Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01796

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч “Э К”- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 182 959 967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б- нь 2013 оны 10 сарын 08-ны өдөр “Э К”- ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр тус компанийн эзэмшлийн дэд бүтэц бүхий 700 м.кв талбайтай газрыг 245 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 000 000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, үлдэгдэл төлбөрт 128 909 ам.долларын үнэ бүхий “Thyssen Krupp” брэндийн 2 ширхэг цахилгаан шат “Тиссен” ХХК-аар дамжуулан нийлүүлэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 10 сарын 08-ны өдрөөс 2014 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд газрын төлбөрт, урьдчилгаа 30 000 000 төгрөг болон гэрээ баталгаажсаны дараа БНСУ-ын “Thyssen Krupp Elevator /Korea/” Ltd компани руу цахилгаан шат үйлдвэрлэхэд зориулан 42 000 ам.доллар, “Э К”- ХХК-д цахилгаан шатны төлбөрийн мөнгөнөөс тус компанийн хүсэлтээр 30 000 ам.доллар, “Тиссен” ХХК-д эдгээр 2 лифтний угсралтын хөлс 10 000 ам.доллар, нийт 82 000 ам.доллар, 30 000 000 төгрөг төлсөн.

Ингээд газрын төлбөрийн 90 хувийг төлсөн учир 2016 онд тухайн газар дээр барилгын ажил эхлүүлэх гэсэн боловч “Э К”- ХХК нь нэхэмжлэгч талд мэдэгдэхгүйгээр бусдад худалдан борлуулсан байсан. Энэ талаар 2016 оны 06 сарын 21-ний өдөр “Э К”- ХХК-д хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул мөн оны 06 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус компанийн ерөнхий захирал С.Нямдаваад холбогдуулан залилангийн хэрэг үүсгүүлэхээр хандсан. Үүний дараа хариуцагчаас 2017 оны 05 сарын 10, 12-ны өдөр тус тус Д.Б-ийн тэтгэврийн данс руу нийт 83 490 000 төгрөгийг түүнд мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн байсан. Үүнийг компанийн санхүүд бэлнээр тушаасан 30 000 000 төгрөг болон 30 000 ам.долларын зарим хэсгийг буцаан өгсөн гэж ойлгож байна. Тухайн үед 1 ам.доллар 2 411.55 төгрөг байсан.  Үүнээс өөр мөнгө төлөөгүй  тул  2017 оны 12 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст дахин хандсан. Нэхэмжлэгчийн авах ёстой 59 364 ам.долларыг “Э К”- ХХК 2016 оны сүүлд Д.Бум-Аюуш гэгчийн газрын төлбөрт суутгасан байсан. Гэрээнд дурдсан 2 лифт 2014 онд БНСУ-аас нийлүүлэгдэн “Э К”- ХХК-ийн тухайн үед баригдаж байсан “Кинг тауэр-2” барилгад угсрагдаж, одоо хүртэл ашиглагдаж байна. “Э К”- ХХК нэхэмжлэгч талаас төлсөн 52 000 ам.доллар болон “Тиссен” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б-ийн хүү Б.Баярсайханы эдэлсэн цахилгаан шатны үнийн хөнгөлөлтийн зарим хэсэг 7 364 ам.доллар нэмэгдэх ёстой. Иймд “Э К”- ХХК-аас валютын ханшийн зөрүү 18 856 500 төгрөг, цахилгаан шатны үнэ 59 364 ам.доллар буюу 164 103 467 төгрөг, нийт 182 959 967 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: “Э К”- ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Тиссен” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 сарын 02-ны өдрийн “Цахилгаан шат нийлүүлэх” гэрээгээр, Хан-Уул дүүрэгт байрлах “Кинг тауэр” 1-1 барилгад тус бүр нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг нийт 128 909 ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан Маршал таун хотхоноос 0,7 га талбай бүхий газар авах хүсэлт гаргасны дагуу “Э К”- ХХК нь нэхэмжлэгч Д.Б-тай 2013 оны 10 сарын 08-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, тус хотхонд байрлах 700 м.кв талбай бүхий нэг айлын газрыг шилжүүлэн авч, газар дээр нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр 3 давхар хүртэл амины орон сууц барих, газрын төлбөрт 245 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг гэрээний 7.2-т заасны дагуу урьдчилгаанд 30 000 000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, үлдэгдэл 215 000 000 төгрөгийг 128 909 ам.долларын үнэ бүхий БНСУ-ын “Thyssen krupp” брендийн тус бүр нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлж, угсарч “Э К”- ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Улмаар “Э К”- ХХК, Д.Б-, “Тиссен” ХХК-ийн хооронд 2013 оны 10 сарын 08-ны өдөр “Гурван талт хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний 1.1, 1.2, 2.1.3, 2.2.6-д зааснаар “Б” тал буюу нэхэмжлэгч Д.Б- нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатны төлбөр 128 909 ам.долларыг “В” тал буюу “Тиссен” ХХК-д бүрэн төлж барагдуулах, “В” тал буюу “Тиссен” ХХК нь гэрээний 2.3.5-д зааснаар урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш 90 хоногт багтаан “А” талын буюу “Э К”- ХХК-ийн барилгын талбайд буулган, угсарч суурилуулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээнд заасан хугацаанд цахилгаан шат ирээгүй тул “Э К”- ХХК нь гэрээний 7.5, гурван талт гэрээний 2.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-тай байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэгч талаас “Э К”- ХХК-д төлсөн 30 000 000 төгрөг, 30 000 ам.доллартай тэнцэх 53 490 000 төгрөг, нийт 83 490 000 төгрөгийг буцаан төлсөн. Харин “Э К”- ХХК нь 14 зогсоолтой 2 ширхэг цахилгаан шатыг “Тиссен” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 сарын 02-ны өдрийн “Цахилгаан шат нийлүүлэх” гэрээний дагуу төлбөрийг төлж, хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Д.Б- гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан учир “Э К”- ХХК нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан нийт 83 490 000 төгрөгийг буцаан төлсөн. Харин нэхэмжлэлд дурдаж буй 53 364 ам.доллар буюу 164 103 467 төгрөгийг хүлээн аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Б-ийн “Э К”- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э К”- ХХК-аас хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 42 000 ам.доллар буюу 74 817 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108 142 007 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 072 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э К”- ХХК-аас 532 039,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгч Д.Б-аас “Тиссен” ХХК-руу шилжүүлсэн 42 000 ам.долларыг хариуцагч “Э К”- ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Хариуцагч “Э К”- ХХК нь БНСУ-ын “Thyssen Krupp Elevator” Ltd компанитай 2013 оны 10 сарын 02-ны өдөр “Цахилгаан шат нийлүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шат хүлээн авч, төлбөр болох 128 909 ам.долларыг тус компанид бүрэн төлж, гэрээ хэрэгжиж дууссан. Тодруулбал, Хариуцагч “Э К”- ХХК-аас БНСУ-ын “Thyssen Krupp Elevator” ХХК-д нийт 69 545 ам.долларыг бэлнээр буюу 2014 оны 03 сарын 06-ны өдөр 49 545 ам.доллар, 2014 оны 04 сарын 08-ны өдөр 20 000 ам долларыг тус тус “Thyssen Krupp Elevator” ХХК-д төлж /хх 34/, үлдэгдэл 59 364 ам.долларын төлбөрт БНСУ-ын “Thyssen Krupp Elevator” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн харилцан хамаарал бүхий этгээд болох Д.Бум-Аюушийн нэр дээр 59 364 ам.долларын үнэ бүхий амины орон сууцны зориулалттай барилга барих боломжтой газрыг түүний нэр дээр шилжүүлж /хх 35, 36/ гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дууссан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд удаа дараа гаргасан тайлбараар нь ”Эко констракшн” ХХК-аас “Тиссен” ХХК-д 69 545 ам.доллар төлсөн талаар маргаагүй гэдэг нь тогтоогдсон.  Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 7, 8 дугаар нүүрт тусгагдсан. Өөрөөр хэлбэл “Э К”- ХХК нэхэмжлэгч Д.Б-аас нэг ч төгрөг авалгүй өөрсдийн хөрөнгөөр 128 909 ам.долларыг “Тиссен” ХХК-д төлж барагдуулсан.

Нөгөөтээгүүр 2013 оны 10 сарын 08-ны өдрийн “Гурван талт хамтран ажиллах гэрээ”-г хариуцагч “Э К”- ХХК, “Тиссен” ХХК, Д.Б- нар харилцан тохиролцон байгуулж, 2 ширхэг цахилгаан шатыг “Э К”- ХХК-д нийлүүлж, цахилгаан шатны төлбөрт газрыг Д.Б-ид шилжүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч Д.Б- гэрээнд заасан 90 хоногийн хугацаанд цахилгаан шатаа нийлүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2014 оны 01 сарын 23-ны өдөр цуцлагдсан. Нэхэмжлэгч Д.Б- 2013 оны 11 сарын 01-ний өдөр БНСУ-ын “Thyssen Krupp Elevator” ХХК-д шилжүүлсэн 42 000 ам.долларыг тухайн компаниас буцаан шаардаж гаргуулж авч чадаагүй нь “Э К”- ХХК-аас гаргуулах үндэслэл болохгүй. Зүй нь, БНСУ-ын Thyssen Krupp Elevator” ХХК-аас шаардах ёстой байсан 42 000 ам.долларыг анхан шатны шүүх хариуцагч “Э К”- ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, талуудын амаар гаргасан тайлбарыг харгалзан үзээгүйгээс шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

   Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Э К”- ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2013 оны 10 сарын 08-ны өдөр байгуулагдсан 02/2012-1008 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлсөн 52 000 ам.доллар, “Тиссен” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Баярсайханы эдэлсэн хөнгөлөлт гэх 7 364 ам.доллар, нийт 59 364 ам.доллар буюу          164 103 467 төгрөг, ам.долларын ханшны зөрүү 18 856 500 төгрөг, бүгд 182 959 967 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 1-4, 58-59/

 

   Дээр дурдсан 02/2012-1008 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт орших 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг нийт 245 000 000 төгрөгийн үнээр худалдан авч, уг газарт өөрийн хөрөнгөөр амины орон сууцны зориулалттай барилга барих, гэрээний төлбөрийн 30 000 000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, үлдэх 215 000 000 төгрөгт БНСУ-ын Тиссен Крапп /ThyssenKrupp/ брэндийн 14 зогсоолтой, иж бүрэн 2 ширхэг цахилгаан шатыг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор хариуцагч талд нийлүүлж, байнгын ажиллагаанд ороход бэлэн болсон цахилгаан шатыг хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан авсан газрын эзэмших эрх болон уг газарт нэхэмжлэгчийн барих амины орон сууцны гадна инженерийн шугам, сүлжээний угсралтын ажлыг төлбөр тооцоо бүрэн дууссанаар нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 7-12/ Энэхүү тохиролцооны агуулгаас үзвэл, талууд ашиг олох зорилгоор урт хугацаанд үргэлжилсэн байдлаар хамтран ажиллахаар харилцан үүрэг хүлээсэн шинжгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

   Өөрөөр хэлбэл, “Э К”- ХХК нь инженерийн шугам, сүлжээ бүхий 700 м.кв газар эзэмших эрхийг Д.Б-ид шилжүүлэн өгөх, Д.Б- нь гэрээний үнэд 30 000 000 төгрөг болон 215 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан шат нийлүүлж, угсарч өгөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. /хх 7-12/

 

   Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б- 2013 оны 10 сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2014 оны 04 сарын 18-ны өдөр 30 000 ам.доллар буюу 53 490 000 төгрөг, нийт 83 490 000 төгрөгийг “Э К”- ХХК-д бэлнээр төлсөн /хх 6, 15/, 2013 оны 11 сарын 01-ний өдөр 2 ширхэг цахилгаан шатны урьдчилгаа гэж 42 000 ам.долларыг БНСУ-ын “Тиссен Крапп Элеватор” компанид /ThyssenKrupp Elevator/ шилжүүлсэн /хх 13/, 2014 оны 03 сарын 31-ний өдөр цахилгаан шатны угсралтын ажлын хөлс гэж 17 844 000 төгрөгийг “Тиссен” ХХК-д шилжүүлсэн /хх 14/ үйл баримт тус тус тогтоогдож байна.  

 

   Улмаар талууд цахилгаан шат гэрээгээр тохирсон хугацаанд нийлүүлэгдээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, хариуцагч “Э К”- ХХК 2017 оны 05 сарын 10-ны өдөр 53 490 000 төгрөг, 2017 оны 05 сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөг, нийт 83 490 000 төгрөгийг Д.Б-ид буцаан шилжүүлжээ. /хх 20/

 

   Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх ба хариуцагч “Э К”- ХХК-ийн зүгээс 02/2012-1008 дугаар гэрээний гүйцэтгэлээс шилжүүлээгүй үлдсэн төлбөрийг нэхэмжлэгч Д.Б- шаардах эрхтэй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б- нь талуудын хооронд байгуулагдсан 02/2012-1008  тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатны урьдчилгаа болох 42 000 ам.долларыг бусдад шилжүүлсэн учир Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар “Э К”- ХХК-д шилжүүлсэнд тооцох үндэслэлтэй байх тул түүнийг буцаан шаардах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагч “Э К”- ХХК нь нэгэнт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 42 000 ам.долларыг нийт цахилгаан шатны үнийн дүнгээс хасаж тооцох боломжтой байхад үнийг нь дахин төлсөн гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Д.Б- Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.

 

Түүнчлэн, “Э К”- ХХК өөрийн барьж ашиглалтад оруулсан “Кинг тауэр” барилгад маргаан бүхий 2 ширхэг цахилгаан шатыг угсарч, ашиглаж байгаа” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй.

 

Цахилгаан шатны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 42 000 ам.долларыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв боловч ам.долларын ханшийг үүрэг үүсэх үеийн ханш буюу 2014 оны 04 сарын 18-ны өдрийн ханшаар тооцсон нь буруу, нэхэмжлэгч ханшийн зөрүү шаардах эрхгүй талаар дүгнэсэн нь үндэслэл муутай байх боловч нэхэмжлэгч зохих журмаар давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчимд үндэслэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч Д.Б- нь “Тиссен” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Б.Баярсайханы өмнөөс шаардлага гаргах эрхтэй болох нь нотлогдохгүй байх тул түүний эдэлсэн үнийн хөнгөлөлт гэх 7 364 ам.доллар гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж,  хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                  Д.НЯМБАЗАР