажиллуулах боломжгүй гэсэн. 2024 оны сүүлд ирсэн баримтаар Х ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлтэй гэдэг нь нотлогдож байгаа учраас хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэж байна. Х ХХК-д ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичигт Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хэсгийг зөрчсөн байна гэж тайлбарласнаас биш татгалзаад байгаа, эсхүл ажиллахыг нь хориглоод байгаа эсэх нь ойлгомжгүй, энэ талаар ямар ч тодорхой зүйл тусгаагүй байсан. Тийм учраас хууль бус гэж үзэж байгаа. Манайх архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан бөгөөд Х ХХК-ийн нэр дээр олгосон. Үүрэг даалгаврын биелэлтийн хугацаа дуусахад газрын гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байсан. Газрын гэрчилгээ сунгуулах хүсэлтээ удаа дараа өгөөд 2022 онд газрын гэрчилгээ гарсан. Ямар шалтгаанаар удаасныг мэдээгүй. 2022 онд газрын гэрчилгээгээ аваад дахиад комисс ажиллуулах хүсэлтээ гаргая гэтэл Ковид-19 цар тахлын хөл хорионоос болоод бид нар ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод хүсэлтээ гаргаж чадаагүй. Тиймээс 2023 онд хүсэлтээ дахин гаргасан. Түүнчлэн Ковид-19 цар тахлын үеэр орон сууц захиалагч нар амьдрах газаргүй байна гээд захиалагч нарын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх үндсэн дээр бид айл өрхүүдийг орон сууцанд оруулсан. Хариуцагч талаас Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журамд зааснаар шүүхийн шийдвэр гарсны үндсэн дээр комисс ажиллуулна гэдэг зүйлийг ярьсан. Тухайн албан бичиг хууль бус байсан учраас нэгэнт шүүхэд хандаж тухайн албан бичгийг хууль бус гэдгийг нь тогтоолгож, комисс ажиллуулахыг даалгах шаардлага гаргасан. Хариуцагч талаас Барилгын тухай хуульд заасан орон сууц захиалагч нар нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах, түүний дагуу үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулж, бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Х ХХК ашиглалтад ороогүй барилгад айл өрх оруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийхээ дагуу холбогдох торгууль, төлбөрийг хууль журмын дагуу төлнө. Нэгэнт айл өрх орчихсон, 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг ашиглалтад оруулаад өгөөч ээ гэдэг үүднээс шүүхэд хандсан. Надад байгаа баримт нь ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас байна. Төрийн бодлого шийдвэрийн нийцэл, байршил, түүнтэй холбогдох шалгуурууд, төслийн байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээ, нийгмийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээ гээд бүх үнэлгээнүүдийг нь заагаад нэгтгээд гаргасан дүгнэлт байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу тус барилгыг ашиглалтад оруулах, комисс ашиглуулах шийдвэр гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

3.3.Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХХК-ийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн комиссын дүгнэлтийн дагуу үүрэг, даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэхэд уг компани нь хуулийн дагуу үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд үүрэг, даалгаврын биелэлтээр барилгыг ашиглалтад оруулах харилцаа дуусгавар болсон байна. Харин 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргасан бөгөөд манай газраас 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр хариу өгөхдөө Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, мөн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 10.3 Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заасны дагуу комисс ажиллуулахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд захиргааны байгууллагаас тоот албан бичгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байхад хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь буруу байна. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4 дэх заалтууд нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах шийдвэр гаргахаас өмнөх харилцаанд буюу хүсэлт гаргахад захиалагчийн зүгээс хавсаргах материалыг зааж өгсөн зохицуулалт юм. Хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалт нь Засгийн газрын зүгээс барилга, байгууламжийг ашиглалтад оруулах, зөвшөөрөл олгох харилцааг зохицуулахад хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд барилга, байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзсан тоот албан бичиг нь дээрх заалтуудыг зөрчих боломжгүй байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн талаар тодорхойлоогүй байна.

...Нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн гэдэг нь харагдаж байгаа бөгөөд мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Барилга, байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас(Хотын стандарт, хяналтын газрын даргын 2022 оны А/15 дугаар тушаалаар барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцах илтгэх хуудсаар урьдчилсан байдлаар хийх үзлэг)-аар барилгын ажлын зөвшөөрөлгүй гэдэг нь нотлогддог. Иймд Х ХХК нь барилгын ажлын зөвшөөрөл аваагүй нь түүний хууль ёсны эрх, ашиг, сонирхлоо хамгаалуулах боломжгүй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хуулиар хамгаалуулах эрхгүй байна. Мөн дугаартай Улсын комисс ажиллуулах тухай хүсэлтийн хавсралтад өгөгдсөн материалын Захиалагчийн дүгнэлт хэсэгт гүйцэтгэгч нь Өндөр буянт холдинг ХХК (барилгын угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй) бөгөөд, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтэд гүйцэтгэгч нь Х ХХК (тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар тодорхойгүй, эсвэл байхгүй) гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3.4.Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д дуусаагүй, дууссан боловч ашиглалтад ороогүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс манай байгууллагын албан бичиг хууль бус биш. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын дагуу гаргасан албан бичиг. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын татгалзал хууль бус биш байна. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан, хуулийн 35.1.6-д зааснаар энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх юм. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 861 дүгээр захирамжийн хүрээнд Хотын стандарт, хяналтын газарт эрх олгогдоод комиссын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Манай байгууллагад эрх олгогдсоны үндсэн дээр газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаалаар барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцах илтгэх хуудас гээд гүйцэтгэлийн үйл ажиллагаатай танилцах хуудсыг баталсан. Энэ батлагдсан хуудасны хүрээнд манай газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Х ХХК-ийн барилга дээр очиж ажилласан. Хэргийн материалын 1******* дүгээр хуудаст байгаа илтгэх хуудаст бүх ажлууд нь дууссан эсэхэд хяналт хийсэн. Барилгын гадна заслын ажил бүрэн дууссан эсэх дээр хийгдсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, дулаан хангамж нь байна, цэвэр бохир усны хангамж нь байна. Өргөх байгууламж буюу кран, лифтэнд улсын байцаагчийн хийгдсэн техникийн магадлалын акт баталгаажсан эсэх дээр байгаагүй юм байна. Барилгын дотор засал дууссан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангаагүй, орчны тохижилт бүрэн дуусаагүй. Орц гарцыг зураг төслийн дагуу бүрэн хийгээгүй байна. Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт байна. Захиалагчийн барилгын дүгнэлт байна, барилгын ажлын зөвшөөрөл дээр байхгүй байна гэсэн хэсгийг зурж тэмдэглэсэн байна. Мөн барилгын захиалагчийн нэр шилжсэн тохиолдолд баримт нотолгоог бүрдүүлсэн эсэх гэтэл үгүй байна. Газрын баримт бичиг зөрчилтэй эсэх дээр зөрчилгүй байна гэж илтгэх хуудаст тэмдэглэгдсэн байна. Комисс ажиллахаас өмнө урьдчилаад бүх үйл ажиллагаатай нь очиж танилцаж, шалгасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу аливаа нэг гомдол ирсэн, асуудал үүссэн бол мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар очиж ажиллах үндэслэл бүрддэг. Энэ хэрэг дээр эхнээсээ авхуулаад дуусталх бүх үйл ажиллагаа ямар байсан талаарх мэдээлэл яг одоогоор надад байхгүй. Тухайн үед комиссын гишүүд ажиллаад дүгнэлтээ гаргасан.

2015 онд ажилласан комиссын хувьд одоогийн манай байгууллагад хамааралгүй. Манайх зөвхөн эрх залгамжлалаар орж ирж байгаа. Тухайн үеийн комиссын гишүүдийн зүгээс нэг бол тухайн барилгыг ашиглалтад оруулна гээд өөрийн нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрнө, нэг бол ашиглалтад оруулахаас татгалзана. Тухайн улсын байцаагчийн гаргаж байгаа шийдвэрийн хувьд хажуугаас нь оролцох, одоогийн байдлаас дүгнэлт хийх боломжгүй. Манай байгууллагаас өмнө эдгээр комиссын гишүүд ажиллаж байсан. Одоо манай байгууллагын баталсан бүрэлдэхүүн ажилладаг болсон. Засгийн газрын 212 дугаар тогтоолын 10.2-т комиссын гишүүн батлагдсан зураг төсөл болон холбогдох хууль, дүрэм, журам, норм дүрмийн шаардлагад нийцэхгүй үүрэг даалгавар өгсөн бол хариуцлага хүлээнэ гэж зааснаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан захиргааны байгууллага нь улсын байцаагчид байгаа юм.

2015 онд ажилласан комиссын гишүүд тухайн үед яаж дүгнэсэн байна гэдгийг манай байгууллага шалгана. Комиссын нэг гишүүн барилгын ажлын зөвшөөрөлгүй байна гэж дурдсан хэр нь комисс ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байсан. Энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх нь асуудалтай. Мөн ашиглалтад оруулъя гэсэн шийдвэр нь ажлын 14 хоногийн дотор хүчинтэй. Тиймээс одоогийн нөхцөл байдалд тухайн үеийн комиссын ажилласан шийдвэр хугацаа нь дууссан учраас хэрэгт ач холбогдолгүй гэж манай байгууллагын зүгээс үзээд дахин комисс ажиллах үндэслэл бүрдсэн байна гэж дүгнэсэн. Ингээд хүсэлтийг хүлээж аваад удирдлагын баталсан илтгэх хуудасны дагуу урьдчилан очиж шалгалт хийхэд мөн барилгын ажлын зөвшөөрөлгүй гэдэг нь чеклэгдсэн байсан.

Өмнөх шүүх хурлууд дээр танайх барилгын ажлын зөвшөөрөлгүй байсан байна шүү дээ гээд хариуцагчийн зүгээс хэлээд байдаг. Гэтэл яг тодорхой хариу хэлэхгүй байсаар байгаад анхан шатын шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхээр хүчингүй болгосон хойно гаргаж өгөхгүй болохоор нь шүүхэд хүсэлт гаргаж, нотлох баримтаар барилгын ажлын зөвшөөрлийг авсан. Энэ зөвшөөрлөө өмнөх шатны шүүх дээр гаргаад өгсөн бол энэ хүртэл хугацаа алдаж явахгүй. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2014 онд дуусахаар байсан. Тиймээс тухайн үед комисс хугацаандаа ажилласан байна.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-д барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан ил далд ажлын актыг баталгаажуулах гэж зааж өгсөн. Тэгэхээр захиалагч бүхий л үе шатанд хяналтаа өөрөө тавина. Ил далд ажлын актыг бүх л үед баримтжуулна. Энэ баримтжуулсан баримтаа Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.2-т зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа хавсаргаж өгөх ёстой. Нийслэлийн Засаг даргын 861 дүгээр захирамжийн хүрээнд, комиссын дарга нь манай байгууллагын дарга, бусад байгууллагуудаас гэвэл Онцгой байдлын газар, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газар, Архивын байгууллага, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл зэрэг арваад байгууллагын төлөөллөөс очоод бүгд өөр өөрсдийнхөө зүгээс үзээд, захиалагчийн цуглуулсан ил, далд ажлын актыг улсын байцаагч үзэж, дүгнээд үүрэг даалгаврын биелэлт хэсэгт ашиглалтад оруулна, оруулахгүй талаарх дүгнэлтээ бичдэг. Энэ ажиллагааг хийлгүүлнэ гээд нэхэмжлэл гаргаад байгаа. Эрх зүйчийн хувьд захиргааны актад үндэслэлүүдийг тодорхой тусгасан байх ёстой байсан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ албан бичгээр ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг хариуцдаг хэлтэс хариугаа өгсөн байсан. Энэ дээр миний зүгээс маргахгүй.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг үндэслэн Улсын комисс ажиллаагүй байхад айл оруулсан үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. Нэгэнт баригдсан барилга учраас комисс ажиллуулахгүй бол барилга эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй. Тэгэхээр шүүхээр шийдвэрлэхэд комисс ажиллуулахаас татгалзаад байх юм байхгүй. Комисс ажилласан ч байнгын ашиглалтад авахгүй гэсэн шийдвэр гаргах боломжтой. Комиссын гишүүд ажиллаад холбогдох зүйлүүдээ шалгаад дүгнэлтээ гаргана. Нэхэмжлэгч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй байсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байсан. Улсын комисс ажиллаагүй байхад айл оруулсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан зүйл одоогоор байхгүй. Хэрвээ шүүх даалгавал комисс ажиллаж, энэ асуудлыг захиргааны байгууллага бие даан шийдэх боломжтой боловч Засгийн газрын 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтаар манай байгууллагад хязгаарлалт тогтоосон. Хэрвээ бид шууд бие даан шийдвэр гаргаад комисс ажиллуулбал Засгийн газрын тогтоол зөрчсөн болно. Одоо хүртэл энийг хүчингүй болгох эсэхэд захиргааны байгууллага дотроо маргаантай байдаг. Гэвч нөгөө талаас нэхэмжлэгч өөрсдөө хууль зөрччихөөд шүүхэд нэхэмжлэл гаргаад комисс ажиллуулахыг даалгах гээд байна. Нэг ёсондоо хуулийг хавтгайруулах нөхцөл байдал үүсгээд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс маргаад байгаа асуудал нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа гэхээсээ илүү тухайн Х ХХК-ийн өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тодруулсан Х ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр нэг талаас Х ХХК/захиалагч/, нөгөө талаас Ө ХХК/гүйцэтгэгч/ нар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Оюутны нийтийн байр-ны барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, улсын комиссын актаар захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Х ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Э.Т******* буюу Ө ХХК-тай холбоогүй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу маргаан бүхий зоорьтой 12 давхар Оюутны дотуур байрны барилгын ажлыг 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхэлж, 2013 онд гадна дүүргэлтийн ажил, 2014 онд гадна фасадын ажил, 2015 онд засал, дэд бүтцийн тоноглолын ажлууд хийгдэж дууссан болох нь Барилга угсралтын явцад захиалагчийн хяналт хийсэн тухай дүгнэлт[1]-ээр нотлогдож байна.

Гэвч барилгын ажил гүйцэтгэгч Ө ХХК-д Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай Барилга угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосноос үзвэл 2011-2014 онд барилгын ажил гүйцэтгэгч Ө ХХК-д барилгын ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдоогүй байжээ.

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах урьдчилсан комиссын 19 гишүүн маргаан бүхий барилга дээр ажиллаж үүрэг даалгаврын биелэлт болон ажлын биелэлтээр ашиглалтад оруулах саналыг[2] гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл үүрэг даалгаврын биелэлтийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн маргаан бүхий барилгын доорх газрын гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, улмаар 2022 онд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гарч, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр Х ХХК-иас Хотын стандарт, хяналтын газарт хандан маргаан бүхий орон сууцны барилгад Улсын комисс ажиллуулах хүсэлт гаргажээ.

Хүсэлтийн дагуу Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Оюутны нийтийн байр-ны барилга байгууламжид ажилласан бөгөөд Барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас[3]-аар маргаан бүхий барилга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан байх, орчны тохижилт бүрэн дууссан байх, орц, гарцыг зураг төслийн дагуу бүрэн хийсэн байх, барилгын ажлын зөвшөөрөл авсан байх, барилгын захиалагчийн нэр шилжсэн тохиолдолд баримт, нотолгоог бүрдүүлсэн байх, орчны аюулгүй байдлын мэдээллийн санд барилга байгууламжийн мэдээлэл оруулсан байх үндсэн шаардлагыг хангаагүй, түүнчлэн барилга байгууламжийг ашиглаж, айл оруулсан болох нь тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр ...уг барилга нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь заалтыг зөрчсөн байна гэх хариуг хүргүүлжээ.

 

Хоёр.Хууль хэрэглээний тухайд:

Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 32.1.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах гэж заажээ.

Засгийн газрын 2012 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2.3-т Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, хавсаргасан байна, 4.1-д Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна. гэж зааснаар захиалагчийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдэл, шаардлагыг хангасан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулахаар байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд захиалагч Х ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Улсын комисс ажиллуулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл/48.5.1/, барилгын ажлын ил, далд ажлын акт/48.5.2/, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт/48.5.3/, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл/48.5.5/, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт/48.5.4/, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл/48.5.6/, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт/48.5.7/ зэрэг хавсаргавал зохих баримт бичгийг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий Хотын стандарт, хяналтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Х ХХК-ийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай хүсэлт, түүнд хавсаргасан баримууд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй үндэслэлээр бус, харин ашиглалтад оруулаагүй барилгад иргэдийг оруулж ашигласан нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 37.6-д заасныг зөрчсөн гэж үзэж татгалзсан байна.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглох заалтын зорилго нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахад оршино.

Нэхэмжлэгч талаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан барилгын захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, амьдрах нөхцөлөөр хангах зорилгоор тухайн барилгад иргэдийг оруулсан гэж тайлбарлах хэдий ч энэ нь эрх бүхий захиргааны байгууллагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн шийдвэр гараагүй байхад хууль зөрчиж тухайн барилга байгууламжид иргэдийг оруулж, ашигласныг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох гэж заасантай тус тус нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэх эсэх нь эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхгүй боломжгүй.

Харин захиалагч Х ХХК-иас Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг ханган эрх бүхий захиргааны байгууллагад хандан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дахин гаргаж, шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тэмдэглэж байна.

 

Гурав.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн Х ХХК-ийн 12 давхар орон сууцыг цаашид Улсын комисс барилга байгууламжийн үйл ажиллагааг татгалзахгүйгээр хуулийн дагуу ажиллуулах гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан Х ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тус барилгад ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ