| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0193/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 197
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Баадуут овогт Доржготовын Даваасамбууд холбогдох 17310000000105 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:1956 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, 2-р хэсэг, 085 тоотод оршин суух хаягтай, урьд 2003 онд Эрүүгийн хуулийни тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр ял шийтгүүлж байсан. Баадуут овогт Доржготовын Даваасамбуу /РД:МЮ56090111/
Шүүгдэгч Д.Даваасамбуу нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7-р багт байрлах төмөр замын буудлын ар талын засмал замын явган хүний гарц дээр 98-22 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Т.Солонгыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.Даваасамбуугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төмөр замын арын засмал зам дээр иргэн Т.Солонгыг өөрийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж мөргөж гэмтэл учруулсан гэв.
2.Хохирогч Т.Солонгын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ээжийнхээ ажиллуулдаг “миний shop” хүнсний дэлгүүр дээр 11 цагийн үед очоод байж байтал ээж намайг элсэн сахар аваад ирээч гэхээр нь вокзалын ард талын засмал замын гарцаар гараад “Хөх чулуут” хүнсний дэлгүүр ороод элсэн сахар аваад буцаад асфальтан зам гарахаар явган хүний гарцаар явж байхад намайг баруун талаас жижиг саарал өнгийн суудлын тэрэг ирээд мөргөсөн. Би мөргүүлж байснаа санаж байна цаашаа юу болсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/
3.Гэрч Д.Нэргүйн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 10 сарын 3-ны өдөр ажил дээрээ байж байгаад 11 цаг өнгөрч байхад Сэлэнгэ зочид буудлын цаана байдаг Гандан хийд рүү очихоор Цагдаагийн хажуу талын “Миний дэлгүүр” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээрээс Хюндай аксент маркын 98-22 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үйлчилгээнд авч явсан. Бид хоёр очих газраа очоод удалгүй хөдлөөд вокзалын ар талын төмөр замаар явж байхад вакзолын ар талын явган хүний гарцны “Хөх чулуут” хүнсний дэлгүүрийн талаас нэг охин гүйгээд ирэхэд нь жолооч хурдаа багасгахад нөгөө охин бид хоёрыг хараад замын голд зогсоод буцаж явах гэхэд цаад талаас буюу манай эсрэг талын урсгалаас машин ирж байсан болохоор хойшоогоо явах гэснээ болиход миний сууж явсан машины жолооч хурдаа нэмэхэд нөгөө охин бид хоёрын урдуур гарах гэж гүйгээд миний сууж явсан машинд мөргүүлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
4.Гэрч З.Даваанямын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Т.Солонго нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр элсэн чихэр авах гэж зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиогоор зохицуулагддаггүй гарцаар гарч явахад нь 98-22 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж мөргөөд биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Одоогоор Солонго нь хэвтрийн дэглэм сахиад босч чадахгүй байгаа. Хажууд нь байнга хүн асарч байгаа мэдээж бие нь зовиур шаналгаатай байна. Эмчилгээнд нь нийт 6.268.332 төгрөг зарцуулсан. Д.Даваасамбуу эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн А-43 тоот:
1.“Даваасамбуу” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илэрсэнгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
6.Шинжээчийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн №110 тоот:
Хариулт -1: Хюндай Аксент 98-22 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч Доржготов овогтой Даваасамбуу нь Монгол улсынзамын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.
Хариулт-2: Явган зорчигч төрмөнх овогтой Солонго нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэв.
Хариулт-3: Хюндай Аксент 98-22 СЭҮ улсын дугаарын тээврийн хэрэгслээр жолооч Доржготов овогтой Даваасамбуу нь Монгол улсынзамын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарсан гэж үзэв.....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 14020 тоот:
1.Т.Солонгын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, баруун умдаг яс, ууц ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
8.Шүүгдэгч Д.Даваасамбуугийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 сарын 30-ны өдрийн өглөө өөрийн эзэмшлийн 98-22 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явах санаатай цагдаагийн газрын хажууд байдаг “Миний дэлгүүр”-ийн хажуу талд зогсож байтал Нэргүй гэх хүн ирээд “таксинд явах уу Сэлэнгэ зочид буудлын цаашаа явчихаад ирье “гэхээр нь би машинаар үйлчилж явсан. Намайг “Хөх чулуут” хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний гарц дээр ирэхэд нэг эмэгтэй хүн гарцаар гарах гэж хөлөө урагшлуулснаа болиод байрандаа зогсонгуутаа буцаад зам хөндлөн гарахаар гүйсэн. Би тэр үед тоормоз гишгэхэд миний жолоодож явсан машины тоормоз зуурч очоод тэр эмэгтэйг машины зүүн талын урд хэсгээрээ мөргөсөн. Тэр эмэгтэй хөлөө нэг тавиад буцаагаад авахаар нь намайг урдуураа гаргах гэж байгаа юм байна гэж бодоод хурдаа хасаж байснаа буцаад хурдаа нэмээд явахад нөгөө эмэгтэй зам хөндлөн гүйгээд тоормоз гишгээд тэр эмэгтэйг мөргөсөн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/
9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлэт /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/
10.Цусны дээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаа хуудас/
11.Эд хөрөнгө битүүмжэлх тогтоол /хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас/
12.Хохирогчийн эмчилгээний зардлууд /хавтас хэргийн 64-67 дугаар хуудас/
13.Шүүгдэгч Д.Даваасамбуугийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74, 79-82 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Даваасамбуугийн гэм буруу, ял хариулагын талаар өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Баадуут овогт Доржготовын Даваасамбууг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7-р багт байрлах төмөр замын буудлын ар талын засмал замын явган хүний гарц дээр 98-22 СЭҮ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Т.Солонгыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.
Учир нь: Шүүгдэгч Даваасамбууг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7-р багт байрлах төмөр замын буудлын ар талын засмал замын явган хүний гарц дээр 98-22 СЭҮ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсгийн “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Солонгыг мөргөж, баруун ухархайн дотор ханад цөмөрсөн хугаралттай, баруун этмойд цустай, баруун гайморын шингэнтэй, 2 хацар зовхи, дух, чамархай хэсгээр тархмал хаван хавдартай, баруун умдаг ясны доод салааны дотор хэсэгт хугаралтай, зүүн талд ууцны дэлбэнгийн их бие хугаралтай гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 700 нэгжээр торгох ял шийтгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Д.Даваасамбуу нь иргэн Солонгод эмчилгээний зардалд 3 сая 1 зуун мянган төгрөг төлсөн ба 2.610.412 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоолоор олгуулбал зохино.
Шүүгдэгч үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж 700 нэгжээр торгох ял шийтгэж, шүүгдэгч Д.Даваасамбуугийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Даваасамбуу нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Хохирогч Т.Солонгын зүгээс нэхэмжилсэн эмчилгээний зардал 5.710412.3 төгрөгийг түүнээс ирүүлсэн нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгчээс гаргуулан олгож, цаашид ослын улмаас эмчлүүлбэл төлбөр зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүд, мөн хуулийн 36.1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баадуут овогт Доржготовын Даваасамбууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүдэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1.-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Даваасамбуу 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Даваасамбуугийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыгшийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Д.Даваасамбуу нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Даваасамбуугаас 2.610.412 төгрөг гаргуулж, Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3 дугаар хэсэг 20 айлын сууцны 20 тоотод оршин суух Төрмөнхийн Солонгод олгосугай.
7. Хохирогч Т.Солонго нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлсэнээс гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8.Хэргийн улмаас битүүмжилсэн 98-22 СЭҮ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгслийг чөлөөлж, эзэмшигч Доржготовын Даваасамбууд олгосугай.
9.Д.Даваасамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ